- Wikipedia, Worldbook-ээс миний орчуулснаар. Өнгөрсөн өвөл баахан вики орчуулга хийгээд байсан чинь монгол агуулга одоо байдаг болсон байна шд :) - http://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D1%81%D1%8B%D0%BD_%D0%B4%D0%B0%D0%B9%D0%BD
- Удахгүй өнөөгийн байдал болон байж болох тайллын талаар бага сага юм бичнээ.
Солонгос нь олон арван жилийн туршид Японы хараат орон байж ирсэн бөгөөд 1905 оны Юлсагийн гэрээгээр Япон тус орныг өөрийн протекторат болгон, 1910 оны Япон-Солонгосын хавсарган нэгтгэх тухай гэрээгээр өөрийн нутаг дэвсгэр болгожээ.
Солонгосын националистууд болон сэхээтнүүд Ли Синман тэргүүтэй шилжилтийн засгийн газар гэгчийг 1919 онд Шанхайд байгуулж байв. 1919-1925 оны хооронд коммунистууд Японы эсрэг тулалдаж байсан байдаг. 1937 онд колоний захирагч генерал Минами Жиро солонгост “соёлын уусгалт” гэгчийг хийн колонийн 23.5 сая хүн амыг солонгосоор ярих, бичих, унших, соёлын илэрхийлэл гаргахыг хориглон, хүмүүс нь хүртэл япон нэр авахад хүрч байжээ. Түүнчлэн 2.6 сая Солонгосчууд хилийн чанадад албадан хөдөлмөр хийж, солонгос эрчүүд японы армид алба хааж байв. Нэгэн сонирхолтой баримт байдаг нь АНУ Хирошимад атомын бөмбөг хаяхад амь үрэгдэгсдийн 25% нь солонгосчууд байжээ.
1943 оны 11 сард Кайрт болсон холбоотнуудын уулзалтаар Хятад, НВУ, АНУ нар Солонгосыг тусгаар тогтнуулахаар тогтож, Сталин ч дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. 1945 оны 8 сарын 10-нд Улаан арми Хятадын манжуур дахь 25-р армиар, мөн тэнгисээс 38-р өргөргийн хойгуур дайран орж эзэлсэн байна. Үүнээс 3 долоо хоногийн дараа 9 сарын 8-нд дэслэг генерал Жон Р Ходж Инчеонд газардан япончуудтай 38-р өргөргөөс өмнө зүгт үг дуугүй бууж өгөх гэрээ байгуулан, тулалдалгүйгээр эзэлсэн байна.
1945 оны 12 сараас Солонгос нь АНУ-ЗХУ-ын хамтарсан комиссын удирдлагад шилжлээ. Төлөвлөгөө ёсоор Солонгос нь 5 жилийн итгэмжит захиргааны дараа биеэ даах ёстой байв. Солонгосчууд үүнийг нь эсэргүүцэж бослого хөдөлгөөн зохион байгуулан, тэр битгий хэл зэвсэг барьсан тул АНУ-ын Солонгос дахь армийн засгийн газар жагсаал цуглааныг хориглон, Бүгд Найрамдах Солонгос ард улсын хувьсгалт засгийн газрыг хууль бус хэмээн мэдэгдсэн байна. Пусанд 1946 оны 9 сарын 23-нд 8000 төмөр замын ажилтны бослого болж, 10 сарын 1-нд “Тэгүгийн бослого”-ын үеэр солонгосын цагдаа 3 оюутны амийг хороосныг эсэргүүцэн жагсаж, 38 цагдаагийн ажилтны амь насыг хороосон байна. 10 сарын 3-нд 10000 иргэд Инчеон дахь цагдаагийн газар луу дайран орж 3 цагдаа алж, 40 гаруйг шархдуулсан байна. Түүнчлэн үймсэн олон түмэн 20 газрын эзэн болон японы төлөөний засгийн газарт ажиллаж байсан хүмүүсийг хороов. АНУ-ын засаг захиргаа дайны цагийн хууль тогтоов.
Олон арван жилийн Японы ноёрхлын дараа гадны ноёрхлыг хүлцэн тэвчих аргагүйг мэдэрсэн АНУ-ын засаг захиргаа Москвагийн хэлэлцээрээс сайн дураар гарч Зөвлөлтүүдийн эсэргүүцсэн үндэсний бүх нийтийн сонгуулийг явуулахаар болжээ. Ингээд үндсэн хуулийн дагуу Америкт боловсрол эзэмшсэн Ли Синман ерөнхийлөгч нь болж, Бүгд Найрамдах Солонгос Улс 1945 оны 8 сарын15-нд байгуулагдлаа. Үүний нэгэн адил Орос өөрийн эзэмшлийн бүстээ коммунист засгийн газар байгуулан, тэргүүн нь Ким Ир Сен болжээ. Ерөнхийлөгч Ли Өмнөдийн улс төрийн тавцангаас коммунист, зүүний хүчнийхнийг шахан зайлууллаа. Аль аль нь националистын хувьд Ли Синман болон Ким Ир Сен нар аль аль нь Солонгосыг өөрийн улс төрийн тогтолцооны хүрээнд эргүүлэн нэгтгэх эрмэлзэлтэй байв.
АНУ-ын цэргүүд Солонгосыг 1949 онд орхиход Солонгосын арми хагас дутуу зэвсэглэлтэй, байлдах чадвар дорой байлаа. Харин ЗХУ Ким Ир Сенийн төлөвлөсөн эзлэн түрэмгийлэлд зориулан ихээхэн хэмжээний зэр зэвсэг, эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлээд байв.
1950 оны 7 сард болсон Осаны тулаан нь АНУ-САА-ийн анхны дорвитой тулаан байлаа. САА өмнө тийш давшин, АНУ-ын хүчийг Таэжүн руу ухрахаас аргагүйд хүргэж, дараа нь Таэжүны тулаанаар мөн энэ хотыг эзлэв. АНУ 3602 хүнээ алдах буюу шархдуулж, 2962 хүнээ олзлуулсаны дотор тус дивизийн командлагч нь байлаа. Тэнгэрт САНХ Америкийн 18 сөнөөгч, 29 бөмбөгдөгч онгоцыг унагасан бол АНУ САНХ-ний 5 сөнөөгчийг устгажээ.
8 сар гэхэд САА БНСУ болон АНУ-ын армиудыг Пусан хот руу шахлаа. Өмнө рүү давших замдаа БНСУ-ын сэхээтнүүд, төрийн албан хаагчдыг цэвэрлэж явав. 9 сар гэхэд НҮБ-ийн мэдэлд зөвхөн Пусан хотын зах буюу Солонгосын нутаг дэвсгэрийн 10% нь л үлдсэн байжээ. Ийнхүү ардаа тэнгис, урдаа умард солонгостой нөхцөлд орлоо.
Ингэхдээ тэд БНСУ-ын армийн цэргүүд эхлэн хил давсан хэмээн мэдэгдсэн бөгөөд үнэхээр ч энэ үед 38-р өргөргийн дагуу хоёр талаасаа байнгын мөргөлдөөнтэй байв.1950 оны 6 сарын 27-нд Ерөнхийлөгч Труман АНУ-ын агаарын болон тэнгисийн хүчнийг Өмнөд Солонгосын дэглэмд туслахыг зарлигдав. Мөн өдөр НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс гишүүн орнууддаа БНСУ-д цэргийн тусламж үзүүлэх 83-р тогтоол гаргажээ. Үүнийг ЗХУ-ын гадаад явдлын яам эсэргүүцэн “АНУ Өмнөд Солонгосын нэрийн өмнөөс зэвсэгт түрэмгийлэл үйлдлээ” гэж мэдэгдсэн байна. НҮБ-ын тогтоолын эрх зүйн чадамжид ЗХУ эргэлзсэнээ мэдэгдэж дараах үндэслэлүүдийг тавьж байв. Үүнд:
1. Тогтоол 83 нь АНУ-ын тагнуулын мэдээн дээр үндэслэсэн;
2. Умард Солонгос нь НҮБ-ын гишүүн орон биш нь НҮБ-ын дүрмийн 32-р зүйлийг зөрчиж байна.
3. Энэ нь солонгос үндэстний дотоодын асуудал бөгөөд иргэний дайны ангилалд хамрагдана.
Умард Солонгосын арми “Эх орноо чөлөөлөх дайн” гэгчийг эхлүүлэн агаар-газрын хосолсон дайралт хийлээ. Үүнд 231000 цэргүүд, 274 Т-34-85 танк, 150 ЯК сөнөөгч онгоц, 110 ш дайран бөмбөгдөгч, 200 их буу, 78 сургалтын Як болон 35 тагнуулын онгоцны бүрэлдэхүүнтэй байв. Түүнчлэн өөрийн нутаг дэвсгэртээ 114 сөнөөгч, 78 бөмбөгдөгч, 105 Т-34-85 танк болон 30000 цэрэг байршуулаад байжээ.
Үүнтэй харьцуулахад БНСУ-ын арми бараг бэлтгэлгүй байв. Байлдааны бэлэн байдал муу байсны зэрэгцээ нийт 98000 цэрэгтэй, танкгүй, 22 ш хуучин загварын байлдааны онгоцтой байлаа. Цэргийн бие бүрэлдэхүүний хувьд үзэл суртал муутай учир зугтах, оргох, коммунистуудад элсэх үзэгдэл түгээмэл байв.
АНУ-ын цэрэг Пусанд газардсаны зэрэгцээ АНУ-ын агаарын хүчин 40 хоногийн турш явагдсан ажиллагаагаар 32 гүүр, авто болон төмөр замыг ашиглалтаас гарган устгав. Мөн бараа хангамжийн агуулах, газрын тос нэрэх үйлдвэр, боомтуудыг жагсаалаас гаргалаа. Ингэснээр САА хойгийн өмнө талд ар талаасаа бүрэн таслагдлаа.
Пусан дахь ажиллагаа руу Япон дахь АНУ-ын хуарангуудаас цэргүүд болон бараа хангамжийг тасралтгүй илгээж байв. Хүнд, хөнгөн танкын батальонуудыг АНУ-ын Сан Франциско дахь баазаас зөөвөрлөн авчирчээ. Ингээд 1950 оны 9 сарын эхээр гэхэд БНСУ-ын арми болон НҮБ-ын удирдлагатай хүчний бэлтгэл хангагдаж, тооны хувьд САА-ын 100000-ын эсрэг 180000 цэрэг зогсож байв. Хариу дайралт эхэллээ.
НҮБ-ийн хүчний эсрэг САА нь хүн хүчний хувьд тэнцвэргүй, хангамж муутай бөгөөд агаарын болоод тэнгисийн дэмжлэг маш дутагдалтай байжээ. Пусаны фронтын ачааллыг хөнгөлөхийн тулд НҮБ-ын хүчний командлагч Генерал МакАртур Инчонд тэнгисээс цэрэг буулгалаа.
Инчонд газардах “Хромит ажиллагаа” нилээд хүчтэй, урьдчилан бэлдсэн эсэргүүцэлтэй тулгарлаа.
9 сарын 27-нд Труман Үндэсний аюулгүйн зөвлөлийн 81/1 тоот маш нууц меморандумыг МакАртурт илгээсэн бөгөөд үүндээ “Умард Солонгос руу ЗХУ буюу БНХАУ-ын томоохон хүч нэвтэрсэн, манай ажиллагааны эсрэг хариу дайралт хийгдэх”-ээс бусад тохиолдолд 38-р өргөрөг рүү нэвтрэхгүй байхыг чандлан зөвлөсөн байв.
1950 оны 10 сарын 1 гэхэд НҮБ-ын хүчин САА-ийг 38-р өргөргөөс хойш гаргаж чадсан боловч БНСУ-ын арми тэд нарын араас хөөн Умард Солонгос руу 38-р өргөргийг даван довтоллоо. 6 хоногийн дараа НҮБ-ийн зөвшөөрөлтэйгээр НҮБ-ийн хүчин БНСУ-ын армийн араас мөн оров. Х корпус БНСУ-ын цэргүүдийн аль хэдийн эзлэн хяналтаа тогтоосон Вонсан (БНАСАУ-ын зүүн өмнөд хэсэг) болон Ивонд (зүүн хойд хэсэг) газардав. АНУ-ын болон БНСУ-ын арми баруун тийш давшиж 10 сарын 19-нд Умард Солонгосын нийслэл Пхеньян хотыг эзэлжээ.
Сарын сүүл гэхэд НҮБ-ийн хүчин 135000 САА-ийн цэргүүдийг олзлон, Умард Солонгосын Ардын армийг нэгдсэн удирдлагагүй болгосон байлаа.
Энэ цаг үеийг ашиглан генерал МакАртур Хятадын хилд нэвтрэн Умард Солонгосын ар тал болж буй БНХАУ-ын баазыг устгах шаардлагатай гэж үзсэн боловч Ерөнхийлөгч Труман эрс татгалзаж Генерал МакАртурыг Хятад-Солонгосын хил дээр болгоомжтой байхыг тушаасан байна.
АНУ-ын цэрэг 38-р өргөргийг давдгийн маргааш Мао Зедун ХАЧА-ийн Зүүн хойд хязгаарын хүчнийг дахин зохион байгуулж, ардын сайн дурын арми болгон “Америкийг эсэргүүцэж, Солонгост туслах дайн” хэмээх зорилго тавьсан байна. Хятадын агаарын хүчин “харанхуйгаас харанхуйд” хэмээх арга барилаар нүүдэллэн хил рүү нүүж байв. Ингэснээр Манжуурын Ан-тунаас Солонгосын хил рүү 18-19 хоногийн дотор ойртож чадав.
10 сарын 15-нд танкын батальоноор дэмжүүлэн хуягжуулсан АНУ-ын цэрэг Намчонжам хотыг эзэллээ. 10 сарын 17-нд тэд Пхеньяан орох гол замын дагуу, зэргэлдээ орших Кванжуг эзлэв. Хоёр өдрийн дараа Пхеньян орсноор 10 сарын 19-нд АНУ Хойд Солонгосыг эзэллээ.
1951 оны 1 сард Ардын сайн дурын арми болон Солонгосын ардын арми “Хятадын өвлийн дайралт” хэмээн нэршсэн довтолгооноо эхэллээ. НҮБ-ийн цэрэг бүслэгдэн, тоогоор давамгай дайсны цэргийн гэнэтийн довтолгоонд мэгдэн сандрав. Бүрээ болон харангаар сүр нэмсэн нь тактикийн харилцаа холбоог хангах, сэтгэл зүйн хувьд дайснаа төвлөрөлгүй болгох давхар зорилготой байжээ. Мэгдэн сандарсан НҮБ-ийн хүчний зарим хэсэг байрлалаа орхин зугтаав. Давамгай хүчний ачаар НҮБ-ийн хүчийг ухраан 1 сарын 4-нд Сөүлийг дахин эзлэв. АНУ-ын арми ихээхэн хохирол үзсэний зэрэгцээ удирдаж байсан генерал Валкер автомашины ослоор нас баран, хөл толгой нь мэдэгдэхгүй зүйл боллоо. Генерал МакАртур атомын бөмбөг хэрэглэх тухай авч хэлэлцэн, хятадын хангамжийн хэлхээнд радио идэвхит бодис тархааснаар хангамж, холбоог таслана гэж төлөвлөж байлаа. Харин Валкерын оронд ирсэн дэслэгч генерал Матью Рижвэй нилээд харизматик хэв шинжийн удирдагч байж, цэргүүдийн сэтгэл санааг сэргээв.
НҮБ-ийн хүчин баруун талд Сувон, төвөөр Вонжу, зүүн талд Самчок хүртэл ухран байж тогтворжлоо. Ардын сайн дурын арми өөрийн ложистикоосоо хэт түрүүлсэнээс үүдэн Сөүлийн тэнд хүнс, сум, эд материалын дутагдалд орон хангалтыг шөнө дөлөөр хөлөөр болон дугуйгаар Ялу голоос 3 фронт руу хүргэж байсан гэдэг.
1958 оны 2 сарын сүүлээр холбоотны тал “Алуурчин” ажиллагааг эхлүүлж, маш их галын хүчээр аль болох олон ардын арми болон сайн дурын армийн хүн хүчийг устгах бодлого барьлаа. Уг ажиллагааны үр дүнд АНУ-ын цэрэг Хан мөрний өмнөд эргийг өөрийн мэдэлд авч, мөн Хёнсуныг эзэллээ. 1951 оны 3 сарын 7-нд АНУ-ын хүчин “Луйвар” ажиллагааг зохион байгуулж, 1951 оны 3 сарын 14-нд нийслэл Сөүлийг эзлэв. Богинохон 1 жилийн хугацаанд Сөүл хот дөрвөнтөө аль нэг талд эзлэгдэн, балгас болон хувирч, дайны өмнө амьдарч байсан 1.5 сая хүн 200 мянга болтлоо бууран, хүнсний хомсдол, өвчин тахал хүн амыг хиаруулж байсан гэдэг.
МакАртур Солонгост ганц ч хоногийг өнгөрөөлгүй, бүх ажиллагааг Токиогоос удирдаж байсан нь олны шүүмжлэлийн бай болгож байсан төдийгүй зэвсэгт хүчний ерөнхий командлагч Труманы тушаалаар түүнийг тушаал бууруулан Солонгос дахь хүчний дээд командлагчаас бууруулж, оронд нь НҮБ-ийн хүчнийг дахин зохион байгуулан, амжилттай хариу дайралтуудыг хийсэн генерал Рижвэйг Солонгос дахь дээд командлагчаар томилов. 1951 оны 3 сард НҮБ-ийн хүчин умард руу давшин 38-р өргөргийг давлаа.
1951 оны 4 сард Хятад 700 мянган хүн бүхий хүчээр 3 чиглэлээр дахин довтолсон нь “Хятадын хаврын дайралт” хэмээн алдаршжээ. Дайралтын гол цөм АНУ-ын хүч дээр ирж, Сөүлийн умард хязгаарт тогтоон барилаа. Зүүн талаар Хятадууд БНСУ-ын арми болон АНУ-ын хамтарсан хүч рүү довтлон амжилттай давшиж байсан бол 5 сарын 20-нд тогтоолоо. Сарын сүүлээр АНУ-ын цэрэг дахин 38-р өргөргийг давж “Канзас” бүс рүү орлоо. Ингээд 1953 оны гал зогсоох гэрээ хүртэл тогтсон идэвхигүй байдал эхэлсэн юм.
Үлдсэн хугацааны дайнд зонхилох үүргийн НҮБ-ийн хүчин болон Ардын сайн дурын арми гүйцэтгэсэн бөгөөд бага сага нутаг дэвсгэрийг алдаж, авсаныг эс тооцвол дорвитой өөрчлөлт гарсангүй. Умардыг бөмбөгдөх өргөн цартай ажиллагаанууд явагдаж байсан ба гал зогсоох яриа хэлэлцээ 1951 оны 7 сарын 10-нд Кайсюнд эхлэв. Хоёр тал бие биений бэлэн байдал, хүчин чадлыг тандан тоншсон жижиг мөргөлдөөнүүд хийж байсан бөгөөд аль аль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилээ олж авах, алдахгүй байх бодлого барьжээ. Гал зогсоох яриа хэлэлцээ хоёр жил үргэлжилсэн бөгөөд эхний үед Умард Солонгосын Кайсюнд, дараа нь хоёр улсын хил дээр байх Панмунжонд болсон юм. Хамгийн гол төвөгтэй асуудал нь дайны олзлогдогчдыг солих асуудал байсан бөгөөд учир нь Ардын сайн дурын арми болон Солонгосын ардын армын олзлогдогчид нутаг буцах сонирхолгүй байсан юм. 1953 оны 7 сарын 27-нд гал зогсоох хэлэлцээр Энэтхэгийн санал болгосон төслийн дагуу хийгдлээ. Гэрээний дагуу талууд “Солонгосын цэрэггүй бүс” гэгчийг байгууллаа. Уг бүс нь 38-р өргөргийн зүүн хойд талаас эхлээн баруун өмнөд рүү хүрч дуусдаг. Солонгосын хуучин нийслэл Кайсюн дайны өмнө БНСУ-д байсан бол хэлэлцээрийн дагуу БНАСАУ-д ирлээ. Гал зогсоох гэрээнд БНАСАУ, ХАСДА болон НҮБ-ийн хүчин гэрээнд гарын үсэг зурсан бол БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Синман татгалзсан учир БНСУ гал зогсоох гэрээнд өнөөг хүртэл ороогүй байгаа юм.
No comments:
Post a Comment