Saturday, September 25, 2010

Drinking

АНХААР: Зүй бус болон аюултай зүйлс, үйлдэл, эс үйлдлийг сурталчилсан агуулга энэ бичлэгт байгаа тул 18 хүрээгүй хүүхдүүд болон тогтворгүй сэтгэл зүйтэй хүмүүс уншихыг хориглоно :)

За тоймловол бас л нэг уусан тухай бичлэг ... Маргааш эрүүлдээ устгана хэхэ.

  • Өчигдөр үдэш хуучин ажлынхантай нэг газар суулаа. Давхар бас өөрөө өөртөө өөр хэнд ч хамаагүй, миний дотор л орших нэг нандин зүйлтэй холбоотой бяцхан баяр, гунигаа тэмдэглэсэн ухаантай. Өглөө нь нэгэн дотно найздаа өнөөдөр би ууна, бас зодолдохоос буцахгүй гэж тоглоом шоглоомоор хэлж байсны гүйцэтгэлийг хангасан нь тэр хэхэ. Над шиг энх тайванч хүн мэдээж зодолдоогүй л дээ. Зүгээр сүүлийн зодооны тухай ярихад өнгөрсөн жилийн зун нэг өвгөн японтой бааранд сууж байтал нэг гар ирээд чи монгол бол бос гэлээ. Боловсон, эелдэг царайлаад, бас гайхшраад бослоо. Хажуу дахь нөхдүүдийг бас чи монгол бол бос гэж байна. Онигоотой нь бүгд боссон. Япон дээр иртэл нөгөөх дүвчигнүүр залуу чинь зүгээр л чи бос гэлээ. Өвгөн боссонгүй. Би та боль, хэрэггүй энэ тэр гэж энхийг сахиулах гээд далдагнаж байгаад нөгөө үндсэрхэг, биерхүү гарт үсэртэл шанаадуулж байсан юм. Тэр бол ямар ч зорилгогүй шанаадалт байсан, гэхдээ шал гажиг нь тэгэхэд нээрээ би амьд хүн шүү гэж ч бодох шиг, ухамсрын шанаа гэдэг шиг сэргэлт энэ тэр ч авах шиг сонин болсон. Эндээс би юу гэж хэлэх гэж байна гэхээр тийм л үлбэгэр, бараг амьд яваагаа мартсан л амьдрах юм даа би гэж... Тэгээд бага сага барьцалдаж, гурвалжин дөрвөлжин юм болж байгаад салсан даа. Тэгтэл нөгөө өвгөн чинь та нар ийм сайхан залуус байж босоод байхдаа яадаг юм, яагаад ийм хүлцэнгүй ноомой байгаа юм бэ, би бол үзэлцэхээс буцахгүй гээд биднийг доош нь хийдэг юм даа. Бас л онигоо шүү энэ, нээрээ л тэр самурай байж мэдэх өвгөний өмнө ичгэвтэр байдалд орж байсан.
  • Яг одоо би гэртээ орж ирээд сууж байна. Өнөөдөр нөгөө их сайн өдөр нь гэсэн. Тэгээд бараг миний таньдаг бүх хүмүүс хуримуудад оролцож байх шиг байна лээ. Би бас ажлын хүний хуримд оролцсон. Ер нь энэ миний оролцож байгаа хоёр дахь хурим юм уу даа. Үнэхээр нэгэн насны хайртайгаа үүнийг хийж байгаа бол дэндүү сайхан ёслол юм даа гэж бодлоо. Миний хувьд ёстой хэлж мэдэхгүй юм даа. Урьд нь блогтоо охин ярьдаггүй, privacy гэгч зүйлтэй байсан мэт, одоо бол тийм биш болсон. Учир нь би хэнээс ч нууцлах шаардлагагүй, мөн хэзээд хэний ч өмнө хүлээн зөвшөөрөх тийм л сэтгэл хөдлөл, хүндэтгэл төрүүлэхүйц хүнээ олсон. Зарим зүйл тодорхой бус. Тийм боловч энэ сэтгэлийнхээ төлөө би цаг хугацааг хайрлахгүйгээр үрэн таран хийж чаднаа. За за эргээд хурим руугаа ороё. Хурим янз бүр байдаг. Зарим хуримыг эмгэнэлт ёслол гэж бодоод байдаг юм хэхэ. Энэ хурим тийм биш байсан. Үнэхээр сайхан... Аз жаргал чин сэтгэлээсээ хүсэе. За тэгээд уусан алкохол, татсан тамхинуудын талаар бол ярилтгүй, аймшигтай. Гэхдээ миний рекорд бол биш. Дараагийн параграфаар энэ тухай яринаа. "Элит" төвөөс гараад ""M club"-д очоод караокэдсэн. Энд би cover байдлаар хичнээн нээлттэй, дунд нь орлоо ч дотор хүн бол асар нийгэмшсэн бус, нийгэмших сонирхолгүй гэдгээ хальт ойлгов. Манайхан сэтгүүлчид голцуу байдаг болохоор үнэн галзуу, ёстой нээрээ сайхан гарууд гэхээс өөр юу гэхэв дээ. Ингээд одоо гэртээ орж ирсэн байгаа нь энэ.
  • Ер нь энэ жил сөрөг утгаараа их дэвшилтэй яваа. Миний алкохолны хоёр рекорд хоёулаа энэ жил тогтоогдсон. Нэг нь Бээжинд... Хүний нутагт баахан харь хүмүүсийн дунд тэгсэн гэхээр би бас л шал бүтэхгүй гар шүү нээрээ. Согтуу хятадууд мөрөөр тэврээл нэг юм шулганаад л байсан, би толгой дохиод л байсан хаха. Нөгөөдүүл мэдрэл алдсан тулдаа л намайг харь гэдгийг мэдээгүй байх. Тэгээд гараад нэг шөлний газар орж жоохон амь орсон. Шөнө 4 хүртэл нутгийн хоёр нөхдүүдтэй тэгж яваад, маргааш 8-аас Монгол руу нисч байвал яах уу хаха. Ер нь тэгэхэд би өөрийгөө мангар зоригтой, өөртөө хайргүй, адал явдлаар цангасан, хувь тавилан болоогүй гэдэгт итгэсэн нөхөр болохоо нээсэн. Хүний нутагт арай л дэндүү байсан даа... Бээжинд ч тэр, орон нутгийн хотуудад ч гэсэн ёстой нөгөө стандарт бус замаар аялж өгсөн гэж байгаа. Орон нутгийн Хятад ямар гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Тийм аминаасаа уйдсан нөхөр нэг байна хэхэ. Сүүлд Хэнтий явахдаа Аварга тосонд хамгийн рекордоо тогтоосон. Өглөө 6 цагт нуурын эргээр морьтой хүн давхиж яваа нь зэрэглээтэж, гурвалж энэ тэр харагдаад л ёстой балай авсан даа.

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...