Sunday, September 30, 2007

Эх орноо хэрхэн хөгжүүлэх вэ?

Өнөөдөр монголоо гэсэн хүн бүр энэ талаар боддог байхаа. Найз Ариунтуултайгаа хамтран энэхүү зохион бичлэгийг бичсэн юм. Анхны бичлэг болгон оруулая.

Эх орноо хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудал үе үеийн туршид Монголын маань хамгийн халуун эх оронч охид, хөвгүүдийн өмнөө тавьдаг үндсэн асуудал байж ирсэн бөгөөд тэд өөрийн хувь тавилан, амь амьдралаа үүнд зориулж иржээ. Гэхдээ бидний өмнөх үеийнхэд хэзээ ч өнөөгийн бидэн шиг ийм алтан боломж тохиож байсангүй. Модунь Шаньюугийн үеэс эхлэн бидний хувьд хөгжил дэвшлийн тухай асуудал орших, эс оршихын утгаар яригдаж байсан бөгөөд өвөг дээдэс маань Хятадаар Их цагаан хэрмийг бариулснаар нүүдэлчдийн тусгаар тогтнолоо баталгаажуулж байлаа. Чингис Хааны үед тархай бутархай олон аймгийг нэгэн гарын дор зангидаж, монгол төр улсыг бий болгож, дэлхий дахинд PAX Mongolica хэмээх дэг журам тогтоон тухайн үедээ олон үндэстний хөгжил дэвшлийн үр шимийг эх орондоо авчирч байсан. Түүхийн хүрд эргэн эргэсээр тэр он цагаас хойш 800 жил өнгөрөхөд хөгжил дэвшилийг ойлгох ойлголт өөр болоод зогсохгүй түүний хурд, далайц, түүнээс хоцрогдохын аюул нь тусгаар тогтнолтой дүйцэхүйцээр үнэлэгдэх боллоо. Иймээс өнөөдөр бидэнд дэлхий дахиныг манлайлдаггүй юмаа гэхэд хөгжлийн ерөнхий чиг хандлага, түвшингээс нь хоцорчихгүйхэн шиг хэрхэн явах вэ гэдэгт санаа зовох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл бидний өвөг дээдэс бидэнд дэлхий дахин хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг тусгаар тогтнолыг өвлүүлж чадлаа. Бид харин улс орондоо хөгжил дэвшлийг авчирах нь бидний ариун үүрэг болоод байна.

Би хөгжил дэвшлийг ингэж ойлгож байна. Хөгжил дэвшил нь тэнгэр баганадсан өндөр барилга, технологийн өндөр хөгжилдөө биш харин түүнийг бүтээн бий болгогч хүмүүстээ байгаа юм. Иймээс хөгжлийн эх сурвалж нь хүний хөгжил болохоос биш зам гүүр, барилга байгууламж, компьютертээ бус юм. Үүнийг ойлгосон улсууд хөгжин дэвждэгийн тод жишээ нь дэлхийн хоёрдугаар дайны дараахи Япон, Солонгос, Тайван, Сингапур гэх мэт улсуудын түүх харуулдаг бол зүгээр л бэлэн технологи, амьдрах арга барил, соёлыг нь хуулбарлавал юу болдогийг Африк, Өмнөд Америкийн олон бүтэлгүй яваа улсын жишээнээс харж орно.

Тэгэхээр орон бүрийн соёл, түүх, амьдрал ялгаатай учраас орон бүр дэх хүний хөгжил, түүнд хандах хандлага нь янз бүр байдаг. Иймээс монгол хүнд зориулсан хүний хөгжлийн загвар гаргах хэрэгтэй гэж бодож байна. Миний ойлгож байгаагаар хүний хөгжил хэмээх ойлголт нь дараах хоёр хүчин зүйлээр тодорхойлогдоно. Нэгдүгээрт хүмүүсийн боловсрол чадавхи буюу боловсорсон байдал, хоёрдугаарт, зөв хүмүүжил, зүрх сэтгэлтэй байх нь орно. Энэ хоёр бүрэлдэж байж тухайн хүн байгалийн амьтан болох хүнээсээ нийгмийн амьтан болох улс орны зөв иргэн хүн болно гэж би ойлгодог.

Иргэд нь сайн байж, иргэд нь хөгжиж байж улс орон хөгжинө. Үүнд нэг чухал зүйл нь иргэний боловсрол юм. Иргэний боловсролд нийгэм, гэр бүлийн нөлөө их үүрэгтэй. Иргэний боловсрол нь нийгмээ гэсэн зөв сэтгэлтэй, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага, эрх чөлөөгөө мэдэрдэг иргэдийг бэлтгэн гаргах ёстой. Өөрөөр хэлбэл зөв боловсролтой, зөв сэтгэлтэй хүмүүс эх орныг маань хөгжүүлнэ. Зөв сэтгэлтэй хүн л эх орондоо сэтгэлээ гаргаж чадна. Зөв сэтгэлтэй хүн л зөв зорилгыг өөртөө бий болгоно.

Монголчууд маань зөв сэтгэлтэй гэдэгт би итгэдэг бөгөөд харин төр, олон нийтийн байгууллагуудын зүгээс зөв бодлогоор зөв боловсрол, мөн зөв зорилгыг гаргаж өгөх хэрэгтэй. Бид япон шиг дайчин, орос шиг эх оронч, америк шиг эрх чөлөөтэй, герман шиг боловсролтой, өвөг дээдэс шигээ халуун сэтгэлт монголчуудыг бий болгоё. Энэ тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн маань хамгийн бат бэх цайз хэрэм байх болно.

Гэхдээ хөгжил нь ланд круйзэр жип машин унаад, хувийн хоёр давхар орон сууцанд амьдраад, зуны амралтаа Хавайд өнгөрөөгөөд, дан брэнд бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаар ч бас биш, харин хүмүүс нь хэрхэн аз жаргалтай амьдарч буй, тэдэнд мөрөөдлөө биелүүлэх нөхцөл байна уу, тэдэнд бахархал байна уу гэдгийг илтгэн харуулахаараа илүү чухал. Тэгэхээр бид хөгжил дэвшилд хүрнээ гэдэг нь монгол хүний бахархал, мөрөөдөл, ирээдүйдээ итгэлтэй байдлыг эргүүлэн авчирах гэж ойлгох ёстой юм. Ингэсэн цагт монгол хүний саруул ухаан, сийрэг толгойн хүчээр нэг хүнд ноогдох ДНБ, үндэсний баялгийн хэмжээ гэх мэт үзүүлэлтүүдээр дэлхийд толгой цохих нь тийм ч хэцүү бишээ гэж би бүрэн итгэлтэй хэлнэ. Үүний тулд бид монголчууддаа боломжийг бий болгож өгдөг тийм л хөгжил дэвшлийн тухай ярих ёстой юм.

Энэхүү хөгжлийг бид бүхэн өнөөдрөөс эхлэн өөрсдөөсөө эрж хайх ёстой. Монгол улсын 2 сая 500 мянган иргэн хэрэв өөрийнхөө төлөө хариуцлага хүлээдэг болж, өөрийнхөө эргэн тойронд буй хүмүүстээ гэрэл гэгээ нэмж чадах юм бол Монгол маань илүү гэгээлэг болох болно. Бүгд бие биендээ боломжийг бий болгож, боломж олгоцгооё. XIII зуунд Чингис хаан ганцаараа мундаг байгаад Монгол хүчирхэгжээгүй, гагцхүү тэрээр хүмүүст боломж олгож байсан. Тэр өрнө дорныг холбосон торгоны замаар худалдаа арилжаагаа аюул эндэлгүй явуулах боломжийг бий болгож, тэр тататунга монгол бичиг зохиох боломжийг бий болгож, тэр монгол эрсийг ид жавхаагаа харуулах боломжийг бий болгож, тэр ухаант мэргэдийг ном зохиолоо бүтээн туурвих боломжийг бий болгож байсан учраас л түүний эзэнт гүрэн хамгийн шилдэг нь байлаа.

Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас хэмээн эзэн Чингис маань сургасан. Энэ үгийг бид ухаж ойлговол хүн бүр заавал улс төрч юм уу төрийн хүн болох албагүй, харин хүн бүр өөр өөрсдийгөө хөгжүүлж, өөрсдөө болон өөрсдийн хайртай хүмүүсийнхээ өмнө хариуцлага хүлээдэг бол эх орон маань амархан хөгжинө гэж их хаан маань захижээ. Үүнийг өнөөдрөөс ажил хэрэг болгоцгооё.

Бидэнд хийх ажил байна, бид японы нийгэм шиг бүх хэрэгцээ нь хангагдчихсан, ямар ч юм хийе гэсэн хэрэгцээ шаардлага нь дуусчихсан газар биш. бид шинэ түүхийн эзэд болох боломж байна. бид япон, баруун европын залуусыг бодвол азтай. нэгэнтээ алдарт жанжин Наполеон надад Чингис хаан шиг байлдан дагуулал хийх шалтаг байсан ч болоосой хэмээсэн байдаг. харин бидэнд шинэ түүхийн эзэд болж, ирээдүй үеийнхээ сурах бичигт бичигдэх боломж байна. Тиймээс цөмөөрөө өөр өөрсдийн хариуцаж буй салбар, мэргэжилдээ хамгийн шилдэг нь байдаг, бусдадаа боломж бололцоог гаргаж өгдөг Чингис хаад болцгооё. Эзэн хичээвэл заяа хичээнэ.

3 comments:

Zangga said...

миний ах мундаг шүү! ахдаа хайртай дүүгээс нь ;)

Choco said...

uneheer zuv shu, saihan bichleg bn. Bugdeeree undur bolovsroliig ezemshij zuvhun tolgoidoo erdemtei hun bish erdemtei bs zuv setgelgeetei bh heregtei .

Gundegee said...

tiimee, bayarlalaa :)

Related Posts Plugin for WordPress, Blogger...