Friday, February 25, 2011

Боломж


Хүн болгон хүн болгоныг тодорхой хэмжээнд уншиж, оношлож явдаг биз ээ. Уран илтгэгчид, идеалистууд хүн өөрөө өөрийгөө тодорхойлно хэмээдэг боловч миний бодоход хүн өөрийгөө тодорхой хязгаарлагдмал боломжийн дотор л тодорхойлдог. Тэгэхдээ тэр боломжийн хязгаар нь үнэхээр том, үнэхээр ялгаатай үр дүн гаргаж болохыг бол хүлээн зөвшөөрнө. Миний бодлоор бол тантай юм яриад сууж байгаа эрхэм ямар хүн бэ гэдэг нь дараах зүйлсээр тодорхойлогдоно.
Хүн хэрхэн бүрэлдэх эх сурвалжийн төрлүүдийг нь жагсаая.
  • 1.       Генетик бүрдэлт – эцэг эхээс
  • 2.       Биологийн бүрдэлт – газар зүй, уур амьсгал, амьдралын дэглэм, хооллолт, зуршил, хөдөлгөөний хэв шинж
  • 3.       Гариг эрхсийн нөлөөлөл – бидний зурхай энэ тэр гэж яриад байдаг зүйлс
  • 4.       Нийгмийн бүрдэлт – нийгмийн харилцаанаас олж авсан мэдлэг, туршлага, зан төрх
Генетик бүрдэлт – эцэг эхийн генетикийн бүрдүүлбэрүүдийн холимог бөгөөд аль ген нь алийгаа илүү дарангуйлж, давамгайлснаас хамааран тэр хүний өгөгдлийн суурь хэрхэн бүрдэх нь ойлгомжтой билээ.
Биологийн бүрдэлт – за тэгээд хүн өглөө хэдэн цагт босдог, орой хэдэд унтдаг, ямар хоол идэштэй, биеийн тамирын ямар төрлөөр хичээллэдэг, ямар уур амьсгал, газар оронд амьдардаг гээд яваад байх биз.
Гариг эрхсийн нөлөөлөл – үүнийг би мухар сүсэг биш гэж боддог. Физик үндэслэгээ байж таарна. Гэхдээ туйлшруулдаг, энэ хүн матрын орд учраас хувиа хичээх ёстой, эсвэл энэ хүн харш жилтэй учир энэ хүнтэй хамтарч ажиллаж болохгүй гэдэг бол ёстой нөгөө bullshit!
Нийгмийн бүрдэлт – энэ хамгийн ярвигтай асуудал. Тэр дундаа хүн энэ эх сурвалжаас авах бүрдүүлбэрийнхээ дийлэнхийг төрснөөс хойших эхний жилүүдэд хамгийн хурдацтайгаар олж авдаг, түүнээс хойш хурдац буурдаг нь маш хариуцлагатай үе болохыг хэлнэ.

Энд хэлэхэд ийм төрлийн эх сурвалж нь ийм зүйлийг нь л тодорхойлно гэсэн зүйл байхгүй. Энэ бол харилцан сүлбэлдсэн, харилцан уялдаатай динамик юм.

Хүний физик шинжүүд болох өндөр нам, өргөн бүдүүн, өөр юу байдаг юм тэр бүрийг генетик, биологи, гариг эрхсийн нөлөөлөл, нийгмийн эх сурвалжууд тодорхойлох бол, нөгөөтэйгүүр зан араншин, сэтгэл зүй, оюун сэтгэлгээ, зарчим суртахууны эх үүсвэрийг ч мөн дээрх үүсвэрүүдээс хайх нь зүйтэй.

Ер нь бол юмс муужралыг олох нь дэндүү амархан, сайжралыг олох нь муужрахаас хэд дахин төвөгтэй, мөн цаг хугацаа явах тусам үр нөлөө нь багассаар байдаг. Тиймээс яг одоо та өөрийгөө тодорхойлох хамгийн их боломжтой байгаа. Өчигдөр бол бүр их байсан байж таараа. Гэхдээ туршлага, мэдлэг, сорилго, бүрдүүлбэрийн зарим хэсгийг эс тооцвол одоо танд тэр хамаагүй. Үйл явдлын гинжин хэлхээг эс тооцвол маргааш чинь танд одоогийнхоос илүү бага боломжийг олгоно.

Бага зэрэг дэлгэрүүлж, тодруулан тайлбарлая.


Яг тодорхой ойлгуулахын тулд ийм гурван нэр томъёог нэвтрүүлэх хэрэгтэй байна.
1.      Capacity – өөрөөр хэлбэл багтаамж, хязгаар гэж ойлгож болно.
2.       Potential – раамандаа жаажигнана гэдэг шиг боломж бол багтаамжаас өөрийн болгон хүртсэн, бодитойгоор хүрсэн түвшин.
3.       Performance – гүйцэтгэл буюу хүрч буй үр дүн. Эдгээр нь боломжуудын нэгдэл, зохицол байхаас гадна гадаад орчны хариу үйлчлэл ч орж байгаа юм.
Capacity бол заяагдмал шинжтэй. Capacity-гээ бүрэн ашиглаж ч болно, ашиглахгүй ч байж болно. Potential-ын дээд хязгаар нь capacity руу хүрнэ.
Генетик капасити бол насан туршийн шинжтэй. Биологийн капасити бол тодорхой цэг хүртэл өсөх, түүнээс хойш байнга буурах шинжтэй. Гариг эрхсийн нөлөөлөл нь мөн насан туршийн шинжтэй байх. Нийгмийн төлөвшил, хөгжлийн капасити бол байнга хувьсдаг.
Капасити нь дотроо олон талбаруудад хуваагдана. Жишээлээд нэгэн төрлийн капаситиг дотроо 3 дэд капасититэй гээд аваад үзье л дээ. Дэд капасити болгон нь оновчлолын дагуу тодорхой хувийн жинтэй. Хүн болгон дэд капасити-нүүдийн ялгаатай орцтой байна. 
Жишиг капасити 1 – 40%-ийн хувийн жинтэй.
Жишиг капасити 2 – 35%-ийн хувийн жинтэй.
Жишиг капасити 3 – 25%-ийн хувийн жинтэй гэж төсөөлье.

Нэгэн хүнийг эдгээр хэмжүүрээр оношлоё.
ЖК1 дээр 70%-тай, Жк2 дээр 90%-тай, Жк3 дээр 150%-тай байлаа. Энэ хүний тухайд Жк 3 дээр бол онцгой чадвартай болж таарч байна.
Тэгэхээр тухайн хүний бодит дэд капасити К1=28%, К2 31.5%, К3 37.5% байна.

Хүн өөрийгөө хөгжүүлэн, өөртөө шаардлага тавиад, оновчтой арга замаар явах юм бол потенциал П1=К1, П2=К2, П3=К3 болж чадна. Гэхдээ хүний дотоод нөөц болон гадаад орчин хязгаарлагдмал тул бүгдийг жигд 100% өөрийн капасити-д тулгаж чадахгүй байж болно. Тиймээс гадаад орчин болоод дотоод давуу талаа оношилж, мэдэрсний үндсэн дээр сонголт хийдэг. Заавал ч ингэж хийх албагүй, хүсэл тэмүүлэл, мөрөөдөл гэсэн гайхамшигтай зүйлс бас бий. Өөрөөр хэлбэл дуулж чаддаг болгон дуучин болдоггүй, сагс сайн тоглодог байхаараа сагсчин болох ёстой гэсэн үг биш. Нөгөөтэйгүүр тоонд тааруу бол физикч болж чадахгүй, монгол хэлний дүрмэнд тааруу бол зохиолч болохгүй гэсэн үг биш. Эдгээр нь зүгээр л түгээмэл магадлалын асуудал, эдгээр нь зүгээр нэг л хүчин зүйлс дээр тулгуурласан шалгуур. Гэтэл хүн шугаман байдлаар хөгждөггүй, харин олон шугаман хөгжлийн огтлолцол, хөдөлгөөн дээр хөгждөг динамик амьтан юм.

Цаашлаад хүний бүхэл бүтэн амьдралын явц дахь капасити-нуудын хөдөлгөөн, түүнд уягдсан потенциалын хөгжлийг илэрхийлэхийн тулд бага зэрэг математик хэрэг болох биз.
Үүнийг орхиод одоо потенциаль буюу бодит хүчин чадал руу ороё. Биологийн потенциаль нь капаситигийн хөгжилтэй уялдаа, харьцаатайгаар хөгжинө. Өөрөөр хэлбэл өсөөд, буурах шинжтэй. Генетикийн болоод гариг эрхсийн нөлөөний хувьд хүн өөрөө эрхшээх зүйл байхгүй, байнга тодорхой хувийн жин бүхий хүчин зүйлс байсаар байх болно. Тэгэхээр үүнийг физикийн тогтмол, мөнхийн инерцитэй адилтгаж болно. Инерцийн дагуу байх тусам үр нөлөө сайн, инерцитэй их өнцөг үүсгэн хөгжиж байрших тусам энэ тал дээр алдагдсан боломж ихтэй байна байх. Генетикийн тухайд хүн өөрийн генетик бүрдүүлбэрийг өөрөө тодорхойлж чадахгүй боловч цаашид үүсэн бүрэлдэх үр хүүхдийнхээ генетик капаситигийн цаашдын удамшил, бүрдлийг та өөрөө хувьсгах хүчин чадал тодорхой хэмжээнд байгаа болохыг дурьдах нь зөв байх. За ингээд үлдэж байгаа нь нийгмийн төлөвшил, хөгжлийн капасити буюу таны ажиллах, цаг хугацаагаа зарцуулах ёстой гол талбар үлдэж байна. Хэдийгээр цаг хугацаа явах тусам таны хүрсэн түвшингээ өөрчлөх, хүрэх түвшиндээ тэмүүлэх хурдац буурах боловч та зорьсон, хүссэн л бол капасити рүүгээ тултал нь явж чадна.

За ингээд капасити дээр тулгуурласан потенциалуудын нэгдэл дээр перформанс буюу бодит байдал, үр дүн бий болно. Яг перформансийг тогтооно, тоогоор илэрхийлнэ гэдэг бараг боломжгүй бөгөөд болдог бол нилээд нүсэр математик, статистикийн бодолт орно биз. 

Потенциалуудын хармони буюу зохицол дээр та хамгийн оновчтой өөрийгөө бүтээж чадна. Энд гадаад орчин болох нийгэмд оршин буй статус, хүрээлэн буй орчин гээд зүйлс маш хүчтэй нөлөөлөх боловч энэ бол зүгээр л зэрэглээ мэт барьцгүй, хийсвэр үзэгдэл, харин шийдвэрлэх чанартай хүчин зүйл бол та өөрөө л болохоо ойлгох хэрэгтэй. Хэрвээ та нийтлэг жишгээс төдийлөн дутуу биш л бол та хэн болохыг хүсэж байна, та хаашаа тэмүүлж байна, таны хандлага хэр оновчтой байна, та сэтгэл зүйн хувьд хэр хүчтэй хүн бэ гэдэг таныг хэн байгаа, хэн болохыг тодорхойлоход голлох үүрэгтэй. Учир нь таныг тойрон хүрээлж буй хүн төрөлхтөн төдийлөн өндөр бүтээмжтэй нийтлэг биш, сарнилт, гарздалт байнга гарч байдаг. Энэ дунд оновчлолт, төвлөрөлттэй байснаараа та капасити, потенциалыг нөхөх харьцангуй хүчтэй давуу талыг бий болгоно.

Үргэлжлэл бий.

1 comment:

Tulip said...

...эцэг эхийн генетикийн "бүрдүүлбэрүүдийн" холимог...гэж тийм үг байдаг билүү хэхэ, мэдээлэл гэсэн үг байх даа тэ...бусдаар сонирхолтой юмаа

Related Posts Plugin for WordPress, Blogger...