Өнөөгийн Иракт дараах төрлийн мөргөлдөөнүүд зэрэгцэн, сүлбэлдэн оршиж байна.
Шашин хоорондын мөргөлдөөн
Иракийн хүн амын 70-80% нь араб үндэстэн хэдий ч тэд исламын шашны шийт болон суннитын урсгалуудад хуваагддаг. Исламын шашинд 4 халиф буюу гэгээнтэн байсан хэмээдэг бөгөөд тэд өөр өөрсдийн эрин үеүддээ Коран судрыг шинэчилж, өөрчилж иржээ. 3-р халифын өөрчлөлтийг хамгийн үнэн ислам хэмээдэг хэсгийг нь шийтүүд гэдэг бол 4-р халифын өөрчлөлтийг хамгийн амьдралд нийцтэй хэмээдэг хэсгийг нь суннитууд гэдэг. Шийтүүд нь суннитуудыг шашиндаа үнэнч бус хэмээдэг бол нөгөө талаас суннитууд нь шийтүүдийг хуучинсаг, өнөөдөртэй нийцэхгүй хэмээдэг.
Иракт байгаа зөрчил мөргөлдөөний үндсэн шалтгаан нь шийт, суннитуудын хоорондох бие биенээсээ өшөө авалт байсаар байна. 2003 онд Саддамын дэглэм нуран унатал суннитууд засгийн эрхэнд байсан. Харин өнөөдөр ардчиллын нөхцөлд шийтүүд давамгайлдаг болоод байна. Шийтүүдийг Иран зэр зэвсэг, санхүүгийн хувьд дэмжиж, өдөөн хатгадаг бол Суннитууд ч гэсэн бусад арабын ертөнц, тэр дундаа Аль-Кайдагаас дэмжлэг авдаг гэлцдэг...
Үндэстэн хоорондын мөргөлдөөн
Ирак улсын хүн амын 20% нь Курдууд байдаг. Тэд нутгийн хойд хэсэгт оршдог бөгөөд нийт ойрхи дорнодын хэмжээгээр авч үзвэл Турк, Иран, Сири, Йорданг дамнан амьдардаг 30 сая курд үндэстэн бий. Бүх л түүхийн турш тэд өөрсдийн нэгдсэн төр улс болох Курдистаныг байгуулахыг зорьж, дайтаж ирсэн бөгөөд үе болгонд аль нэг их гүрний шатрын хүүгийн үүрэг гүйцэтгэж ирэв. Жишээлэхэд дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлер Британы эсрэг Курдуудыг босгож байв. Тэд одоо дор хаяж автономит эрхтэй улс байгуулах, цаашилбал Турк дэх ах дүүстэйгээ нэгдэх сонирхолтой байна. Харин Ойрхи дорнод дахь АНУ-ын хамгийн үнэнч холбоотон болох Турк улс үндэсний цөөнх болсон курдуудыг хавчин хяхдаг бөгөөд АНУ, Иракт хандан тийм алхам хийхгүй байхыг шаардаж, тэр битгий хэл Иракийн курдын нутагт орогнож байсан курдуудын босогчдын эсрэг хил даван тулалдаж байсан удаатай. АНУ-ын зүгээс Курдын автономид нааштай ханддаг нь Иракийн дайны үед Саддамд хамгийн хүчтэй эсэргүүцэл үзүүлж, АНУ-ыг дэмжсэн нутаг дэвсгэр болохтой холбоотой...
АНУ тэргүүтэй холбоотны хүчний эсрэг мөргөлдөөн
Ирак дах АНУ-н сонирхолыг гурван үндсэн блокт ангилан авч үзэж болно. Үүнд:
Стратегийн ач холбогдолтой газар нутаг /Ирак бол Ойрхи дорнодын төв цэгт байршилтай/ Өөрөөр хэлбэл эндээс Ойрхи дорнодын аль улс оронд аль ч цэгт дайтах, цэргийн үйл ажиллагаа явуулахад нэн тохиромжтой гэж үздэг.
Нефтийн ач холбогдол
Аюулгүй байдлын ач холбогдол. Ойрхи дорнодын асуудлыг тэр бүс нутагт нь буюу тухайлбал иракийн газар нутаг дээр нь шийдэхгүй бол тэр дайн самуун бүхий байдал АНУ-ын газар нутаг дээр явагдах, бий болох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл халуун цэгийг голомжтонд нь эмчлэх, намжаах нь чухал гэж үзэж болно.
Эдгээр үндсэн учир шалтгааны улмаас америк Ирак руу дайрсан гэдэг. Үүн дээр нэмэгдэн орох нэг том учир шалтгаан нь зэвсгийн үйлдвэрлэл, зэвсгийн худалдаа юм. Америкийн эдийн засаг, улс төрийн амьдралд цэрэг-аж үйлдвэрийн хамсал ихээхэн том байр суурьтай бөгөөд Ерөнхийлөгч Ж.Бушийн сонгуулийн кампаний нилээд томоохон дэмжлэг тэр зүгээс ирж байсан аж. Тэгэхээр дайнаар дамжуулан тэдэндээ хариугаа барьж байна гэж үзэх нь ч бий.
Ер нь аль аль талд америкийн эсрэг байр суурьтай бүлгүүд байдаг ч америкчуудыг хамгийн их эсэргүүцдэг хэсэг нь 2003 он хүртэл Саддам Хуссейнтэй хамт засгийн эрхэнд байсан, өөрсдийгөө хамгийн их хохирсон гээд буй суннитууд юм. Голчлон тэднээр дамжуулан Аль-Кайда өөрийн үйл ажиллагаагаа Иракт явуулдаг. Харин шийтүүдийн тухайд Ираны өдөөн хатгалгатайгаар америкийн эсрэг ажиллагаа явуулж байсан хэдий ч яг одоогоор намжмал болоод буй. Сүүлийн үед мөргөлдөөн бүхий байдал намжиж, америкийн талд асуудал ашигтайгаар шийдэгдэх боломжтой боллоо хэмээн судлаачид дүгнэцгээж байна...
Ирак дахь нөлөөний хүрээг хуваахтай холбоотой дэлхийн гүрнүүдийн сонирхлын зөрчил
Иракт томоохон ашиг сонирхол бүхий орнуудад АНУ, Иран, Турк, ОХУ, Израйль, Франц, Япон, Их Британи, Саудын Араб, Хятад зэрэг орнууд орж байгаа бөгөөд тэд өөр өөрсдийн ашиг сонирхлоо хангахын төлөө өрсөлдөцгөөж байна. Ираны тухайд адилхан шийтийн урсгал давамгайлдаг орныг өөрийн талдаа татах их сонирхолтой байдаг бол, Турк улс курдистаны салан тусгаарлагчдыг тогтоон барих, иракаас өөрийн нутгаар дамжуулан хийн хоолой барих сонирхолтой юм. ОХУ-ын тухайд Иракт зэр зэвсэг нийлүүлэх их сонирхолтой байдгийн үндсэн шалтгаан нь Саддамын үеийн Иракийн үндсэн зэвсэглэл нь ЗХУ-аас нийлүүлсэн зэр зэвсэг байсантай холбоотой. Мөн ОХУ нефтийн аж үйлдвэрийг барьж байгуулж өгөх, чадвал нефть дамлан худалдах сонирхолтой байдаг. Иракийг америкт алдсаныгаа цэрэг-стратегийн томоохон гарз хэмээн АНУ-д шүүмжлэлтэй ханддаг. Өөрийн үндсэн түнш АНУ ойрхи дорнодод бэхжсэн нь Израйлийн хувьд маш том давуу талыг олгосон бөгөөд АНУ-аар дамжин улс төр, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэн бэхжүүлж, өөртөө эергээр ханддаг Арабын орныг нэмэгдүүлэх зорилготой байна. Франц, Япон, Их Британи, Хятад улсуудын хувьд үндсэн ашиг сонирхол нь нефть олборлох, экспортлох, түүнийг боловсруулах үйлдвэр байгуулах тухай асуудал дээр төвлөрч байна. АНУ-ийн тухайд цэрэг стратеги, улс төр, нефть, зэвсгийн худалдааны асар өргөн цартай ашиг сонирхол байж болох юм. Эдгээр сонирхлууд бүгд нэгэн цэгт төвлөрч буй нь Ирак дахь тогтворгүй байдлын бас нэг эх сурвалж болж байна.
Дүгнэлт
Энэ бүхэн Монголд хэрхэн нөлөөлөх вэ? Монгол улс уг бүс нутгаас хол хэдий ч бидний амьдралд хэрхэн нөлөөлж болохыг харуулая.
- Монголын цэрэг Иракт АНУ тэргүүтэй холбоотны бүрэлдэхүүнд орж байгаагийн үр дүнд бид АНУ-аас 280 сая ам.долларын буцалтгүй тусламжийг авах болоод байгаа. Үүнийг бид төмөр зам, эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулах юм.
- Иракийн байдал тогтвортой байх эсэхээс хамааран бидний амин чухал хэрэглээ болсон бензиний үнэ ханш хэлбэлздэг юм.
- АНУ хүчирхэг байх тусам МУ-ын аюулгүй байдал, тусгаар тогтнол баталгаажна. Учир нь хэрэв Орос, Хятадын аль нэг нь хэт их хүчирхэгжвэл бид хөлд нь үрэгдэх аюултай бол харин эд нараас хүчтэй гуравдагч гүрэн байгаа нөхцөлд эд нар дураараа дургих боломжгүй болох юм.
- Иракийн сэргээн босголтын ажиллагаанд оролцсоноор Монгол улсын зэвсэгт хүчний нэр хүнд өсөн нэмэгдэж, улмаар армид маань гадаадын тусламж дэмжлэг олноор ирэх боллоо.
- Иракийн асуудал тогтвортой байх нь дэлхий дахины эдийн засагт нөлөөлж, дэлхийн эдийн засгийн байдлаас шууд хамааралтай болсон Монгол улсад маш их нөлөөтэй.
Олон улсын харилцааны үйл явц нэг нэгнээсээ харилцан хамааралтай, аалзны тор мэт хэрсэн шинжтэй байдаг. Нэг л хүчин зүйлийн нөлөөг дутуу тооцоход өчнөөн олон хүний амь нас, эд хөрөнгөөр үнэлэгдэх хохирол учирч болно. Улс бүр өөрийн эрх ашиг, сонирхлоо хамгийн дээд зэргээр хангахын төлөө энэ үйл явцад оролцдог бөгөөд хамгийн хүчтэй нь бус, харин хамгийн алсыг харсан нь уг өрсөлдөөнд ялдаг.
No comments:
Post a Comment