Өнөөдөр 2009 оны 12 сарын 29-ний өдөр. 1911 онд урд зүгт Манжийн төр ганхан унаж, хөрөнгөтний хувьсгал өрнөснийг далимдуулан монголын ноёд, шашны тэргүүн нар урьдын зөвшин тогтсон ёсоор Ховд, Улиастай, Хүрээнд суудаг байсан Манжийн амбануудыг хөөн гаргаж, яг энэ сарын энэ өдөр Англи, Франц, Германи, Япон, Америкийн Нэгдсэн Улс, Бельги, Дани, Голланд, Австри улсууд руу тусгаар тогтносноо зарлан мэдэгдсэн цахилгаан бичгийг Гадаад хэргийн яамнаас илгээж байсан байх юм. Тэр өдрөө Монгол улсын засгийн газрыг 5 яамтайгаар зохион байгуулж, ерөнхий сайдаар нь Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн гуайг томилжээ.
Энэ үеийн олонд төдийлөн танил биш нэгэн сонирхолтой түүх байдаг нь Монгол улсын засгийн газраас бүх монголчуудаа нэгтгэх бодлого явуулж, 1912-1913 оны хооронд монголын цэрэг хятадын гамин цэрэг, бусад жижиг цэргийн эрхтнүүдтэй Өвөрмонголын нутагт байлдаж, баатарлагаар ялалт байгуулж байжээ. Харамсалтай нь монгол дахь үйл явцийг мөнгө, зэвсгээр дэмжин тусалж байсан Оросуудад гадаад монголын автономит байдал хэрэгтэй байснаас биш Бүгд Найрамдах Хятад улс, Японы нөлөөний бүст багтдаг Өвөрмонгол, бусад угсаа нэгтнүүд нэгэн дээвэр дор нэгдэн нийлэх нь гадаад, дотоод аль ч талаасаа ашиг сонирхолд нь харшилж байв. Ийм учраас Оросоос ирэх зэр зэвсэг, хөрөнгө санхүүгийн тусламж тэр даруй зогсож, улмаар монгол цэргүүд нутаг буцахаас өөр аргагүй болсон байдаг. Бас 1945 онд Чойбалсан тэргүүтэй монголчууд "Чөлөөлөх дайн"-д оролцохдоо Өвөрмонголоо чөлөөлөх битүүхэн бодолтой явж түүнийг нь Сталин тааварласнаар чөлөөлтийн дараа монголчуудыг нэг их удаалгүй нутаг буцаасан байдаг. Үүнээс хойш Чойбалсан, Сталин хоёрын түнжин тасарч нэг их удалгүй Чойбалсан хорлогдсон гэдэг...
За тэгээд "Тусгаар тогтнолын өдөр"-т зориулан нэгэн шүлэг өргөн барья. Шүлэг ч гэж дээ ойрд нээх сүрхий толгой холбож бичдэг болоод байгаа хэхэ.
Өнөө
Агт хөлөгтэйгээ бурангуйг дарсан
Аварга эрс минь өнөө ч амьд
Агуу өвгөдийн минь захиас
Алтан аргамж өнөө ч тасраагүй
Дээдсээс өвлөсөн монгол хэл
Дэлгэр соёл маань өнөө ч хамт
Дэлхийд данстай өв уламжлал
Дуу хуур минь өнөө ч эгшиглээстэй
Хөхрөн униартах тал нутаг
Хөдөө ахуй минь өнөө ч ойрхон
Хөгшид өвгөдийн минь шүтээн
Хөх тэнгэр минь өнөө ч цэлмэг
Түмэн жилийн салхинд илбүүлсэн
Тэнгэрлэг уулс минь өнөө ч цавчим
Түргэн урсгалт гол горхи
Түүгээр ундаалах сүрэг нь өнөө ч бүтнээрээ
Харийн хүний зүрхийг булаадаг
Хацар гоо охид минь өнөө ч хөөрхнөөрөө
Хахир хүйтнийг ажралгүй давдаг
Хатуужилтай түмэн минь өнөө ч янзаараа
Үе үеийнхний цус нулимсаар хэлхсэн
Үндэсний үзэл минь өнөө ч оршсоор
Өөдрөг ирээдүйн баталгаа болсон
Өрх тусгаар улс минь өнөө ч мандсаар
Уудам тал шигээ холч өвгөдийн
Уужим сэтгэл өнөө ч бидэнд бий
Улс гүрнүүдээс хоцрохгүй явах
Ухаан чадал өнөө бидэнд бүрэлджээ.
Өнө мөнх ийм байхын тулд
Өнгөрсөнөө бид мартаж болохгүй
Өөрсдөө бас мохож болохгүй
1 comment:
Баярын мэнд шүү. улс монголын ирээдүй улалзах галын дөл адил өөдөө байг ээ
Post a Comment