Өнөөдөр улс тунхагласны баярын өдөр. Энэ өдрийг улс тунхагласан өдөр гэдэг нь бид орчин үеийн үндсэн хуультай, цоо шинэ туурга тусгаар улс болж байгаа шүү гэдгээ зарлан тунхагласан өдөр байгаа юм. Гэхдээ үүнийг тусгаар тогтносон өдөр гэж бол болохгүй, харин тусгаар тогтнох санаархал, de facto (өөрөө өөртөө бодитоор тохинож буй) оршиж буйгаа мэдэгдсэн гэж хэлж болох юм. Тусгаар тогтнолын de juri (олон улсын эрх зүйн хүрээнд баталгаажсан) баталгааг бид 1946 онд БНХУ-ыг ЗХУ-аар далайлган “за” гэж хэлүүлснээр (яг үнэндээ 1945 оны 2 сарын 11 буюу миний төрсөн сар, өдөр Ялтад болсон их гүрнүүдийн хэлэлцээрээр Монголыг тусгаар тогтнуулъя гэдэг дээр тогтож, 1946 онд бид бүх нийтийн санал асуулгаар тиймээ гэж уухайлж, үүнийг нь Хятад дуртай дургүй за тэгвэл яахав хэмээн зөвшөөрсөн байдаг) олсон байгаа юм. Ингээд бодох юм бол бид 1636 онд Өвөрмонголоо Манжид алдсанаас 310 жилийн дараа, 1911 оны 12 сарын 28-нд Манжаас салан тусгаарласнаа тунхаглаад, Богд хаант Монгол улс нэрийн дор бүх монгол туургатнаа нэгтгэхийг зорьж эрмэлзсэнээсээ 35 жилийн дараа, 1921 онд хүрээг гамин, цагаантнуудаас цэвэрлээд “Ардын хувьсгал” хэмээх баяраа тэмдэглэснээс 25 жилийн дараа, 1924 онд улс болох анхны тоглоомын дүрмээ баталснаас 22 жилийн дараа 1946 онд л нэг хагас хугас нь ч гэсэн санаа амар, итгэл дүүрэн Монгол улс гэж хэлж чадахаар болжээ.
Хэрэв зээ тэр үеийн өвөг дээдэс минь та бид шиг сэтгэлийн тэнхээгүй, амин биеийн жаргалаа хөөдөг байсан сан бол та бид бахархалтай нь аргагүй өөрсдийгөө Жонгуа Рэнмин Гуангчего улсын иргэд гээд зогсож байх ч байсан юм бил үү. Монголын тусгаар тогтнолын түүхийг тайлбарлахдаа том том геополитик ярьж, II дайн, Хятадын буфер, Сибирийн хаалга, социализм гэх мэт рүү харьяатуулж болох ч агуу их үзэл санаа, бид өөрөө өөртөө эзэн гэх омгорхол, өвөг дээдсийн цус, нулимс, хөлсөөрөө бичсэн захиас, чөмгөө дундарч, үсээ цайртал Монгол минь л оршиж байвал би яахав гэсэн асар их амь амьдралын золиос үгүй байсан бол бид хэн байх вэ?
Миний уншиж байснаар улс байх хамгийн том шалгуур нь үзэл санаа байдаг юм гэсэн. Үзэл санаа мөхвөл үндэстэн мөхнө, улс мөхнө. Нутаг дэвсгэр, хүн ам, цэрэг арми дараагийн асуудлууд. Энэ ч үүднээсээ тэртээ Испанид буй Бааскчууд, Канадын Квебекууд, Нэгдсэн Вант улсын Шотландууд, Оросын Чечениуд, Хятадын Түвд, Уйгур, Монголчууд цөм л магадлалтай улс, үндэстнүүд юм. Нөгөө талаасаа та бид үзэл санаагүй, зүгээр л улс болж тогловол мөхөл тийм холгүй байгаа шүү гэдгийг сануулах юун.
Гэхдээ та бидэнд монгол улсаа гэсэн итгэл, сэтгэлийн зул байгаа цагт тийм зүйл хэзээ ч болохгүй. Ийм итгэл, сэтгэлтэй эх орончид минь сайхан баярлаарай!
1 comment:
sain bichjee
Post a Comment