Thursday, February 18, 2010

Өвөө нар минь

Энэ жилийн Цагаан сараар хоёр өвөө маань их бодогдлоо. Ингээд өвөө нарын минь тухай тархинд хөврөн урсах дурсамжаасаа бага сага дор сийрүүлэе. Ээжийн минь талын өвөө маань Хөвсгөл аймгийн Цагаан-уул суманд Сангийн далай нуурын эрэгт төрсөн Хотгойд угсааны хүн байсан. Өвөөгөө амьд сэрүүнд нь би жоохон байж, харин сүүлд үүх түүх сонирхон судалж байхад, мөн Ж.Пүрэв гуайн “Зүрхний хилэн” хэмээх алдарт романыг уншаад өвөөгөөрөө бахархах, омогших сэтгэл төрж билээ. Түүхэнд өгүүлсэнээр Манж, Монгол нийлсэн хорин мянган цэргийн өөдөөс Монгол нутгийнхаа туурга тусгаар байдлыг өмгөөлөн, монгол түмнээ эрх чөлөөний үзэл санаанд уриалан дуудсан 2, 3-хан мянган хотгойд, урианхай цэргүүд хотгойдын Чингүнжавын удирдлаган дор эрэлхгээр тулсан байдаг. Өвөөгөөрөө бахархах зүйл зөвхөн үүгээр дуусахгүй. Өвөө маань хар багаасаа нийгмийн ороо бусгаа байдлын улмаас өнчирч хоцрон, дөнгөж дөрөвдүгээр анги төгссөн гэдэг. Гэхдээ гайхалтай сийрэг толгойтой, гүйлгээ ухаантай хүн байсан гэдэг. Тэрээр насаараа тээврийн салбарт ажиллаж олон удаагийн аварга, энэ талаар түүж цуглуулж болох цол өргөмжлөл, гавьяа шагналыг бүгдийг нь шүүрдсэн алтан гартай бурхан жолооч байжээ. Сүүлд тэтгэвэрт гарахынхаа өмнөх арван жилд Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх гуайн жолооч хийж, түүхийн амьд гэрч болсон хүн. Өвөө маань өндөр нуруулаг, хэн ч харсан сүрдмээр сайхан хүн байсан гэдэг. Бага байхад өвөө, эмээтэйгээ хөдөө гадаа явах мөн ч сайхан байж билээ, өвөө маань хувийн Лада-тай ч байлуу тэгээд л би зүүрмэглэж явж байгаад л шил мөргөөд загнуулдаг байсан нь тод санагдаж байна. Хүмүүс бензин их үнэртсэн машинаар явахаараа дотор нь муухайрдаг бол надаа яагаад ч юм харин дотно, нэг л тийм гоё мэдрэмж төрөөд байдаг юм. Орос машинтай байсан өвөөтэй минь холбоотой дурсамж сэдэрдэгтэй холбоотой биз. Сониноос 1990 онд цаг эргэж байхад эмээ намайг лам болгоно гээд, би өвөөг дуурайж жолооч болно гээд тэгээд аль аль талын дундажийг барьж машинтай лам болно гэж татааж байсан гэж байгаа юм. Өвөөгийнх маань Сансарын тунелийн хажуугийн 51, 52, 53, 54 гээд гоё 9-н давхрууд байдаг даа тэнд байсан. Өнөө ч эмээ маань тэр байрандаа байгаа, би зунжингаа тэр байшингийн гадаа тоглодог байж билээ. Хамгийн гоё дурсамж нь Болгар улсад бага ангид сурч байхад өвөө намайг хотын төвд байх сургуульд минь хүргэж өгч авдаг, тэгээд л өвөө хүү хоёр Софи хотоор хөндлөн гулд аялж, би гадил, мөхөөлдөс гээд гоё гоё зүйл авахуулаад л, тэгээд л трамвайгаар гэр лүүгээ буцдаг сан. Буцах замдаа нилээд том ой төгөл дундуур давхиад л... гоё байжээ. Харамсалтай нь намайг том болж, ухаан сууж, өвөөгөөсөө учиртай асуулт асуух насандаа хүрээгүй байхад өвөө минь гэнэт яваад өгсөн. Яагаад ч юм ээжийн ах дүү нарыг хааяа хааяахан харахад өвөөгийн минь энэ зан чанарыг энэ ах минь уламжилж дээ, иймэрхүү л хүн байсан юм болов уу гэж бодогддог юм ...

Аавын минь талын өвөө Төв аймгийн Эрдэнэсант сумын Батхаан уулын өвөрт төрсөн гэдэг. Сүм хийдэд нэг хэсэг шавилж байгаад тэр үеийн хүмүүсийн нэгэн адилаар бага, дунд сургуулийн мөр хөөж, улмаар намын дээд төгсөн хувьсгалт намд нэг хэсэг ажиллаж байгаад дараа нь Москвад Эрчим хүчний инженерийн дээд сургуулийг цахилгааны автоматик инженерээр суралцаж төгссөн байдаг. Тэгээд л дулааны цахилгаан станцууд, Түлш эрчим хүчний яаманд насаараа удирдах ажил хийжээ. Яагаад ч юм өвөө намайг чи инженер болох хэрэгтэй гэдэг байсан сүүлд сургуулиа төгссөний дараа ч тэгэж л хэлж байсан. Хааяа хааяахан энэ үг зурвасхийж санагдаад байдаг юм. Өвөө маань надтай шинжлэх ухаан их ярьдаг байж билээ. Тэгээд л алгебр, геометр, физикийн хүнд хүнд асуултууд тавиад, заримдаа бүр хүнд бодлого бодуулах гэнэ. Хааяадаа би физик, шугам зургийн хичээлээ өвөөтэйгээ хийдэг байсан. Өвөө маань гарын ур дүйтэй хүн байсан. Модоор сийлбэр хийдэг, зураг зурдаг, мөн их бүтээлч сэтгэлгээтэй хүн байсан сан. Өвөөгийн бага сага уламжлал байдаг юмуу багадаа би баримлын шавраар юм хийх дуртай, сүрэг мал, арми цэрэг, онгоц машин гээд л ширээ дүүрэн урлантай байж билээ. Зундаа зуслан гарч ногоо тарьдаг, намайг хамт ажиллуулах сонирхолтой байсан. Миний завдал нь болдоггүй байсан уу, сонирхдоггүй, зугтдаг байсан уу төдийлөн хамт ажиллаж байгаагүй, юутай ч өнөөдөр бол би харамсч байнаа, жоохон ч гэсэн үүх түүх яриулж, ухаан заалгасан бол доо гэж бодох юм. Бас л би өвөөгөө тийм хурдан явчихна гэж бодоогүй ...

5 comments:

MW said...

yavj yavj hamaatnuud bolj taarah ni dee naiz mini, hoyulaa.

Bayasum said...

Сайхан санагдлаа.. Би ч бас өвөөгийн хүүхэд. Гүндэгээ өөрөө их сайхан өвөө болох байхаа..

Unknown said...

өвөө нараа их сайн мэддэг юм байна аа. тэд намайг их багад өнгөрчихсөн болоод тэр үү надад тэдний тухай дурдатгал бага. манай аавын аав бас Хотгойд хүн, ус нутагтаа нэртэй мундаг л хүн бсан шиг билээ. ээжийн маань өвөө бас их том лам бсн даанч тэр үед нөгөө айхтар цаг үе бсн болохоор нууц байдалд их хэцүү л бсан гэдгийн

Gundegee said...

MW-d: huuh tiim uu?!?
Bayasum-d: boltugai :-), odoogoor uvuu boloh uner ch alga, ih hol bodogdoj bna da ho hehe.
Arima-d: Ushuu sain meddeg bol ... gej bodoh yumoo.

Anonymous said...

Kaffu - Өвөөгийн бор чемодан

Related Posts Plugin for WordPress, Blogger...