Showing posts with label on Movies. Show all posts
Showing posts with label on Movies. Show all posts

Wednesday, December 7, 2011

Үхэж үл болно

Уг киног үзэн доорхи агуулгыг буулгалаа.

Тэмүжин:
Хан эцэг минь, Жамух анд минь, та нар дайныхаа олзыг хувааж авцгаа. Надад юу ч хэрэггүй.
Тоорил хан:
Жамух сонсов уу? Би Есүхэйн хөвүүнийг ийм их баян хүн гэж даанч мэдсэнгүй. Тэмүжин чи эх, дүү нараа аваад Туулын хөвөөнд ирж, миний хүрээнд суухтун. Тэгэхгүй бол чи эхнэрээ дахин алдаж, надаас тусламж гуйх болно. Тэр цагт чи юугаараа миний гарыг цайлгах юм бэ дээ? Эсвэл хар булган тахаа эргүүлж авах уу?
Тэмүжин:
Болжмор хэдий жижигхэн ч бүргэдээр үүрээ засуулдаггүй. Би эрснээ олж, алдсанаа авсан болохоор сэтгэл минь ханаж бодол минь чивчрэв.
Жамух:
Тэмүжин зөвийг болгоов.
Тоорил хан:
Болтугай болтугай.
Жамух:
Анд минь, орой манай асраар буугаад мордоорой.

Боорчи:
Тэмүжин, чиний Тоорилыг мохоосон үг удахгүй олны сонорт хүрнэ. Энэ чинь бидэнд том олз.

...

Таян хан:
Жамух, чи миний цэргийг зас. Тэмүжинг чамаас илүү мэдэх хэн байдаг билээ.

...

Жамух:
Маргааш Найман аймгийн мөхлийн өдөр болно. Харин хоёул тэр мөхлийг үзэж яана вэ? Алив хөдлөе.
Хантөмөр:
Хаашаа, дахиад л сүүлээ хавчаад зугтах гэж үү?
Жамух:
Тэмүжиний аманд Найман аймгийг авчирч хаялаа. Энэ чи бид хоёрт хангалттай бус уу?
Хантөмөр:
Би таныг ер ойлгохоо байлаа. Тэмүжин чинь таны дайсан шүү дээ?
Жамух:
Би тэрний дайсан мэт нөхөр нь, нөхөр мэт дайсан нь. Цаашид юу болохыг тэнгэр мэдэг. За хөдлөе.

...

Тэмүжин:
Жамух ялагдлыг тэвчиж чаддаггүй хүн. Тэр гэргүй явж, нэргүй үхэхээр шийджээ. Борчи чи яв. Тэр үлдсэн насаа миний хажууд өнгөрөөг.

...

Хантөмөр:
Гүр хаантан минь, та бид хоёр ингэж гуринхалсан чоно шиг уул хадаар хэрэн тэнэж явахын оронд Алтан улс руу тэмцэж очвол дээр бус уу? Тэд Тэмүжинийг хүчирхэгжихийг зүгээр нэг хараад суухгүй нь лавтай. Магадгүй бидэнд цэрэг хүчээ өгч туслах ч юм бил үү?
Жамух:
Чиний хэлдэг үнэн ч байж мэднэ. Гэхдээ чи наад хоёр нүдээ нээгээч! Чамд юу үзэгдэнэ?
Хантөмөр:
Би юу үзэх ёстой гэж? Би Гүр хаан таны гархилсан нүд, сайртсан царайг л харж байна. Хорсол заналдаа шатаж солиорохыг чинь үзэж байна. Би өөр юу үзэх ёстой юм бэ?
Жамух:
Алтайн нуруунаас Хянганы нуруу хүртэлх олон голын монгол аймгийг Тэмүжин бүгдийг нь нэгтгэж авав. Тэмүжинийг хурдан дарж авахыг Алтан улс хүсэх нь мэдээж. Чи ийм золбин үгийг наад амнаасаа дахиж бүү унага! Тэгэвч би Тэмүүжиний дайсан болохоос биш Монголын дайсан биш! Би хүний нутгийн чулуу дэрлэх гэж олон голын хөндийд төрөөгүй юм шүү.

...

Тэмүжин:
Анд минь, Монголын төлөө цохилох чиний зүрх зогсоогүй байна.
Жамух:
Гүр хаан Жамух Тэмүжиний хүлэг баатар болох гэж үү? Миний анд Тэмүжин намайг өршөөж болно. Хөх Монголын Их Төр намайг өршөөх ёсгүй. Иймээс чи миний сүүлчийн хүсэлтийг гүйцэлдүүл. Монгол морины туурайгаар дэлхийн дайдыг хэмжиж, дорно зүгт наран хаанаас мандаж, өрнө зүгт наран хаана жаргадагийг үзэгтүн. Чи бид хоёр нэгэн дор үхэж болоогүйн адил нэг дор амьдарч болохгүй тийм цаг иржээ. Хөх тэнгэрийн зарлигийг дагаж амьд үлдэх эрхийг ганцхан чамд үлдээе анд минь.



Sunday, October 17, 2010

Татар ажиллагаа болон Амьдралын дараа

Өнгөрсөн 7 хоногт "Тэнгис"-т "Татар ажиллагаа"-г үзсэн. Дажгүй санагдсан, таалагдсан. Анх сурталчилгаагаар нь төсөөлөөд за айхтар байлддаг юм байна даа гэсэн чинь юу вэ хэхэ өөр юм билээ. За тэр "Намрын синдром" энэ тэр, өөр юу юу ч билээ нэрийг нь сонсоход үзэх шаардлагагүйгээ мэдчихээр кинонуудын хажууд бол дэвшилттэй, хөөрхөн кино байна лээ. Монголын хошин урлагийг заримдаа төдийлөн ойлгохгүй, үзэхээр өөрийгөө доромжилж байгаа ч юм шиг, нерв энэ тэр хөдлөөд байдаг юм. Заавал надад таалагдах ч албагүй л дээ.








Одоо ч бараг сар өнгөрч байх шиг байна. "Өргөө"-д Resident Evil үзсэн. Өмнө нь 3D кинонууд үзэж байсан ч гэсэн анх удаа л түүний гайхамшгийг мэдэрсэн гэж байгаа. Нэг хачин нь тэгэхэд нэг танилтайгаа таарсан чинь тэгээд чи хэнтэй үзэж байгаа юм гэнээ. Ганцаараа гэсэн чинь арай ч дээ энэ тэр, би чамд үзэх хүн олж өгөх үү ч гэх шиг илүү зан гаргаад байсан хэхэ. Үзье гэвэл найзууд, үеэлүүд, дүү нартай үзэж болно. Гэхдээ нэг их юм бодолгүй, зүгээр л ганцаараа үзэж таарсан юм. Энэ монголчуудын илүү зангууд байнаа заавал хүнтэй байж байж юм үзэх ёстой, хоолонд заавал хүнтэй хамт л орох ёстой энэ тэр гээд хэхэ. Иймэрхүү соёлын гэх үү, сэтгэлгээний гэх үү онцлогууд хөгжилтэй ч юм уу :D



'

Wednesday, September 8, 2010

Inception

Та зүүдэлдэг үү? Зүүд зөнтэй гэдэгт итгэдэг үү? Хэзээ нэгэнтээ та зүүд, бодит сэрэхүй хоёрын давхацдаг агшин гэж байдаг гэж мэдэрч байв уу? Сэрмээргүй амттай, мөрөөдлийн зүүд гэж байдаг шүү дээ? Эсрэгээрээ хар дарсан зүүд ч байдаг. Хэрвээ та зүүдний учир зүй, зүй тогтлын талаар хэзээ нэгэнтээ бодож байсан бол, мөн адал явдалт, sci-fi кинод дуртай бол би танд энэ киног санал болгож байна.

Үйл явдал:
Үйл явдал бол туйлын сонирхолтой санагдсан. Ер нь нэг үзээд хангалтгүй санагдсан, дахиад үзнэ ээ. Үйл явдал нь энд байна - http://www.imdb.com/title/tt1375666/synopsis . Бичнэ гэхээр залхуу хүрээд байна.








Төрсөн асуулт, асуудлууд:
Зүүд олон хэмжээс, түвшинд байж болох уу?
Зүүд хүний тархинд нэвтрэх түлхүүр мөн үү?
Зүүд хүний, эсвэл түүний амьдралын мөн чанар, утга учрыг, үнэ цэнийг илэрхийлдэг үү?
Бусдын зүүдийг түрэмгийлж, өөрчилж, удирдаж, үүсгэж болох уу?
Зүүд дээд, эсвэл далд ухамсартай холбоотой юу?
Зүүдний талбарт хүмүүсийн оюун санаа зэрэгцэх, холбогдох боломжтой юу?
Зүүдээр дамжин бусдад нөлөөлөх боломжтой юу?
Зүүдний цаг хугацаа бидний амьдралын цаг хугацаанаас хурдан уу, удаан уу?
Зүүд Нострадамусын шүлэглэсэн зөгнөл шиг ёгт, зүйрлэсэн илэрхийлэлтэй юу?
Зүүдний тайлал мухар сүсэг үү?
Зүүд яг тухайн цаг үеийн бодит мэдрэхүйг тусгадаг уу? (норох, даарах, халууцах, өвдөх, бодох гэх мэт.)
Зүүд олон ангит кино шиг үргэлжилдэг үү?
Зүүдэнд болох зүүдний үйл явдлыг хүссэнээрээ удирдаж болох уу? Эсвэл энэ нь санамсаргүй, үгүй бол сонголтгүйгээр тодорхойлогдсон байдаг уу? Тэрхүү удирдагдсан, эс удирдагдсан зүүд бодит ертөнцөд нөлөөлдөг үү? Эсвэл бодит ертөнцийн тусгал (өнгөрсөн, ирээдүй гээд аль ч цаг дээр), эс бөгөөс бодит ертөнцийн талаарх зүүдлэгчийн тусгал байдаг уу? гэх мэт ...

Friday, August 27, 2010

SALT review

Нэг нөхрийг хүлээгээд сууж байна. Тэгэнгээ цагийг ашиглан нэгэн бичлэг үйлдсэн нь энэ болой хэхэ.


Саяхан “Өргөө”-д “Salt” уран сайхны киног үзлээ. Миний хувьд мэргэжлийн битгий хэл мэдэмхийрэх кино шүүмжлэгч биш, тэгээд ч кино, онигоо ярихдаа тийм сайнгүй байх шиг байгаа юм. Аливааг дэтальчилж ингээд, ингэсэн чинь ингээд, ингэнгүүд энэ нь ингээд, тэгээд тэгж гэнэ гээд ярихдаа их муу. Зүгээр л ерөнхий чиг хандлага, тоймыг нь бараадуулаад орхичихдог юм. Нэгтгэн дүгнэх, задлан шинжлэхийг бол аядна, харин тоочих, хүүрнэхийг бол барахгүй хэхэ. Миний мэдэж байгаа шалтгаанууд нь мартамхай болж байгаа, нөгөөтэйгүүр залхуурал байж болох юм. Тэгээд нэг талаар энэ талын чадваруудаа хөгжүүлэх, нөгөөтэйгүүр угаасаа кино үзэх дуртай, кинонд review хийх их гоё санагдаад байдаг болохоор хааяа саваагүйтэж байя гэж санаад нэг иймэрхүү зүйл бичлээ хэхэ.

Тагнуултай кино бол угаасаа миний дуртай киноны төрөл. Иймэрхүү кинонуудаас нэг их оюун дүгнэлт хийгээд байх зүйлс бага байж мэдэх ч зүгээр л цагийг зугаатай өнгөрөөж, кайфтай байна гэдэг нь л хангалттай юм.

Ер нь тагнуулын ажиллагаа гэж улс орны аюулгүй байдал, оршин тогтнолын гол тулгуур багануудын нэг байдаг. Улс орнууд хоорондоо байнга дайтдаггүй, харин хэдий найрамдалт харилцаатай байлаа ч улс орнуудын тагнуулчид байнгын бүгд бүгдийн эсрэг хэмээж болох дайн хийж байдаг. Яг үнэндээ хэн нэгэн далдаак улс төрчдөөс илүү тагнуулчид л улс орны хувь заяаны төлөө зүтгэж, түүнд амь амьдралаа зориулдаг. Тэд оюуны өндөр чадавхи, маш сайн техник чадвар аль алийг нь эзэмшсэн байх ёстой. Бид зөвхөн өөрсдийнхөө амьдралын төлөө, зөвхөн ганцхан мэргэжилд төгсрөхийн төлөө амьдрах аяддаг бол тэд улс үндэстэн, бүх нийтийн төлөө байж, шаардлагатай бол юуг ч маш түргэн эзэмшиж, хэргийг нь гаргах чадвартай байдаг билээ. Бас нэг анзаарсан зүйл нь тагнуулын сүлжээ, тагнах ажиллагааны технологи нь маш нууц байдаг. Ямарваа нэг нууц мэдээлэл алдагдаж болно, энэ нь хор хөнөөлтэй. Харин дээр дурдсан тагнуулын сүлжээ, тагнах ажиллагааны технологи алдагдах юм бол тэр улс тэр чигтээ аюулгүй байдалгүй болж буй нь тэр. Миний дуулснаар зарим улс төрчид улсын нууц задалж, түүнээс үүдэн тодорхойгүй тооны тагнуулчдын амь амьдрал эрсдэлд орсон гэдэг. За за кино руугаа ороё.

Киноны гол дүр Эвэлин Салт. Тэрээр Америкийн ТТГ-ын ирээдүйтэй ажилтнуудын нэг бөгөөд нэгэн удаа Орлов гэгч хуучин КГБ-ийн төлөөлөгч байсан нөхөр мэдүүлгийн өрөөнд түүнд мэдүүлэг өгнө. “Орос гүрэн үгүйрэн хоосорч, сүйрэн доройтож байна. Гэхдээ энэ бүхэн эцэс болж, удахгүй агуу их байдлаа эргүүлэн олж авах болно... Маргааш Оросын тагнуул Нью-Йоркт ирж АНУ-ын сенатч ...-ын оршуулга дээр ОХУ-ын дэд Ерөнхийлөгч ...-ийн амийг хөнөөх болно. Үүгээр 1970-аад онд төрөхөөс нь аван тусгайлан бэлтгэж [эх хэлнээс нь өмнө англи хэл заах бөгөөд, хар багаас нь өөрийн сургагчдыг бурханчлан үздэг болгодог. Түүнчлэн хайр гэдэг зүйлээс холуур өсгөснөөрөө амьдрах чадвар сайтай болдог. Ер нь бол хайр хүнийг сул дорой мэт болгодог. Гэхдээ тэр бүхнээс илүү хүчтэй зорилго, тэмүүлэл гэх мэтээр бодогдсон хэхэ.], АНУ-д суурьшуулсан Оросын тагнуулчид хөдөлгөөнд орж, улмаар “Х өдөр” ирнэ. "Х өдөр" нь АНУ сүйрэх өдөр юм. Эвелин түүний ярианд үл итгэх боловч үнэн худлыг тогтоогч программ түүнийг үнэн ярьж буйг нотлоно. Эвелин өрөөнөөс гарахаар явтал Орлов араас нь “Хэн гэдгийг нь мэдэхийг хүсэхгүй байна уу хэмээн асуудаг. Ерөнхийлөгчийн амийг хөнөөх тагнуулчийг Ченков гэдэг. Америк нэр нь Эвелин Салт.” Салт миний нэрийг Эвэлин Салт гэдэг гэхэд тэгвэл чи Оросын тэр тагнуул мөн гэнэ. Үгүй ээ би тэр хараал идсэн оросын тагнуулч чинь биш гэнэ. [Хүн болгон төөрөгдөл, төсөөлөл дунд амьдардаг. Хүн өөрөө ч түүнийгээ үл мэднэ. Хорвоо дээр амьдардаг улсуудын зарим нь угаас зорилготойгоор энэ дэлхийд ирсэн байх бөгөөд харин зарим нь өөрөө өөрийнхөө зорилгыг бий болгож явдаг гэж бас бодогдсон хаха] Мэдүүлэг авч буй Салт маань сэжигтэн болно.Эвелины хамтран ажиллагсад ямар ч тохиолдолд Эвелинийг саатуулан баривчилж, шалгах шаардлагатай болно. Ингээд түүнийг ТТГ-ынхан баривчлахыг оролдох бөгөөд харин тэрээр нөхрийнх нь амь насанд аюул тулгарч болзошгүй тул түүнийг хамгаалахыг ТТГ-аас шаардаж, өөрөө зугтаана. ТТГ, цагдаагийнхан түүний хойноос хөөцөлдөн мөрдөх боловч тэрээр бултаж амжих бөгөөд гэрээсээ нөхрийнхөө (нөхөр нь шавьж судлаач) хайртай аалзыг авдаг. Орлов ч мөн аль хэдийн оргосон байв.

Ингээд маргааш нь тэрээр АНУ-ын нэгэн сенатчийн оршуулга дээр хүрэлцэн ирээд байсан ОХУ-ын дэд ерөнхийлөгчийг буудах болно. Тэр даруй Оросын пуужингийн байршлуудад дулааны түвшин нэмэгдэж, тэд пуужингуудаа зөөвөрлөж байгаа нь ТТГ-ынханд тодорхой болов. [Үүгээр дээрх аллага нь хоёр орны хоорондох дайсагналцлыг өдөөх зорилготой байсан, нөгөөтэйгүүр хуучин КГБ-ийнхний хувьд дэд ерөнхийлөгч нь үндэсний эрх ашигт (тэдний зорилгод) харшлах этгээд байсан бололтой гэсэн бодол төрнө.] Буудсаны дараа Пибоди түүнийг олох боловч зэвсэг хэрэглэх аргагүй байдалд тулгарах болно. Салт түүнийг буудалгүйгээр сайн дураар баривчлагдах боловч мөн л замдаа зугтаана.

Тэрээр урьдчилан болзсон ёсоор нэгэн ачааны онгоц дээр хүрч ирэн түүнийг бэлдсэн, мөн түүнийг илчилсэн Орловтой нэгдлээ. Тэнд багадаа хамт нэгэн хуаранд бэлтгэгдэж байсан танил тагнуулчид [бүгд өнчин, ар гэрийн татлаа түлхээгүй хүүхдүүд байсан бөгөөд гадаадын иргэдэд үрчлэгдсэн] ирсэн байв. Орлов түүнд баяр хүргэн, итгэлийг нь хөсөрдүүлээгүй хэмээв. Харин гадаадын иргэнтэй гэрлэсэн чинь тун таагүй хэмээлээ. Салт түүгээр далдлах, төөрөгдүүлэх шаардлагатай байснаа өчив. Гэтэл түүний нүдэр дээр нэгэн тагнуулч түүний нөхрийг буудан хороов [эндээс тэрээр Орловын үгээр явсан нь нөхрийнхөө төлөө, түүнийг олохын тулд байсан нь тодорхой болно]. Салт үүнд сэтгэл хөдлөлгүй мэт хандаж Орловын шалгалтыг давлаа. [яг үнэндээ хариу үйлдэл хийж, сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлээгүй боловч цочирдон гайхсан нүдээр хардаг] Орлов түүнд “Х өдөр”-ийн хоёр дахь хэсгийн төлөвлөгөөг танилцуулан тайлбарлав. Түүгээр бол Нэгдсэн улсын цөмийн зэвсгийг гартаа оруулах ёстой ба цөмийн дайралтуудыг томоохон гүрнүүд рүү хийн өдөөн хатгаснаар АНУ өөрөө сүйрэх ёстой аж. Удалгүй Салт самбаачлан Орлов болон тэнд цугларсан байсан бусад тагнуулуудыг цааш нь харуулав. [Аливаа зүйл, үйлдлийн үнэ цэнэ түүний зорилго, хэнд, юунд үйлчилж буйгаар хэмжигдэнэ. Үүнээс хойш Салт оросын ч биш, америкийн ч тагнуул биш, гагцхүү өөрийн итгэл үнэмшлээр ажиллаж эхэлдэг.] Эндээс яваад тэрээр Орловын урьд нь хэлсэн ёсоор НАТО-гийн офицер Шнайдертай болзсон газраа уулзах бөгөөд тэрээр мөн л Орловын гараар хүмүүжсэн, багадаа Европ руу цагаачилсан нэгэн аж. Салт НАТО-гийн эрэгтэй офицерийн дүрд зүсээ хувирган түүний хамтаар Цагаан ордон дахь хүлээн авалт руу очно. Шнайдер хүлээн авалтын үеэр өөртөө суурилуулсан бөмбөг дэлбэлэн бүгдийг хяналтаас гаргах бөгөөд энэ үеэр Салт цагаан ордны доор байх 8 давхар байгууламж руу нэвтрэн орно.

Гэтэл тэнд тэрээр ТТГ-т хамт ажилладаг байсан дотны найз Винтертэй таарч, тэрээр мөн оросын тагнуул болохыг мэдэх бөгөөд Винтер АНУ-ын Ерөнхийлөгчийн хамт тусгай шилэн хоргонд орж цөмийн цүнхийг нээн ажиллагаанд оруулж эхэлнэ. Цөмийн байгаар Тегеран болон Меккаг онилох бөгөөд үүгээрээ АНУ-ын эсрэг Араб дахиныг нэгтгэн босгох зорилготойгоо түүнд тайлбарлав.

Салт шилэн хоргоны цаанаас Винтертэй ярилцан дотогш оруулахыг хүсдэг боловч яг энэ үед телевизийн мэдээгээр ОХУ-ын дэд ерөнхийлөгч нас бараагүй бөгөөд түүнийг аалзны хороор хордуулсан болох нь мэдээлэгдэж, Салт үүргээ биелүүлээгүй болох нь илчлэгдэнэ. Салт ихээхэн оролдлого хийсний хүчинд хоргонд нэвтрэн, Винтертэй тэмцэлдэн байж цөмийн тушаалыг хүчингүй болгоно. Цэргүүд тэднийг олоход Салт баривчлагдаж, дүр исгэсэн Винтер чөлөөтэй үлдсэн боловч Салт удалгүй Винтерийг хорооно.

Салт нисдэг тэргээр зөөгдөж байх бөгөөд ТТГ-ын Пибоди түүнийг харгалзана. Салт түүнийг суллахгүй бол өөр олон оросын тагнуулууд буйг хэлэх бөгөөд ОХУ-ын дэд ерөнхийлөгчийг хороох ажиллагааны үед Пибодиг алах боломжтой байтал алаагүй, мөн дэд ерөнхийлөгчийг ч алаагүй, бас Орлов нарын алагдсан газраас Салтын хурууны хээ илэрсэнд дүн шинжилгээ хийсэн Пибоди түүнд итгэнэ. Оросын КГБ-ын шургуулсан тагнуулчдыг илрүүлэн устгахын тулд [Салт түүний нөхрийг хороосон, хэвийн амьдралыг нь бусниулсан, хүүхэд насыг нь хулгайлсны өшөөг авах байх, мөн АНУ, ОХУ-ын албан ёсны эрх ашгийг хамгаалахын тулд ч юм уу] тэрээр Салттай худлаа тэмцэлдсэн дүр эсгээд, Салт Потомак мөрөн рүү үсрэн буулаа. [эндээс үзвэл дараагийн анги гэж байж магад шүү]



Friday, March 26, 2010

Les Misérables

Les Misérables (2000) буюу "Орхигдогсод" нэртэй 3 ангит киног 25-р сувгаар шимтэн, догдлон үзлээ. Уг киног Виктор Гюгогийн "Шоовдор хүмүүс" романаар хийсэн юм байна. Одоо зохиолыг нь олж уншина гэж бодож байгаа. Киноны үзэгдэл бүр хүнд ухаарал, сэхээрэл, бодрол бэлэглэж байсан тул чухам юуг нь онцолж бичихээ мэдэхгүй байна. Хааяа нөгөө самсаа шархирна гэдэг шиг бие эрвэгнээд, хөлс чийхраад сонин болдог доо. Зөндөө олон удаа тэгсэн. Кино, онигоо ярихдаа мууг хэлэх үү өөрийн мөхөс, хомсхон үг, найруулгаар таны сонирхлыг мохоогоод яах вэ? Зүгээр л та бидний заавал үзэх кино, заавал унших зохиол шүү гэж санал болгохыг хүснэм.













Monday, January 25, 2010

The Ramen Girl

Тав дахь өдөр нэгэн хөөрхөн кино үзсэн нь Бриттани Мэрфигийн тоглосон “The Ramen Girl” юм. Гол санаа нь трэйлэр дээр урсаж байгаа “Ид шидийн орц ямагт зүрхнээс гардаг” гэдэг үгэнд багтаж байгаа. Аливаад зүрх сэтгэлээсээ хандах ёстой. Маш гайхалтай философи. Тэгээд л нөгөө нийцэмж зохицол, мэдрэмж гээд хүнийг хүн болгодог, хүйтэн оюун ухаанаас хувь илүү ухагдахуунуудын тухай дахин эргэцүүлэхэд хүргэлээ. Дээр нь япон аж төрөх ёс, түүний гүн ухааныг бишрэн хүндлэх, түүнээс суралцах хүсэл дахин оволзов.

Нухацтайгаар бодоод үзэхэд би зүрх сэтгэлээсээ ханддаг зүйлсээ дандаа хойшоо тавиад байгаа л даа. Лав сүүлийн хоёр жил. Яг өнөөгийн байдлаар киноны гол дүр Абби-гийн өмнөх байдалтай би их төстэй явж байгаа мэт. Кино үзээд бодлогоширч бодлоширч бараг стратегийн шийдэлд хүрэхээ алдлаа хэхэ. Бас сүүлд нь түүний найз залуу компанид ажилладаг ажлаа орхиод өөрийн дуртай хөгжим зохиох ажилдаа орж байгаа нь гал дээр тос нэмэв.

За энэ тэрлэлээ Аббигийн “Рамён” хоолны газрын эзэнд шавиар орохдоо хэлдэг “I wanna make people happy like you” гэсэн үгээр төгсгөе дөө.


Киноны албан ёсны танилцуулга видео нь ...






Харамсалтай нь гол дүрийн жүжигчин, хөөрхөн бүсгүй он гарахын өмнөхөн нас барчихсан ...

Thursday, November 19, 2009

Малена


Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн кино ...


Моника Беллучи үнэн тас юмаа...


Тэр дэндүү үзэсгэлэнтэй, тэр түүнийг хамгаалахад дэндүү залуу


Хэзээ ч илчлээгүй сэтгэл ... Киноны дуу нь мөн л Эннио Морриконигийн бүтээл.


Нээрээ л ийм насны хөвгүүдэд хайрлаж, битүүхэн хүсэмжилдэг эгч нар байдаг даа. Надаа ч байсан байх хэхэ. Амьдрал баян, хэн ч хэнтэй ч учирч болно, хэн ч хэн болж болно, хэн ч дурлалд сохорч болно. Дурлах гоёо хэхэ ...
Related Posts Plugin for WordPress, Blogger...