Нэг шоун дээр хальт улс төржих гэж буй хэсэг хүмүүст хэлэх үгийг нь бэлдэж байсан юм. Тэгээд үзэл сурталжаад, туйлшраад байхаар нь, тэр хүн, тэр хэсэг хүмүүс өөрөө надад итгэл үнэмшил төрүүлээгүй учир хийж чадахгүйгээ хэлээд эдгээр блануудыг өөртөө хадгалаад үлдчихсэн билээ. Улстөржилтгүйгээр аваад үзэхэд ч эдгээр үгс үнэн тул энд оруулчихая. Манай ардчилал асуултын тэмдэгтэй хэвээр л байна.
Залуу нас гэдэг эрх чөлөө. Эрх чөлөө үгүй бол залуус бид амьсгалах агааргүй байгаагаас ялгаагүй билээ. Тэр эрх чөлөөг бидэнд жинхэнэ утгаар нь ардчилал өгч чадна. Монгол орон 1990 онд ардчиллыг угтан авч, өлгийдөн хөгжүүлсээр өнөөдөр 20 жилийн нүүрийг үзэж байна. Тэртээх 90 оны ардчиллыг залуучууд авчирсан билээ. Цаашдаа өвлөн авч, үргэлжлүүлэн хөгжүүлэх нь ч өнөөгийн залуучууд та бидний үүрэг юм. Дэлхий дахин яг өнөөдөр, есдүгээр сарын 15-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас зарлан тунхагласан Олон улсын ардчиллын өдрийг 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Ардчилал, залуу хүн хоёрыг ялган салгаж ойлгох аргагүй юм. Сайхан эх орондоо саруулхан ардчиллыг дархлан бүтээх нийт залуучууддаа баяр хүргэе!
Залуу нас бол эрч хүч. Уулыг нурааж, усыг эргүүлэх, түүхийг шинэчилж, түнэр харанхуйд лаа асаагчид нь залуучууд байдаг билээ. Тиймээс энэ зууны хөгжил дэвшлийг тодорхойлогч залуучууд та бид өөр өөрсдийн ажил мэргэжилдээ хамгийн шилдэг нь байж, бусдыгаа эрч хүчээр цэнэглэдэг шинэ цагийн эзэд, эрч хүч нь болцгооё.
Залуу нас гэдэг нэр төр. Та бид бүгд эх орныхоо гэрэлтэй, гэгээлэг, сайхан ирээдүйд итгэдэг. Харин бид бүхнийг маргаашийн тэр сайхан ирээдүйд хүргэх өнөөдрийг бид аав ээж, ах эгч нарынхаа гараас залгамжлан авч буй учраас бидний залуу нас гэдэг нэр төр юм. Тэр сайхан ирээдүйд хүргэх өөрчлөлтийг санаачлагч, хэрэгжүүлэгч, Монгол улсын хөгжлийн эзэд нь та бид-залуучууд юм шүү!
No comments:
Post a Comment