Wednesday, December 29, 2010

Хятад мэргэд юу өгүүлэв?


  • Одоо цаг сохор хүн ч гэсэн хас шиг цагаан, хөө шиг хар гэж ярьдаг болжээ. Хичнээн хурц нүдтэй хүн ч түүний үгийг үгүйсгэж үл чадна. Харин сохор хүний өмнө хар цагаан 2 зүйл тавиад аль хэрэгтэйг нь ав гэх юм бол ямрыг нь авах ёстойгоо үл мэднэ.
  • Хаан хүн нүд рүү нь эгц ширтэж байгаад үнэнийг хэлдэг зарц нартай байх ёстой.
  • Ургац сайтай жил хүмүүс сайхан сэтгэлтэй, өгөөмөр байдаг. Ургацгүй жил бол ааш муутай, хэрцгий болдог юм.
  • Хэрэв морины нүд хялар байвал түүнийг хялар морь гэнэ. Харин морины нүд том байхад хэн ч том морь гэдэггүй.
Мо Ди

  • Өндөр дээд нь өөртөө нам дордыг харьялдаг. Чанга дуу зөөлөн авиатай хоршиж байж зохиролт аялгуу үүсгэдэг. Урьд болсон явдал үйл удаахь үйлээ дагуулж, басхүү дагаж явдаг.
  • Дугуйны гол дээр гучин хигээс тулдаг. Гэвч дугуйг дугуй болж байгаа зүйл нь гагц тэр хигээсүүд бус, хигээсийн завсрын хоосон зай ч мөн.
  • Хүндлэл өргөмжлөл гэдэг ухаантай хүний хувьд доромжлолоос ялгаагүй. Тиймээс өргөмжлөл хүндлэл ирэхийн цагт тэр эгээ л тунгалаг хоосон зүйлийг нэвт харж буй мэт хэнэггүй байдаг. Хүндлэл үгүй болоход ч мөн ер үл ажирна. Ийм учраас ухаантай хүн ертөнцийг захирахаас айж байгаа үед түүнд энэ хариуцлагыг үүрүүлж болно. Бас бүгдийг захирч байгаадаа харамсч буй үед нь ч үүнийг даалгаж болно.
  • Ер нь өөрийгөө аугаа их гэж огтхон ч боддоггүйд л чухамхүү аугаа их чанар оршдог.
  • Загас усны дунд байх тусмаа аюулгүй байдгын адил улс орон захирч засаглах арга хэлбэрээ ард олонд нэн үзүүлэхгүй байх тусмаа баттай оршин тогтноно.
  • Хүн чанартай хүмүүс эр зоригтон байдаг. Ариг гамтай хүмүүс өгөөмөр байдаг.
  • Хүлцэнгүй буюу бүх дэлхийг захирахыг хүсдэггүй хүмүүс он удаан жил бусдад хэрэгтэй байдаг.
Лаоз
  • Мэдэх зүйлээ л ярьдаг, мэдэхгүй юмандаа оролцдоггүй хүн л мэргэн болой.
  • Мэдэж таньж баршгүйг ухаараагүй хүнд зөвхөн урмыг нь бодоод аливааг бүү заа!
  • Хэлж болохгүй үг гэж байдгийг ухаараагүй хүнд үг бүү заа!
  • Бусад гурван зүгийг таниагүй хүнд нэгэн зүгийг мөн бүү зүсэлж өг!
  • Дээд хүний ёс салхи мэт, дорд хүний авир өвс мэт.
  • Мөхөс хүн хэргэм суудал үгүйд эс олдох вий хэмээн байж ядах, олсны хойно алдах вий хэмээн байж ядах, түүнийхээ улмаас алив муу арга бүхнийг сэдэх.
  • Эгэл ард түмнийг удирдан дагуулж болох ч ухааруулан сэхээрүүлэх боломж үгүй.
  • Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй.
  • Жинхэнэ эр хүн хоол бус, аян зам боддог. Тариа тарина гэдэг өлсөхөөс айсных. Суралцана гэдэг цалин хөлс горилсных. Ноён нуруутай хүн аян зам л бодож уйтгарлахаас биш, амьдрал зүдүү байна гэж шаналдаггүй.
  • Зовлонд унахгүйн тулд ертөнцийн жамыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бусад хүний амжилт хийгээд сүйрлийг юман чинээнд тоохгүй явбаас жинхэнэ зол жаргалыг олно.
Күнз

  • Тэнгэрийн доор хоёр их хууль цааз оршино. Нэг нь хувь тавилан, нөгөө нь шударга ёс бөлгөө.
Жуанз
  • Нүдэнд өртөх хэлбэртэй бол тэр өчүүхэн, тоймлож багтаах хэлбэр үгүй бол тэр аугаа.
  • Байгаль бол зарчим. Жинхэнэ төгс зарчимд муу юм байдаггүй.
Хуэ Ши

  • Ургахад нь тарианд туслах хэрэггүй.
Мэнз
Эх сурвалж: 2010 онд Улаанбаатар хотноо хэвлэгдсэн Г.Аюурзанын "2х2=6 буюу суут 60 сэтгэгчид" номоос хуулбарлан буулгав.

1 comment:

Anonymous said...

Хэрэв морины нүд хялар байвал түүнийг хялар морь гэнэ. Харин морины нүд том байхад хэн ч том морь гэдэггүй.
eniig oilgodogguie, tailbarlaj ogch boloh uu?

Related Posts Plugin for WordPress, Blogger...