Өөр, өвөрмөц дуу хоолой хүргэж чадахгүй, тэгээд ч хаданд хашгирч байгаа мэт байгаа нөхцөлд дуугүй явж байх нь зүйтэй мэт. Тэгэхдээ л болохгүй, бүтэхгүй байгааг мэдрээд, бас ч гэж өөртөө хамаатай хэмээн хэнхэглэмээр байх юм.
Хүмүүст 252 мянган төгрөг өгнө гэнэ. Амьжиргаандаа ашиглаад энэ мөнгө нэмэр болохоос биш нэмэгдэхүүн болохгүй, тэгээд манай дамын наймаачдын зуучлалаар Эрээнд хөрөнгө оруулалт болчих нь ойлгомжтой. Учир нь:
- Монгол улсын инфляци тооцоход ордог бүрэлдэхүүнийг нь хараарай. Тэгээд түүнд багтдаг бүрэлдэхүүнүүдийн нийлүүлэлтийн бүтцийг нь гадаад, дотоодоор нь ангилаад үзээрэй. Манай инфляцийн аргачлал өөрөө бас маапаантай гэж боддог. Гэхдээ дүн нуруу нь харагдана.
- Худалдан авагчдын шийдвэр гаргах явц, худалдан авалтын зан үйлийг, өрхийн төсвийн бүтэц, түүний тэргүүлэх хийгээд дагалдах хэрэгцээнүүдийг нь хальт анзаараарай.
- Жижиг, дунд бизнестээ хоршиж хөрөнгө оруулаарай хэмээн даапаалж байгаа мэт зүйл яриад байгаа. Дамын наймаа, гар урлалын бүтээгдэхүүнд л ингэж хоршиж цугласан мөнгө юм болох байх. Жижигхэн сүү боловсруулах цехийг босгоход л дор хаяж 50 сая төгрөг шаардлагатай болдог юм ш дээ. Тэгэхээр тийм олон хүмүүс хоршоод ажиллана гэж байх уу? Байхгүй. Дээр нь бизнесийн арга ухаанд суралцаагүй, компаний засаглал 0 заадаг, хорших, хамтрах сэтгэлгээ, соёл, арга барил нь бүрдээгүй байгаа хүмүүс олонхи нь шүү дээ.
- Хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдаж авч болох юм гэж үү? Манай нягтлан бодох бүртгэл хэр билээ, компаний засаглал ямар билээ, хувьцааг нь тоож болох компани хэд билээ? (10 ч хүрэхгүй л байгаа юм даа миний судалснаар)
- Банкны хадгаламж өсөх хувилбар байж болох уу? Банкнуудад мөнгө дутагдаад тэрнээс болоод эдийн засагт муугаар нөлөөлөөд байгаа нь хэр л бол? Тэгээд ч тийм өндөр хүүтэй зээл хэнд хэрэгтэй юм? Энэ их мөнгө эдийн засаг руу буруу сувгаар орсноор банкуудын эрсдлийг өсгөж, эргээд харин зээлийн хүүг өсгөх болов уу даа? Монгол банк руу бурууг бухах шаардлагагүй. Тэр бол тусдаа асуудал. Тэгээд ч ер нь нийгмээрээ ядууралд автсан улс өлсөж үхэх гэж байж банкинд яг мөнгөө хадгалж харагдаач!
- Дээр нь бараг илүү шахуу нэг үндэслэл хэлэхэд энэ олигархижсан эдийн засаг чинь жижиг, дунд бизнесээ боогоод, нийт үр дүнгээрээ эдийн засаг, нийгмээ боогоод байна ш дээ!
Харин өнгөрсөн жил ”Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих”-ээр төсөвлөсөн 60 тербум төгрөг хамаагүй илүү бодит үр дүн өгсөн гэж боддог. Бизнес болгонд 20-100 сая төгрөг гээд тооцоход 1,000 бизнесийн гараа эхэлсэн байна шүү дээ (яг одоо тоо баримтыг нь санахгүй байгаа учир таамаглалаа). Харин энэ 800 тербум үеийн ус мэт газартаа шим тэжээл болохгүй урсаад л өнгөрөх болно. Хэрэв дээрх суваг, арга замаар үүнийг цацсан бол эдийн засагтаа хамаагүй илүү шим тэжээл болж, 10-15,000 шинэ бизнес эхэлж болох л байлаа.
За ингээд улс төрчид ичсэн нэрэндээ, амин хувиа борлуулахын тулд нийгмийн баялгаас 800 гаруй тербум төгрөгийг золигт гарган, ард түмний сэтгэлийг нь тайтгаруулан, амыг нь таглах нь тэр. Нийгмийн баялаг ч гэж дээ дийлэнхийг нь зээлээр авч магадгүй байгаа шүү дээ.
Цааш нь үргэлжлээд бид нар Катар, Эмират шиг орон болчих юм шиг байгаа юм. Нэг их хүсэхээр ирээдүй биш л гэж бодох юм. Монголчууд бол угаасаа еврейчүүд, япончууд шиг улсууд биш. Бидний муухай зан, зуршлууд олон ш дээ (дийлэнхид нь байдаг). Зөнгөөрөө л ингээд Монголын төр нийгмээ хорлож байгаа санагдах юм. Тэд бидэнд эцэг эх шиг минь хариуцлагатай, халамжтай, хайртай хандахгүй байна, яавал ч яаг гээд харь элгэн хүн мэт сэтгэлгүй хандаж байна. Энэ улсад чинь юу болоод байна аа? Юунд итгэж найдах, юуны төлөө явах болж байна вэ?
No comments:
Post a Comment