Хуучин файлуудаа цэгцэлж суухад оюутан байх үеийн шивж байсан мэргэн үгсийн цуглуулга гарч ирсэн юм. Өнөөдрийн нүдээр харж байхад Г.Аюурзаны "Цэцэн мэргэний нэвтэрхий толь" номны шигтгээ нь эдгээр юм болов уу.
Маш цөөхөн хүн, тэгэхдээ хамгийн гайхамшигтай хүмүүс л “мэдэхгүй” гэж энгүүхнээр, шууд хэлж чаддаг. Дмитрий Писарев
Миний аяга жижигхэн, гэхдээ би өөрийнхөө аяганаас л ууна. Алфред дө Мюссе
Ойлгомжгүй зүйлийг ойлгож болно гэдэгт итгэлтэй байх ёстой. Тэгэхгүй бол хүн мэдэхгүй зүйлийнхээ учрыг олох гэж эргэцүүлэхээ больчихно. Гёте
Зөвхөн эртний судруудад итгэдэг хүнийг бодвол, зөвхөн өөрийнхөө ухаан бодолд итгэдэг хүн аливааг илүү зөв шүүн цэгнэж чадна. Декарт
Эцсийн дүнд тохиолдол гэдэг бол бурхан. Анатоль Франс
Манай үед хүмүүс дэндүү их юм уншиж байгаа нь мэргэн ухаантай байхад нь саад болж байна. Оскар Уайльд
Санаа дууссан мэт оргүй болох үе хамгийн сод ухаантанд ч тохиолддог. Тийм л цагт ном унших хэрэгтэй. Түүнээс биш, маш хүчирхэг санаа төрөөд оргилж байх үед нь гартаа ном бариад үлдэн хөөнө гэдэг ариун сүнсний эсрэг гэмт хэрэг мөн. Шопенхауэр
Амьдрал дэндүү богинохон, зөв чөлөө маш бага болохоор тэдгээр нандин цагуудаа бид дэмий ном уншин үрж өнгөрөөх ёсгүй. Жон Рескин
Төр улсын амьдрал үертэй төстэй: ямагт урагш тэмүүлж байхдаа л сайхан. Үерийн урсгал зогсохоороо мөс юм уу, намаг болон хувирдаг. Вильгелм Мюллер
Ямар нэгэн заль гаргахаас татгалзаж буй нь хамгийн зальтай улс төрийн бодлого. Дайснаа төөрөгдүүлэхийн тухайд бол, хамаг үнэнээ ярьж байгаа хүнд хамгаас бага итгэдэг гэдгийг туршлага маань баталж байна шүү дээ. Арнольд Руге
Олонхи хүнд таалагдсан л бол, нийгмийн ямар ч үзэл санаа тэнэглэл байж таарна. Шамфор
Цөөнхийн зөв байх тохиолдол бий, олонхи бол харин ямагт алддаг. Генрих Ибсен
Засаг төрийн тогтвортой байдлыг түшмэддээ жил тутам төсөвлөж төлдөг мөнгө нь биш, харин иргэдийнхээ халаасанд жил тутам үлдээдэг тэр мөнгө нь л баталгаажуулдаг. Цетвес
Ганцхан цохилтоор бүхнийг засч номд нь оруулах гэвэл бүгдийг эвдэн бусниулна. Тэвчээргүй хүн үнэний оронд илбэ зэрэглээг бий болгодог. Төөрөгдөл гэдэг чинь цагаас нь эрт нээн харуулсан үнэн юм шүү дээ. Альфонс Ламартин
Ард түмэн мэдэрч байгаа юмаа л ойлгодог. Тэр мэдрэмжийг нь өдөөсөн хүн л тэдний хувьд жинхэнэ уран илтгэгч. Альфонс Ламартин
Ард түмний хэл рүү дайрна гэдэг зүрх рүү нь дайрч буй хэрэг. Хайнрих Лаубе
Зарим үед төр засаг ард түмнийхээ итгэлийг алддаг, харин төр засаг ард түмэнд итгэж байсан түүх хэзээ ч үгүй. Антуан Ривароль
Олон нийт үзэж, сонсох нүд чихтэй. Гэхдээ эргэцүүлэн бодох чадваргүй, бас тун ой муутай. Гёте
Олны дунд биеэ авч явах, эмэгтэй хүнтэй харьцах хоёр ив ижилхэн: тэдний сонсохыг хүссэн зүйлийг нь л ярьж болно. Гёте
Ихэнхи хүмүүсийн шударга ёсыг хайрлах сэтгэл шударга бус явдалд өртөх вий гэсэн айдас л юм шүү дээ. Ларошфуко
Хувьсгалд урт, өргөн гэсэн хоёр л хэмжээс бий, гүн гэсэн ойлголт түүнд үгүй. Энэ л чанараараа тэр хэзээ ч гүйцэд ялдаггүй, ямарваа үр дүн гардаггүй … Василий Розано
Ядуурал аливаа хувьсгалын давших хүчин болдог. Хөрөнгө баялаг хориглох хүч нь байдаг. Альфонс Ламартин
Хүмүүсийг сургаж боловсруулалгүйгээр дайнд илгээнэ гэдэг тэднээс урваж байгаа хэрэг. Күнз
Олон түмний хайр гэдэг араб үлгэрийн тачаангуй шидэт эмийн дурлалтай төстэй. Тэр эмэгтэй гал халуун хүслийнх нь дөч хоног өнгөрмөгц амраглаж байсан эрээ хөсөр хаяад зогсохгүй, нэгэн цагт өөрийг нь маш их дурлуулж байсны хариу болгож аймшигтайгаар тамлан тарчилгадаг. Томас Маколей
Хүнийг анхны харцаар дүгнэж болохгүй. Хүний сайн чанарууд ерөнхийдөө даруу занд хучигдаж, муу талууд нь хуурамч багаар халхлагдсан байдаг. Жан дө Лабрюйер
Хүнийг танихын тулд түүнийг хайрлах хэрэгтэй. Людвиг Фейербах
Эрт цагт хүмүүс өөрийгөө төгөлдөржүүлэх гэж суралцдаг байлаа. Өнөө цагт бусдад гайхуулах гэж л ном үзэх болж. Күнз
Өөдгүй хүмүүстэй тулалдахдаа тэдэнд ухрах зам үлдээ. Тэдэнд өршөөлгүй хандах нь хулганын нүхийг бөглөхтэй ижил: Бүгчимдэж амь нь тэмцсэн хулганууд эргэн тойрноо аймшигтайгаар сүйтгэдэг. Хун Цзычэн
Тайзан дээр нэг нь хаан, нөгөө нь зөвлөх, гурав дахь нь зарч, цэрэг, генерал болж тоглоно… Амьдралд ч мөн ийм л байдаг. Эрх цол, эд хөрөнгийн ялгаа хүн бүхэнд тохирох дүрийг оноодог ч, тэр дүрд дотоод ялгаа нь авцалддаггүй. Хүн бүхний дотор хэрэгцээндээ хөтлөгдсөн нөгөө л ядуу амьтан оршиж байдаг. Шопенхауэр
Хуучин цагт байгаль нь өгөөжтэй орнууд хамгийн баян байлаа. Өнөө үед хүн нь илүү бүтээлч улс орнууд хамгаас баян ажээ. Хенри Бокль
Хамгийн үнэтэй саналууд явган алхахад төрдөг. Гёте
No comments:
Post a Comment