2009 оны сүүлийн өдрүүд ирж байна. Урьд өмнө нь өнгөрөн буй он жилүүдэд онц их ялгаа алга хэмээн боддог байсан бол энэ жилийн тухайд тэгж бодогдсонгүй. Үйл явдлаар тун баялаг, хэлбэлзэл хэтрүүлэг ихтэй, уналт босолт, саналт сэрэлт, хожил хожигдол, хариуцлага хаазлалт өндөртэй, асуудал ихтэй жил байлаа. Үүнээс гадна энэ жилийн цаахна нь нэгэн онцлог зүйл буй нь удахгүй миний бие 25 насны босгыг алхах гэж байна. Миний бодож, мэдэрч буйг графикаар илэрхийлж болдог сон бол энэ зурвас үе нь нэгэн шулууны төгсгөл, нэгэн шулууны эхлэлийг холбож буй хугарлын цэг гэлтэй. Амьдралын нэг үе дуусгавар болж, нэг үе эхэлж байна.
Социологи, статистик, маркетингд хүн ам, хэрэглэгчдийг 0-18, 18-25, 25-35, 35-50, 50-70, 70-аас дээш гэсэн үечлэлээр нилээд түгээмэл авч үздэг нь цаанаа их учир жанцантай юм шиг. Өөр дээрээ авч үзэхэд ч нэг тийм үечлэл байнаа янз нь. Насаа нийгмийн шинжлэх ухааны үүднээс аваад үзвэл:
0-13 нас: Үүсэл хөгжлийн үе
Эхийн хэвлийд бүрэлдэхээс авахуулаад хүн гэдэг амьтан болж эхэлсэн, ёстой нөгөө хүүхдээрээ, ногооноороо байдаг үе юм уу даа. Инкубаторт бойжиж, амьдарч, түүгээр жолоодогдож, төлөвлөгдсөн, нөгөө талаар бүх зүйл шив шинэ, тов тод, амьдрал үлгэр хоёр дүндээ дүн байдаг жаргалтай үе. Ийм байх боломж бололцоог өгсөн ижий аав хоёртоо баярлалаа.
13-20 нас: Хариу хөгжлийн үе
Нийгмийн харилцаанд орж, бие хүн болон хөгжиж эхэлдэг үе. Дуртай, дургүй зүйл, олон зүйлийн талаар өөрийн хүсэл сонирхол, мэдлэг мэдрэмж бүрэлдэж эхэлнэ. Бас өмнө нь байсан өөрийгөө олон зүйл дээр эвдэж, тэсрэлт дэлбэрэлт явагдсан нас хэхэ. Онгод оргилол төрдөг болж, өнгөрсөн одоо ирээдүйг сонирхон соотолзож, маш олон үр дүнгүй мэт боловч маш том үр дүнг авчирсан суботникууд хийгдэж, агуу их, алдар гавьяагийн хэнээрхэл тусдаг үе.
20-25 нас: Хувьсгалт романтизмын үе
Нийгэмд өөрийгөө идэвхитэйгээр эрэлхийлж, түүний таталцал, түлхэлцэл дунд авч үздэг болсон, өөрийн гэх үнэт зүйлсээ олж авах, түүнийгээ хадгалах хамгаалах, өөрийгөө олох ажил хийж эхэлнэ. Товчхондоо далдагналт, далийлт, дурлал, донтолт, давралт, дэврэлтээр амьсгалсан, паакт, паян, пилософи, политик, парти, писидэлтээр дүүрэн цаг үе хэхэ. Юм болгон боломжтой мэт санагддаг, юу руу ч хуруу гараа дүрч мэдэх, юу юунаас илүүгээр өөр дээрээ төвлөрөн ертөнцийг хардаг нас. Нэртэй нь холбон тайлбарлахад романтик бодлоор дүүрэн, алхам тутамдаа хувьсгалч шиг аашилдаг гэх юм уу даа.
25-35 нас: Прагматик идеализмын үе
Хүн гэдэг амьтан ганцаараа амьдардаггүй, дээр нь өгөгдсөн нөхцлийн хүрээндээ л шийдлийг олж, шилж сонгож, шинийг эрэлхийлэх ёстой аж. Хувьсгалт романтизмын үедээ тогтсон итгэл үнэмшил, эрч хүч, ирмүүн тэмүүллээ хадгалж, хурцалж, хайрлаж явахын сацуу түүндээ хүрэх мөрөөдлийн бус модон шат барьж, бодит бус бодол, бодит байдлын хоорондох манан будангаар аялж, өөрийн гэсэн зам мөрөө татуулах ёстой нас. Ер нь хүний амьдралын ямар ч нас, ямар ч цаг үе чухал байж таараа. Хүний амьдрал гэдэг ирээдүйгээр тодорхойлогдохгүй, өнөөдрөөр л тодорхойлогдоно. Тэхдээ энэ үе бол тун онцлог. Чи яг өөрийгөө зурж чадна, өөрийнхөөрөө байж чадна. 20 хүртэлх насныхан шиг дунд, дээд боловсролын стандарт, аав ээж, ах дүүгийн хайр халамж (хааяадаа тулган хүлээлгэлт)-аас хамааралтай бус, 20-25 насныхан шиг ногоон, ягаан, саарал биш, 35-аас дээш насныхан шиг гэр бүл, ажил албанаас уяатай, хэн нэгэн өөр хүний хувь заяа, хөгжил дэвшил чамаас маш өндөр харьцаагаар шалтгаалцалтай бус байдаг. Хүний амьдрал гэдэг чилийсэн урт цаг хугацаан дахь богинохоон үргэлжлэх үүлэн чөлөөний нар, үүдний шат ч гэмээр юм уу даа. Юутай ч юу тодорхой вэ гэвэл чи мөрөөдлөө гээж болохгүй, гайхамшигт итгэх итгэлээ алдаж болохгүй, үлгэр үнэн байдал хоёрт эн тэнцүү зай тавьж өгөх ёстой. Бас мэдээж дан пилософидоод байж болохгүй процесстоо эн тэнцүү анхаарал тавих шаардлагатай.
35-...
За тэгээд цаашаа 35 наснаас эхлээд реалист эктремизмийн гэмээр ч юмуу нэг үе байх биз. Туулж үзээгүй, тунгаан бодсон тул хэрхэхийг бүү мэд. Нэршлийн тухайд бүгдийг бодит байдал, бодит арга хэрэгсэл, бодит зорилго зорилтын хүрээнд авч үздэг, хөвчилсөн нумнаас тавьсан сум мэт амьдралд хандах экстремист (туйлын) хандлагатай, өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг тодорхойлсон байх тийм цаг үе байх болов уу. Энэ үеийг бүрэн тодорхойлошгүй, таашгүй, тандашгүй, зөвхөн таамаглах эрх л надад буй.
Ингээд 2009 он маань түүх болон үлдэж, 2010 он айсуй ирж байна. Улс эх орон, олон улсын байдлыг харахад ч 2010, 2020 онд баригдах байшингийн суурь аль хэдийнээ тавигдаад эхэлчихжээ. Монгол маань нөр их бүтээн байгуулалт, бүрдэлт боловсролжилтын хааяанд тулж ирээд байна. Энэ бүгдийг хийх, цогцлоох фронтын тэргүүн шугамынхан бидний үеийнхэн, 80-аад оныхон. Олон улсын түвшинд ч нэгэн их эрин үе дуусгавар болж, нэгэн их эрин үе эхэлж буй мэт. Ирж буй эрин үеийг би Хятадынх ч юм уу Америкийнх ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар тодорхойлмооргүй байна. Учир нь энэ үе биднийх. Бид бүтээлцэнэ. Аль байдгаараа Монголынх болгохыг харин эрмэлзэнэ.
No comments:
Post a Comment