Wikipedia: Chinese civil war-ийг орчуулав. Хамтран Wiki-гийн mn хувилбарыг хөгжүүлцгээе!
1911 оны Синхайн хувьсгалын нөлөөгөөр Хятадад Манжийн дэглэм унаж, БНХУ-ыг тунхаглаж Сун Ят Сен ерөнхийлөгч болжээ. Гэвч Хятадад нэгдсэн төр улс удаан оршин тогтносонгvй. Цэргийн генерал болгон өөрийн эзэмшил болгоноо тусгаар улс болгон зарлаж, тэдгээр цэргийн эрхтнvvд нь хоорондоо дайсагналцаж байв. 1914 оны 1-р сард генерал Юан Ши Кай парламентыг тараан, өөрийн дэглэмийг Хятадын ихэнхи нутагт тогтоож чаджээ. Юан Ши Кайн дэглэм удаан оршин тогтносонгvй, бас л хоорондоо иргэний дайн хийсээр байв. Тухайн үед Хятад орныг биеэ даасан цэргийн эрхтнvvд хэдэн арван хэсэг болгон тусад нь захирч байлаа. Жишээ нь, ганц Сичуань мужийг гэхэд л бие даасан 7, 8 генерал хэсэг, хэсгээр нь захирч байв. Энэ vед Хятадад улс төрийн хамгийн том хоёр бvлэглэл байсан нь Кvоминдан буюу гамин нам, нөгөөх нь хятадын коммунист нам билээ. Энэ хоёр намын зөрчил 1920-иод оноос эхтэй бөгөөд 1920-иод оны сvvлээр коммунистууд байн, байн бослого гаргах болов. 1930-аад оны эхээр ХКН нь ЗХУ-ын тусламжаар гамингийн эсрэг тулалдах чадвар бvхий байнгын автоматжуулсан армитай болжээ. Энэ vед Гамин намыг Чан Кай Ши, харин ХКН-ыг Мао Зе Дун (Зураг) нар удирдаж байв. 1930-аад оны дундуур энэ хоёр тал ширvvн тулалдаанууд хийж эхлэв. Гэвч, япончуудын Хятадын эсрэг явуулж байсан дайнууд хоёр намыг 1937 оны 7-р сарын 5-нд эвлэрэх гэрээнд нэгдэхэд хvргэсэн юм. Дэлхийн II дайны дараа япончууд Хятадаас гарсны дараа 1946 оноос иргэний дайн дахин идэвхжиж, 1949 онд коммунистууд ялалт байгуулж засгийн эрх авсан байна. Харин гоминданууд Тайвань арал руу зугтаж, одоог хvртэл тэнд өөрсдийн засаг захиргааг байгуулж оршин тогтносоор байна.
Хятадын иргэний дайн нь 1927 оны 4 сараас 1950 оны 5 сарын хооронд Куоминдань буюу Хятадын үндсэрхэг нам болон Хятадын коммунист намуудын дунд үргэлжилсэн бөгөөд 1927 онд умардын экспидицээр эхэлсэн юм. Үндсэрхэг буюу куоминтань намыг барууныхан дэмжиж байсан бол хятадын коммунист намыг зөвлөлтүүд дэмжиж байв. Харин Хятад-Японы хоёрдугаар дайн өрнөсөн жилүүдэд Японы эсрэг нэгдсэн эсэргүүцэл үзүүлэхийн тулд түр завсарласан байдаг. Дэлхийн II дайн дууссаны дараа 1946 оноос дайн дахин идэвхижжээ. Япончууд Дорнод хятад руу дайрч эзэлсэн нь Хятадын дотоод дахь үймээнийг овжин ашигласан хэрэг байв. 1945 онд Япон бууж өгснөөр дэлхийн хоёрдугаар дайн дуусгавар болсон бол 1946 оноос бүрэн хэмжээний иргэний дайн эхлэв. Дайсагнал 1950 он гарч байж 23 жилийн дараа дууссан бөгөөд албан ёсоор гал зогсоогүй юм. Үүнээс хойш эх газрын Хятадад БНХАУ шинээр байгуулагдсан бол БНХУ Тайвань, Пескадор ба Фужиань гэх мэт бусад жижиг арлууд дээр товхиносон юм. Өнөөг хүртэл хоёр тал гал зогсоож, энхийн гэрээ байгуулаагүй бөгөөд харин эдийн засгийн хамтын ажиллагаа нилээд хөгжжээ.
1911 онд Чин династи нуран унаж, Хятад нь Warlord era (?) хэмээгддэг эрин рүү орсон юм. Хятадын умард хэсэгт хяналтаа тогтоож байсан Эзэн хаант ёсны эсрэг бөгөөд үндэстний эв нэгдлийн үзэл санаатай Куоминтанг намынхан болоод БНХУ-ын ерөнхийлөгч Сун Ят Сен нар цэргийн эрхтнүүдийг дарахын тулд гаднаас тусламж эрэлхийлж байлаа. Гэвч баруунаас дэмжлэгийг эс олсон тул 1921 онд тэрээр Зөвлөлтөөс дэмжлэг хүслээ. Улс төрийн хожооны үүднээс Зөвлөлтүүд Суныг дэмжих болсон бөгөөд зэрэгцүүлээд Хятадын Коммунист намыг үүсгэн байгуулжээ.
1923 онд Сунь ба Зөвлөлтийн төлөөлөгч Адольф Йоффе нар Шанхайд уулзан Хятадын нэгдэлд зөвлөлт туслах хамтарсан мэдэгдэл хийв. Уг мэдэгдэл ёсоор Коминтерн, Куоминтанг ба Хятадын коммунист намуудын хамтын ажиллагааг тунхагласан бөгөөд Комминтерний төлөөлөгч Михайль Бородин 1923 онд Хятадад ирэн, улмаар Хятадын коммунист нам Куоминтангд элсэв.
1923 онд Сун Ят Сен өөрийн итгэлт хүн болох Чан Кай Шикийг улс төр ба цэргийн эрдэм суралцуулахаар нилээд олон сарын хугацаатайгаар Москва руу илгээв. Эргэж ирээд тэрээр “Вампуа цэргийн академийн” дарга болжээ. Зөвлөлтүүд тус академийг сургалтын материал, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, тэр дотроо зэр зэвсгээр хангав. Түүнчлэн массын мобилизаци хийх арга техникийг заав. Коммунист намын олон гишүүн тус сургуульд сурч байсны нэг нь Жоу Энлай байв.
Тэр үед коммунист намын бүрэлдэхүүн жижиг хэвээр байсан бөгөөд 1922 онд 300, 1925 онд 1500 гишүүнтэй болоод байв. Куоминтанг нам 1923 оны байдлаар 50,000 гишүүдтэй байжээ.
1925 онд Сун Ят Сен нас барснаас хэдхэн сарын дараа Үндэсний хувьсгалт армийн ерөнхий коммандлагч Чан Кай Шик Умардын экспедицээ эхлүүлэв. Гэтэл 1926 оноос Куоминтанг нь зүүн болон баруун жигүүрт хуваагдах болов. Энэ дотроо коммунистууд ч олшров. 1926 оны 3 сард Жон Шан хөлгийн хэрэг явдлаар барьцаалахыг оролдсоноос хойш Куоминтанг намын удирдлагад Коммунистуудыг оруулахыг хориглов.
1927 оны эх гэхэд Куоминтанг болон коммунистуудын сөргөлдөөн хувьсгал гарах түвшинд хүрэв. Коммунистууд болоод куоминтангийн зүүн жигүүрийнхэн Гуанжоугаас Ухань хүртэлхи мужуудын засаг захиргаанаас Куоминтангийн удирдлагыг зайлуулахаар шийдэв. Харин варлорд Сун Чуанфангд ялагдсан Чан Кай Ши зүүн тийш Жиагси руу нүүж байв. Зүүн жигүүрийнхэн Чаны шаардлагад татгалзсан бөгөөд Чан зүүнийхнийг Сун Ят Сены “Ард түмний 3 зарчмыг зөрчин, урваж” ЗХУ-аас даалгавар авсан хэмээн буруутгав.
4 сарын 7-нд Чан болон бусад Куоминтангийн удирдагчид уулзаж, коммунист арга барил нь нийгэм болоод эдийн засгийн хувьд хохиролтой болохыг ярилцсан байна. Улмаар Куоминтаны зүүн жигүүрийнхэн Хятадын коммунист намын олон зуун гишүүдийг баривчлан цаазлав. Уг явдал 4 сарын 12-ны хэрэг буюу Коммунистуудын үйлдсэн Шанхайн аллагад хүргэв. Коммунистууд Наншан, Чангша, Шандоу болон Гуанжоу хотуудыг эзлэхийг оролдов. Хунань мужид “Намрын ургацын бослого” хэмээх зэвсэгт орон нутгийн бослогыг Мао Зедун тэргүүлэн тариачид болоод коммунистууд гаргав. Бослого амжилтгүй боллоо. Яг энэ үед Хятад 3 нийслэлтэй болоод байсан нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийслэл Бээжин, коммунистууд болон зүүн жигүүрийн куоминтангчуудын нийслэл Ухань болоод баруун жигүүрийн куоминтангчуудын нийслэл Нанжин нар юм.
Куоминтангчууд варлордуудын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлэн 1928 оны 6 сард Бээжинг эзлэв. Үүний дараа Нанжин төвтэй засгийн газар дийлэнхи дорнод Хятадад хяналтаа тогтоон, уг засгийн газрыг Хятадын цорын ганц хүлээн зөвшөөрөгдсөн засаг хэмээн олон улс зөвшөөрөв. Куоминтангийн засгийн газар Сун Ят Сений хувьсгалын гурван шатны онолын дагуу буюу цэргийн нэгтгэлт, улс төрийн асрамж /халамж, сургалт/, үндсэн хуулийн ардчиллаар явахаа зарлав.
1920-иод оны туршид Хятадын коммунист нам буланд шахагдаж, хөдөө орон нутагт идэвхитэй үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд 1927 оны 8 сарын 1-нд Нанчаны бослогыг зохион байгууллаа. Тэд тариачидтай эвсэж байсан бөгөөд өмнөд Хятадын нилээд нутаг дэвсгэрт хяналтаа тогтоов. Куоминтангийн цэргүүд ч араас нь нэхэн хөөсөөр байв. Энэхүү үеийг 10 жилийн дайн хэмээн нэрлэдэг бөгөөд Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг “Хоёрдугаар нэгдсэн фронт” байгуулагдах хүртэл энэ нь үргэлжилсэн юм.
1930-аад оны үед Төв талбарын дайн гээч болсон бөгөөд Коммунистуудыг бүслэн хаах зорилготой байв. Уг ажиллагаа 5 ажиллагаа болж өрнөсөн бөгөөд 1, 2-р ажиллагаа бүтэлгүйтэж, 3-р ажиллагаа нь Мугденгийн хэрэг явдлаас болж өрнөөгүй байна. 4-р ажиллагаа /1932-1933/ эхэн үедээ амжилт олж байсан ч бас л бүтэлгүйтэв. Эцэст нь 1933 оны сүүлээр Чан 5-р ажиллагаагаа эхлүүлж, Зөвлөлт Жиангси мужийг тойруулан бэхлэлт босгон бүсэлж эхлэв. Куоминтангийн цэргүүд тус бүр нь 5 милийн зайтай бэхлэлтүүдийг уйгагүйгээр босгон бүсэлж, коммунистуудыг хангамж болон хүнснээс нь тусгаарлав. Куоминтангчууд хөөж эхэлсэн бөгөөд коммунистуудын ухралт бүтэн нэг жил үргэлжилж, 12500 км зам туулсан нь Урт жагсаал /Long March/ хэмээн алдаршжээ.
Энэхүү урт жагсаал Чан Кай Шик болон түүний Хятадын ислам холбоотон Ма бүлэгт баруун хойд хятадад шахагдан, бут ниргүүлснээр дуусгавар болов. Коммунистуудын арми замын дунд тариачид, ядуучуудыг эгнээндээ элсүүлж, газрын эздийн өмч болон зэр зэвсгийг дээрэмдэх замаар өөрийгөө сэлбэж байсан ч Зөвлөлт Хятадын Бүгд Найрамдах улс /Жиангси муж/-аас 90-100 мянган хүнтэйгээр эхэлсэн урт жагсаал нь Шаанси мужид 7-8 мянган хүнтэй үлдсэнээр эцэс болжээ. Эндээс Хятадын коммунист намын үндэслэгчдийн нэг Жанг Гуатуогийн улс төрийн манлайлал эцэс болж, их ухралтыг хийсэн Маогийн нэр хүнд Хятадын коммунист намын дотор өсөн нэмэгдэв. Гэвч 1934 оны 10 сард коммунистууд бэхлэлтийг аргалан зугтаж чадлаа.
Хятад-Японы хоёрдугаар дайнд генералиссмус Чан Кай-шикийн хүч нилээд сульдав. Японы Манжуур дахь түрэмгийлэл, түүний дараах эзэмшлийн үед Чан Кай-шик Хятадын коммунист намыг өөрийн гол өрсөлдөгч, дайсанд тооцон, тэдэнтэй хамтран Японы эсрэг тэмцэхээс эрс татгалзаж байв. Харин 1936 оны 12 сарын 12-нд Куоминтаны генералууд болох Жан Шуэлянь болон Ян Хучен нарт барьцаалагдаж, тэд түүнийг ХКН-тай эвлэрэхийг тулгав. Ингээд хоёр тал “хоёрдугаар нэгдсэн фронт” гэгчийг байгуулан өөрсдийн эрч хүчийг нэгтгэн нийтийн дайсан Японы эсрэг хамтран тулалдах болов. 1937 оноос японы онгоцууд Хятадын хотуудыг бөмбөгдөх болж, сайтар зэвсэглэн цэргүүд нь умард болон эргийн зүгээс давших болов.
ХКН болон КМТ нарын Хоёрдугаар нэгдсэн фронт нь яг үнэндээ нэр төдий байв. ХКН Японтой хийсэн томоохон тулалдаануудад оролцохоос зайлсхийн, партизаны дайныг илүүтэй явуулж байлаа. Хоёр тал Хоёрдугаар нэгдсэн фронтод нэгдсэн нэрийн дор дотроо ч мөн хагаралдан Японд эзлэгдээгүй нутаг дэвсгэр дээр жижиг хэмжээний тулгаралтууд хийсээр байв. Ерөнхийдөө Хятад-Японы хоёрдугаар дайн нь ХКН-д ихээхэн хожоотой тусаж байсан бөгөөд КМТ-ны японтой хийж байсан дайн гарз хохирол ихтэй, Чан Кай-шикт хүнд тусч байлаа. Япончуудын үйлдсэн харгислал нь хятадын тариачдын дургүйцлыг ихээр төрүүлж коммунист намд олноороо элсэх болов. Коммунистууд дорвитой байлдаан хийгээгүй боловч тэдний хийж байсан партизаны дайн нь олон нийтийн дунд нэр хүндийг олж Японы эсрэг тэмцлийн манлайлагч хүчин мэтээр харагдуулж байв.
Ингээд 1945 он гарч Хирошима болон Нагасаки хотууд дээр атомын бөмбөг унажээ. Үг дуугүй бууж өгөх тухай АНУ-ын Японд тулган хүлээлгэсэн гэрээ ёсоор Япон нь Хятад дахь эзэлсэн нутгаас цэргээ гаргахдаа КМТ-ы хүчинд бууж өгч, зэр зэвсгээ хүлээлгэн өгөх ёстойгоос ХКН-д биш байв. Харин Манжуурт Япон нь ЗХУ-д бууж өглөө. Гэтэл КМТ нь Манжуурт ямар ч анги, нэгжгүй байв. Чан Кай-шик Японы цэргүүдэд зэр зэвсгээ хамгийн ойр дайралдах КМТ-ы харуулын цэгт хураалгах, харин ХКН-д өгч болохгүй тухай сануулан тушаасаар байлаа.
Дайны дараах анхны зөвлөлдөх уулзалтанд Чан Кай-шик болон Мао Зедун нар 1945 оны 8 сарын 28-наас 10 сарын 10-ны хооронд Чунцынд уулзлаа. Хоёр тал аль аль нь энх тайванч бүтээн босголтыг чухалчилж буйгаа илэрхийлсэн боловч товч тодорхой ямар ч үр дүн хурлаас гарсангүй. Энхийн яриа хэлэлцээ явагдаж байх үед ч хоорондын тулалдаан үргэлжилсээр байсан бөгөөд 1946 оны нэг сард эвлэрэл тогтоход л намжсан гэдэг.
Дэлхийн II дайны Дорнод Азийн хэсэг дэх сүүлийн нэг сард Зөвлөлтийн арми Манжуурын Стратегийн Довтолгооны Ажиллагаа гэгчийг зохион байгуулан Манжуур дахь Японы хүчний эсрэг Монгол-Хятадын хилийн зүгээс дайрав. Уг тулалдаан Квантуны армийн байлдах чадварыг үгүй хийж, ЗХУ-ын эзэмшилд бүх Манжуур орсон юм. Түүнчлэн 700 мянган япон цэргүүд оросуудын олзлогдогчид болов. Гэтэл Чан Кай-шикт нэгэн айдас төрөх болсон нь Оросууд тус бүс нутгаас гарсны дараа ХКН-аас Манжуурыг хамгаалах хангалттай нөөцгүй байгаа гэдэг асуудал байв. Тиймээс тэрээр Оросуудыг Манжуурт аль болох удаан хугацаагаар суухыг хичээнгүйлэн хүсч, харин энэ хооронд маш сайн сургагдсан, зэвсэглэл сайтай цэргүүдээ тус бүст байршуулаад авахыг чармайж байлаа. Ингээд АНУ-ын Агаарын цэргийн хүчний тусламжтайгаар агаарын зөөвөрлөх ажиллагааг КМТ-ын цэргүүд гүйцэтгэж, Хойд Хятад дахь гол хотуудад шүхрээр буулаа. Харин тус бүсийн хөдөө-орон нутгийн хэсэг нь аль хэдийн ХКН-ын мэдэлд орсон байжээ. Гэтэл Зөвлөлтүүд Умард Хятадын нутгаас гарч явахдаа зориудаар хамаг аж үйлдвэрийн төвүүдийг нь тонон дээрэмдэж, устгаж, зөөж болох зүйлсийг нь дайнд сүйдсэн эх орон руугаа зөөгөөд явчихсан байв (Уг зүйлсийн үнэ цэнэ 2 тербум ам.доллар гэдэг).
Эвлэрэл 1946 оны 6 сард эвдэрч, ХКН болон КМТ-ны хооронд бүрэн хэмжээний дайны гал авалцлаа. Ийнхүү Хятад орон 3 илүү жил үргэлжилсэн иргэний дайны хөлд нэрвэгдлээ.
Энэ үеийг Хятадын коммунист суртал ухуулгад “Чөлөөлөх дайн” хэмээн нэрийдэх нь ч бий. Энэ үед АНУ КМТ-д олон зуун сая долларын өртөг бүхий дайны хангамж болон цэргийн тоног төхөөрөмжүүдийг тусламжаар буюу зээлээр олгож байлаа. Мөн КМТ-ны цэргүүдийг төв Хятадаас Зүүн хойд Хятад (Манжуур) руу зөөвөрлөж өгсөн юм. Ерөнхийлөгч Трюман “Япончуудыг ашиглан Коммунистуудыг тогтоон барих” бодолтой байв. Иймээс зарим бүс нутгуудад Япончуудыг зэвсгээ хураалган, тэнгисээр аялан эх нутагтаа буцах хугацааг зориудаар хойшлуулж байсан гэдэг. Ингээд хятадын КМТ-ны цэргүүд ирж, мөн АНУ-ын 50 мянган тэнгисийн цэрэг газардсаны эцэст л япончуудын зэвсгийг хураасан гэдэг.
ХКН нь зэр зэвсэг, модернизацийн хөгжлийн түвшингээр КМТ-аас хол хоцорч байсан ч тэдний гол давуу тал нь үзэл суртал, суртал нэвтрүүлгийн хүчтэй ажиллагаа, сүлжээндээ байлаа. Тэдний гол хөзөр нь газрын шинэчлэлийн асуудал байв. Энэ нь хэрвээ тосгоны ядуу, газаргүй, хагас өлсгөлөн тариачид ХКН-ын төлөө тулалдах юм бол газрын эздээсээ газрыг нь шилжүүлэн авч, тариалангийн газартай болно гэдэг байв. Түүнчлэн тодорхой хэмжээгээр ЗХУ ХКН-ыг дэмжиж, зэр зэвсэг, санхүүжилтээр хангаж байсан байна. Түүнчлэн чөлөөлөгдсөн бүс нутгаас коммунистууд япончуудын тодорхой тооны танк, бусад зэр зэвсгийг олзлон авч ашигласан төдийгүй КМТ-ын олзлогдсон, сайтар бэлтгэгдсэн цэргүүдийг ч зорилгодоо ашиглах болсоноор хүндрэлтэй асуудлаа шийдэв. Тэдний мөн нэг харьцангуй давуу тал нь хүн хүчний шавхагдашгүй нөөцтэйд байлаа.
Чан хэдийгээр хичээнгүйлэн гуйж байсан ч 1946 оны 3 сараас генерал Малиновскийн удирдсан Зөвлөлтийн улаан армийн ангиуд Манжуураас цэргээ татаж эхэлсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн Сталин, Мао нарын тохирсон ёсоор ХКН-ын хүчин байршлуудыг эзлэх боллоо. Сталины бодлоор Маогийн цэргүүдийн хяналтанд дор хаяж Манжуурын умард хэсэг байх ёстой байв. Зөвлөлтүүд гарснаар бүрэн хэмжээний дайн тус бүсд гарах нөхцөл бүрэлдлээ.
1947 оны 3 сард КМТ ХКН-ын нийслэл болох Йенанийг эзэлж бэлэг тэмдгийн шинжтэй ялалт байгуулав. 1948 оны сүүлээр ХКН Шенянь ба Чанчун гэх мэт умардын хотуудыг Ляошений ажиллагаагаараа эзлэн хяналтаа тогтоов. КМТ-ны хамгийн шилдэг арми болох Шинэ нэгдүгээр арми нь Чанчун хотын бүслэлтийг хамгаалж 6 сар тулалдсаны эцэст ялагдаж ихээхэн хэмжээний танк, хүнд их буу болон бусад зэвсэглэл зэрэг давшилтын хэрэгслийн хамт олзлогдов. Уг бүслэлтийн үед энгийн ард иргэд олноор үрэгдсэний 300 мянга нь өлсгөлөнгөөс болж амиа алджээ. 1948 оны 4 сард Луоянг хот мөн коммунистуудад бууж өгч, КМТ-ийн армийн хангамж тасалдав. Түүний дараа 9 сард ХКН Жинань, Шандунь мужуудыг ширүүн тулалдааны үр дүнд эзэлжээ.
1948 оны сүүл, 1949 оны эхээр явагдсан Хуайхай ажиллагаагаар ХКН Хятадын зүүн төвийн бүс нутагт бүрэн хяналтаа тогтоов. Дараа нь Бэйпин-Тианжины ажиллагаа 64 хоногийн турш тун ширүүн явагдаж, 1949 оны 1 сарын 31-нд ялалтаар өндөрлөсөн байна. Хятадын Ардын Чөлөөлөх арми Жанчхүү, Тианжинь болон Дагу, Бейпин боомтууд дахь тулаанд маш хүнд гарз хохирол амсав. Энэ ажиллагаанд КМТ-ны 600 мянган цэргийн эсрэг 890 мянган цэргээр сөржээ. Ганц Жанчхүүд л гэхэд 40 мянган коммунист нас барсан гэдэг. Харин КМТ-ны хохирол нийтдээ 520 мянга болсонд амь үрэгдсэн, шархадсан болон олзлогдсон цэргүүд орно.
4 сарын 21-нд коммунистууд Янгцы мөрнийг гатлан КМТ-ны Бүгд Найрамдах Хятад улсын нийслэл Нанжин хотыг эзэллээ. Улмаар 1949 оны сүүл гэхэд Ардын чөлөөлөх арми КМТ-ны үлдэгдлүүдийг Өмнөд хятад руу үлдэн хөөв. КМТ-ны засгийн газар 4 сарын 23-нд Нанжинаас ухран Кантон (Гуанжоу)-нд 10 сарын 15 хүртэл байрлаж, тэндээсээ Чунцынд 11 сарын 23 хүртэл байрлаж, тэгээд 12 сарын 10-нд Тайпей руу зугтаах хүртлээ Чендуд тус тус байрлажээ. Дайныг тоймловол 1946 оны 7 сараас 1950 оны 6 сар хүртэлх хугацаанд Хятадын ардын чөлөөлөх арми КМТ-ны 8,071,350 хүнийг жагсаалаас гаргаснаас 6,360,000-ийг олзлох буюу урвуулсан байна.
Ингээд 1949 ондоо багтан Мао Зедун Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаныг тунхаглан Бэйпинг нийслэлээ болгон, нэрийг нь Бээжин болгон солилоо. Чан Кай-шик тэргүүтэй 2 сая националистууд эх газрын Хятадыг орхин Тайваны арал руу очин суурьшив. БНХАУ БНХУ-ын эзэмшилд байдаг Кинмень арал руу дайрсан боловч бут цохигдсоноор цааш Тайван руу давших зам хаагдсан юм. 1949 оны 12 сард Чан Тайваны арлын Тайпей хотыг БНХУ-ын түр нийслэл хэмээн зарласан бөгөөд өөрийн засгийн газрыг Хятадын цорын ганц хууль ёсны засаг хэмээн нотолсоор байлаа.
Коммунистууд 1950 онд Хайнань арал, Ваншаны арлууд болон Жоушан арал руу цэрэг илгээн эзэлж авсан юм.
Тайваны арал руу зугтан гарсан эхэн үед АНУ Чаны засгийн газрыг дэмжих төдийлөн сонирхолгүй болоод байсан боловч 1950 оны 6 сард Солонгосын хойгийн дайн дэгдсэнээр Коммунистууд Чан Кай-шикийг ялсан явдлын улс төр, үзэл суртлын үнэ цэнэ өсч АНУ-ын Ерөнхийлөгч Харри С.Трюман АНУ-ын 7-р усан флотыг Тайваны хоолой руу авчран, БНХУ ба БНХАУ-ын хоорондох болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлэх болсон байна.
1949 оны 6 сард БНХУ эх газрын Хятадын бүх усан боомтуудыг хааснаа зарлаж, өөрийн усан онгоцнуудаа Фужиан мужийн Мин голын цутгалаас Манжуур дахь Ляо голын цутгал хүртэл эргүүлд гаргасан нь төмөр замын хөгжил муу, далай тэнгисийн тээврийн ач холбогдол өндөртэй БНХАУ-д ихээхэн бэрхшээл, төвөг учруулав.
Эх газрын Хятадыг алдсаны дараа 12,000 цэрэгтэй КМТ-ны хүч Бурма руу зугтан гарч, Өмнөд Хятадын зүг үргэлжлүүлэн партизаны дайн хийсээр байв. Тэдний удирдагч, генерал Ли Ми тэр битгий хэл БНХУ-аас цалин авч, Юннань мужийн захирагч гэсэн нэр төдий цолтой болов. АНУ уг ажиллагааг дэмжин, Тагнуулын төв газар тэдэнд бүх талаар туслалцаа үзүүлж байлаа. Харин 1953 онд Бирмийн засгийн газар НҮБ-д гомдол мэдүүлснээр АНУ БНХУ-ыг цэргүүдээ татахыг шахах болов. 1954 оны эцэс гэхэд 6 мянга орчим цэрэг Бирмийг орхин гарч, Ли Ми армиа татан буулгаж байгаагаа зарлав. Гэсэн хэдий ч нилээд олон мянган цэрэг үлдэж хоцрон, БНХУ-ын зүгээс тэдэнд хангамж үзүүлж, удирдлагаар хангаж байсан гэдэг. Мөн нэмэлт хүч ч нууцаар илгээдэг байсан байна.
1954 оны 9 сарын 3-нд Тайваны хоолойн анхны хямрал гарч, ХАЧА Күэмой руу их буугаар галлан, Дачены арлууд руу шууд заналхийлэх боллоо. 1955 оны 1 сарын 20-нд ХАЧА Ижяншань арлыг эзлэн, уг арал дээр байрлаж байсан БНХУ-ын 720 хүнтэй хуаран цэргийг хүйс тэмтрэв. Мөн сарын 24-нд АНУ-ын Конгрессоос Формозагийн шийдвэр гэгчийг гаргасан нь Ерөнхийлөгчид БНХУ-ын эрэг хавийн арлуудыг хамгаалах эрх олгосон юм. 1955 оны 3 сард ХАЧА их бууны галаа зогсоосноор Тайваны хоолойн анхны хямрал эцэс болжээ.
Тайваны хоолойн хоёрдугаар хямрал 1958 оны 8 сарын 23-нд эхэлж, хоёр талаас БНХУ-ын Күэмой, БНХАУ-ын Амой руу харилцан галласан бөгөөд тэр оныхоо 11 сард дуусгавар болжээ.
Тайваны хоолойн гуравдугаар хямрал 1995-1996 оны хооронд БНХАУ-ын зүгээс Тайванаас холгүй газар луу пуужин харвалтын хэд хэдэн цуврал туршилт явуулснаас үүдэн дэгдэж байв.
Хоёр талын дайсагнал эцэс болоогүйгээр зогсохгүй өнөөг хүртэл хоёр тал дайныг эцэс болгох тухай гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураагүй байгаа юм.
No comments:
Post a Comment