Saturday, September 18, 2010

All we need are elites!!!

Сүүлийн жилүүдэд ном гэгч зүйлийг уншихаа больсны балгийг хүчтэй мэдрэх болов. Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг нь тэр буй за. Энэ нь ч мөн хоёр талтай. Хэт их ном уншиж сэтгэлгээгээ загварчлах нь буруу, нөгөөтэйгүүр над шиг юу ч уншихгүй өөрийнхөөрөө элийрээд явж байх ч учир дутагдалтай. Юутай ч сүүлийн үед академик уншлага огт хийгээгүй, тэгээд дороо эргээд буйгаа хүчтэй мэдрэх боллоо. Нэг иймэрхүү зүйл бичлээ, дутуу дулимаг байгаа, дараа сайжруулнаа.


All we need are elites!!!

Амин хувиа бодож амьдарваас
Нэг л үе яригдана
Анд нөхдөө бодож амьдарваас
Нэгэн зуунд дурсагдана
Ард түмнээ бодож амьдарваас
Зуун зуунд мөнхөрнө

Залуу хүн бүр нийгмийн нэгэн гишүүний хувьд нийгэмдээ шүүмжлэлтэй хандаж, түүнд бүтээлч хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг бол юмс арай өөр байж ч болох. Ер нь бичлэгүүдэд маань шүүмжилсэн шинж давамгайлж байж мэдэх ч би ерөөсөө чи муухай, тэгэхээр би чамтай найзлахгүй гэдэг хүн биш. Өнөөгийн байдлыг бага сага баримтжуулж оношлоод, дараа дараа нь бүтээлчээр авч хэлэлцэх, засахыг хичээх нь зүйд нийцнэ гэж боддог. Бүгдийг нэг далайлтаар шийдчихэж болохгүй, чадахгүй. Зовлонтой, гунигтай боловч амьдрал ийм л байна.

Ингээд бодоод байхад биологийн яван цэгцрэх онол гэдэг шиг нийгмийн яван цэгцрэх онол гэж байдаг байх гэж мунхаглана. Гэхдээ бидэнд золиос дэндүү их, хугацаа даанч удаан байна даа гэж бухимдах нь олон юм даа. Нийгмийг янз янзаар авч үзэж, яах вэ гэж бодох тусам манайд элитүүд байхгүй байгаа нь мэдрэгдэж, тэднийг үгүйлэх боллоо. Тэд яван цэгцрэх онолын нэг үр жимс нь, мөн түүнийг залан чиглүүлэгч нь байх учиртай.

Элит гэж хэн бэ?
Элитийг энгийн үгээр тодорхойлбол нийгэмд эерэг үр нөлөө, идэвхи бүхий элемент гэж хэлж болох юм. Нийгэмд ийм хүмүүс олон л доо. Гэхдээ элитүүдийн онцлог нь цогц байх ёстой. Нөгөөтэйгүүр тэд зарчим, ёс суртахууныг өөртөө шингээсэн байна байх гэж би боддог. Зарчим, ёс суртахууныг философиддог хүн л өөртөө бий болгодог.

Өөр нэг дурьдахыг хүсч буй элитийн шинж чанар нь элит бол цаг хугацааны, нийгмийн хөгжил-шалгарлын бүтээгдэхүүн мөн. Мөн аль нэг салбарыг тэргүүлэн манлайлагч нь нөгөө лидер гэдэг нь байж болох ч элит байх албагүй, элит нь ч лидер хэмээгчтэй заавал давхцах зүй байхгүй гэж бодном.

Сэхээтнүүд нь элиттэй дөхөж очих нийгмийн бүлэг боловч тэд элитийн зиндаанд хүрэхгүй. Бидний нийтлэг ойлгодгоор дээд сургууль төгссөн хүмүүсийг сэхээтнүүд гэх нь эндүү бодол юм. Нөгөөтэйгүүр элит нь заавал дээд сургууль төгссөн байх албатай ч биш.

Энд би хувьдаа элитэд тооцож явдаг улс төр судлаач, улс төрч Б.Дэлгэрмаагийн тодорхойлолтыг оруулсу. Үүнд улс төрийн элит гэдэг талаас нь түлхүү авч үзсэнийг анхаарна биз ээ.

[ Францын elite буюу шилэгдмэл, шилдэг, онцгой гэсэн үгийг XYII зуунаас дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнд хэрэглэж эхэлсэн ба харин XYIII зуунаас энэ үгийг цэргийн шилэгдмэл анги, хэсэгт хэрэглэж яваандаа язгууртан дээдсийг тодорхойлдог болжээ. Язгууртан элит нь эрх мэдлийг угсаа дамжин өвлөж авах явдал ХХ зуунд үгүй болсон. Учир нь боловсрол, хур хөрөнгөтэй хүмүүс төлөөллийн институтээр дамжин, өөрөөр хэлбэл сонгуулиар улс төрийн эрх мэдэлд хүрэх болсон нь гагцхүү сурвалжит гаралтай хүмүүс эрх мэдэлд хүрч байдаг, зөвхөн эдгээр хүмүүс л нийгмийн элит болдог явдал халагдахад хүргэсэн билээ.

Монголчууд бид нийгмийн шилэгдмэл хэсэг хэрхэн бүрдэж энэхүү элит нь олон зууны турш улс орны язгуур эрх ашиг, улс үндэстнээ хэрхэн удирдаж, хамгаалж байсныг буурал түүхээсээ сайн мэднэ. Их эзэн Чингис хаан дээд тэнгэрээс заяасан язгууртан угсаа – алтан ургийхныхаа эгэл жирийн ард түмнээс сод билиг авьяас, хичээл зүтгэлээрээ тодорч гарсан Боорчи, Зэлмэ, Мухулай, Сүбэдэй, Зэлмэ, Зэв, Шихихутуг гээд өрлөг жанжин, үнэнч анд нөхдөө гарвал үүслээр өчүүхэн ч ялгалгүй монголын элитийг бүрдүүлж ирсэн нь монголын элитийн нэгэн онцлог юм. Заавал сурвалжит гарал угсаа бус харин төр түмнийхээ төлөө хүчин зүтгэх чадал авьяас, чинхүү шударга, сэтгэл зориг илүүтэй чухал байсныг манай элитийн түүх тод харуулдаг. Нийгмийн үнэт зүйлийг тээгч элит нь социалист системийн үед үзэл сурталжсан оюуны элит болон “дарга” нарын давхраа байсан хэдий ч бас ч гэж багагүй шалгуурыг давж байсан юм. ] - http://delgermaa.niitlelch.mn/content/1554.shtml

Саяхан 9 сарын 16-ний “Үнэн” сонинд Б.Даш-Ёндон гуайн “Үндэсний ардчилсан үзэл санаа”-ны тухай 5 нүүр дамнасан өгүүлэл нийтлэгдсэн. Хэдий энэ нь улс төрийн нам, улс төржилттэй холбоотой боловч мань мэтийн зүг чигээ алдах гээд буй нөхдүүдэд Б.Даш-Ёндон гуай мэтийн элитүүдийн үзэл санаа зүг чиг, зорилго тэмүүллийг бий болгож өгдөгийг тэгэхэд хүчтэй мэдрэн манай нийгэмд түүн шиг элитүүдийн идэвхитэй оролцоо асар дутмаг буйг ухамсарлаж билээ.

Элит - Монголд
Яг өнөөдөр Монголд хэн элит вэ гэж асуухад тодорхой хэлэх хариу надад алга. Зүгээр шинжлэх ухааны, соёл урлагийн элитүүд бол байж байгаа байх. 1920-оод оноос эхлэн уламжлалт, угсаат элитүүдээ цэвэрлэчихсэн, хядчихсан улс шүү дээ бид. Бүр төрт ёсны 2000 гаруй жилийн түүхээр нь авч үзэх юм бол Монголын их байлдан дагууллын үед хамаг гайгүй, сэргэлэн цовоо, хүчирхэг хүмүүсээ экспортолсон гэж халаглах нь ч бий. Яг тэр нь ч хаашаа юм, эх нутагтаа, мөн Юань династид нилээд боломжийн хүмүүс нь үлдсэн байх гэж найдаад байдаг юм хувьдаа. Юутай ч ХХ зууны их хэлмэгдүүлэлт бол 1990 оноос өмнөх 70 жилийн хамгийн том алдаа, алдагдал мөнөөсөө мөн, Монголын орчин үеийн түүхийн хамгийн том эмгэнэл энэ байсан. Ер нь үүнээс өөр алдаа бараг байхгүй гэж хэлж болно. Учир нь бусдаар бол бид угаасаа соёл иргэншлийн хувьд дорой байсан, үндэстэн орших уу, үгүй юу дээрээ явж байсан тул коммунизм нь байна уу, капитализм нь ч байна уу аль аль нь л бидэнд дэвшил болох байлаа. Улс төрийн талаасаа бол коммунизм нь тухайн нөхцөл байдалд илүү үр ашигтай, ач холбогдолтой байсан нь үнэн.

Тэр цагийн хэлмэгдүүлэлт нь хоёр талтай. Нийгмийн хөгжил цаг үе бүр өөрийн золиосыг шаарддагийг бол харгис ч гэсэн үгүйсгэхгүй. Харин бүр генийн сан, уламжлалаа үгүй хийтлээ тийм их золиос төлсөн үндэстэн тийм олонгүй л болов уу. Учир нь тэд магадгүй хэдэн мянган жилийн түүх, нийгмийн хөгжлийн үр дүнд тунарч ялгарсан ген, уламжлалын сан маань байсан байх гэж боддог юм. Ер нь өнөөгийн бүтэлгүй байдлын нэг уг сурвалж үүнтэй ч холбоотой биз.

За яахав болдог зүйл болдгоороо болсон, нөгөө талаас угсаа гарал заавал элитийг тодорхойлдог биш л дээ. Тэгээд ч өнөөдөр хэн нэгэн тэдгээр хүмүүсийн үр удам нь, өөрийгөө тайж гаралтай гэх юм бол өөрийгөө хийсэн мэт бодогддог болчихсон шүү дээ. Тийм мөн байлаа гэхэд тэр элит биш. Учир нь угсаа гарал бол элитийн зөвхөн нэг тал нь, нөгөөтэйгүүр соёл уламжлал гэж айхтар зүйл байна. Тэр нь байхгүй юм чинь чи хичнээн тайж угсаатай байлаа ч элит бол яавч биш болоод явчихна. Нэг найз маань “хүн элит байхын тулд ядаж өвөө, аав, өөрөө гээд гурван үеэрээ дээд боловсролтой байх ёстой” гэж хошигнол, тодорхойлолтын дундуур хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Бодох л үг.

Хэсэг хүмүүс бөөгнөрөөд цуг амьдрахад тэдэн дундаас арай илүү нэгэн гарч ирэх нь жам. Тэгэхдээ өнөөдөр бидэнд элит бий юу? Элит хүн мэр сэр байж таараа. Харин харамсалтай нь тийм давхарга бол төрөн гараагүй л байна. Өмнө өгүүлсэнчлэн шинжлэх ухааны болоод урлагийн элит байж болох ч улс төрийн болон эдийн засгийн элит бол алга даа. Үүнд хэн нэгэн буруутай биш, нийгмийн хөгжил л бидэнд ингэх боломжийг олгосонгүй. Яахав хамгийн элит байж мэдэх улс нь хуучин нийгмийн сэхээтний дүүргүүдэд амьдарч байсан улсын үр сад. Тэгэхдээ тэд элитэд дөхсөнөөс цаашгүй. Хэрвээ 1950-аад оноос Улаанбаатарт суурьшиж, амьдарч эхэлсэн сэхээтнүүдийг түүхийн нугачаа дайраагүй бол 3, 4 үеийн дараа жинхэнэ элитүүд төрөх байлаа. Харин даанч тэгэх завдал гарсангүй.

1990-ээд оноос хойш юу болов?
Дутуу ч гэсэн соц нийгмийн элитүүдийн үргэлжлэл нь С.Баяр, Н.Энхбаяр, С.Зориг, Э.Бат-Үүл нарын арай чансаатай нөхдүүд биш гэж үү? Тэр цагийн элитүүдээс тоймгүй баяжсан нь, эрх мэдлийн гинж атгасан нь хэд билээ? Баяжсан нь бол Лу.Болд, эрх мэдлийн гинж атгасан нь С.Баяр, Н.Энхбаяр. Гэхдээ тэд өөр нийгэмд өсөж бойжсон учир тэднээс өв тэгш үр дүн хүлээх нь зүйд үл нийцнэ, тэгээд ч тэд бол тохиолдол. Зүй тогтол, хандлагын хувьд аваад үзэхэд тэр цагийн элитүүдийн үр сад өнөөдөр янз янз л бий. Амьдрал нь доройтон буурсан нь ч бий, идэвхитэй дундаж давхаргын үүргийг гүйцэтгээд явж буй нь ч бий. Харин төрийн толгойд гарсан нь ховор, магадгүй зарчимтай, юм юмны наадах цаадахыг гадарладаг зангарагтай учраас дундаж давхаргадаа харьяалагдаад, идэвхитэй иргэний үүргээ гүйцэтгээд явж буй нь олонхи нь буй за. Юутай ч тэд нэг л зүйлээрээ ямар ч гэсэн өнөөгийн манай нийгмийн дээд хэсгээс илүү. Энэ нь зарчим, зангараг юм. Тиймдээ ч тэд өнөөгийн манай буртаглагдсан нийгэмд арай дөнгүүр ноён нуруу нь болоод явж буй биз. Гэхдээ тэднийг элит хэмээн шууд үзэхгүй байна. Тэд хуучин нийгмийн элитүүд мөн боловч өнөөгийн нөхцөлд хуучин нийгмийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалсан консерватив бүлэг нь юм гэж боддог. Манай нийгэм тодорхой бус, тогтворгүй буй нөхцөлд тэд элит мэт харагддаг зүй буй. Хэрэв тэд өөрийгөө болон өөрийн үнэт зүйлсээ хуяглан хамгаалах бус шинэ нөхцөлд баяжуулан, бүтээлчээр нийгмийн элементийн үүргээ элитийн түвшинд гүйцэтгэвээс тэдэнд элит болох боломж илүү бий.

Энд мөн цухас дурьдах ёстой зүйл бол хуучин нийгмийн элитүүдийн тодорхой хэсэг нь өнөөгийн нөхцөл байдалтай эвлэрэхгүй, гадагшаа дүрвэн гарсан байхыг үгүйсгэхгүй. Тийм тохиолдолд тэд байгалийн шалгарал гэдэг шиг нийгмийн шалгарлыг давалгүйгээр сайн дураараа элит байх боломжоос татгалзсан гэсэн үг.

Дээрхээс үзэхэд Монголд элит давхраа гэж бараг үгүй бөгөөд нийгмийн дээд хэсэгт эрх мэдэл, баялгын оньс атгасан хэдэн нөхдүүд л сууж байна. Тэдэнд элит байх чансаа үгүй учраас манай нийгэм оюуны болоод үнэт зүйлс, бодлогын хоосролд автагдаж, нөгөө буртаглагдсан гээд буй шинжээ олжээ.

Онолын хувьд бидний дунд ирээдүйн элитүүд, эсвэл тэдний аав ээж, эмээ өвөө нар өөрсдөө ч үл мэдэн амьдарч байгаа байх. Мөн өөрсдийгөө элитүүд хэмээн хэнхэглэдэг улс төр-олигархийн элементүүд, тэдний үр хүүхдүүд ч бий. Тэдний тухай өөрийн ойлголт мэдлэгээс цухас дурьдая. Энэ нь миний зорилго тавин бичиж буй зүйлд баримт төдий учир ишлэл байдлаар орууллаа.

[ Тэд Mac Air компьютертэй, Blackberry гар утастай, цамхаг нэртэй том навсгар байранд оффистой, 500 сая төгрөгний үнэтэй машин унадаг, Зайсанд харштай, гарын 10 хуруунаас олон компанитай, нэг удаа шоудахдаа 500 мянган төгрөг торолгүй гаргачихдаг, аль аль намд холбоо сүлбээтэй, өөрөө их хуралд суудалтай, төрийн тендер, худалдах, худалдан авах ажиллагааны 100, 100 саяар яригдах ажлуудыг авч дөнгөдөг, мөнгөний төлөө өөрийгөө үгүйсгээд байж чаддаг хүмүүсээр хүрээлүүлсэн тийм хүмүүс мөн. Гэхдээ тэднийг эх орондоо хайртай гэж хэлэхэд хэцүү, хүний төлөө сэтгэл гаргадаг ч гэхгүй.  Тэд хоорондоо холбоо сүлбээтэй, нэг нэгнийхээрээ орж гардаг, энийгээ магадгүй элитийн хүрээлэл гэж үздэг. Тэд элит биш, болж ч чадахгүй, зүгээр л өнөөгийн цаг үед хожоо гаргаж буй наймаачид, ченжүүд гэдэг дүр төрх илүү бууна. Олигархи болгон тийм байх албагүй нь мэдээж бөгөөд Макиавелийн хэлсэн "буянтай дарангуйлагч" гэдэг шиг "буянтай олигархи" байж ч болох л доо.]
[Нэгэн найзтайгаа нэгэн төрийн түшээ, төрийн олигархийн талаар маргалаа. Тэр ярьж байнаа, би тэр хүнийг их хүндэлж явдаг. Яагаад гэсэн чинь яагаад гэвэл тэр хүн амжилттай амьдарч чадаж байна, амьдралынхаа төлөө болохоос болохгүйг нь хүртэл хийж байна гэнэ. Гэнэт эгдүү хүрээд явчихав.

Бодлогогүй гэнэн залуучуудад үлгэр жишээ үзүүлж яваа амжилттай нэгэн гэж харагдах төрийн түшээ нь ийм байхаар чинь залуучууд нь түүн шиг хар амиа бөөцийлсөн, хахир хатуу хүмүүс болох нь ч аргагүй юм дөө гэж.]

[Тэд хуурамч диплом худалдаад авчихна, арай ёс зүйтэй нь 4 жил багш, сургалтын албыг найрч, аргалж байгаад төгсчихнө, цаашлаад ТОЭФЛ-ын оноогоо хүртэл худалдаад авчихна, төрийн сангийнхныг найрч байгаад төрөөр сургалтын төлбөрөө төлүүлчихнэ. Магадгүй Удирдлагын академи гээд цээжний пангаас цаашгүй хурган дарга нарыг бэлддэг "өдөр өнжүүлэх"-д явчихна. Энэ бүгдийн дараа нийгэмдээ үнэ цэнэ багатай, тэнэг биш л бол хийчихээр ямар нэгэн том сэтэртэй жижиг ажлыг төрийн байгууллагад хийчихнэ. Тэгээд зарим хүний хэлдгээр хийдгийг нь та нар хий, хураахыг нь бид хураая гэдэг хэлцийг амьдралд хэрэгжүүлэх болно. Цаг хугацаа явах тусам олон төмөртэй болно, нэг мэдэхэд өөрөө төмөр тараадаг нөхөр болчихсон байна биз. Манай залуучуудын алсын хараа ингээд л боллоо.]
Мөн найз нөхдөөрөө дамжуулан улс төрийн намуудын дотоод амьдралыг ч бага сага гадарлах болжээ. Улс төрд ямар хүмүүс байна вэ?

[ Мэдээж улс төр-олигархийн бүлэглэлийн төлөөлөгчид өөрсдөө, мөн аав ээжийн буянд бүгдийг амар хялбараар төсөөлсөн, ард түмний амьдралын үнэр ч аваагүй тэдний үр хүүхдүүд, тэгээд Удирдлагын академид авилгадах, танил тохой татах, ууж наргих дадлага хийхийгээ элит боллоо хэмээн эндүүрэгчид, төрийн албаны шалгалт өгч, мөн хэн нэгний итгэлийг хүлээн харьяалагдсанаараа мэргэжлийн хяналтын байцаагч, яамны мэргэжилтэн болохыг хүсэгчид, том дарга нарын хуурай дүү нь болохыг хүсэн урд хойно нь гарч, утгагүй хэлбэрдэх нөхдүүд, мэргэжил мэдлэггүй, дан ганц харилцаагаар ажил хэргээ бүтээхийг эрмэлзэгч амбицтангууд, улс төр, төрийн албанд хоргодохоос өөрөөр амьдарч чадахаа больсон нөхдүүд, гадныхны гар хөл бологч хүүхэлдэйнүүд, жигтэйхэн эх орончийн дүр эсгэх мөртөө цагаа тулахаар хужаа нарт лиценз зардаг хүмүүс гээд энэ жагсаалт үргэлжлэнэ. Энд зарчимтай, зангарагтай улс төрчид, залуус, жинхэнэ төрийн хар хүмүүс мэр сэр байхыг үгүйсгэхгүй ч ийм л хүмүүс түлхүү байдаг, ийм болохгүй бол гадуурхагдаж, илүү үзэгддэг гачлантай эргүүлэг болоод удаж байна. ]

За тэгэхээр өнөөдөр Монголд хэн бүхний өмнө элит болох нээлттэй байна. Гагцхүү пянг нь дааж, тууштай байх л чухал. Цаашид жинхэнэ элитүүд төрөөсөй л хэмээн найдахаас өөр арга алга даа. Төгсгөлд нь мөн л Дэлгэрмаа эгчийн нийтлэлээс иш татая.

[ Элит хүний мөн чанартай шууд холбоотой. Элитийг бүрдүүлж буй хүмүүс бусдыг ятгаж, дагуулж, өөрсөддөө захируулж чадах ба шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэж чадна. Элит хувь хүнийхээ хувьд ч хүчтэй байх ёстой, энэ нь тэднийг эрх мэдэлтэй болгодог. Эндээс элит эрх мэдэл бие биесээ орлох нүүдэл гарч ирнэ. Эрх мэдэл болон хүчин зүтгэл нэгдсэн тохиолдолд элийтийн эрх барих эрхийг зөвтгөж болно. Харин хоорондоо нийцээгүй бол тэнцвэр алдагдана. Манайд нийгмийн сор хүмүүс элитэд шалгарч орохоос илүү улс төр дэх тохиолдол буюу намын удирдлагын үзэмжээр гарч ирсэн хүмүүс эрх барьж байгаа тул манай улс төрийн институтын нэр хүнд шалдаа унасан. Тэгээд ч боловсрол, мэдлэг, туршлага, чадвар гэхээсээ илүү тухайн эрх баригчид хэр үнэнч байх нь гол шалгуур болсон. Энэ нөхцөл байдалд эрх барих явдлыг хэрхэвч зөвтгөж болохгүй байна. Улс төрийн элитийн хувьд тоймлон үзвэл ийм зураглал харагдана.

Өөр нэг хандлага бол соёлын элит юм. Жинхэнэ элит гэдэг бол оюун санааны охь юм. Тиймээс хүний үүсэл гарал элит болоход шийдвэрлэх үүрэгтэй. Тиймээс элит олон түмэнд таалагдах гэж эрх барих бус харин тэднийг илүү эрхэмсэг болгох ёстой. Соёл нь нийт хүн төрөлхтөний өв учраас элитийн бүтээн туурвиж буй дүр төрх нь хувь хүнд чиглэхгүй. Соёлын бүтээгчид олон түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлдэг тул элит болно. Хэрэв элит энэхүү зорилгоо биелүүлэхгүй бол хүнд хэцүү үр дагаварт хүрнэ. Гэхдээ энэхүү соёлын элит олон түмнээс тасарч цөөн хүрээнд эргэлдэх ёсгүй. Тусгаарлагдах, биеэ тоох, эгэл хүмүүсийг дорд үзэх энэ бүгд элийтийг мөхөлд хүргэнэ. Харин олон түмнээ гэх сэтгэл элитийг аврана. Энэ бүгдээс нийгэмд болж буй үйл явцад уян хатан хандах, оролцох, хариуцлага хүлээх чадвар зэрэг нь элийтийг тодорхойлно. Манайд нийгмийн уур амьсгалыг тодорхойлох, улс төрчдийн увайгүй араншинг сөрж зогсох сэхээтэн, оюунлаг давхраа байхгүй гэхэд хилсдэхгүй. Төрийн тэргүүнээс олгож буй утга учиргүй шагналын бороо хүмүүсийг эвдэж эргээд шагнал авсан хүмүүс нь занганд орсон мэт улс төрчдийн сонгуулийн сурталчилгаанд нь тайзны чимэг болон суух нь өрөвдөлтэй бөгөөд ичгүүртэй. Хамгийн гол нь үндэсний соёлыг тээгч, үзэл санааг илэрхийлэгч хэмээх мөнөөх л элитийг тодорхойлох гол шинж үгүй.

Элит олон түмний хөдөлгөөнт нэгдэл байх ёстой. Элит бүтээгчид байна. Олон нийт нэгэнт урсгалаар явж байгаа тул хэзээ ч бүтээгч байж чадахгүй. Өөрийн цаг хугацаанд оргилд гарч чадахуйц сэтгэдэг хүмүүс эрх мэдлийг атгах ёстой. Орчин үеийн амьдралын хэв загварыг эрх мэдэлтэн болон нийт нийгэмд хэвшүүлэх үүргийг хүлээнэ.

Эндээс элитийг эрх барьж буй хүмүүс болох улс төрчид, түшмэд мөн баячууд, соёл урлагийн болон эрдмийн хүмүүстэй шууд адилтгаж болохгүй гэдэг нь харагдаж байна. Улс орны эрхэм зорилго, түүх, ирээдүй, орчин үеийн ертөнцөд эзлэх орон зайн төсөөлөл энэ бүгдийг ойлгож мэдэрсэн, үүнээс гадна орчин үеийн удирдагчдыг өсөн торних орчныг бий болгож тэдгээр хүмүүсийг улс төр, бизнес, соёлын салбарт нийлүүлдэг давхраа хэмээн өргөн утгаар ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харамсалтай нь орчин үед гадаад ертөнцтэй өрсөлдөх чадвартай эрх мэдлийн, нийгмийн, соёлын амьдралын загварыг бүтээх элит манайд үндсэндээ үгүй байна. ] - http://delgermaa.niitlelch.mn/content/1554.shtml

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...