Буш мэдээж харцага. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш манай гаригийн хүчний тэнцвэр, аюулгүй байдал, энх тайвныг үнэн хэрэгтээ америкийн харцгууд л тогтоон авч явсан юм. Буш бол дэлхийн хүчний харьцааг хэвээр хадгалж энхийг сахин дэлхийд амар амгалан хадгалах үзэлтэй олон эрэлхэг харцгын нэг.
Америкчууд Европ, Ази, Африкийн хэрэгт орох хэрэггүй, бид тэднээс бүрэн салсан, энүүхэндээ диваажин байгуулаад амиа бодоцгооё гэсэн үзлийг тухайн үедээ алдарт зохиолч Жэк Лондон нийгэмд ихэд тараан бараг л итгэл үнэмшил болгожээ. Иргэний дайнаас хойш дотоодын бүх асуудал нь шийдэгдсэн Америк орон хөгжлийн дээд эрэмбэ рүү маш хурдан давшиж, ХХ зуун гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг болж чадсан учраас Жэк Лондонгийн үзэл нийтээр хүлээн зөвшөөрөгдөх сайхан хөрс бүрдсэн байлаа.
Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд АНУ-ын арми хүч чадлаараа 16-р байранд байлаа. Тэднээс Румын, Түрэг илүү зэвсэглэсэн байсан юм. Дэлхийн хамгийн том эдийн засаг ийм байгаа нь нялх хүүхдийн боожгойтой боди билдингийн аврага шиг харагдаж байлаа. Америкчуудын хүн төрлөхтний өмнө хүлээх үүргийг ойлгосон ерөнхийлөгч Видроу Вилсон дайны гурав дахь жилд Америкийн армийг Европт оруулж асуудлыг үтэр түргэн шийдсэн юм. Хэрэв тэд ороогүй бол дэлхийн дайн цааш аль зэрэг сунжирч хичнээн амь нас, хот тосгон сүйрэх байсныг Бурхан л мэдэх байх.
Европчууд цөмийн технологийг нээсэн. Гэхдээ хорвоо самуурч дайны гамшигт автан баларч байхад эрдэмтэд хамаг технологи, нээлт, тэр байтугай тоног төхөөрөмжөө аваад авралын сүүлчийн найдлага Америкт ирцгээжээ. Суут Эйнштайн, Боор, Фэрми нар эрх чөлөөний эх орныг хамгийн хүчирхэг зэвсэгтэй болгож өгсөн юм. Энэ бөмбөг Японы хоёр хотод дэлбэрч хэдэн арван мянган хүний амь сүйтгэсэн авч хэдэн сая хүний амийг аварч хүний түүхэнд гарсан хамгийн том дайныг зогсоож чадсан. Ер нь Чөрчиллийн гуйснаар америкчууд аль 1939 онд дайнд орсон бол Гитлер тэгтлээ галзуурч, япончууд тэгтлээ солиорох байсан болов уу. 60 сая хүний амь насны гарз аль зэрэг бага байх байсан бол?
Хагас зуун жил үргэлжилсэн хүйтэн дайн дундуур хүн төрлөхтнийг энх амгалан аваад гарсан баатар бол Америк. “Бид та нарыг булшлана” гэж Хрущев шулуухан сүрдүүлж байсан төдийгүй “Бид атомын бөмбөгийг хиам шиг үйлдвэрлэдэг” гэж сайрхаж байлаа. Дэлхийн коммунист бүгд найрамдах улс байгуулах онолын болон практик зорилттой энэ мангасын бай нь нийт хүн төрлөхтөн байсан. Гэтэл хүн төрлөхтөн дэлхийн II дайнаас хойш хамгийн урт энх амгалан эдэллээ. Энэ бол хүчний тэнцвэр барьж чадсаны буян. Хэдэн мянган цөмийн цэнэгт хошуу харилцан биенээ айлгаж байсны хүчинд тогтвортой байдал дэлхийд ноёлж байлаа. Солонгосын болон Вьетнамын дайнд америкчууд ороогүй бол өнөөгийн ертөнц ямархуу там болон хувирах байсныг хэн ч хэлж чадахгүй. Юутай ч Орвэлийн 1984 он бол энүүхэнд.
Эцсийн бүлэгт Америкийн түүхэнд төрсөн хамгийн “аймшигт” харцага Никсон, Рэйгэн нар л хүйтэн дайныг зогсоож чадсан. Бас энэхүү бага Бушийн аав нь. Дэлхийн дайн дууссаны маргааш англичууд Чөрчиллийг гол гаргасны нэгэн адил хүйтэн дайны маргааш америкчууд ялалтын гол архитекторчдын нэг Бушийн орноос харах царайны энхийн тагтаа Клинтоны мандууллаа. Гээд тагтаа энх тайван “хийж” чаддаг юм уу? Дэлхийн энх тайвны хурал гэх маягийн суртал нэвтрүүлэгт Пикассогийн тагтаа жинхэнэ дайнчдын нүүрийг нуух багаар л ашиглагддаг.
Шинэ зууны өмнө тулгарч байгаа хамгийн том аюулыг бие махан дээрээ амссан анхны ерөнхийлөгч бол бага Жоорж Буш. 9/11 бол магадгүй хүн төрлөхтний мөхлийг бэлэгдсэн аймшигт сүйрлийн эхний дохио байж болох юм. Чухам Бушийн идэвхи зүтгэлээр олон улсын терроризмыг дарж аваагүй юмаа гэхэд аюул заналыг нь холтгож чадлаа. Түүний Афганистанд хийсэн богино хугацааны дайн терроризмын үүр уурхайг эвдсэн. Ингэснээрээ лалын хамгийн том орон Пакистаныг аллагын эсрэг үнэнч холбоотон болгосон билээ. Сири номхорч, Ливи “цөмийн зэвсгээ” сайн дураараа хураалгаж, Суданы өвчин намжиж, Ливанаас гадны террорист цэргүүд гарлаа. Хорвоо урьдынхыгаа бодвол халдлагаас илүү найдвартай хамгаалалттай болжээ. Харин түүний Иракт хийсэн дайн тун бүтэл муутай болсон. Араб үлгэрт гардаг шидэт дэнлүүнээс бирдийг суллан гаргаад ирсэн чинь Садам Хусэйний дэглэмээс долоон дор юм болж унтаршгүй түймэр дэгдлээ. Вьетнамын дайн зайлшгүй зүйл байсан авч үүнийг хөтөлсөн Жонсоны нэр хүнд газар доогуур орсны нэгэн адил юм болсон. Жонсон ч, Буш ч тактикын том алдаа гаргасан, гэхдээ хожим үеийнхэн ойлгох байтугай талархахуйц стратегийн маш зөв алхам хийсэн юм.
Бушийн бүтэлгүйтэл Америкийн улс төрийн тавцанд энх тайвны тагтаа цойлон нисэх бололцоо буй болгожээ. Хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгч Обама Пентагоныг бут авав. Америкийн зэвсэглэлд шинээр орж ирсэн нисдэг тэргийг шоолон цугласан олныг инээлгэжээ. Сайн илтгэгч, магадгүй түүхэнд ховор тохиолдох мундаг шоучин! Гэхдээ ярьж буй сэдэв нь тоглоом шоглоом хийхэд хэтэрхий буурьтай асуудал.
Обамагийн үзэж байгаагаар дэлхий даяараа Америкийг үзэн ядаж байгаа аж. “Мөхөшгүй найдварын гал” номондоо энэ талаар ихэд түгшин бичжээ. Хүн төрлөхтний хайрыг татсан шинэ Америк босгохоор тэр бодож буй бололтой. Америкийн имижийг солих нь! Иранд найр тавьж, Хойд Солонгост найрамдал амалж, Орост хөл алдаж, Хятадын холбоотон болж, Уго Чааваас, Кастро нартай эвлэрч, Хамасыг хүлээн зөвшөөрч, Баширыг өршөөж… Ингэсний эцэст найрсаг ялдам Америкийн шинэ имиж бүрдэх үү?
Хар арьст ерөнхийлөгчтэй болсноор Америкийн ардчилалын түүх шинэ хуудас нээлээ. Хүн төрлөхтний хөгжил дэвшил, тэгш эрх, ардчилалын үлгэр болсон Америкийн 230 гаруй жилийн гайхамшигт түүх бас нэгэн шинэ оргилд хүрлээ. Америкчууд ийм юманд бэлэн байсан. Тэдний түүх ч үүнд бэлтгэгдсэн. Гэвч манай өнөөгийн ядарсан, хоцрогдсон, үл тэвчлээр хуяглагдсан дэлхий үүнд бэлэн бус аж. Америк өөрөө нийт хүн төрлөхтний өмнө хариуцлага хүлээдэг болохоор Америк орон бэлэн байхаас гадна дэлхий үүнд бэлэн үү гэдгийг харгалзахаас өөр аргагүй. Америк ямар ч тохиолдолд сул дорой харагдаж болохгүй. Сул дорой харагдах Америк өнөөгийн дэлхийн тэнцвэрийн статусыг алдагдуулна. Найрсаг ялдам Америк сайн найз гэж харагдахаасаа гарыг нь бариад бугуйг нь барьж болох амар номхон өвгөнийг санагдуулна.
Өнөөдөр нөөцлөгдсөн цэнэгт хошууны тоогоор оросууд Америкаас хоёр дахин их. Хятадын масс потенциал нэмэгдэхийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрд сонирхлоо илэрхийлж эхэллээ. Хойд Солонгосын “тоглоомон” бөмбөгөөр далимдуулж Өмнөд Солонгос, Япон, Тайвань цөмийн гүрэн болох эвтэй цагийг отож байна. Тэрбайтугай ядуу дорой Бирмийн цэргийн эрхтнүүд цөмийн бөмбөг шохоорхож байна. Энэтхэг Пакистан хоёрын зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаан бүс нутагт учруулах аюулаас давж эхэллээ. Саудын Арабт төрийн эргэлт хэзээ ч гарч магадгүй. Орхи Дорнодын зэрэгцээ төдхөн Төв Америк терроризмын бас нэг шинэ төв болохыг үгүй гэх газаргүй. Израиль улс буй болсон 60 жилдээ гагцхүү харцгууд нь л хүчний тэнцвэрийг хадгалж чадаж байлаа, тэндэхийн тагтаа болгон арабчуудтай найрамдал байгуулан Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан болохоос үнэндээ энх тайванд хамгийн муухай хор хүргэсэн юм. Натаняхугийн шийдвэрлэг алхамыг Америкийн тагтаа заналхийлэн хориглох боллоо. Бас нэг ээлжит хуурамч найрамдал Нобелийн ёслолоор өндөрлөхөөр зэхэж байна уу?
Мөнөөхөн Ливийн зартай алан хядагчийг Британий шүүх өршөөн сулаллаа. Каддафи алуурчныг тусгайлан хүндэтгэн хүлээж аваад эрин зүүны баатраар зараллаа. Өрнийн ардчилалын хүмүүнлэгийг гэхээсээ сул доройг нь суртчилсан энэ концерт хэнд ямар хичээл зааж байна? Айхманыг цаазаар авсан Израилийн шүүх хүмүүнлэг биш болж таарах нээ? Нюрнбүрг, Токиогийн шүүх ажиллагааг өнөөгийн түүх илүү өршөөнгүйгээр дүгнэн шүүгчдийн хүмүүнлэг бус шийдвэрийг буруутгах уу? Эцэст нь Гитлерийн “зөв” болоод дуусах нээ дээ?
Хүйтэн дайн дууссанаар аюул заналын асуудал дээрдсэнгүй, харин ч ойлгомжтой байсан нэгдсэн аюул задарч энд тэндгүй шинэ заналын төвүүд үүсчээ. Ийм үед Америкийн үүрэг роль улам нэмэгдэж байна. Хүн төрлөхтөнд ярзайтлаа инээсэн эелдэг ялдам тагтаа биш, аюул заналаас найдвартай хамгаалах хүчирхэг харцага хэрэгтэй байна. Хүний ертөнцөд ороолон байсаар байгаа цагт түүнийг хүн төрлөхтний нэрийн өмнөөс цээрлүүлэгч эрэлхэг харцага байх л ёстой.
Б.Баабар
No comments:
Post a Comment