Saturday, January 16, 2010

Цэргийн албаны тухай хэдэн үг

Миний бодлоор эр хүн болж төрсөн монгол хүн бүр ядаж 6 сар цэрэгт алба хаах ёстой юм шиг. Өнөөгийн нөхцөлд бид тийм олон цэрэг тэжээж, зэр зэвсгээр хангаж чадахгүй, залуучууд нь ч гэсэн цэрэгт яваад өөрсдөнд нь үлдэж байгаа боловсрол хүмүүжил, бодит чадвар муу байна л даа. Гэхдээ ер нь цаашдаа бол эрэгтэй хүн бүр цэрэгт бодитоор алба хаах ёстой. Яагаад?
Дөрвөн жишээ авая.
Нэгдүгээрт, Израйль улс (4 сая хүнтэй) байна. Тус улсын бол бүр эрэгтэй гэлтгүй эмэгтэй хүн нь заавал цэргийн алба хаах шаардлагатай дэлхийн цөөхөн орны нэг. Тэднийг тойроод олон зуун сая хүнтэй араб, исламын дайсагнасан ертөнц (өнөөг хүртэлх байдлаар бол шүү дээ) оршиж байна. Гэхдээ тэглээ гээд Израйль улс хэцүүдсэн зүйл алга, улам бүр хүчирхэгжиж, хөгжсөөр л байдаг. Энэхүү тусгаар тогтнолоо Израйль улс олон улсын хэлхээ холбоогоороо төдийгүй өөрийн үндэсний үзэл, шинжлэх ухаан, технологийн хөгжил, зэр зэвсэг, цэрэг дайны чадавхиараа тогтоон барьж байна. За Израйлыг больё.

Хоёрдугаар жишээ бол Швейцарь улс байна. Дэлхийд төвийг сахисан улсын сонгодог жишээ гэж хүлээн зөвшөөрөгдсөн улс. Гэтэл эрэгтэй хүн болгон заавал 3 сар цэргийн алба хаах хуультай. Тэгээд бас жил бүр цэрэгжлийн бэлтгэл гээд 3 долоо хоног цэргийн хуаранд амьдрах ёстой байдаг юм билээ.

Гуравдугаарт, та бүхэн санаж байгаа биз ээ. 2006 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Солонгос, Япон улсуудад болоход Солонгосын баг шөвгийн 4-т шалгарч үлдсэнийх нь төлөө үндэсний шигшээ багийн гишүүн, цэрэгт яваагүй бүх тамирчдыг цэргийн алба хаасанд тооцох тухай Ерөнхийлөгчийнх нь зарлиг гарч, гарууд баярлаж хөөрөөд бөөн юм болж билээ. Цэргийн алба хаана гэдэг тийм чухал иргэний үүрэг хариуцлага байдаг байна. Мөн миний санаж байгаагаар тус улсын засгийн газрын нэг гишүүн өөрийн хүүгээ цэргийн албанаас чөлөөлүүлэхийн тулд албан тушаалаа урвуулан ашигласан нь баригдаж, бөөн шуугиан дэгдэн, улмаар өөрөө албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгснөөр асуудал нэг тийш болж байв.

Дөрөвдүгээр жишээ бол Ром улс. Аливаа боолууд Ромын иргэншлийг хүлээн авахын тулд цэргийн алба хааж, аян дайнд гарамгай оролцох ёстой байдгийг бид кино, ном, тоглоомноос сайн мэднэ.  Иргэншил гэдэг тийм чухал, нэр хүндтэй, асар том үүрэг хариуцлага, нэгэн нийтлэг үнэт зүйлсийн нэгдэл байдаг байна. Энэ иргэншил гээчид цэргийн алба өмнө нь ч, өнөө ч, ирээдүйд ч маш том сургууль хэвээр байх болно.

Ер нь бол бид албан ёсны армиараа аливаа улсын эсрэг байлдах шаардлага өнөөхөндөө алга. Гэхдээ цэрэг арми заавал дайн хийхийн тулд оршдог биш бололтой. Магадгүй өнөөдөр иргэд нь битгий хэл, улс нь амьжиргаагаа яах вэ гэж буй болохоор энэ асуудал үнэхээр амьдралаас хол дуулдах байх л даа. Гэхдээ бид урт хугацаанд энэ талаар анхаарах шаардлагатай, өнөөгийнх шиг яваад байж болохгүй гэж л би өгүүлэх гээд байгаан. Цэрэгт явна гэдэг зүгээр нэг дайнд бэлтгээд байгаа хэрэг биш хүн амдаа эх оронч үзэл төлөвшүүлдэг их том сургууль байдаг аж. Дээр нь тэнд хүн бие бялдар, оюун санааны хувьд тодорхой төлөвшлийг олно. Тэмцэгч дайчин чанар сууна, амьдралаа аваад явах арчаатай болно. Сахилга, дэг журам сууна. Өнөөгийн манай залуучуудыг харахад дийлэнхи нь бие бялдрын хөгжил муутай, өөрийгөө дайчлах чадвар, сахилга бат байхгүй, хүний үг даахгүй, дайчин биш, хариуцлагагүй, яг над шиг нэг үлбэгэр гарууд байхын хэхэ. Тэгээд л нээх баар сав эргүүлсэн шигээ залуу насны ааг омог, эрч хүчээ барсан, алкохолик хэрэглэхээрээ худлаа том том, чухал зүйлс ярьсан хөөрхийлөлтэй нөхдүүд байх юмаа. Ийм байдлаар бол бид хүчирхэг, хөгжилтэй Монгол орныг бий болгож чадахгүй. Улс гэдэг иргэнээсээ эхэлнэ. Тэрнээс биш Чингис шиг агуу хүн гарч ирээд ч юм уу, нэг их хүчтэй, ухаантай удирдагчтай байгаад өөдөлчихдөггүй. Залуус маань энэ талаар нэг юм бодно байгаа. Тэгээд л нэг цэргийн албанаас зугтаасан, чухал чухал бизнес хийгээд чанадын зүйлд хүрчих юм шиг худлаа худлаа дүр төрхүүд эргэн тойрон тун элбэг байна. Гэтэл тэр хүмүүс дотроо өөриймшүүлсэн үзэл суртал гэж алга, үнэт зүйлсээр ч тун ядмаг, олон соёл иргэншлийн түлхэлтэн дунд ороод яахаа мэдэхээ больсон худлаа гарууд байх шиг байхын. За тэгээд мань мэт нь хичнээн цэрэгт явмаар санагдавч очоод юу хийх, ямар үр дүн өөртөө шингээхээ мэдэхгүй, цаг хугацаа, карьер алдах ухааны юм бодоод хойшоо суугаад байжийдаг. Үүнийг өөрчлөхгүй бол энэ тал дээр Монгол улс хүний нөөцийн их том гарз, гарлагатай, нийгмийн хөгжил, иргэншлийн адилсал тал дээрээ хойшоо суугаад байх шиг. Цэрэгт явсан хүн хичнээн бахархалтай, хүндэтгүүштэй санагддаг гээч.


Хувь хүнд үзүүлэх үр нөлөөний хувьд нэг иймэрхүү. Тэгээд бас улс төрийн талаас нь аваад үзсэн ч (муу ёрлосон юм биш, гэхдээ хүн төрөлхтөний үе болгон ирээдүйгээ дандаа алдаатайгаар төсөөлж ирсэн нь бодит баримт) хүн амаа цэрэгжлийн бэлтгэл сайтай болгож чадвал партизаны дайнаар бол хэнд ч дийлдэхгүй гэж саяхан нэг газар суугаад ойр зуур юм ярьсан америкийн армийн бэлтгэл офицер өгүүлж байхын.


Манай найзын хийж байсан шторк.

3 comments:

Anonymous said...

Странно, искал совсем не это, гугл выдал Ваш сайт, и судя по всему не зря, есть что почитать! Goodwork!

Gundegee said...

Спасибо вам :-)

Gundegee said...

Израйль - http://tsenddoo.niitlelch.mn/content/3550.shtml

Related Posts Plugin for WordPress, Blogger...