Thursday, January 27, 2011

Дармапада буюу Бурхан багшийн сургаал

Дармапада бол бурхан багш хүн төрөлдөө гэгээрсний дараа айлдсан сургаалийн түүвэр ...


Х 7, Дармапада., орч. М.Шагдарсүрэн, УБ 2007


1
Бидний юу бодсоны үр дүн нь бидний өнөөгийн байгаа байдал маань юм. Тэр нь бидний бодол дээр үндэслэгдэж, бидний бодлоос бүрддэг. Нүгэл хилэнц үйлдэж, муу үг ярьж байгаа хүнийг шард хөллөсөн тэрэг шараа дагадаг шиг зовлон түгшүүр дагалддаг.

7
Зөвхөн жаргал цэнгэлийн хүсэлд дурладаг, ухаан бодол нь хяналтгүй, хоол унд нь замбараагүй, залхуу хүнийг зулзаган модыг шуурга салхи ховх татан унагахын адил сэтгэлийн шулам эзэлж авна.

19
Бодлогогүй хүн хичнээн маани тарни уншлаа ч түүнийг бүтээгч нь биш, лам хуврагийн буяныг ч хуваалцаж чадахгүй. Харин бусдын үнээ тоолдог үхэрчинтэй адил харагдана.

20
Дээд номыг дагагч нь тун бага ном уншлаа ч гэсэн мунхаг тэнэг, үзэн ядалт, шуналыг орхин чадаад, энэ ертөнцийн юунд ч сэтгэл автахгүй. Зөвхөн жинхэнэ мэдлэг, сэтгэлийн ариуныг олж ертөнцөөс чөлөөлөгдөж чадсан хүн л үнэхээр хуврагын буяныг хуваалцана.

43
Буруу жолоодсон ухаан өөрийн биенд үзэн ядагчид бие биенээ, дайсан нь дайснаа хорлодгоос ч илүү хор хөнөөл учруулна.

49
Зөгий цэцгийг хөндөж гэмтээлгүй, өнгө үнэрийг арилгалгүй бал шимийг нь цуглуулдаг шиг ухаантан даяанч өөрийн хүрээнд амар жимэр амьдардаг.

60
Нойр нь хулжсан хүнд шөнө урт, эцсэн хүнд газар хол, үнэний хууль мэдэхгүй хүнд амьдрал хол.

61
Аялагч хүн өөрөөс нь илүү буюу адил хүн таарахгүй бол ганцаараа явсан нь дээр, тэнэгтэй саймширч явах хэрэггүй.

63
Тэнэгээ мэддэг тэнэг арай дээр. Харин өөрийгөө мэргэн гэж бодож байгаа тэнэг л үнэхээр тэнэг гэж дуудуулах ёстой.

64
Тэнэг хүн цэцэн хүнтэй насан турш хамт байвч халбага шөлний амтыг мэдрэхийн дайтай үнэнийг олж хүртэж чадахгүй.

69
Муу үйл хийхэд үр нь тэр даруйдаа мэдэгдэхгүй, тэнэгүүд түүнийг балын амттай адил бодно. Харин боловсормогц асар гашуун зовлонг амсана.

74
Энгийн болон сүсэгтэн ялгаагүй энэ бүхнийг намайг хийсэн гэж бодог хэмээн бүх зүйлийг өөрт хамаатуулах гэж тэнэг санаархана. Түүний омог шунал улам арвидна.

77
Түүнд сануулах, сургах, бурууг хорих боломж олго. Тэр сайн хүмүүсийн хайртай хүн нь, муу хүмүүст үзэн ядагдах хүн нь болно.

95
Өөрийн үүргээ газар дэлхий шиг тэсвэртэй биелүүлж, шаваргүй гүн нуур шиг байх түүнд дахин төрөл үгүй юм.

102
Утгагүй мянган үгээр бүтсэн шүлэг уншиж сууснаас хүн сонсоод тайвшран, баясах нэг үг цээжилж суусан нь дээр.

103
Хүн мянган хүнийг мянган удаа ч ялж болно. Харин өөрийгөө ялж чадваас тэр нь ялалтын дээд байдаг.

108
Хүн энэ ертөнцөд бүх л насныхаа турш алдар гавъяа олж авахын тулд өргөл барьц өргөвөл тэр бүхэлдээ үнэ цэнэтэй юм биш, харин зөв амьдрагчийг хүндлэх нь илүү буян болно.

113
Эцэс төгсгөлийг олж харахгүй зуун жил амьдарснаас эхлэл төгсгөлийг бясалгаж мэдсэн ганц өдөр илүү.

159
Хэрэв хүн өөрийгөө бусдад заахаар номхон болговол бусдыг сургаг. Хүн өөрийгөө номхроох, захирах хэцүү байдаг.

170
Та энэ ертөнц рүү хөөсөн дээр байгаа мэт хар. Энэ ертөнц рүү зэрэглээн дээр сууж яваа мэт хар. Энэ ертөнцийг доороос эргүүлж нэвт шувт харж буй хүнийг эрлэгийн элч дийлдэггүй.

207
Тэнэгүүдтэй нөхөрлөж байгаа хүн удаан зовдог, тэнэгүүдтэй нөхөрлөх нь дайсантай нөхөрлөхтэй адил аймшигтай. Мэргэдтэй нөхөрлөх нь аз жаргалтай.

243
Бүх нүглүүд дотроос хамгийн аймшигтай нүгэл бол тэнэг мунхаг. Бүх нүглээ наминчил, ариун болцгоо.

268, 269
Хичнээн дуугүй нам гүм суулаа ч тэнэг бүдүүлэг хүн мэргэн болдоггүй. Харин дэнсэлж буй мэт мууг гээж сайныг шилэн буй хүн мэргэн болой. Авах гээхийг ялгаж буй хүн мэргэн болно.

313
Хэрвээ ямар нэгэн юм хийгдэх ёстой юм бол хүн түүнийг хатуу шийдэмгий хийгтүн. Түүн рүү цог зальтай дайрч хий. Тамирдаж сульдсан хүн зөвхөн тоос шороо босгохоос цаашгүй болдог.

320
Тулалдаанд ороод сумаар сийчүүлсэн заан шиг ямар ч доромжлолыг би чимээгүй тэсвэрлэж даана. Ертөнц эмгэг шинжтэй байдаг.

380
Өөрөө өөртөө хаан байдаг. Хүн өөрөө өөртөө авралын орон нь болдог. Аврал өөрт буй. Тиймээс худалдаачин хүлгээ хямгаддаг шиг биесээ хяна.

Эх сурвалж: Дармапада., орч. М.Шагдарсүрэн, УБ 2007

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...