За нэг ийм санаа буулгаад орхилоо. Дараа бичнээ.
Жигтэйхэн прагматик хүн болох гэж хичээдэг байлаа. Тэгтэл өнөөгийн манай амьдралын практик ийм байгаа тохиолдолд харин ч догматик хүн болж хувирах бололтой. Жоохон ч гэсэн юм боддог, байх ёстой юмыг байгаагаар нь байлгая гэсэн хүн өнөөдөр идеалист мэт харагддаг болчихжээ. Манай орон яг л байгалийн буюу ширэнгийн хуулиар таваргаж, хууль, шударга ёс гэж ярьсан нь шизо мэт харагдаж байна.
Барууны нийгэм судлаачид Макиавеллийн “Эзэн захирагч”, Хоббсын “Левиафан” зохиолууд юуны учир төрөн гарсан бэ гэдгийг судлан ойлгох амьд лаборатори нь монголын нийгэм болчихоод байна. Нийгмийн уур амьсгал, сэтгэл зүй, оюун санааны амьдрал шалдаа буутлаа доошоо орж, бид нийгмийн харилцаанд оролцохдоо synergy гэгчийг олж авч чадахгүй, хүйтэн, мохоо сэтгэл зүрхтнүүд болж байна.
Энэ бүгдийн сайжрал болох гол итгэл найдвар нь байх ёстой ирээдүй хойч үедээ ч найдах аргагүй болж байна. Үүнд тэдний буруу байхгүй. Зүгээр л тийм 10 жилийн сургууль, их сургууль төгсөж буй хүмүүс хэн болж байгаа вэ гэдэг эмгэнэл. Сайхан залуус, охидууд хэдэн 10 мянгаараа жил бүр хог дээр гарсаар, амьдрал ийм новшийн байдаг юм байна шүү, чоно шиг амьдрая даа гэсэн зэвүүцэл агуулдаг болж байна. Гадаадад гарсан, сурсан нөхдүүд эргэж ирэх магадлал тун бага байх шиг байна. Тэд Монголыг мөнгөгүй болохоор нь биш, хүн амьдрахад туйлын тохиромжгүй учир л орхиж гарч байгаа бололтой.
Бид өдөр тутмын ажил амьдрал хэмээн гүйсээр дөжирч, дасаж гүйцсэн байдаг бол гадаадынханд монгол туйлын хачирхалтай, дампуурч буй нийгэм, харин эх орондоо түр буюу бүр ирсэн эх орон нэгтнүүд маань арай ч дээ энэ тэр гээд гүн эмгэнэдэг бололтой. Бид дээр дооргүй зэрлэгшжээ. Нийгэмд зэрлэгүүд олонхи болсны нэг тайлбар нь бидэнд суурь үнэт зүйлс, алсын хараа байхгүйд байна.
Боловсролтой хүмүүс шашин шүтлэггүйгээр нийгмийн элементийн эерэг үүргээ гүйцэтгээд явчихаж чадна. Харин боловсролгүй, тэгээд манай буртаглагдсан нийгэмд хүмүүжил, төлөвшилгүй болсон байгаа хүмүүсийг хэрхэх вэ? Тэдэнд хууль, дүрэм журам, ёс суртахуун яриад нэг их үр дүнд хүрэхгүй л болов уу. Харин шашин шүтлэг боломжит гарц байж болно.
Гэтэл бидний зонхилох үзэл суртал болох буддын философи маань амьдралд буухгүй байгаа нь гагц Монголын байдал ч бус, дэлхий даяар буддист, тэгээд хөгжсөн гэхээр үндэстэн бараг алга. Тэр дотроо манайх бол бүр шарын шашин, бөө мөргөлийн холимог, холион бантан байгаа. Нийгмийн ухамсар асар дорой учраас шашнаа ойлгож байгаа зүйл байхгүй, зүгээр л мухраар сүсэглэж байна. Угаас буддын философи бол тодорхой сэтгэлгээний түвшинд хүрсэн хүмүүст л хүрдэг билээ. Гэтэл тийм хүн дэндүү цөөн, тэгээд ч уг философийн практик үр өгөөж нь манай гаригийн өрсөлдөөнт, эрчимтэй хэмнэлтэй нийцэхгүй, орших, тэсч үлдэх тухай яригдаж буй үндэстний хувьд үнэхээр ямар ч ач тус алга даа. Манай нэгэн эмгэнэл бол хулгай хийдэг, худал ярьдаг, хулхи, хахуульч нөхдүүд бүр ч илүү шашинсаг, тэр нь яван явсаар мухар сүсгийн туйл болсон байгаа явдал юм. За тэгэхээр яах ёстой вэ? Нэг бол одоо зонхилж буй шашнаа шинэтгэх, эс бол христийн шашин (протестант) - ыг Монголд оруулж ирэхээс өөр гарц харагдахгүй байна. Протестантын угшил католик урсгал бол бас л нилээд өндөр түвшний шашин учир масст тохирохгүй, буухгүй байх талтай бололтой. Ерөөс дэлхий дахинаар аваад үзэхэд протестантууд дэлхийг манлайлж байна.
Шашин гэхээр үндэсний аюулгүй байдал энэ тэр гээд асуудлууд бол байгаа л даа. Гэхдээ өнөөдөр бид түүнтэй, түүнгүйгээр жинхэнэ үндэсний аюулгүй байдлын туйлын хүнд байдалд орсон гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
to be continued ...
No comments:
Post a Comment