Өнөөгийн хотын иргэд өглөө гэрээс гараад орой гэртээ орж иртлээ аян дайнд явж буй мэт байдаг гэж хааяа бодогддог юм. Магадгүй бусад хүмүүс зүгээр л байдаг биз, юу ч анзаардаггүй биз. Магадгүй би хэт эмзэг, мэдрэмтгий байгаа биз. Ямар нэг зүйл бодоход, ямар нэгэн мэдээ мэдээлэл хүлээж авахад, хэн нэгэнтэй ярилцахад нэг биш, дор хаяж гурван сувгаар, гурван янзын бодлууд холилдон, сүлбэлдэн орж ирж, тархи толгойд маань хогийн ургамал ургах хөрс шороог бордож өгнө. Тэгээд тэр хогийн ургамлуудыг түүх, ургах гэж ядаж буй өвс ногоогоо арчлах зовлонт ажилдаа А.Камюгийн СИЗИФ мэт өдөр бүр ганцаараа зүтгэх хэрэг гарна. Хогийн ургамал цэвэрлэх хэцүү, цэвэрлэхгүй байх ч хэцүү. Өдөр болгон харьцдаг хүмүүсийн үг яриа, дүр төрхийг шууд утгаар нь ойлгохоос гадна цаад утгаар нь ч гадарладаг болжээ. Тэгээд энэ нийгэм гэгч ямар бохир юм бэ, яахаараа би ийм бохир голд сэлж буй загас болсон байдаг билээ гэж бодогдоно. Голыг бохирдуулдаг ч гэлээ бусад загаснуудаа өрөвдөнө, хайрлана, үзэн ядна, уучлана. Бид нэг л голынхон ...
Хааяа хааяахан хамгийн фундаменталь байдлаар бодоход хайртай түүнтэйгээ хамт амьдарч, соёл иргэншил гэгч махны машинаас хоргодож болох зэлүүд, буйдхан орон зай руу нүүмээр ... Гэхдээ нөгөөтэйгүүр цаг нь болоогүй, асуудлууд энд л төвлөрчээ. Эндээс зугтаан өөрийн үзэн яддаг хүмүүсийг баярлуулж болохгүй.
Зарим нэг нь сонсохоороо шоолдог, инээдэг юм. Гэхдээ би цэрэгт явж эх орноо хамгаалах сонирхолтой, хүсэлтэй байдаг. Гэвч бодит ахуй энэ боломжийг олгохгүй юм даа.Үүнийг сонсоод хэн нэгэн нь за энэ бичил улс төрч ч бас юув дээ. Хэзээ өөрт нь хэрэг болно гэж цэрэгт явах гээд байна гэсэн хар буух биз. Надад тэр улс төр энэ тэр гээд хэдэн хүмүүс хоорондоо муур хулгана болон тоглодог хайрцаг сонин биш ээ. Би цэвэр зүрх сэтгэлийг, цэвэр үйлдлийг хүсэмжилж байна.
Зүрх сэтгэл нь бохирдсон нэгэн
No comments:
Post a Comment