Улс төрийн байгууламж (Үндсэн хуулийн эрх зүй)., Морис Дюверже, 1955 (Францын их сургуулиудын хэвлэл) - Хянан тохиолдуулсан Т.Төмөрхүлэг., Улаанбаатар 2007
Хуудас: 63-64
Үндэсний хамтын нийгэмлэгийг тодорхойлж буй бүрэлдэхүүн хэсгүүд нь олон янз.
- Бодит болон хийсвэр бүрэлдэхүүн хэсгийн хуурмаг ялгаа - Зарим хүмүүс бодит бүрэлдэхүүн хэсэгт, тухайлбал, арьс өнгө, хэл, шашин шүтлэг, газар нутаг гэх мэтийг, хийсвэр бүрэлдэхүүн хэсэгт үүх түүхийн дурсамжийн нэгдмэл чанар, туйлын зорилгын нэгдмэл байдал, хамтаараа амьдрах хүсэл сонирхол гэх мэт ялгааг багтаадаг. Ийм ялгаа нь үндэслэлгүй мэт. Үнэн хэрэгтээ "бодит" хэмээн нэрлэж буй бүрэлдэхүүн хэсгийн гол зүйл нь үндэсний хамтын нийгэмлэгийн гишүүн байх саналга сэтгэлэг юм. Арьс өнгө, хэл, шашин шүтлэг ч үндэстнийг бүрдүүлдэггүй. Харин арьс өнгө, хэл, шашин шүтлэгийн тухай саналга л түүнийг буй болгодог. Тухайлбал, Германд арьсны үзлийн онол үндсэрхэг үзэл гарахад гол үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү онол шинжлэх ухааны үүднээс (дэлхий дахинд цэвэр цус гэж байхгүй тул "ари цус" гэдэг ойлголтод нухацтай хандах үндэс үгүй) хуурмаг, энэ талаар нөлөөлөх зүйлгүй. Арьс өнгөний тухай домог л ихээхэн чухал. Мөн XIX зууны үед төв Европод үндэсний хэл ихэд сэргэсэн нь үндэсний үзэл хөгжих үндэс болсныг тэмдэглэх нь зүйтэй (өнөөдөр үүнтэй төстэй үзэгдэл Фламандад болж байна). Үүнтэй төстэй ажиглалтыг үндэсний эв нэгдлийн хөгжилд ихээхэн нөлөөтэй газар нутгийн тухайд хийж болох юм. Германы "амьдрах орон зай"-н онол нь францын "байгалийн хил хязгаар"-ын онолын нэгэн адил бодит байдалтай нийцэхгүй. Амьдрах орон зайн тухай ойлголт арилжаа наймаанд тулгуурласан эдийн засагтай үед ямар ч утгагүй. Гол мөрөн, уулс, далай тэнгис зэрэг байгалийн хил хязгаар салгадаггүй харин нэгтгэдэг. Тухайлбал, Рейн мөрний соёл иргэншил, Альпын нурууны соёл иргэншил, Газрын дундад тэнгисийн соёл иргэншил гэж бий. Харин амьдрах орон зай, байгалийн хил хязгаарын тухай домгуудад итгэх нь үндэсний эв нэгдлийг бэхжүүлдэг.
- Түүх болон хэвшмэл хэв шинжийн (стереотип) үүрэг - Үндэсний хамтын нийгэмлэгийн бүхий л хүчин зүйлийн дотроос эцсийн бүлэгт түүх л хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн болов уу. Энд мөн л бодит, шинжлэх ухааны үндэстэй түүхийн талаар яриагүй. Ард түмэн бүр өөрсдийн өнгөрсөн түүхийг их бага хэмжээгээр домог болгон дүрсэлж, өөрсдийн чиг хандлага, шаардлагаа зөвтгөхийг хичээдэг. Бүх улс оронд түүхийн хичээл заах нь үнэндээ эх оронч үзлийн боловсрол бөгөөд шинэ үеийнхний оюун санаанд үндсэрхэг сэтгэлгээг тэтгэх арга хэрэгсэл болно. Түүхээр аль нэг улсын иргэд бусад улсын иргэдээс ялгарах өөрсдийн онцлогийг (үнэн, эсвэл худал байж болно. Хамгийн гол нь үнэмшигдсэн байх нь чухал) мэдэрдэг. Ийнхүү аль болохоор адил байх хандлагатай үндэсний "хэвшмэл хэв шинж" (стереотип) бүрэлдэн тогтоно.
No comments:
Post a Comment