Thursday, April 29, 2010

Сонирхлууд, үе шатууд

Хүн олон янзын дур сонирхолтой, зарим нь чамайг байнга дагалдаж явдаг бол зарим сонирхол нь цаг зуурын, нөхөх ёстой орон зай, ойр зуурын хэрэглэгдэх хэмжээндээ ханах нь бий. Матадор буюу нөхөр Мэндээгийн блогийн "Үе шатууд" (http://sirus91.blogspot.com/2010/02/blog-post_2966.html) бичлэгийг уншаад, улмаар хоббитоод ийм хачин гаж юм бичиж үзлээ. Надаа ийм сонирхлын үе шатууд байх шиг байна.

Бага нас, цэцэрлэг: баримлын шавар, конструктор, тоглоомон машин, тоглоомон зэвсэг (өөрөө мод хугалж хийсэн нум сум, сэлэм), шагай (монгол наадгай болгон ашиглахаасаа илүү айл гэрдэх, цэргүүд болгон хооронд нь байлдуулах) гэх мэт

Бага анги: puzzle (монголоор эвлүүлдэг тоглоом гэх юм уу даа), марк цуглуулах (цуглуулах гэхээсээ илүүтэйгээр ээж аавынхаа цуглуулсан өв санг үрэн таран хийж, үнгэж муутгахаас хэтрээгүй дээ), зураг зурах (хүн биш байгаль зурах дуртай байсан, гэхдээ миний зурсан зураг голцуу 4 л авдаг байсан), хөдөлмөрийн хичээл (мод, төмөр, хөдөлмөрийн багаж зэвсэг бас сонирхдог байсан юм шиг байгаан)

Дунд анги: тоо, физик, байгаль шинжлэл, газар зүй, биологийн хичээлүүддээ илүү сонирхолтой байжээ. Цэцэг таримал, мод тарих, амьтан тэжээх (нохой, загас), компьютер тоглох (sega, sony playstation-оос авахуулаад red alert, age of empires, starcraft гээд стратегийн тоглоомууд), янз бүрийн физик туршилтууд, бага сага электроник ба механикийн засвар болон эвдэлт (ёолкны модны гэрлээ засах, физикийн хичээл дээр туршилтууд хийх, робот хийх гэсэн бүтэлгүй оролдлого, өвөө ах нарын машин засахад нь гар хөлийн үзүүрт нь гүйх гэх мэт), газрын зураг (улс орнуудын нийслэл, хүн ам, гол мөрөн, булан хойг, уул нуруу мэддэг эсэхээрээ ангийнхантайгаа уралдах), нэвтэрхий толь (рекорд амжилтууд, хамгийн хамгийн, баримт фактууд), зоос, мөнгөн тэмдэгт цуглуулах (одоо хааяа мартаад, хааяа цуглуулах юм сан гэж боддог), хөлбөмбөг (би хөлбөмбөг тоглох дуртай, голцуу хаалгач болдог байсан. Харин гайхалтай нь би зурагтаар хөлбөмбөг үзэхээсээ илүү өөрөө тоглох л дуртай юм шиг байгаан), ролик (Сансарын тунель, Чингисийн урд талбай, Сүхбаатарын талбай хавиар мөн их гулгасан даа), хөгжим (поп эсвэл сонгодог. Орой болгон фм сонсоно) мөн охидууд :)

Ахлах анги: түүх, нийгэм судлал, одон орон, газар зүй, биологийн хичээлүүд. Морита Акио - Sony (Японд үйлдвэрлэв), Ким ү Жин – Daewoo (Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна) гэх мэт бизнесмэнүүдийн болон амжилтанд хүрэх тухай номнууд, World Book, Britannica, Encarta (сонирхол дээрээ тулгуурлаад хэл сурахад залхахгүй, мөн хялбар дөхөм), Адал явдалт уран зохиолын 8 боть (ном бүрийг 3-5 удаа уншсан. Жюль Верн, Даниель Дэфо, Марк Твен, Чарльз Диккенс гээд л. Ер нь монгол хэл, уран зохиол, хэлний хичээлд дургүй байжээ. Уншсан ном маань 10 жилийн хөтөлбөрийн дагуу үздэг сэдвүүд, тэгээд адал явдалт уран зохиолын хэдэн номноос хэтрээгүй аж. Том том романуудыг уншаад ойлгохгүй, сонирхохгүй.), мэтгэлцээн (англи, монгол хэл дээрх сургууль хоорондын болон улсын мэтгэлцээний тэмцээнүүд. Хэрэлдэх, маргалдах асар сонирхолтой айн :) ), эдийн засгийн газар зүй (монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэндээ боловсруулах санаатай байсан), утсаар ярих (олон охидуудтай утсаар ярьдаг байжээ), газрын зураг (хөрсний, геологийн, гадаргын, бүрхэвчийн, хүн ам зүйн, эдийн засгийн, улс төрийн болон түүхэн гээд олон зургуудтай, түүнд засвар оруулах, өөрчлөх санаархлаа газрын зураг дээр зурдаг байв.), шашин (шинэ, хуучин гэрээ, бурхан багшийн сургаал), газрын теннис (одоо ч гэсэн уг нь сонирхдын, тэгээд time management муутай болохоор бүтэхгүй юм дөө), bodybuilding (нэг хэсэг аавтайгаа цуг явж байсан хэхэ), компьютер тоглоом (стратегийн тоглоомуудад донтдог болсон, харин акшн тоглоом нээх сонирхохоо больсон), хөгжмийн тал дээр поп (голцуу Камертон, Номин талст, BSB, Boyz II men гээд) сонсдог хэвээр, бага зэрэг хүнд рок сонирхох тал руугаа

Бакалавр: асуулт самбар (цагтаа 1800 бичлэгтэй байлаа. Одоо хааяа олзуурхдаг, хааяа харамсах аяддын), веб хуудас хийх, алгоритмчлал, улс төрийн газар зүй, геополитик, олон улсын харилцаа, стратеги судлал, сэтгэл зүй, философи, социологи, эдийн засаг, панмонголизм, үндсэрхэг үзэл, либерализм, консерватизм, намтар (голцуу улс төрчдийн)-ын сэдэвтэй номнууд, мөрөөдлийн газрууд (япон, франц, итали, төв африк, өмнөд америк, скандинавын орнууд, антарктид), кино (гүн ухаан, сэтгэл зүй, адал явдалт, хайр дурлалын, эсвэл байлдаантай кинонууд), хөгжим (рок альтернатив, линкин парк энэ тэр гээл, тэгээд бас бага сага ардын хөгжим), бас мэдээж пийвдэлт (одоо ч хөгшрөөд pub-д биш кафед суухыг илүүд үздэг болжээ.)

Мастер болон одоо: маркетинг, олон нийтийн харилцаа, санхүү, эдийн засаг, улс төр, уран зохиолын ном (урьд нь өөрийгөө их прагматик хүн учир уран зохиолын ном илүү гэх байрын бодолтой байжээ), хөгжим (раажив толгойт энэ тэр, үе үеийн сонгодог дуунууд, ардын, тэгээд дүүгийн нөлөөгөөр сүүлийн үед жааз, инди энэ тэр л сонсоод байх шиг байна.) Эргээд газар зүй, байгаль шинжлэл энэ тэр сонирхолтой санагдаад байгаа, ялангуяа хөрс судлал асар их сонирхжийно. Бас машин ч юмуу электроник оролдмоор санагдаад байдаг болжээ. Энэ нь нэг талаараа технологи бизнесийн нэг чухал амин сүнс нь гэж бодож байгаатай холбоотой биз. Багшлах, нийтлэх сонирхол ихтэйгээ нээсэн (ШУТИС-д цагаар багшилж, диплом удирдах аяддаг. Блог хөтөлж, бас ойр зуур өгүүлэл бичихийг оролдоно). Урлаг (надаа урлагийн нарийн мэдрэмжийг дээд тэнгэр бага заяасан юм шиг байгаан, гэхдээ урлагийн менежмент асар сонирхол татаж байгаа. Бүжих, хөгжимдөх тал дээр нэг арга хэмжээ авна гэж боддог.), монгол бичиг (яаж зүгээр байх уу үндэсний үзэлтэн болохоороо монгол бичиг, таталган бичиг энэ тэр сонирхоод байгаа. Монгол бичгийг төрийн бичиг болгох шаардлагатай гэдэг дээр бат зогсдог), хэл шинжлэл (аливаа хэл үндэстний сэтгэлгээг хөгжүүлж тодорхойлдог, мөн соёл иргэншлийн нэг том дархлаа энэ тэр гэж бодоод лингвистик сонирхож эхэлж байгаа).

Ингээд сонирхлоор нь тэмтрэхэд нэг хүний намтар босоод ирэх ч юм шиг, эсвэл би уйдамхай, хэт сонирхлоо хөөж амьдарсан бололтой.

2 comments:

Koyuki said...

Ямар хөөрхөн бичлэг вэ;) Нээрээ нэг өөрийнхөө юу сонирхож өдий хүрснээ жагсааж үзмээр санагдчлаа байна.

Anonymous said...

Hello, I new yours frient on this forum)

Related Posts Plugin for WordPress, Blogger...