"Монгол омогшил" энэ тэр гээд уран илтгэгчид, яруу найрагчид, хийрхэгчдийг өдөөсөн тэмцээн ойрын үед зурагтаар (UBS) явагдаад байх шиг байна лээ. Би ганц хоёр дугаарыг нь цухас, цухас хараад сувгаа сольсон. Ерөнхийдөө дор бичсэн иймэрхүү хандлага, сэтгэгдэл төрүүлсэн.
Ер нь омогшино гэдэг үг нээх таалагддаггүй. Утга нь миний ойлгож байгаагаар бол ямар нэг зүйлийг өөртөө, өөрийн нийтлэгтээ нааж, түүнийгээ давуу тал гэж харах, тэгээд тэрэндээ хөөрөн догдлох гэх юм уу даа? Миний харж байгаагаар бол өнөөдөр манай үндэстэнд омогших зүйл алга, байлаа гэхэд тун өчүүхэн, тун бүдэг бадаг байгаа. Тэгээд нөхөд омогшил яриад тодроод байхаар чинь өөрсдийгөө доромжлоод байгаа тэнэгүүд шиг санагдаж бухимдсанаа нуух юун.
Тэр тэмцээнд оролцож байгаад гарууд бол хараад байхад омогшоод байнаа. Илэрхийлэмж, үндэслэгээ, хэлбэрдэлтийн хувьд гавихгүй, зарим нь харин ч гайгүйхэн шиг хошин шогийн номер болохоор юм билээ. За агуулга нь бол Чингис хаанаараа, түүхээрээ, соёлоороо, өөрсдийгөө дэлхийд сондгой ухаантай, хүчтэй үндэстэн гээд л омогшоод байх бололтой ... Тэмцээнд оролцогчдод хандаад “Хэрвээ чи ийм зүйлд омогшоод байх юм бол чамд дэвшилттэй ирээдүй алга, учир нь чи өнөөдрийгөө, одоо байгаа статусаа зөв тодорхойлж чадахгүй байна. Эсвэл зүгээр сүржигнэж, хүмүүсийн цөс, цусыг хөөргөхийг хүсээ юу?” гээд хэлчих юм бол чи хужаагийн эрлийз үү, бүхэл бүтэн үндэстнийг маань доош нь хийлээ гээд сүржигнэж, хийрхэж бөөн юм болохоор янзтай нөхдүүд байна лээ.
Үндсэндээ давтагдаад буй:
· Чингис хаан
· Түүх
· Соёл иргэншил
· Гоц үндэстэн гэсэн ойлголтууд дээр бага сага чимхээд авая гэж бодлоо.
Миний байр суурь:
· Нэгд, Чингис хаан, түүнтэй холбоотой түүх бол монголчуудын түүхэн бахархал, дурсгал бол мөн. Харин Чингис хаан маань нас барсан, найман зууны өмнөх хүн учир өнөөдрийн бидэнд тусалж чадахгүй. Зүгээр түүний амьдрал, үйл хэргийн know how-ийг л судалцгаая. Тэгэхэд тийм байсан юм чинь ингэхэд ингэнэ гэдэг чинь дэндүү shortcut шүү. Нэг голын усанд хоёр орохгүй гээд нэгэн алдарт үгийг санахад илүүдэхгүй. Тэгэхдээ бас ч яахав дээ нэг л юм дутуу санагдаад байвал ( угаасаа л дутуу байгаа юм чинь ) өнгөрсөн рүү очиж сэтгэлээ амрааж болох л ...
· Хоёрт, түүхэнд маань маш эмгэнэлтэй, бас бахархалтай олон зүйлс байдаг. Харин омогшино гэхээр бодитой зүйлд л омогшдог байх гэж бодоод байгаа юм. Өнөөдөр бид омогшихоор их статустай, бүгдийн оргилд гарсан, ялан мандсан улс мөн үү? Харин ч ялагдаж яваа, чирэгдэж яваа орон бус уу? Seize the day гэдэг шиг seize болчихсон accomplishment бидэнд юу ч алга даа найзуудаа. Тиймээс омогшихоо хойш нь тавьж, оготно шиг хөдөлмөрч байя л даа. Бүх юм дэндүү хэврэг байгааг санавал омогшиж далдагнахаасаа илүү хичээлээ хий л гэмээр байна. Зүгээр хамгийн бодитой ойрын түүхэн үр дүнгийн цөөн жишээ жагсаая.
o Бид улс төрийн хувьд тусгаар тогтносон -1946, 1961 (бидэнд эдийн засаг, соёлын гээд өшөө олон тусгаар тогтнолууд хэрэгтэй байна)
o Бид харьцангуй эрүүл, боловсролтой болсон – 1950-аад оноос хойш (өрөөсгөл байсан, мөн ухралт явагдсан)
o Бид ардчилсан тогтолцоонд шилжиж эхэлсэн - 1990 (Шилжилт дуусаагүй л байгаа шүү)
o Бид үндэстний хувьд уугуул, цэвэр хэвээрээ байна – (тун удахгүй хэдэн хувь нь хужаа, эсвэл хангүг болчихгүй байгаа даа?)
Эдгээр дээр л омогшилтоо хийгээдэх?
· Гуравт, соёл иргэншил гэдэг зүйл бидэнд байхгүй. Анхны соёл иргэншил болох нүүдлийн сонгодог соёл иргэншил (би бол үүнийг соёл иргэншил биш, амьдрах хэлбэр гэж үздэг), тэгээд Орос, Хятадын нөлөөгөөр бантан хутгагдаад, араас нь Америк, Солонгос (голцуу энэ хоёр л байх шиг байна даа) улсын иргэн мэтээр өөрийгөө сэтгэдэг 90-ээд оныхон залгагдаад монголд бол ямар ч соёл иргэншил алга. Шашин ч бараг алга. Урлаг, уламжлал бол байна. Гэхдээ тэдгээрийг модернизацид оруулж, applicable, available, alternative болгохгүй бол зүгээр л дурсамж төдий, амьдралын бодит хэрэглэгдэхүүн биш байгаа юм. Энэ хэдхэн жишээгээр соёл иргэншил байхгүй, байлаа гэхэд загварчлагдаагүй, галзуугийн эмнэлэг шиг байгааг хэлмээр байна.
· Дөрөв дэх нь, гоц үндэстэн гэх гээд байгаа юм. Үүнийг няцаах гээд бичиж байхаас ч залхуу хүрч байна. Зүгээр л бусдаас Монголын онцгойг нотлох гэж байхын оронд монгол нь монголдоо л арай илүү хариуцлагатай, хайртай, халамжтай байчихая, тэгэх үү?
Хэтрүүлээд, наргиад нэг хэлчихэд омогших юмгүй байгаа улсууд хөөрөөд, омогшоод байна гэхээр жинхэнэ хий юм хардаг, мэдэрдэг нөгөө шизофреник гэдэг нь болж байгаа юм биш биз?
Би бол ядаж дараах зүйлсээр омогшмоор байна.
Монгол инженерийн бүтээсэн автомашин
Монгол барилгачины барьсан уран барилга
Монгол хүн Нобелийн шагнал авах
Монгол улс нэг олимпоос ядаж 5 алтан медаль авах
Монгол хэл НҮБ-ийн албан ёсны хэл болох ...
Монгол хэл НҮБ-ийн албан ёсны хэл болох ...
Хэхэ бараг мөрөөдлийн жагсаалтархуу зүйл сонсогдож байгаа биз? Тиймээс битгий омогш, харин мөрөөд. Мөрөөдлийнхөө төлөө цагийг үр!
1 comment:
hahaha harin neg awch ogcheee. harin ter newtruulgiig haraad dyrgui hursen hiiih yumaaa oljh yadsan huniii herggui tenegtel todii yum bnleee durgui hureed suwgaa solison tend orj bgaaa nohduuud ni helj bgaaa ugiinhee utgiiig ni oilgohgui nuhduuud bileee tiiim teneg huurtsun bodoldooo awtaad yawbal yag hugjuuuch ter setgeleereeooriigoo huurguuud amidrah bhdaaa
Post a Comment