Wikipedia: Russian Civil War-ийг орчуулав. Хамтран Wiki-гийн mn хувилбарыг хөгжүүлцгээе!
Оросын иргэний дайныг 1917-1923 онуудын хооронд болсон гэж үздэг бөгөөд уг дайнд нэг талаас хуучин оросын эзэнт гүрний үлдэгдлүүд, түүнийг дэмжигч олон улсын хүчнүүд, нөгөө талаас засгийн эрхийг авсан Большевик нам, түүний засгийн газрын хооронд өрнөжээ. Мөн тодорхой тооны гадны сайн дурынхан аль аль талд орж байлдсан ч гэдэг. Уг дайн дахь большевикуудын анхны ялалт нь Петроград (өнөөгийн Санкт-Петербург, хуучны Ленинград) хотыг эзэлсэн явдал байсан бол дайны үндсэн ялалт 1922 оны 10 сарын 25-нд улаан арми Приморийн хязгаар дахь шилжилтийн түр засгийн газрын мэдэлд байсан Владивосток хотыг эзэлснээр дуусгавар болсон гэж үздэг. Дайны хамгийн ширүүн тулалдаанууд 1918-1920 оны хооронд болсон байна. Тиймээс түүхийн дийлэнхи эх сурвалжуудад уг дайн үргэлжилсэн хугацааг 1918-1920 он гэж үзсэн байдаг.
1917 онд Орост Октябрын хувьсгал ялж, большевикүүд засгийн эрх авав. Дэлхийн дайнд ихэд ядарч туйлдсан байсан нь хаант Оросыг хүчгүйдүүлж, большевикууд засгийн эрх авах боломж олгожээ. Оросын хувьсгал 1917 оны туршид үймсэний дараа Николай II-ийг хаан ширээнээс нь буулгаж, шилжилтийн засгийн газар байгуулагдав. Тус оны 10 сард мөн өөр нэг хувьсгал гарсан нь “Улаан хамгаалагчид” хэмээх ажилчид ба цөллөгний цэргүүдийн Большевик намын удирдлагатайгаар хийсэн хувьсгал байлаа. Тэд Санкт Петерград буюу Петроградыг эзлэн хуучин засгийн эзэмшилд дэх бусад хот, тосгод руу довтлох болов. 1918 оны 1 сард большевик нам Төлөөлөгчдийн чуулганыг (парламент) хүчээр тарааж, Зөвлөлт засгийг тунхаглав.
Тэр даруй тэд урьдын тохирсон ёсоор Герман болон Төвийн хүчнүүдтэй энх тайван тогтоов. Үүний учрыг Германы эзэн хаан Вилхельм II-ын гадаад албаны дэмжлэгтэйгээр Владимир Ленин Орост эргэн ирж, хүчээ авсантай холбож үздэг. Үнэхээр Төвийн хүчнүүдэд дайны зүүн фронтыг тохинуулахад Оросын дэглэмийг дотроос нь задлан унагаж, хүчгүйдүүлэх нь туйлын чухал байж, уг үйл явдлыг далдуур дэмжсэн байдаг. 1917 оны 12 сарын 2-нд Брест-Литовскийн гал зогсоох гэрээ байгуулагдаж, энхийн яриа хэлэлцээ хийгдэж эхлэв. Ингэснээр Оросын тал Германы эзэнт гүрэн болон Оттоманы эзэнт гүрэнд Оросын эзэнт гүрний эзэмшилд асан нилээд том нутгийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрлөө. Оросын талын Леон Троцкий нарын төлөөлөгчдийн дунд энэ талаар өөр дуу хоолой хүчтэй байсан боловч нэгэнт тогтсон ёсоор шийдэв.
Гэтэл даварсан германчууд сэтгэл ханасангүй, зүүн тийш ямар ч эсэргүүцэлгүй нөхцөлд 11 хоногийн цэргийн аялан байлдах ажиллагаа явуулжээ. Оросуудад үүнийг тогтоон барих хүч байгаагүй бөгөөд тэд үүнээс илүү ноцтой дотоодын зэвсэгт мөргөлдөөнтэй нүүр тулаад байв. Тэдэнд яван явсаар бүх дэлхийг бүрхэх улаан тугны хажууд түр зуурын нутаг дэвсгэрийн хумигдал бага асуудал санагдаж байв. Ингээд хоёр тал Германы эзлэн түрэмгийллийг хүлээн зөвшөөрч 1918 оны 3 сарын 6-нд Брест-Литовскийн гэрээг үзэглэв. Эзэлсэн нутаг дэвсгэрт Финлянд, Польш, Литва, Латви-Эстони, Беларус, Украйн, Транскавказийн ардчилсан холбооны улс (Гүрж-Армени-Азербайжан) зэрэг богино настай дагуул, бамбай улсууд байгуулагдав. Дэлхийн дайнд Германи ялагдсаны дараа Зөвлөлтүүд нутаг дэвсгэрийн алдагдлаа зарим хэсгээр нөхсөн боловч нилээд нь тусгаар тогтносон хэвээр үлдсэн гэдэг.
Хувьсгалын дараа хуучин арми таран бутарсан байсан тул сайн дурынхан дээр тулгуурласан Улаан хамгаалагчдыг дайны комиссар Леон Троцкий тэргүүтэй чекистуудын (Большевикуудын аюулгүйн алба) удирдлаган дор өсгөн бойжуулж “Ажилчин тариачны улаан арми” гээч мэргэжлийн армийг байгууллаа. Дан ажилчдаас бүтсэн арми хол явахгүйг ойлгосон Троцкий 1918 оны 6 сард хөдөөгийн тариачдыг заавал цэрэгт алба хаах журам тогтоов. Хөдөөгийн оросуудын зүгээс хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсныг гэр бүл, тосгоныхныг нь барьцаалж, шаардлагатай тохиолдолд буудах тулгалтаар тогтоон барьж байжээ. Царийн (эзэн хааны) армид алба хааж байсан офицеруудыг “цэргийн мэргэжилтүүдээр” буцаан томилж, оронд нь тэдний гэр бүлийнхнийг барьцаанд авч үнэнч байхыг албадах болов. Дайны эхэнд улаан армийн офицеруудын бүрэлдэхүүний ¾ нь хаант оросын офицерууд байсан байдаг. Харин дайны төгсгөл гэхэд улаан армийн дивиз, корпусын командлагчдын 83% нь хуучин оросын армийн дайчид болжээ.
Үндсэн хуулийн ассемблейн сонгууль явагдахад большевикууд цөөнхийн суудалд суухаар санал авсан тул тэд чуулганыг хүч хэрэглэн тараав. Үндсэндээ тэдний дэмжлэгийн хүч Санкт Петербург болон Москва хотууд, бусад аж үйлдвэрийн бүсүүдэд төвлөрч байлаа.
Зэвсэгт тэмцэл эхэлснээс хойш тэд II Николай хааныг гэр бүлийнх нь хамт цаазалснаар барахгүй ангийн дайсан гэсэн нэрийн доор энгийн номхон олон сая хvмvvсийг хэлмэгдүүлж тус улсыг бүхэлд нь хамарсан өлсгөлөн гуйланчлалд нэрвүүлсэн нь ард олны дургvйцлийг хvргэж байв.
Октябрийн хувьсгал, Брест-Литовскийн үндэсний эрх ашгаас урвасан гэрээ нь большевизмын эсрэг улс төрийн бүлгүүд үүсч, хүчээ авахад хүргэлээ. Үүнд газрын эзэд, бүгд найрамдахчууд, консервативууд, дундаж давхаргынхан, хаант засаглалын талынхан, либералууд, армийн генералууд, социалистууд сайн дураар нэгдэж цагаан хөдөлгөөн (бидний мэддэгээр цагаан арми) –ийг үүсгэж, генерал Юденич, Деникин болон адмирал Колчакууд удирдах болов.
Барууны холбоотнууд ч хувьсгалд таагүй хандаж байсан бөгөөд үүнийг нэгдүгээрт, Орос улс дэлхийн дайнаас холбоотны үүргээ зөрчиж гарсан, хоёрдугаарт болзошгүй Орос-Германы эвсэл, гуравдугаарт олон улсын нэр хүндээ хамгаалах, дөрөвдүгээрт хаант Оросын авсан ихээхэн хэмжээний зээл хүчингүй болох аюултай болсон зэрэг нь нөхцөлдүүлжээ. Британи болон Франц улсууд Оросыг ихээхэн хэмжээний цэргийн зэр зэвсэг, санхүүгээр дэмжиж байсны дийлэнхи нь Германчуудын мэдэлд очив. Ингэснээр цагаан хөдөлгөөнийг дэмжсэн холбоотнуудын интервэнцийг Нэгдсэн вант улс, Франц улсууд үйлдэж, цэргүүд нь Оросын боомтуудад газардаж, аялан байлдах ажиллагаа явуулж эхэлжээ. Төвийн хүчнийхэн ч большевикуудтай халуун дотноор харьцахгүй байсан нь баруун тийш хувьсгал экспортлогдохоос битүүхэн эмээж байснаас үүдэж байв. Тэр үед Уинстон Черчиль большевизмыг “өлгийнд нь боомилохыг” шаардаж байсан нь хэдхэн жилийн дараа улс төрчдийн “толгойд орсон” юм.
Тус оны 5 сард урьдчилан тааварлаагүй нэгэн явдал болсон нь дайнд олзлогдон Сибирт цөлөгдсөн 50,000 цэрэг бүхий нь Австри-Унгарын армийн чех үндэстэн голцуу дайны олзлогдогчид болон цөллөгийнхөнөөс бүрдсэн Чехословакийн легион бослого гаргасан байна. Томас Масарикийн цогтой удирдлаган дор легион өөрсдийгөө Чехословакийн армийн корпус хэмээн нэрлэж, эх нутагтаа очин Германуудтай тулалдах сонирхолтой байв. Гэвч зөвлөлт засгийн газар амлалтаасаа буцаж Владивостокоор дамжуулан нутагт нь буцаах битгий хэл тэднийг зэвсэггүйжүүлэн хорих оролдлого хийсэн нь мөргөлдөөнд хүрч орон нутаг дахь большевикуудын зэвсгийг хураан авч олзолжээ. Сарын дотор гэхэд л Чехословакийн легион Уралын нуруунаас Байгаль нуур хүртэлх Транс-Сибирийн төмөр замын дийлэнхи хэсгийг гартаа барих болов. 7 сарын сүүлээр тэд улам бүр хүчээ авч, 1918 оны 7 сарын 17-нд Екатеринбург хотыг эзэллээ. Бажигдан зугтахаас өөр аргагүй болсон зөвлөлтүүд оросын эзэн хааныг гэр бүлийнхнийх нь хамтаар яаралтай цаазалсан нь тэднийг цагаантнуудад алдах вий гэсэн болгоомжлолоос болсон байдаг.
Меньшевикууд болон социалистууд Чехословак легион болон тариачдын тусламжтайгаар Самара болон Саратов хотуудыг авч, Үндсэн хуулийн ассемблэйн гишүүдийн зөвлөл (Комуч) гэгч байгууллагыг байгуулав.
1918 оны 7 сард большевикуудад дургүйцсэн зүүн жигүүрийн социалистууд болох Блюмкин ба Андрейв нарын чекистууд германчуудын дайсагналыг сэргээж, өдөөн хатгах зорилгоор Германы элчин сайд Мирбахыг Москвад хороожээ. Бусад социалистууд ч дэглэмийн эсрэг зогсож, Улаан армитай тулалдах болов. Зөвлөлтүүд цэргийн ангиудыг Чекагийн нөлөөнөөс тусгаарлан, орон нутгийн бослогуудыг хүчирхийлэн дарах арга хэмжээнүүдийг авч, Ленин өөрийн биеэр Германы талд аллага болсонд уучлал гуйсан байдаг. Социалистуудыг нээн илрүүлэх, баривчлах томоохон цуст ажиллагаа улс орон даяар явагдав.
Дайны комиссар Троцкигийн удирдлаган дор цэргийн оргон зугталт, халшралт, үймээн самууныг хатуу гэсгээн шийтгэх хээрийн шүүхийг байгуулав. Дайны талбарт улаан армийн цэргийн ухралт, няцалт, зугтаалт маш өндөр хувьтай байсан тул галын шугаман дээр шууд буудан цаазлахыг хүртэл зөвшөөрчээ.
Консерватив, үндэсний үзэлт засгийн газрууд Башкир, Киргиз болон Татарт байгуулагдсан бол Сибирийн бүсийн засгийн газар гэгч Омскт байгуулагдав. Улмаар 1918 оны 9 сард бүх зөвлөлтийн эсрэг засгийн газрууд Уфад хуралдаж шинэ Оросын түр засгийн газрыг Омскт байгуулахаар тогтож, 5 хүний бүрэлдэхүүнтэй удирдагын зөвлөлийг байгуулсаны 3 нь социалистууд, 2 нь кадетууд байлаа. Омск дахь засгийн газар удалгүй шинэ дайны асуудал хариуцсан сайд, адмирал Колчакийн нөлөөнд орж, 11 сарын 18-нд тэрээр төрийн эргэлт хийв. Зөвлөлийн гишүүдийг баривчилж, Колчак өөрийгөө “Оросын агуу удирдагч” хэмээн зарлав. Гэсэн хэдий ч тэрээр улс төрийн болон цэргийн үйл хэрэгт хангалттай туршлага, мэдлэггүй удирдагч (тэрээр зөвхөн тэнгисийн аян дайны чиглэлээр мэргэшсэн нэгэн байв) гэдгээ удалгүй харуулав. Түүний хамгийн том алдаа нь бүс нутаг дахь хамгийн хүчтэй цэргийн бүлэглэл болох Чехословакийн легионтой учир зүйгээ олж чадаагүй явдал юм.
Большевикуудын коммунист засгийн газрын тухайд Адмирал Колчак засгийн эрхэнд гарч ирсэн нь улс төрийн ялалт байв. Учир нь тэрээр ардчилсан бус гэдгээ нотлон харуулжээ. Тэрээр 400,000 хүний хүч бүхий ардын арми гэгчийг зохион байгуулж, түүний цэргүүд Перм болон Уфа хотуудыг эзлэн авсан нь түүний амжилтын оргил цэг нь байлаа.
1918 оны 4 сард Бакугийн коммун байгуулагдаж тус оны 7 сар хүртэл оршин тогтнов. Бакугийн улаан арми урд зүгээс ирэх Оттоманы Исламын армийг тогтоон барьж байв. Зөвлөлтүүдийн баруун жигүүрийнхэн болон меньшевикүүд Перс дэх Британы цэргийн командлагч генерал Данстервильтай яриа хэлэлцээ хийж эхлэн, үүнийг нь большевикууд болон зүүн жигүүрийнхэн эсэргүүцэх болсон ч 7 сарын 25-нд явагдсан бүх нийтийн санал хураалтаар олонхи нь Британичууд болон большевикуудыг хөөн гаргахын төлөө саналаа өгчээ. Ийнхүү Бакугийн коммун төгсөж Төв Каспид дарангуйллын засаг тогтов.
Дайны түлхүүр жил болсон 1919 он гарлаа. Большевик засгийн газар Петроградаас Москва, өмнө тийш Царицын (өнөөгийн Волгоград) хүртэлх Оросын зонхилох хэсэгт хяналтаа хатуу тогтоож байв. Зүүн зүгт адмирал Колчакын удирдсан багахан арми Транс-Сибирийн төмөр замын дагуу хяналтаа тогтоож байсан бол өмнөдөд Цагаан армиуд Дон ба Украйны дийлэнхи хэсгийг хянаж байлаа. Кавказд генерал Деникин шинэ цагаан арми гэгчийг үүсгэн байгуулав. Шинэхэн тусгаар тогтносон Эстони улс 1918 оны 11 сараас хойш большевикуудтай тулалдаж байсан нь Зөвлөлт засаг түүний суверинитетийг үл хүлээн зөвшөөрч, түрэмгийлэн довтолж эхэлсэнээс болсон аж. Цагаантнуудад тусламж үзүүлэх зорилгоор Англи, Францын цэрэг (антантын гүрнүүд) Хар тэнгисийн эрэгт бууж, Одесса хотыг Францчууд эзэлсэн байсан бол Мурманск Британы мэдэлд байв. Мөн Британи, АНУ-ын хамтарсан хүч Архангельскийг эзэлсэн бол япончууд Владивостокт хяналтаа тогтоов. Японы 150,000 хvнтэй аялан байлдах корпус Владивостокт 1918 оны 4-р сарын 5-нд газардаж Читад тулж ирэв.
Козакууд Украйньд хүчтэй байсан боловч зохион байгуулалтанд орж, өөрсдийн амжилтыг бататгаж чадахгүй байсаар 1919 оны 1 сард эхэлсэн большевикуудын сөрөг дайралтанд дарагдав. 1919 оны 2 сарын 3-нд улаан арми Киев хотыг эзэллээ.
Цагаан арми Украйны Хар армитай тулалдах болов. Улаан армиас зугтан Хар Армид нэгдэх нь их байсан, нөгөө талаар хүчээ нөөх зорилгоор Большевик засгийн газар Украйнаас цэргээ татав. Хар армиар дамжуулан анархистууд өмнөд Украйнд бэхэжлээ.
Энэ хооронд Троцкий Колчакын эсрэг дахин нэг арми илгээв. Чадварлаг командлагч Тухачевскийгаар удирдуулсан энэ арми нь Екатеринбургийг дахин эзэлж, Транс-Сибирийн төмөр замын дагуу аялан байлдах болов. Аль аль тал нь өгөө аваатай тулалдсаар байсан боловч Улаан арми хүч давуутай тул аажим давамгай болж байлаа. Цаашдын хандлагыг хүлээн зөвшөөрсөн Францын цэрэг 1919 оны 4 сарын 8-нд ямар нэгэн тулалдаан хийлгүйгээр Одессыг орхин гарсан бол Колчакийн улаан арми ухарч зугтаасан нь Их Британи, АНУ-ын найдварыг унтрааж, өвөл болж тэнгис хөлдөхөөс өмнө амжин Мурманск ба Архангелскаас хүчээ татлаа. Хэдийгээр Их Британи өөрийн цэргээ татсан боловч мөнгө, зэр зэвсэг, хүнс, сум, цэргийн зөвлөхүүд илгээх байдлаар Цагаан армиуд, түүний дотор генерал Юденичийг дэмжсээр байв. 1919 оны 11 сарын 14-нд Улаан арми Омскийг эзлэв. Үүний дараахан Колчак засгийн эрхээ алдаж, Цагаан армийнхнаас Сибирь цэвэрлэгджээ.
Зуны эхэн сард генерал Врангелийн удирдлаган доорхи Кавказийн арми умард руу довтолж, Колчакын хүчинд туслах, холбогдохыг эрмэлзэв. Тэд Царицыныг эзэлсэн боловч Троцкий Тухачевскийгаар удирдуулсан шинэхэн армиа Врангель руу илгээв. Илт давамгай хүчтэй тулгарсан Кавказын арми Царицыныг орхиж, өмнөд рүү дутаав.
Зуны сүүлээр Доны арми хэмээн нэрлэгдсэн өөр нэгэн козак цэргүүд генерал Мамонтовын удирдлаганд дор Украйн руу дайрлаа. Олон газар зэрэг дайн хийж сульдсан улаан арми Киев хотыг 1919 оны 9 сарын 2-нд орхин гарлаа. Мамонтовын дайчид хойшоо үргэлжлүүлэн довтолж Воронеж хүрсэн боловч тэнд 10 сарын 24-нд Тухачевскийн армид бут цохигджээ. Деникиний хүч нилээд амжилттай аялан байлдаж, 1919 оны өвөл генерал өөрийн цэргүүдийн хамт өмнөд фронт дээр тулалдаж, Тула хотыг хяналтандаа авч Москва руу нилээд дөхөөд байсан боловч Нестор Махногоор удирдуулсан Украйны Анархист Хар арми цагаан армийн хангамжийн гинжин хэлхээг бүрдүүлдэг хэд хэдэн чухал сууринг хяналтандаа барьж, эх нутаг болох Украйныг нь түйвээж байсан тул украйн голцуу цэргийн генералууд Деникинд санал тавин арагш Украйн руугаа аялан байлдах болсон байна. Хүнс, зэр зэвсэг, сум, их буу, хүн хүчний дутагдалд орсон Деникиний арми хэд хэдэн шийдвэрлэх тулалдаануудад ялагдал хүлээв. Улаан арми Киев хотыг 12 сарын 17-нд эргэн эзлэн авч, цохигдсон Козакууд хар тэнгисийн зүг зугтаасан байна.
Оросын төв болон дорнод хэсэгт цохигдоод байсан Цагаан армиуд харин өмнөд Украйныг захирч байсан Нестор Махногийн анархист Хар армийг үлдэн хөөхөд амжилт олов. Гэтэл энэ нь цаанаасаа Троцкигийн зальжин бодлогын үр дагавар байлаа. Хар армийг хүчээ авахаас эмээсэн Москва цаашид түүнд бүх талаар тусламж, дэмжлэг үзүүлэхээс татгалзан аль алинаар нь бие биенийг нь устгуулах бодлого барьж, цагаан козакууд болон хар армийн хооронд хөндөлссөн байсан улаан армийн зарим анги нэгжүүдийг ухраан татсанаар Крым болон өмнөд Украйнд Цагаан арми ноёрхох болов.
Улаан армид дахин нэгэн заналхийлэл учирсан нь цагааны генерал Юденич Британы дэмжлэгтэйгээр Эстонид 20,000 орчим хүнтэй жижиг арми зохион байгуулж, 1919 оны 10 сард Петроградыг эзлэх гэнэтийн довтолгоон хийв. Дайралтыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, голцуу шөнөөр довтолж байсны зэрэгцээ хөнгөн морьт цэргээр маневрлаж, Улаан армийн байрлалыг сандаргаж байлаа. Түүнчлэн Юденичд Британы 6 танк байсан нь улааны цэргүүдийг сандралд оруулж, нэгдсэн удирдлагыг нь алдагдуулахад ихээхэн үр дүнтэй ашиглагдаж байв. 1919 оны 10 сарын 19-нд Юденичийн цэргүүд Петроградын захад хүрэв. Тэр битгий хэл Москва дахь Большевикийн төв хорооны зарим гишүүд Петроградыг Юденичд сул өгөх хүртэл санал тавьж байсан ч Троцкий эрс татгалзан өөрөө биечлэн хамгаалалтыг удирдах боллоо. Троцкий хэлэхдээ “15-хан мянган хүнтэй хуучин офицеруудын жижигхэн арми 700,000 оршин суугчтай ажилчин ангийн нийслэлийг эзлэнэ гэдэг боломжгүй зүйл” гээд тэрээр хот өөрөө өөрийгөө хамгаалах стратегийг боловсруулжээ. Троцкий боломжтой бүх ажилчдыг эр эм гэлгүй зэвсэглэн, мөн Москвагаас цэргийн хүч шилжүүлэв. Хэдхэн долоо хоногийн дотор Петроградыг хамгаалж буй Улаан армийн хүн хүч 3 дахин нэмэгдэж, Юденичийн хүн хүчтэй 3:1 харьцаатай болов. Энэ үед Юденич хангамжаар дутагдаж, хотыг тойрсон бүслэлтээ буулгахаар шийдэж, армиа Эстони хүртэл ухраав. Түүнийг Эстонид ирэхэд Эстоний засгийн газар Москвагаас эмээн армийн зэвсэглэлийг нь хураав. Юденичд үнэнч үлдсэн түүний армийн үлдэгдэл хүчийг Эстоний арми бут цохисноор энд галын шугам намжсан юм. Юденич Хельсинк руу зугтаж, харин Тартугийн гэрээний дагуу Юденичийн дийлэнхи цэргүүд цөллөгт явжээ. Мамонтовын козак армийг Воронежд, Юденичийг Петроградад, Колчакыг Омскт ялсан нь дайны өнгийг хувиргав.
Сибирьт адмирал Колчакын арми бутарч, тэрээр баригдсан бөгөөд өөрийн залгамжлагчаар Григорий Семёновыг томилжээ. Сибирь дэх дайн үргэлжилсээр байсан авч цар хэмжээ, ач холбогдлын хувьд багассаар түүний хүч зэвсэгт бүлэглэл буюу хэрэг дээрээ дээрэмчдийн бүлгийн хэмжээнд хүртэл хумигдан хэсүүлчдийн цуваа төдий болов. Улмаар Семёновын Козак цэргийн үлдэгдлүүд Хятад руу дутаасан авай.
Чехословакийн легион нь Оросын иргэний дайнд хамрагдах тийм ч сонирхолгүй байв. Тэд Германы армитай тулалдах л хүсэлтэй байсан боловч дэлхийн дайн дуусгавар болсоноор тэдний тулалдах сонирхол унтарчээ. Түүнчлэн Колчакын урагшгүй удирдлагад урам хугарсан тэд 1919 оны туршид өөрсдийн цэргүүдээ бага багаар Европ руу далайгаар илгээх болов. Үүнд нь Транс-Сибирийн төмөр замын дорнод үзүүрт нь хяналтаа тогтоож байсан АНУ-ын генерал Уйльям С.Гравз тусалжээ. Ингэснээр Чехословакийн легион Владивостокыг бүрэн орхин нутгийн зүг одсон юм. Тэдэнтэй цуг мөн АНУ-ын цэргүүд Сибирийг орхин гарлаа.
Цагаан армийн үлдэгдэл хүн хүчний дийлэнхийг 1920 оны өвөл-хаврын завсарт Британы хөлгүүд нүүлгэн шилжүүлэв. Генерал Врангель харин бууриа сахин үлдэж, 1920 оны зун хүртэл байжээ. Москвагийн Большевик засгийн газар Украйны анархистуудын удирдагч Нестор Махнотой улс төрийн холбоо тогтоож, гэрээ байгуулсанаар Хар арми Врангелийн анги нэгтгэлүүд рүү дэс дараалан довтолж, тэрээр намрын ургацаа хурааж амжихаасаа өмнө зугтахаас өөр аргагүй болгов. Украйныг тогтоон барих оролдлого нь бүтэлгүйтсэн генерал Врангель умар зүг рүү довтлон Польш-Зөвлөлтийн дайн дахь Улаан армийн ялагдлыг ашиглахаар шийдэв. Гэсэн хэдий ч довтолгоон няцаагдаж, түүнийг Улаан ба Хар армийн морьт ба явган цэргүүд элдэн хөөж, 1920 оны 11 сар гэхэд Крим хүртэл ухраажээ. Врангель ба түүний армийн үлдэгдлийг Британий хөлөг онгоцнууд 1920 оны 11 сарын 14-нд тосон авлаа. Тэдэнтэй цуг олон арван мянган оросууд Улаан армийн харгислалаас зугтаан амь гарахыг бодож хөлөг онгоцнуудад чихэлдэн суухыг хичээсэн боловч дийлэнхи нь үлдэж хоцорсон юм. Энэ үеийн амьд гэрч нар дотор давчдам харгис хэрцгий аймшигт дүр зургийг өгүүлцгээдэг байна.
Врангель ялагдангуут Улаан арми Нестор Махнотой 1920 онд байгуулсан гэрээгээ зөрчин Хар армийг нь намнаж эхлэв. Мөн Нестор Махно болон украйны бусад анархистуудыг алах ажиллагаануудыг Чека-гийн агентуудаар дамжуулан зохион байгуулжээ. Ийнхүү Хар армийнхныг маш харгис догшин байдлаар цус урсгаж дарав. Махно болон анархистуудыг талархан дэмждэг байх магадлалтай хот тосгодуудад бүхнийг хамарсан алан хядлага, цаазлах ажиллагаа явууллаа. Энэхүү аллагыг эсэргүүцсэн үймээн самуун Украйн, Сибирийг нөмөрсөн ч мөн л ихээхэн цус, нулимсаар арчлаа.
Дорнод Сибирийн Амурын хязгаарыг өөртөө нэгтгэх төлөвлөгөөтэй байсан япончууд нөхцөл байдлыг дүгнэн цэгнэсний үндсэн дээр эцсийн эцэст өөрийн цэргээ эргүүлэн татаж, 1922 оны 10 сарын 25-нд Владивостокийг улаан армид сул өгөв. Төв Азид улаан арми Басмачи нэртэй зэвсэгт бүлэглэлүүдтэй 1923 он хүртэл тулалдсан бол Камчаткын хойг болон Умард Сахалин 1925 онд ЗХУ-тай гэрээ байгуулах хүртэл Японы эзэмшил байжээ.
Иргэний дайны явцад Улаан арми Алс Дорнод болон Монголд цагааны үлдэгдлийг бут цохиж, тэнд мөн өөрийн хараат улсуудыг бий болгосон байна. Оросын иргэний дайн нь тус улсыг гүн хямралд оруулжээ. Сая сая хvн энэ дайны золиос болж, тус оронд Зөвлөлт засаг тогтжээ.
Дэлхийн нэгдүгээр дайн, түүнийг залгуулан болсон Оросын иргэний дайн 7 жил үргэлжилж, 20 гаруй сая хүн амь насаа алдсанаас 15 сая нь иргэний дайнтай шууд холбоотой бөгөөд үүний дотор Оросын Улаан армийн 1 сая, Цагаан армийн 500 мянган цэргүүд амь насаа алдсан байна. Колчакын дараа удирдлагыг гартаа авсан Семёнов л гэхэд өөрийн захиргаанд байсан нутаг дэвсгэртээ 100 мянга гаруй энгийн ард иргэд - эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүйс тэмтэрсэн байдаг. Дайнтай зэрэгцэн явагдсан большевикуудын Улаан террор ба Чека нарын ажиллагаагаар 250 мянган хүнийг алах буюу цаазалж, Козак цэргүүдийн төрсөн нутагт явагдсан “Козакуудаас цэвэрлэх ажиллагаа”- ны үеэр 300-500 мянган энгийн иргэд алагдсан нь тус бүс нутгийн хүн амын 15-20% болж байсан байх юм. Цагаан арми ч зүгээр байсангүй дайныг далимдуулан тэдний явуулсан Еврей нарыг хүйс тэмтрэх ажиллагааны золиос болж 100 мянган Еврей үндэстэн алагдсан байдаг. Большевикуудын хээрийн шүүх цор ганц Доны бүс нутагт л гэхэд 25 мянган хүнийг хагас жилийн дотор буудан хороосон бол Колчакын засгийн газар ганц Екатеринбург мужид л гэхэд 25 мянган хүнийг цаазалсан аж. Дайны дараа ЗХУ ихээхэн туйлдаж, бүрэн сүйрлийн ирмэгт ирсэн байв. 1920, 1921 оны ган, 1921 оны өлсгөлөн, түүнийг дагасан өвчин, тахал Оросуудыг хиаруулав.
Зөвхөн 1920 онд л гэхэд хижиг өвчний тахлын улмаас 3000000 хүн үхсэн судалгаа байна. 1922 онд Орост явагдсан тооллогоор дор хаяж 7 сая орон гэргүй, гудамжны хэмээн нэрлэгдсэн хүүхдүүд бий болоод байсан нь тэр үеийн Оросын хүн амын 5-аас илүү хувь нь байв.
Дайны үед дор хаяж 13 сая энгийн иргэд алагдаж, 1-2 сая хүн Орос орныг орхин дүрвэжээ. Эдгээр дүрвэгчдийн дотор оросын боловсролтой, оюунлаг хүмүүсийн дорвитой хэсэг нь багтаж байв.
Оросын эдийн засаг сүйрч, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн 1913 оны түвшний долооны нэг, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн тус оны гуравны нэгийн хэмжээнд хүртлээ буурчээ. Энэ үед өлсгөлөнгөөс үүдэн нилээдгүй тооны хүн сайн дураар амиа хорлосон ч гэдэг. Аж үйлдвэрийн салбарыг аваад үзэхэд дайны өмнөх түвшингээс даавууны үйлдвэрлэл 20 дахин, төмрийн үйлдвэрлэл 50 дахин буурсан байна. Хөдөө аж ахуйн боловсруулсан газрын хэмжээ 2 дахин багасч, нэгж га-гаас авах ургацын дундаж хэмжээ 3 дахин буурав. Морин сүргийн тоо 1916 онд 35 сая байсан бол 1920 онд 24 сая болж, үхэр сүргийн тоо 58-37 сая болтлоо буурчээ. Доллартай харьцах рублийн ханш 1914 онд 1:2 байсан бол 1920 онд 1:1200 болов.
1 comment:
И что бы мы делали без вашей замечательной идеи
Post a Comment