“Үг яриа, шийдлээр бус цаг хугацаа, эс бөгөөс төмөр ба цусаар шийднэ” Отто фон Бисмарк (1815 – 1898)
/Прусс улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд нэгдсэн Герман улсыг байгуулахад түлхүүр үүрэг гүйцэтгэн улмаар 1871 онд түүний анхны канцлер болсон юм. Realpolitik-ыг үндэслэгч/
1820 оны Прусс (чернилийн ягаан нь шүү хэхэ)
XIX зууны Пруссын Дани, Австри, Францтай хийсэн 3 дайнд 3 үндсэн технологийн дэвшил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэв. Уг гурван дайны нийтлэг зорилго нь нэгдсэн Герман улсыг байгуулж, олон улсын тавцанд Германы эзэнт гүрнийг байр суурийг нь эзлүүлэх явдал байлаа.
Эдгээр дэвшлүүдийн эхнийх нь төмөр зам юм. Энэ нь цэрэг, техникийг хурдан хугацаанд дайчлан шилжүүлэх гайхалтай ид шидийг өөртөө агуулж байлаа. Ингэснээр төвлөрсөн галын хүчээр тоогоор давамгай дайсандаа цохилт өгөх боломжтой болсон билээ.
Хоёр дахь технологийн дэвшил нь цахилгаан мэдээ байсан юм. Энэ нь харилцаа холбоо хурдан хугацаанд өгөгдөж, уян хатан, хурдтай ажиллах боломжоор хангагдах болсон юм. Үүний ачаар асар том армийг нэгтгэн зангидаж, нэг хүн мэт дайтах боломжтой болжээ.
Гурав дахь технологийн дэвшил нь шинэ төрлийн винтов буу байсан бөгөөд урд хоншоороосоо бус, ар талаасаа сумаа цэнэглэдгээрээ завсрын хугацаа бага шаарддаг байв. Ингэснээр Пруссын цэргүүд босоогоор, явган сууж, мөн хэвтээгээрээ байлдах боломжтой болсон юм. Уг дэвшлүүдийн ачаар Прусс өмнө өгүүлсэн 3 улстай хэдхэн долоо хоног үргэлжилсэн дайн хийж хэтэрхий том ялалтуудыг байгуулж байлаа.
Түүнчлэн Францтай хийсэн дайнд Франц нь Германаас илүү дэвшилтэт зэвсэгтэй байсан боловч Германд ялагдсан юм. Учир нь Францын винтов нь Германыхаас хоёр дахин хурдан хугацаанд цэнэглэгддэг байтал францчууд зэвсгээ ашиглаж сураагүй, дадаагүй байсан байна. Нөгөөх нэг францчуудын давуу зэвсэг нь пулёмот байсан боловч түүнийг их бууны нэгэн ижил үүрэгтэйгээр ашиглан цэргүүдийн дунд армаг тармаг байрлуулсан аж. Ингэснээр германчууд пулёмотын цэг рүү өөрийн их бууны галаа төвлөрүүлэн тэдгээрийг жагсаалаас гаргаж байв. Үүнээс хойш эндээс сургамж авсан Францчууд пулемётын нэгжүүдийг нэг дор төвлөрүүлэн ашигладаг болжээ. Дайнд францчууд шившигт ялагдал хүлээн францын улс төрчдийн дунд “Хэзээ ч үүний талаар бүү ярь, харин дандаа бод” гэсэн үг ихэд газар авч байв. Тиймээс үүнээс авах сургамж бол технологи шийдвэрлэх ач холбогдолтой боловч мөн түүнд дасан зохицож, идээшүүлэх нь түүнээсээ илүү чухал болох явдал юм.
Сэдвийн сүүл хэсэгт авч үзэх бас нэг зүйл бол Бисмаркийн Пруссын улс төр-дайны бодлогын онцлогууд юм. Үнэхээр тухайн үедээ Германы улс төрийн бодлогын нэгэн шинэлэг, давуу тал нь дайныг хязгаарлагдмал зорилго, зорилтын хүрээнд явуулж, хэзээ ч түүнийгээ даван давардаггүй байсан явдал юм. Үүнийг Клаузевиц томъёолон “дайн бол өрсөлдөгчийнхөө эсрэг өөрсдийн зорилгоо л гүйцэлдүүлэх хүчирхийллийн үйлдэл юм” гэж бичсэн байдаг. Австритай дайтахдаа Прусс Австрийн эзэнт гүрнийг задлан бутлах зорилго тавиагүй бөгөөд 7 хоног үргэлжилсэн хязгаарлагдмал дайн хийн зүгээр л өөрийн хүчийг үзүүлэн Герман угсаатны нутаг дэвсгэрээс Австрийн нөлөөг хязгаарлах зорилго тавьжээ. Мөн тэрээр ялагдсан улсыг мөнхийн дайснаа болгохоос зайлсхийж байсан юм. Төлөвлөгөөндөө дараагийн ээлжинд Францтай дайтахаа тооцоолсон тэрээр 7 долоо хоногийн дайны дараа Австрийг өгөөмрөөр харж үзэн төвийг сахисан хэвээр үлдэхэд нь урамшуулан дэмжиж байв. Тэрээр дайныг хурдан хугацаанд явуулснаар эвдрэл сүйтгэл бага гарч, эдийн засаг, улс төр, нийгэм сэтгэл зүйн хүндрэлүүдээс зайлсхийж чадаж байлаа.
Холбоотнуудаа сонгохдоо Бисмарк сэтгэл зүрхнээсээ хандсангүй, харин улсын эрх ашгийг урьтал болгожээ. Үүнийгээ илэрхийлэн тэрээр “Би ёс суртахууны хувьд зөв бурууг бус харин манай аюулгүй байдлын ашиг сонирхолд хор холбогдол, ашиг тустай эсэхийг харгалзана” гэж хэлсэн байдаг. Тухайн үеийн реалистууд армийн хүчин чадал, төмөр зам, хүнд аж үйлдвэрт шийдвэрлэх ач холбогдол өгч байсан бол идеалистууд хаант засгийн эв санааны нэгдэл буюу ардчилсан национализм гэх мэт зарчим, үзэл санаанд тулгуурлан улс төрийг авч үзэж байв.
Бисмаркийн дайнуудаас 40 жилийн дараа гэхэд цэргийн мэргэжилтнүүд түүний номлолоос бүтээлчээр суралцан шинэ зэр зэвсэг бүтээн, түүнийгээ эзэмшүүлэн стратегийн болоод тактикийн дайчилгаа (mobilization)-г цэргийн номлолдоо нэвтрүүлэн дайныг хурдан хугацаанд үр дүнтэй явуулах болсон юм.
David W. Ziegler, War, Peace, and International Politics (Boston: Little Brown and Company, 1984)
номноос хураангуйлан орчуулвай.
No comments:
Post a Comment