Нэг нөхрийг хүлээгээд сууж байна. Тэгэнгээ цагийг ашиглан нэгэн бичлэг үйлдсэн нь энэ болой хэхэ.
Саяхан “Өргөө”-д “Salt” уран сайхны киног үзлээ. Миний хувьд мэргэжлийн битгий хэл мэдэмхийрэх кино шүүмжлэгч биш, тэгээд ч кино, онигоо ярихдаа тийм сайнгүй байх шиг байгаа юм. Аливааг дэтальчилж ингээд, ингэсэн чинь ингээд, ингэнгүүд энэ нь ингээд, тэгээд тэгж гэнэ гээд ярихдаа их муу. Зүгээр л ерөнхий чиг хандлага, тоймыг нь бараадуулаад орхичихдог юм. Нэгтгэн дүгнэх, задлан шинжлэхийг бол аядна, харин тоочих, хүүрнэхийг бол барахгүй хэхэ. Миний мэдэж байгаа шалтгаанууд нь мартамхай болж байгаа, нөгөөтэйгүүр залхуурал байж болох юм. Тэгээд нэг талаар энэ талын чадваруудаа хөгжүүлэх, нөгөөтэйгүүр угаасаа кино үзэх дуртай, кинонд review хийх их гоё санагдаад байдаг болохоор хааяа саваагүйтэж байя гэж санаад нэг иймэрхүү зүйл бичлээ хэхэ.
Тагнуултай кино бол угаасаа миний дуртай киноны төрөл. Иймэрхүү кинонуудаас нэг их оюун дүгнэлт хийгээд байх зүйлс бага байж мэдэх ч зүгээр л цагийг зугаатай өнгөрөөж, кайфтай байна гэдэг нь л хангалттай юм.
Ер нь тагнуулын ажиллагаа гэж улс орны аюулгүй байдал, оршин тогтнолын гол тулгуур багануудын нэг байдаг. Улс орнууд хоорондоо байнга дайтдаггүй, харин хэдий найрамдалт харилцаатай байлаа ч улс орнуудын тагнуулчид байнгын бүгд бүгдийн эсрэг хэмээж болох дайн хийж байдаг. Яг үнэндээ хэн нэгэн далдаак улс төрчдөөс илүү тагнуулчид л улс орны хувь заяаны төлөө зүтгэж, түүнд амь амьдралаа зориулдаг. Тэд оюуны өндөр чадавхи, маш сайн техник чадвар аль алийг нь эзэмшсэн байх ёстой. Бид зөвхөн өөрсдийнхөө амьдралын төлөө, зөвхөн ганцхан мэргэжилд төгсрөхийн төлөө амьдрах аяддаг бол тэд улс үндэстэн, бүх нийтийн төлөө байж, шаардлагатай бол юуг ч маш түргэн эзэмшиж, хэргийг нь гаргах чадвартай байдаг билээ. Бас нэг анзаарсан зүйл нь тагнуулын сүлжээ, тагнах ажиллагааны технологи нь маш нууц байдаг. Ямарваа нэг нууц мэдээлэл алдагдаж болно, энэ нь хор хөнөөлтэй. Харин дээр дурдсан тагнуулын сүлжээ, тагнах ажиллагааны технологи алдагдах юм бол тэр улс тэр чигтээ аюулгүй байдалгүй болж буй нь тэр. Миний дуулснаар зарим улс төрчид улсын нууц задалж, түүнээс үүдэн тодорхойгүй тооны тагнуулчдын амь амьдрал эрсдэлд орсон гэдэг. За за кино руугаа ороё.
Киноны гол дүр Эвэлин Салт. Тэрээр Америкийн ТТГ-ын ирээдүйтэй ажилтнуудын нэг бөгөөд нэгэн удаа Орлов гэгч хуучин КГБ-ийн төлөөлөгч байсан нөхөр мэдүүлгийн өрөөнд түүнд мэдүүлэг өгнө. “Орос гүрэн үгүйрэн хоосорч, сүйрэн доройтож байна. Гэхдээ энэ бүхэн эцэс болж, удахгүй агуу их байдлаа эргүүлэн олж авах болно... Маргааш Оросын тагнуул Нью-Йоркт ирж АНУ-ын сенатч ...-ын оршуулга дээр ОХУ-ын дэд Ерөнхийлөгч ...-ийн амийг хөнөөх болно. Үүгээр 1970-аад онд төрөхөөс нь аван тусгайлан бэлтгэж [эх хэлнээс нь өмнө англи хэл заах бөгөөд, хар багаас нь өөрийн сургагчдыг бурханчлан үздэг болгодог. Түүнчлэн хайр гэдэг зүйлээс холуур өсгөснөөрөө амьдрах чадвар сайтай болдог. Ер нь бол хайр хүнийг сул дорой мэт болгодог. Гэхдээ тэр бүхнээс илүү хүчтэй зорилго, тэмүүлэл гэх мэтээр бодогдсон хэхэ.], АНУ-д суурьшуулсан Оросын тагнуулчид хөдөлгөөнд орж, улмаар “Х өдөр” ирнэ. "Х өдөр" нь АНУ сүйрэх өдөр юм. Эвелин түүний ярианд үл итгэх боловч үнэн худлыг тогтоогч программ түүнийг үнэн ярьж буйг нотлоно. Эвелин өрөөнөөс гарахаар явтал Орлов араас нь “Хэн гэдгийг нь мэдэхийг хүсэхгүй байна уу хэмээн асуудаг. Ерөнхийлөгчийн амийг хөнөөх тагнуулчийг Ченков гэдэг. Америк нэр нь Эвелин Салт.” Салт миний нэрийг Эвэлин Салт гэдэг гэхэд тэгвэл чи Оросын тэр тагнуул мөн гэнэ. Үгүй ээ би тэр хараал идсэн оросын тагнуулч чинь биш гэнэ. [Хүн болгон төөрөгдөл, төсөөлөл дунд амьдардаг. Хүн өөрөө ч түүнийгээ үл мэднэ. Хорвоо дээр амьдардаг улсуудын зарим нь угаас зорилготойгоор энэ дэлхийд ирсэн байх бөгөөд харин зарим нь өөрөө өөрийнхөө зорилгыг бий болгож явдаг гэж бас бодогдсон хаха] Мэдүүлэг авч буй Салт маань сэжигтэн болно.Эвелины хамтран ажиллагсад ямар ч тохиолдолд Эвелинийг саатуулан баривчилж, шалгах шаардлагатай болно. Ингээд түүнийг ТТГ-ынхан баривчлахыг оролдох бөгөөд харин тэрээр нөхрийнх нь амь насанд аюул тулгарч болзошгүй тул түүнийг хамгаалахыг ТТГ-аас шаардаж, өөрөө зугтаана. ТТГ, цагдаагийнхан түүний хойноос хөөцөлдөн мөрдөх боловч тэрээр бултаж амжих бөгөөд гэрээсээ нөхрийнхөө (нөхөр нь шавьж судлаач) хайртай аалзыг авдаг. Орлов ч мөн аль хэдийн оргосон байв.
Ингээд маргааш нь тэрээр АНУ-ын нэгэн сенатчийн оршуулга дээр хүрэлцэн ирээд байсан ОХУ-ын дэд ерөнхийлөгчийг буудах болно. Тэр даруй Оросын пуужингийн байршлуудад дулааны түвшин нэмэгдэж, тэд пуужингуудаа зөөвөрлөж байгаа нь ТТГ-ынханд тодорхой болов. [Үүгээр дээрх аллага нь хоёр орны хоорондох дайсагналцлыг өдөөх зорилготой байсан, нөгөөтэйгүүр хуучин КГБ-ийнхний хувьд дэд ерөнхийлөгч нь үндэсний эрх ашигт (тэдний зорилгод) харшлах этгээд байсан бололтой гэсэн бодол төрнө.] Буудсаны дараа Пибоди түүнийг олох боловч зэвсэг хэрэглэх аргагүй байдалд тулгарах болно. Салт түүнийг буудалгүйгээр сайн дураар баривчлагдах боловч мөн л замдаа зугтаана.
Тэрээр урьдчилан болзсон ёсоор нэгэн ачааны онгоц дээр хүрч ирэн түүнийг бэлдсэн, мөн түүнийг илчилсэн Орловтой нэгдлээ. Тэнд багадаа хамт нэгэн хуаранд бэлтгэгдэж байсан танил тагнуулчид [бүгд өнчин, ар гэрийн татлаа түлхээгүй хүүхдүүд байсан бөгөөд гадаадын иргэдэд үрчлэгдсэн] ирсэн байв. Орлов түүнд баяр хүргэн, итгэлийг нь хөсөрдүүлээгүй хэмээв. Харин гадаадын иргэнтэй гэрлэсэн чинь тун таагүй хэмээлээ. Салт түүгээр далдлах, төөрөгдүүлэх шаардлагатай байснаа өчив. Гэтэл түүний нүдэр дээр нэгэн тагнуулч түүний нөхрийг буудан хороов [эндээс тэрээр Орловын үгээр явсан нь нөхрийнхөө төлөө, түүнийг олохын тулд байсан нь тодорхой болно]. Салт үүнд сэтгэл хөдлөлгүй мэт хандаж Орловын шалгалтыг давлаа. [яг үнэндээ хариу үйлдэл хийж, сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлээгүй боловч цочирдон гайхсан нүдээр хардаг] Орлов түүнд “Х өдөр”-ийн хоёр дахь хэсгийн төлөвлөгөөг танилцуулан тайлбарлав. Түүгээр бол Нэгдсэн улсын цөмийн зэвсгийг гартаа оруулах ёстой ба цөмийн дайралтуудыг томоохон гүрнүүд рүү хийн өдөөн хатгаснаар АНУ өөрөө сүйрэх ёстой аж. Удалгүй Салт самбаачлан Орлов болон тэнд цугларсан байсан бусад тагнуулуудыг цааш нь харуулав. [Аливаа зүйл, үйлдлийн үнэ цэнэ түүний зорилго, хэнд, юунд үйлчилж буйгаар хэмжигдэнэ. Үүнээс хойш Салт оросын ч биш, америкийн ч тагнуул биш, гагцхүү өөрийн итгэл үнэмшлээр ажиллаж эхэлдэг.] Эндээс яваад тэрээр Орловын урьд нь хэлсэн ёсоор НАТО-гийн офицер Шнайдертай болзсон газраа уулзах бөгөөд тэрээр мөн л Орловын гараар хүмүүжсэн, багадаа Европ руу цагаачилсан нэгэн аж. Салт НАТО-гийн эрэгтэй офицерийн дүрд зүсээ хувирган түүний хамтаар Цагаан ордон дахь хүлээн авалт руу очно. Шнайдер хүлээн авалтын үеэр өөртөө суурилуулсан бөмбөг дэлбэлэн бүгдийг хяналтаас гаргах бөгөөд энэ үеэр Салт цагаан ордны доор байх 8 давхар байгууламж руу нэвтрэн орно.
Гэтэл тэнд тэрээр ТТГ-т хамт ажилладаг байсан дотны найз Винтертэй таарч, тэрээр мөн оросын тагнуул болохыг мэдэх бөгөөд Винтер АНУ-ын Ерөнхийлөгчийн хамт тусгай шилэн хоргонд орж цөмийн цүнхийг нээн ажиллагаанд оруулж эхэлнэ. Цөмийн байгаар Тегеран болон Меккаг онилох бөгөөд үүгээрээ АНУ-ын эсрэг Араб дахиныг нэгтгэн босгох зорилготойгоо түүнд тайлбарлав.
Салт шилэн хоргоны цаанаас Винтертэй ярилцан дотогш оруулахыг хүсдэг боловч яг энэ үед телевизийн мэдээгээр ОХУ-ын дэд ерөнхийлөгч нас бараагүй бөгөөд түүнийг аалзны хороор хордуулсан болох нь мэдээлэгдэж, Салт үүргээ биелүүлээгүй болох нь илчлэгдэнэ. Салт ихээхэн оролдлого хийсний хүчинд хоргонд нэвтрэн, Винтертэй тэмцэлдэн байж цөмийн тушаалыг хүчингүй болгоно. Цэргүүд тэднийг олоход Салт баривчлагдаж, дүр исгэсэн Винтер чөлөөтэй үлдсэн боловч Салт удалгүй Винтерийг хорооно.
Салт нисдэг тэргээр зөөгдөж байх бөгөөд ТТГ-ын Пибоди түүнийг харгалзана. Салт түүнийг суллахгүй бол өөр олон оросын тагнуулууд буйг хэлэх бөгөөд ОХУ-ын дэд ерөнхийлөгчийг хороох ажиллагааны үед Пибодиг алах боломжтой байтал алаагүй, мөн дэд ерөнхийлөгчийг ч алаагүй, бас Орлов нарын алагдсан газраас Салтын хурууны хээ илэрсэнд дүн шинжилгээ хийсэн Пибоди түүнд итгэнэ. Оросын КГБ-ын шургуулсан тагнуулчдыг илрүүлэн устгахын тулд [Салт түүний нөхрийг хороосон, хэвийн амьдралыг нь бусниулсан, хүүхэд насыг нь хулгайлсны өшөөг авах байх, мөн АНУ, ОХУ-ын албан ёсны эрх ашгийг хамгаалахын тулд ч юм уу] тэрээр Салттай худлаа тэмцэлдсэн дүр эсгээд, Салт Потомак мөрөн рүү үсрэн буулаа. [эндээс үзвэл дараагийн анги гэж байж магад шүү]
No comments:
Post a Comment