Friday, September 10, 2010

Social engineering

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөхөд оролцлоо. Ёслол шинжтэй болдог зүйлс болдгоороо л боллоо. Зарим нэгэн хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн цугласан харагдсан. Бас дарга нар, улс төрчид ч байв. Хамгийн харамсалтай, бас эмгэнэлтэй санагдсан зүйлс нь тэнд инээж хөхөрсөн, командаар цуглуулсан нөхдүүд олон байгаа санагдсан. Хэрвээ та үүнийг уншиж буй бол ядаж 1 минут тэдгээр нийгмийн золиос бологсдыг дурсан санаарай. Хэрвээ юу ч толгойд чинь орж ирэхгүй бол та энэ талаар уншиж судлах шаардлагатай, эсвэл та зүрх сэтгэлгүй байна гэдэгтээ итгээрэй.

Ингээд тэнд байж байхад нэгэн дайвар бодол орж ирж, нэг оюун дүгнэлт улам батажлаа. Захиргааны арга барил, тогтолцоожуулалтаар нийгмийг өөрчилж чадахгүй бололтой. Хүмүүсийн оюун ухаан, ухамсар, сэтгэлтэй илүү тулж ажиллах ёстой юм байна. Энэ нь соёл урлаг, боловсрол, шашин гэсэн талбаруудад илүү анхаарал тавих ёстой гэсэн үг.
  • Соёл урлагийн шинэ хандлага, монгол урсгалуудыг төрүүлэн бойжуулах, түүндээ нийгэмд хүргэх мессеж, зан үйлийг шингээж, шигтгэж өгөх;
  • Боловсролыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр цогцоор хөгжүүлэх, багш гэсэн нэр зүүдэг лүүзэрүүдийг дахин шалгаруулалтанд оруулах, багш бэлтгэх хөтөлбөрт маш, бүр маш их анхаарал тавьж, стандарт бус арга хэмжээ авах;
  • Шашинг дахин эргэж харах, протестантизм, суннизм энэ тэр гэдэг шиг шашны шинэ, цаг үедээ нийцсэн, дэвшилттэй урсгалыг бий болгох, олон нийтэд итгэл үнэмшлийн болоод хөшүүргийн арга замаар түгээн дэлгэрүүлэх нь манай нийгмийн фундаменталь өөрчлөлт байх болно.
 Мэдээж эдгээрийг хийхдээ замын зургаа маш тод гаргах шаардлагатай. Төрийн, улс төрийн түвшинд гаргаж чаддаггүй юм аа гэхэд иргэний нийгмийн түвшинд гаргаж, түгээн дэлгэрүүлэх нь өөрийгөө энд ямар нэг үүрэг хариуцлагатай амьдарч, ажиллаж буй, бас гомдоллохоос залхсан залуу хүн бүрийн хийх ёстой ажил юм.
    Давхар мэдээж төрийн тогтолцооны шинэчлэлийг хийх (зөв хүмүүсийг төрд дэвшүүлэн гаргах тухай ярилтгүй нь ойлгомжтой буй нөхцөлд ядаж одоо төрд буй итгэл үнэмшил бүхий хүмүүс нь тийм тогтолцоог урлахын төлөө явах хэрэгтэй), төр-нийгмийн тухай олон нийтийн харилцааны маш оновчтой ажил зохиох, Э.Бат-Үүл гишүүний ярьсанчлан намаас сонгуульд нэр дэвшигчдийг шалгаруулах нэг үе шат нь конкурс байх, мөн намуудыг гишүүнчлэлээс нь татгалзуулж, дэмжигчдийн (catch-all) нам болгох, дэргэдэх утгаа алдсан төрийн бус байгууллагуудыг нь тарааж, сангийн хэлбэрт шилжүүлэх, тэд нь иргэний нийгмийн байгууллагуудтай тулж ажилладаг, улс төржилтгүйгээр зөв үйл ажиллагааг дэмждэг болох шаардлагатай. Ардчилсан социализм, либерализм, либертарианизм, национализм энэ тэр гээд ер нь түүх болон үлдсэн нийгмийн суурь үзэл суртлуудыг шинэчлэх, лавшруулан хөгжүүлэх, үндэсний онцлогийг тусгах (ялангуяа national vision-г маш хурдан төрүүлэн гаргах!!!) хэрэгтэй байна.

      Цогц байна гэдэг хамгийн цогц бус шийдэл юм гэдэг дүгнэлтэнд хүрээд, дахин улам бүр хүрээд л байгаа. Тиймээс оновчлол, дэс дараалал л хамгийн чухал болж байна. Ийм тохиолдолд эдгээрийг хийсний дараа юм арай өөр болно гэж найдаж байна. Дараагийн нүүдлээ бодож болно.

      No comments:

      Related Posts Plugin for WordPress, Blogger...