Thursday, March 10, 2011

Зуучлал


Саяхан үеэл маань “энэ зуучлагчид ямар хэрэгтэй юм?” гэдэг асуулт асуув. Асуух болсон шалтгаан нь манай нийгэм дэх гажуудал эгдүүцлийг нь төрүүлжээ. Мэргэжлийн хүн, мэргэжлийн компани мэддэг чаддаг юмаа хийгээд түүнийгээ үнэлүүлээд явж болохгүй байна гэнэ. Дунд нь зуучлагчид гэж ам панал, ангайлгах чадвар сайтай нөхдүүд орж ирээд төсөвлөгдсөн мөнгөний 50%-ийг нь цохичихдог, эсвэл захиалагч талын нэг нөхөр нь цалин авсан учраас хийж байгаа ажлаа зүгээр хийж чадахгүй давхар зуучлал энэ тэр яриад цавчаа өг гээд нэхдэг. Тэгээд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа гүйцэтгэгч нь авсан мөнгөндөө таарсан явцгүй зүйл хийдэг, эсвэл чанартай хийе гэвэл ашиггүй болж байна гэв. Энэ бол үнэн боловч улиг болсон асуудлын нэг л дээ.
Харин надад өөр сонирхолтой бодол орж ирсэн нь зуучлал гэдэг юу вэ? Зуучлал юу юун дээр байдаг вэ? гэсэн асуултууд байв. Бодсоны эцэст олсон хариу нь намайг гайхшируулав.
Зуучлал бол энэ дэлхий дээр хүн төрөлхтөний хийдэг үндсэн ажил нь юм байна. Нилээд олон жишээ авч тайлбарлая.
Бурхан хэн бэ?
Зуучлагч. Ертөнц, хүний орчлонгийн зүй тогтол, жам ёсыг сургамжлан таниулсан төлөөлөгч, дүр төрх. Тэрнээс биш бурхан гээд хүн дүрстэй юм уу, амьтан төрхтэй этгээд байхгүй. Байлаа гэхэд зуучлагч мөнөөсөө мөн. Тэр шинэ зүйл зохион бүтээгээгүй.
Эрдэмтэн, зохион бүтээгч хэн бэ?
Зуучлагч. Байгалийн хууль, зүй тогтлуудыг олон олон зуучлалуудаар дамжуулан танин мэдэж, түүнийг ашиглан хүн төрөлхтөнийг хэрэглээг хялбарчилан зуучилсан этгээд.
Мэдлэг, технологи гэж юу вэ?
Мөн л зуучлал. Хорвоо дээр шинэ зүйл байхгүй. Бид юу ч бүтээгээгүй. Зүгээр л анхны мэдлэг зуучлагдсанаас хойш дам дам уламжлагдан зуучлагдсаар өнөөг хүрчээ.
Хүн хэн бэ?
Зуучлагч. Эцэг эх, өвөг дээдсийнхээ зуучлал, цаг үеийнхээ зуучлал, ирээдүйд хүргэх зуучлагч.
Эмч хэн бэ?
Зуучлагч. Байгалийн жам, зүй зохис нь эвдэгдсэн этгээдийг жам ёс, зүй зохис руу нь авчирдаг зуучлагч.
Философи юу вэ?
Зуучлал. Жам ёсны үнэт зүйлсийг жам нь алдагдчихаад байдаг ертөнцөд санал болгох зуучлал.
Урлаг юу вэ?
Зуучлал. Жам ёсны зүйлс, жам ёсны зүй тогтол хамгийн их гоо сайхантай, хамгийн сайхан мэдрэмжтэй байдаг билээ.
Удирдагч хэн бэ?
Байх ёстой, байгаа хоёрыг холбодог зуучлагч.
Машин юу вэ?
Цаг хугацаа, орон зайн зуучлалын хэрэгсэл.
Компьютер юу вэ?
Мэдээлэл дамжуулах, мэдээлэл бүтээх зуучлалын хэрэгсэл.
Соёл юу вэ?
Маш том зуучлалын тухай ойлголт. Хүний амьдрахад зориулан бүтээгдсэн зуучлал.
Мөнгө юу вэ?
Зуучлал. Хөдөлмөр, бараа бүтээгдэхүүнийг зуучлах хэрэгсэл.
Ашиг юу вэ?
Зуучлал. Чи ийм бүтээгдэхүүн, үйлчилгээ хийхийн төлөө цаг хугацаа, оюун ухаанаа зориулжээ. Харин би ийм бүтээгдэхүүн, үйлчилгээ хийхийн төлөө цаг хугацаа, оюун ухаанаа зориулсан. Тэгэхээр чиний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнэ дээр чиний зуучлалыг, алдагдсан боломжийг минь нөхсөний төлөө чамд өгч буй зуучлалын хөлс.
Төр юу вэ?
Хүний нийтлэгийн амьдрах орчин, нөхцлийг хангах зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага.
Маркетинг юу вэ?
Бүтээгдэхүүн, үйлчилгээ, ойлголт, хүслийг хүний оюун ухаан, мэдрэмжинд нь зуучлан хүргэх тухай ухаан.
Юу байна, тэр болгон зуучлал. Хорвоогийн түгээмэл жам ёс, түгээмэл үнэт зүйлс, түгээмэл зүй тогтол болон түр зуурын гажуудлын хоорондын зуучлал.

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...