Monday, November 23, 2009

Quit

Тамхи татдаг болсоор 4 сар боллоо. Урьд нь ер татаж байгаагүй, сорж ч үзээгүй байсан. Миний бодлоор тамхи татдаг болоход дараах шалтгаанууд нөлөөлсөн юм шиг. Хуучин ажиллаж байсан компанийхан маань өдрийн цайнд орсоны дараа ёс юм шиг тамхилдаг байлаа. Тэр үед би татдаггүй байсан. Гэхдээ ер нь компаний хувь заяатай холбоотой, хамгийн амттай ярианууд тамхилж байх үед болдог ч юм шиг. Тамхи татдаггүй хүн тамхилагсдын хажууд зүгээр зогсоод байх нэг л орчиндоо зохицоогүй, уусаагүй мэт санагддаг байлаа. Хоёрдугаарт оффисын орчинд болдог харилцаа, өдөр тутам хийдэг ажлууд нэгэн хэвийн, уйтгартай мэт санагдахад тамхилах агшин яг өөрийгөө мэдрэх, бодлоо цэнэхэд үнэтэй хормууд болдог мэт. Гуравдугаарт зүгээр л тамхи татаж буй хүн бусдад юм үзэж, доль цохисон мэт санагддаг юм шиг байгаан. Нэг л мэдсэн чинь тамхичин болоод дөрвөн сар болчихож. Хоёроос гурван өдөртөө нэг хайрцаг янжуур тогтмол худалдаж авна. Хоолонд орчихоод ёс юм шиг тамхилна. Нэг ажил хийж дуусчихаад ёс юм шиг тамхилна. Түр ч атугай ажлаас амсхийх болоход ёс юм шиг тамхилна. Найзуудтай нэг газар ороод суухад шар айраг, тамхи хоёрыг хоршуулна. Хэн нэгэнтэй амин яриа өрнүүлэхдээ бас л тамхиар хань татна. Сэтгэл санаа тиймхэн үед мөн л тамхи руу гар сарвагнана. Ингэсээр байтал тамхиндаа живж, мансуурсан саарал амьтан болох юм шиг байна. Бодоод байх нь ээ тамхинд ямар ч ач холбогдол алга. Эрүүл мэнд, гоо сайханд муу эсэх талаар өгүүлэх ч шаардлагагүй. Мэдээж муу байж таараа. Тэгээд ер нь асуудлын голоос халширсан, өөртөө итгэлгүй, аар саархан юманд сатаарах гэсэн, өөрийгөө олоогүй өрөвдөлтэй нэгэнд л тамхи хань болдог байх. Хайртай хүмүүсээ, хүрээлэн буй орчноо хордуулах, бохирдуулахыг хүсээгүй л юм бол тамхийг хаях хэрэгтэй. Хайран сайхан тархи, зүрх, уушиг, судсаа нүглээр утна гэдэг бол өөрөө нүгэл юм. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг бол тэр нь үүгээр дуусгавар болог. Би ямар ч гэсэн quit боллоо. Хэрвээ хаа нэгтээ би тамхитай нөхөрлөсөн явж байвал намайг гэрчлээрэй чих шиг хэхэ.

1 comment:

Хүн said...

Би гэрчилнэ~~~! ^^

Related Posts Plugin for WordPress, Blogger...