Яс минь халх, цус минь хотгойд билээ гэж... хэхэ бичлэгээ арай сүртэй эхэлчих шиг боллоо.
http://gundegee.blogspot.com/2010/02/blog-post_18.html
Өвөө маань хотгойд хүн байсан. Зарим нэг гарууд шиг нутгархах үзэл гаргая гэсэнгүй, гэхдээ угсаа гарвалаа мэдэж байх ёстой гээд ганц ч ном шагайлгүй, ганц ч ишлэл авахгүй, цээж, мэдрэмжээрээ бичиж байгааг минь өршөөнө үү. Зүгээр л би өөрийн бодол, ойлголтоо л буулгаж сууна.
Хотгойдынх гэх нь аймгархах, сумархах хөгийн үзлийн хажууд бол хамаагүй илүү бодитой газар зүйн болоод түүхэн ойлголт юм. Өнөөгийн байдлаар Завханы зүүн хойд сумд, Хөвсгөлийн баруун урд талаар хотгойд түмэн аж төрж байна. Тэдний дундаас нэр суу нь мандсан хамгийн том төлөөлөгч нь мэдээж Хотгойд хошууны ноён (тэр чин ван энэ тэр гэсэн манж цолонд дургүй, тэгээд ч тийм чимэг зүүлт энэ хүнд хэрэггүй биз ээ) Чингүнжав билээ. Яг энэ цаг үед түүний мэндэлсний 300 жилийн ойг Мөрөн хотод ёслол төгөлдөр, сайхан тэмдэглэж байгаа сурагтай.
Хотгойдууд ер нь этно талаасаа нийтлэгдүү нилээд биерхүү, толгой, шанаа томтой, онигордуу жижиг нүдтэй, эрэлхүү шударга байрын зантай хүмүүс юм шиг санагддаг юм. Гарал үүслийн талаас нь миний олж мэдсэнээр тэд Зүүнгарын хаантайгаа муудсан ноёноо даган Халхын нутагт нүүн ирж суурьшсан түрэг угсааны хүмүүс (Ингэж уншсан санагдаад байгаа. Яг мэдэх юм алга) гэнэ билээ. Тэгээд богинохон хугацаанд маш хурдан халхжиж, монголжсон аж.
Чингүнжав нь тэр элэг эмтрэм гаслант цаг үед Манж-Зүүн Монголын (зарим эх сурвалжаар дийлэнх цэргүүд нь монголчууд байсан гэдэг) Баруун Монгол руу хийсэн аян дайнд хөөрөн дэвсэн олон монголчууд Монголын хагас болох ойрдуудаа хайр найргүй хядан (тойм дүнгээр ойрдын хүн амын тал нь энэ үед хорогдсон геноцид явагдаж, өнөө ч цухалздаг хоёр монгол бие биендээ илүүрхэж, үл итгэх байдлаар хандахын уг сурвалж ч болсон байх талтай), эмэгтэйчүүдийг нь хүчирхийлж, эрчүүдийг нь алж, үр хүүхдүүдийг нь боолчилж байхад "Бид адилхан Монгол" гэсэн учиртай ухаалаг бодлого баримталсан зүүн Монголын цөөхөн ноёдын нэг төдийгүй улмаар цаг нь ирсэн Чин гүрний эсрэг бууран жижгэрсэн эх орноо өмгөөлөн тэмцэж, амиа өргөсөн хатан зоригтон байсан юм. Зарим нэг нөхдүүд нөхцөл байдлыг урьдчилан хараагүй, алсын хараагүй нэгэн гэх нь бий ч үнэхээр бидэнд өнөө ч оршдог урваач шарваач, аминчхан зан үгүй сэн бол тэр үед юу болох байсныг гагцхүү тэнгэр л мэдэх биз ээ. Тэрээр хүйтэн оюун ухаанаас илүүгээр хүний халуун сэтгэлийг эрхэмлэдэг нэгэн байжээ.
Мэдээж тэрхүү түүхэн цаг үеийн бүх алдар гавьяаг гагц түүнд тохоох ёсгүй юм. Өргөн уудам эх орныхоо өнцөг булан бүрт монголоо гэсэн цохилох зүрхтэй ноёд, ардууд зөндөө л байсан. Гэвч орон зайн хувьд хэт алслагдсан, нөгөө талаар хоёр талд үйлчлэгч хорчингууд ч дотор нь нилээд шургалсан байсан бололтой байдаг. Тооны хувьд цөөхүүлээ ч хотгойд, урианхай (Өнөөгийн Баян-өлгий аймгийн уугуул хүн ам. Анхлан Богд хаан казахуудыг Монголд суурьшихыг зөвшөөрөн энд нутаг зааж байх үед тус аймгийн хүн амын 90% нь урианхайчууд байсан бол өнөө 90% нь казахууд болж, тэд уугуул нутагтаа цөөнх болж, суугуул казахуудад дээрэлхүүлэн гадуурхагдаж, үндэстний цөөнхийн нутаг дахь үндэстний олонхийн цөөхүүл болон хувирч, дийлэнх нь нутгаасаа дүрвэсэн аж) голцуу цэрэг эрс Манж-Монголын шороон түмэн цэрэгтэй үхэх сэхээ үзэн, нэр төртэйгээр амиа өргөсөн юм.
Ер нь шинжлэх ухаанч бишээр, шар айрагны ард ярьдаг яриархуу мань мэтийн ярианаас илүүтэйгээр тэр үеийн түүхийг сонирхон судалж, мөн алдарт Зүрхний хилэн (Ж.Пүрэв) романыг уншихыг санал болгож байна. Би 10 жилд уншсанаас хойш дахиж уншаагүй, ойрмогхон унших юм сан гэж хэдэн жил бодож явна.
За тэгээд
Улс Монголын минь ирээдүй
Улалзах галын дөл адил өөдөө байг ээ!
Жич: Хэрвээ би андуураагүй бол Агараа анд маань нутаг нэг байх учиртай. Мэнд хүргэе!
2 comments:
Хүүхэд байхдаа "Зүрхний хилэн"-г зуны амралт болгоноор хэрэг болгон уншдаг байлаа. Энд ирэхээсээ өмнө ахин нэг унших байсан юм гэж харуусан сууна одоо:(
Eh oronch uzliin och gyalbuuldag gaihaltai zohiol shuu :)
Post a Comment