Tuesday, November 23, 2010

Муу эр дайнд хөөрнөө гэж ...

Дэлхийн III дайн эхэллээ гэсэн утгатай статус мессенжертээ тавьсан нөхдүүд миний листэнд лав 6 ш байв. Юу болов гэтэл хоёр Солонгос хоорондоо их бууны нилээд олон тооны сум харилцан тавилцсан. Болсон газар нь эх газрын эргээс 100 гаруй км зайтай, мянга гаруй хүнтэй жижиг арал (Өмнөдийн эзэмшил) юм байна. Сайн мэдэхгүй юм, гэхдээ интернэтээр судлахад уг газарт онцгой стратегийн объект байдаггүй, харин байршлын хувьд газрын зургаар харахад стратегийн түшиц байж мэдэхээр газар аж. Жишвэл, 1939 онд Япон, Орос хоёр харилцан толхилцсон, гэхдээ тэр нь Халхын голд болсон гэдэг шиг юм. Уг галыг анхлан Хойд нь нээсэн бололтой. Үүний улмаас тодорхой (бага) хохирол Өмнөдөд учирсан байна.

Дайн бол болохгүй гэж би бодож байна. Ингэж бичиж байгаа нь өөрөө муу эр дайнд хөөрнө гэдэг шиг санагдаж байна. Санагдах нь тооцологдохоос шал өөр хэрэг юм. Судлаач, бодлого тодорхойлогч биш учраас миний байр суурь санагдахаас илүү хэтрэхгүй, хэхэ.

Энэхүү цэргийн мөргөлдөөнөөс үүдэн дайн дэгдэхгүй, тэр дундаа дэлхийн дайн бол бүр биш байх хэмээн найдна. Хэрэв дайн болвол Монголд хэрхэн нөлөөлөх вэ?
  1. Бүс нутаг, дэлхий дахинд нөлөөлөх нөлөөллөөс үүдэн экспорт, импортын байдалд нөлөөлснөөр эдийн засагт хүчтэй өөрчлөлт гарна. Бид түүхий эд экспортолдог улс учраас энхийн эдийн засаг, дайны эдийн засгийн бүтцээс шалтгаалан энэ нь тодорхойлогдох ёстой. Тэгэхдээ үүнд давагдашгүй хүчин зүйл нь улс төрийн нөхцөл байдал бөгөөд эдийн засгийн бодлого улс төрийн бодлогод захирагдах нь ойлгомжтой.
  2. Хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын байдалд нөлөөлнө. Улс төрийн тогтворгүй байдал бүс нутагт бий болох учир эрүүл хөрөнгө оруулалтыг эрэлхийлэгчид дайжина. Харин ашиг завшаан хайгчид тэрхүү орон зайд байршиж мэдэх юм. Манай орны өөрийн зах зээл нь хөрөнгө оруулагчдын хувьд 0 %-тай ойрхон хэмжээнд ач холбогдолтой байдаг учир гадаад бодит зах зээлийн амьдрал хэрхэн өрнөх нь тэдний шийдвэр гаргалтанд шийдвэрлэх ач холбогдолтой.
  3. Бүс нутгийн орнууд болох Өмнөд Солонгос, Япон, Хятад дахь эх орон нэгтнүүдэд шууд аюул заналхийлэх бөгөөд тэдний талаар төр болон тэд өөрсдөө тодорхой арга хэмжээ авлаа ч тэдний нийгэм - эдийн засагт оруулж байсан эерэг үр дагаврууд хумигдах сөрөг, нөгөө талаар нийгмийн хөдөлмөрийн болон үржлийн насныхан эргэн ирэх, мөн гэр бүлийн эвдэрч буй бүтэц, харилцаа сэргэх эерэг нөлөө байж болох юм. Үүний үр дагавраар эдийн засгийн салбаруудад ялгаатай үр дүн гарна.
  4. Хэдий бид олон тулгуурт гадаад бодлоготой хэмээдэг, мөн гурав дахь хөршийг бодлого, үйл ажиллагааны хүрээнд эрэлхийлдэг ч энэ нь олон улсын харилцаан дахь намжмал нөхцөл байдал, хоёр хөршийн бус, харин АНУ-ын жанжлалын дор тодорхой хэмжээнд биелэх магадлалтай байдаг. Харин олон улсын харилцааны суурь нөхцөл болох бүгд бүгдийн эсрэг дайтдаг гэдэг үүднээс бол бид Орос, Хятад хэмээх хоёр их гүрний дунд хайрцаглагдсан улс гэдгээ санах хэрэгтэй. Тэдний үүсэн бий болох нөхцөлд хэрхэн хариу барих вэ гэдгээс манай орны гадаад төдийгүй дотоод улс төр хамаарна. Хэрэв хөршүүд маань Хойд Солонгосын талд идэвхитэй, ил тод зогсвол бид гадаад бодлогын маш том хохирол амсах төдийгүй, нөхцөл байдалд дасан зохицох болно. Хэрэв хоёр хөрш зөрүүтэй байр суурьтай байвал бид одоогийн статусаа хадгалахад аль нь илүү ашиг тустай байх тэр талд нь орох болно. Мөн нөхцөл байдал манайд муугаар эргэж, хоёр хөршдөө хайрцаглагдвал Монголд төрийн эргэлт гарах, дэглэм солигдох магадлал бий. Бидний найдаж болох нэгэн гарц нь олон улсын эрх зүйн хамгаалал юм. Олон улсын эрх зүйн ач холбогдол, түүний хэрэглээ дайн, хямралын нөхцөлд энхийн цагаас ялгаатай байдаг тул тухайн нөхцлөөс үүдэн бидэнд олон улсын эрх зүй ашиг тусаа үзүүлэх эсэх нь тодорхойлогдоно. Ер нь өөрийн ашиг сонирхлоо хангахын төлөө их гүрнүүд эрмэлзэхдээ өөрийг нь зөвтгөх тохиолдолд түүнийг мөрдөх, ашиг сонирхлынх нь эсрэг тохиолдолд түүнийг шүүмжлэх, эс тоомсорлох нь мэдээж байдаг. Тэгэхээр дипломатын нэр хүнд их гүрнүүдэд ач холбогдолтой эсэх, мөн хүчний харьцааны нөхцөл байдлаас бид эрх зүйн хамгаалалд орох эсэх нь шалтгаалдаг. Мөн улс гүрнүүд дэх олон нийтийн санаа бодлын байдал засгийн эрх баригчдад гадаад бодлогоо тодорхойлоход нь жин нөлөөтэй байдгийг манай улс гадаад бодлогын нэг том хэрэгсэл болгох нь зүйтэй гэж боддог. Гэхдээ гадаад бодлого бол гадаад бодлого л байдаг, тэр нь элитүүдийн гарт зангидагдах ёстойгоос биш ард түмний оролддог тоглоом биш юм.
  5. Хүмүүнлэгийн хямрал болж, дайжигчид, цагаачид манай оронд байрлах магадлал тун өндөр. Энэ нь мөн эерэг, сөрөг үр дагавартай.
  6. Дайны цараа, бүс нутгийн орнууд татагдан орох эсэхээс үүдэн манай орны дорнод бүст хүрээлэн буй орчны хохирол гарч болно. (их нүүдлээс шалтгаалах цөлжилт, мөн цацраг идэвхит бодисын тархалт)

За цааш нь ургуулаад байвал ургаад л байна байх. Үүнээс илүү тодорхой хэлэх зүйл надад алга.



Байдлыг бага сага ажиглаад нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн санаа бодлын талаар өөрт төрсөн бодлоо буулгалаа.

Юуны түрүүнд аливаа нийгмийн үзэгдэлд хэрхэн фокуслаж байгаагаар нь авч үзвэл хувь хүнд болон масст сэтгэл зүйн хоёр хандлага хүчтэй илэрдэг.
  1. Хөөрөн дэврэх
  2. Инерцид найдах
Хөөрүүлэн дэвэргэх гэдэг нь тухайн үзэгдлийг нилээд туйлширсан, зөвхөн ганц, хоёр хүчин зүйлд хэт их ач холбогдол өгч томруулан буюу жижигрүүлэн харах, зарим талаасаа өөрийн ямар байлгахыг хүсч буйтайгаа хэт shortcut хийн холбох гэж хэлж болох юм.

Инерцид найдах гэдэг нь олон хүн нэг байр суурьтай байх тусам итгэл үнэмшилдээ бүр ч илүү бат болох (нэг бол олонхи өөрийнх нь талд байна хэмээх, магадгүй нөгөө талаас олонхи байнга буруу байр суурьтай байдаг хэмээн цөөнх болсноо зөвтгөх), бас өнгөрсөнд ямар байсан бэ, эсвэл байгаагүй вэ гэдгээр ирээдүйгээ харах явдал юм.

Олон улсын харилцааны тоглогч ч бай, санхүүгийн зах зээлийн тоглогч ч бай, дээрх хоёр хандлагад маш эрүүлээр хандах ёстой. Юуны түрүүнд өөрөө эдгээрээс ангид байх ёстой. Гэхдээ улс ямар байх, хэрхэн хөдлөхийг түүний газар зүйн байрлал тодорхойлно (100 % хэмээх юм бол энэ онол, парадигм болчихно, харин ихээхэн магадтай гэвэл бодит байдал юм) гэдэгчлэн хүн ямар газар амьдарч байна, нийгмийн ямар орчинд өссөн, ямар төлөвшилтэй, ямар статустай вэ, сэтгэл зүйн хөөрөл-саатлын процесс нь ямар төрлийнх вэ гэдгээс хамааран эдгээрт автчих гээд байдаг талтай. Тэгээд ч магадгүй ашиг сонирхол нь нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн санаа бодлын хандлагатай нийцэж буй тохиолдолд түүгээрээ бодож, үйлдэх нь угаас хүний төрөлх араншин юм. Хүн чинь угаасаа нийгмийн амьтан учраас үүнийг буруушааж бол болохгүй. Юу хэлэх гээд байна вэ гэхээр үүнд рациональ сэтгэлгээгээр хандах нь чухал. Нөгөөтэйгүүр тэрхүү хөөрөн дэврэх, инерцид найдах байдал нь олон улсын харилцааны ч бай, санхүүгийн зах зээлийн ч бай бодит хүчин зүйл болж болох тул рациональ сонголтонд харгалзах ёстой хүчин зүйл мөн гэдгийг үгүйсгэж болохгүй.

Олон улсын харилцааны хувьд:
  1. Тухайн улс хаос буюу анархи байдалтай байгаа тохиолдолд
  2. Тухайн улсын улс төрийн бодлого, үйлдэл олон нийтийн санаа бодлоос ихээхэн шалтгаалдаг ардчилсан засаглалтай, эсвэл популист улс төртэй тохиолдолд
  3. Бусад улс төрийн хүрээний асуудлууд, мөн бусад дэглэмийн хэлбэрүүд ч хэрэв өөрт нь хожоо гаргаж байвал эдгээрийг богино зайд элдэв янзын нүүдэл болгон ашиглах гэх мэтээр шийдвэр гаргах процесст дээрх хоёр хандлага нь бодит, тодорхой хүчин зүйл нь болж мэднэ.

Санхүүгийн зах зээлийн хувьд:

Ер нь хамгийн ерөнхийгөөр үндсэн 2 янзын тоглогчид байдаг.
  1. Дийлэнхи нөхдүүд бол савлагаан дээр тоглодог. Савлагаанд бол массын сэтгэл зүй, олон нийтийн санаа бодол маш өндөр үр нөлөөтэй.
  2. Цөөн нөхдүүд урт хугацааны үнэ цэнэ эрэлхийлэн тоглодог. Тэдний хувьд савалгаа бол цаг зуурын шинжтэй, бодит байдал өөр хэмээн ойлгодог ч мөн л массын сэтгэл зүй, олон нийтийн санаа бодол дахь тусгалыг ашиглаад авахаас буцахгүй, тэгээд ч тэрхүү массын сэтгэл зүй, олон нийтийн санаа бодол нь бодит байдлын суурийг ганхуулан шал өөр болгочихож мэдэхийг ойлгодог.
Энд өөрийнхөөрөө тодорхойлох, томъёолохыг оролдсон тул эндүүтэй, зөрүүтэй зүйл байвал хэлнэ үү.

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...