Friday, June 4, 2010

Эргэцүүлэмж

Өмнөх эргэцүүлэмжээ эргэж хараад, бодоод явсан чинь өөрөө өөртөө дургүй хүрмээр болж байна. Ер нь бол “мэдлэггүй халуун сэтгэл тэнэгийн төрсөн дүү”, “хүйтэн оюун ухаан бүхнээс хүчтэй” гэх мэтийн лут лут үгнүүдийг хааяа ишлэдэг, тэр хандлагынхаа үүднээс бичсэн санаатай юм. Гэхдээ энэ бол яг би биш. Би мэдлэгт тулгуурлах, хүйтэн оюун ухаанаар аливаад хандахаасаа илүү мэдрэмжинд тулгуурладаг, аливааг минимум утгаар нь харахаасаа илүүтэй потенциальный утгаар нь харах дуртай. Нэг туйл, хоёр туйлт сэтгэхүйтэй хүмүүст дургүй, өөрөө аль болох олон тэмтрүүлтэй, олон хэмжээст сэтгэхүйтэй байхыг эрмэлздэг.

Өмнө бичсэн зүйлд хүн чанар гэдэг зүйлийг тодорхойлоогүй, хэт хөнгөмсөг хандаад илээд өнгөрсөн тал байна. Дээр нь хүн чанарын сэдэл, сэтгэлийг хэт дорд үзэж, түүний хариу үйлчлэлийг бодит хүн чанар гэж үзсэн нь ойлгомжгүй, үндэсгүй болжээ. Тэгэхээр эдгээрийг тодорхойлж, томъёолтлоо энэ талаар авч хэлэлцэхгүй байхаар шийдлээ. Харин ёс суртахуун бол золиослолт гэсэн дүгнэлтэнд хүрээд зогссон. Энэ маань бас хэт шулуухан дүгнэлт байна. Хүн ер нь маш хамелеон амьтан шүү дээ. Жижиг зүйл дээр ёс суртахуун гаргадаг, том зүйл дээр ёс суртахуунгүй хандах нь ч бий, эсрэгээр жижиг дээр нь ёс суртахуунгүй, том дээр нь ёс суртахуунтай байх нь ч бий. Тухай тухайн динамикаасаа хамааран золиос болох уу, өгөөжөө өгөх үү гэдэг нь янз бүр биз. Гэхдээ миний ойлгож буй ёс суртахуун бол өгөөжийн төлөө, түүнд үйлчилдэг ёс суртахуун биш юм. Харин тэр ёс суртахуун гээд буй нормоо зөрчихөөрөө өөрийгөө үгүйсгэсэн шиг болдог, сэтгэл зүрх нь өвддөг, зөрчилд ордог тийм ёс суртахууныг ярьж байна. Ёс суртахууны энгийн жишээ бол найз чинь гудамжинд хогоо ил задгай хаяж байхад хаяхгүй байх шаардлага тавьдаггүй юмаа гэхэд өөрөө өөртөө үнэнч байгаад хогоо бариад хоёр буудал газар алхахыг хэлнэ. Ийм хүнийг сэхээтэн гэж тодорхойлдог байсан. Өөрөөр хэлбэл сэхээрсэн хүн гэсэн үг. Манай нийгэмд бол дээд сургууль гэдэг дамжааг төгссөн хүн бүр өөрийгөө сэхээрсэн гэж эндүүрдэг болжээ.

Ам нээвэл уушиг нээ ч бил үү үг байдаг даа. Өөрийн суурь гүн ухаанаа цэгцлэхийн тулд бага сага бичье. Зарим хүн өөрийнхөө хөзрийг хэзээ ч битгий дэлгэ гэдэг. Гэхдээ үүнийг би хөзөр гэж харахгүй байна...

Оготноор илэрхийлсэн хоёр зүйрлэл байдаг. Нэг нь “олби оготно шиг байх”, нөгөөх нь “төрийн төлөө оготно боож үхнэ” гээд. Олби оготно шиг нөхдүүдэд би дургүй, гэхдээ зорилгоо зөвтгөхийн тулд хааяа хааяадаа олби оготно шиг байдаг байхыг үгүйсгэхгүй. Харин төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг зүйрлэлийг боож үхэх хэрэгтэй гэдэг утгаар нь хүлээж авдаг. Асуудлаас өөрийгөө хөндийрүүлэхийн тулд энэ үгийг хэрэглэж буй хүмүүст дургүй.

Цаашилбал яргуй дагасан ямаа шиг шинээр гарч буй, шуугиан тарьж буй ном, кино болгоныг шүүрч аваад уншаад, үзээд, амтлаад байя гэж боддоггүй, тэрний оронд аливаа зүйлийн талаар суурь ойлголт, асуудлуудыг нь гаргасан, зарим талаараа эцсийн хариу, дүгнэлтгүй ном, кино унших, үзэх, амтлах дуртай. Харин цааш нь өөрөө түүнийгээ эргэцүүлэн бодно, тэгээд мартана, эргүүлэн санахдаа түүнийхээ талаар тархиныхаа нугалаа, салаа бүрээр тэмтэрч, мэдэрч өөрийнхөөрөө тодорхойлох дуртай. Нөгөө нэг хайнга профессор гэдэгэрхүү юм уу даа. Тэгээд нэг өөрийн зогсох газрыг олвол тэндээсээ дахин хайгуулд гарч шаардлагатай, өөрийн эрэлхийлж буй зүйлийг уншина, үзнэ, амтална. Мильтон Фридман ч юм уу, Карл Маркс, Эрнандо дэ Сотогийн нэг номыг сонсчихоод, уншчихаад тэгээд түүнийг нь сонсоогүй, уншаагүй байвал хоцрогдлын туйл хэмээн харах гээд байдаг нөхдүүдийг өөрсдийг нь далдагнуур хэмээн хардаг. Тиймээс ч одоогийн ерөнхийлөгчид дургүй талдаа.

Хүн төрөлхтөн ирээдүйд диваажинд хүрнэ гэж боддоггүй, зарим талаараа өнгөрсөнд амьдрал илүү амьдралаараа, хүн илүү хүнээрээ байсан гэж итгэдэг. Шинэ техник, технологи харахаараа хүү хаа хэмээн намба алддаггүй, гэхдээ боломж, сайжруулалт гэдэг талаас нь судална. Энэ бол гэхдээ хэлбэрийн шинжтэй болохоос биш чанарын өөрчлөлт хэзээ ч биш. Сайхан машин хараад шүлсээ гоожуулж, нүдээ унагадаггүй, тэгэхээр жоохон сумтай байж магадгүй. Гадаадад очихоороо соёлын шоконд ороод, барьц алдаад, ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөөд байдаггүй, глобалчлалыг боломж гэж хардаг, харин дэлхий нэг улс болно хэмээн ярьж буй нөхдүүдийг сонсохоор дэнгийн эрвээхэй лампанд очиж наалддаг тухай бодол орж ирдэг.

Олон зүйл дээр агуу их, төгс төгөлдөр лүү тэмүүлэх сэтгэлээ гээж буй. Эсвэл газар бууж буй. Гэхдээ гурван зүйл дээр бол хэзээ ч гээхгүй байх хэмээн найддаг. Эдгээр нь эх орон, гэр бүл, би өөрөө. Эх орноо дэлхий дээрх хамгийн сайхан, хамгийн хүчтэй, хамгийн жаргалтай газар байгаасай гэж мөрөөдөх биш хүсдэг. Гэр бүлээ ч гэсэн хамгийн дотно, хамгийн дулаахан, өөрөөрөө байх эцсийн орон зай байгаасай гэж боддог. Одоогоор гэр бүл байхгүй, байх эсэх нь тодорхой биш хэхэ. Өөрийнхөө тухайд аль нэг цэг дээр очоод зогсчих вий, тэрүүхэн тэндээ өөрөө өөрийгөө болгоод, өнөө маргаашаа яриад, биологийн амьтны адил болчих вий гэж айдаг.

За за баахан би би гээд хэнхэглэчихлээ...

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...