Г.В.Плехановын “Улс
төрийн гэрээслэл” буюу “Социализм хэрхэн сөнөх вэ?” хэмээх жижигхэн ном уншлаа.
Тэрээр 1856-1918 оны хооронд амьдарч байсан бөгөөд хүнд өвчнөөр нас барахынхаа
өмнө Финляндад орогнож байхдаа үүнийг өөрийн нэгэн андаар хэлж бичүүлсэн нь 1999
оны 11-р сард олон нийтэд ил болсон ажээ. Намайг 9-р ангийн бацаан байхад тухайн
үед Орос орон даяар шуугиан тарьж байсныг нь хальт мульт санах юм. Харин
Ж.Нэргүй гуай үүнийг орчуулан монгол уншигчдынхаа хүртээл болгожээ. Миний
мэдэхээр Москвад Г.В.Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн их сургууль гэж
байхаас гадна Монголд түүний салбар нь ч байдаг.
Соц нийгмийн үед
эрт, өөрийгөө таниулаагүй байхдаа нас барсан улсууд баатар болдог байсанчлан мань
хүнийг тухайн үед янз янзаар л тодорхойлдог байжээ. 1920-оод оны дунд үе хүртэл
Лениний багшид тооцогдож явсан бол 1970-аад он хүртэл урвагч, ангийн дайсан,
эргэлзээтэй хувьсгалч гэгдэж байгаад цагаадсан байх юм.
Нуухыг нь авах
гээд нүдийг нь сохлоно гэдэг шиг ийм агуу хүний, ийм цөөхөн агуулгаар ийм их зүйлийг
нягтруулан бичсэн номыг тоймлоно гэдэг утгагүй аж. Харин зарим нэг зүйлсийг
шууд ишлээд оруулчихлаа. Нэгэн зүйл бишрэлийг минь төрүүлсэн нь түүний
большевизм цаашид хэрхэн хөгжих вэ, цаашид юу болох вэ, орост ямар үр нөлөө
үзүүлэхэв, орост яагаад ийм гаж зүйл бий болов гэдгийг тайлсан нь, ирээдүйг
зөвхөн зөнчид уншдаг төдийгүй, онол, шинжлэх ухаан хэрхэн ончтой тодорхойлж
чадах вэ гэдэг нь байлаа. Түүнд хүндэтгэл илэрхийлье.
Түүний гэрээслэлийн "Хэзээ ч хэвлэн нийтэлж болохгүй, зөвхөн ирээдүйн Оросын ардчилсан төрд дамжуулах ёстой" хэмээх анхааруулгатай хэсэг агуулга өнөөг хүртэл нийтэд дэлгэгдээгүй байгаа юм байна.
... Белинский,
Чернышевский нар ч тухайн цагтаа төөрөлдөж байсан шиг анхандаа би цор ганц
үнэнийг олохыг мөрөөддөг байлаа. Гэвч аз болоход тийм юм байхгүй, байх ч ёсгүй гэдгийг
тун удалгүй ойлгосон юм. үнэн гэдэг бол тухайн цагт л хувьсгалт хэрэгт үйлчилж,
ард түмэнд тус болж байгаа тэр зүйл болж таарах нь...
... Амьдралынхаа
туршид би бусдын л нэгэн адил олон алдаа хийсэн. Гэвч хамгийн том агаад уучилж
болшгүй алдаа маань Ленин юм. би түүний чадварыг дутуу үнэлж, түүний далд
санаа, фанатик зорилгыг олж харсангүй. Түүний максимализмд би хүлцэнгүй агаад
ёжлонгуй л ханддаг байсан аж...
... Миний алдаа орос эх оронд минь үнэтэй туссан
...
... Тэгэвч Ленинтэй
зөрөлдсөн бүхэн орших боломжгүй гэдгийг, намын нэгдэл нягтрал боломжгүй гэдгийг
удахгүй би ойлгосон юм... түүний л уриа лоозонгийн дор, нэг талаар сул дорой
хөгжилтэй Оросын пролетариудад зориулсан арга мэх, уриа дуудлагынх нь сэтгэл
татам амьсгалаар, нөгөө талаар Лениний цуцашгүй ажлын чадвар, ер бусын
шаардлагын дор төрсөн ...
... Цөөнхийг захирах
олонхийн диктатур нь энэ үгний бүрэн утгыг хадгалж чаддаггүй агаад ер нь ч уг
диктатур зөвхөн шилжилтийн үед л хөрөнгөтнүүдийн эсэргүүцлийг дарахын тулд
байдаг учиртай...
... Марксыг шүүмжлэгч
ноёд юу ч ярилаа, ямар ч тайлбар гарган тавилаа гэсэн, нийгэм маань өнөөг
хүртэл мөн чанартаа Марксын сургаалийн дагуу л хөгжиж буйг хүлээн зөвшөөрөхөөс
өөр замгүй...
... Пролетарийн диктатур Марксын төсөөлж байснаар одоо ч, ирээдүйд ч бий
болохгүй...
... Сэхээтнүүд бол аливаа үндэстний тархи оюун, нинжин сэтгэл, нэр төр юм ...
... Марксын үхлээс хойш, ялангуяа энэ зууны эхнээс Европ дахь капитализмын
хөгжлийг ажиглаад байхад капитализм бол ангийн тэмцэлд асар хурдан зохицдог,
арга хэлбэрээ өөрчилдөг, социализмын үзэл баримтлалыг ч биедээ наачихаж чаддаг
нийгмийн уян хатан шат бололтой юм ...
... Цуст хувьсгалууд буурай капитализмын дагавар байдаг шиг большевизмын үзэл
санаа буурай пролетариат, ядуу, соёлгүй, ухамсар дорой хөдөлмөрчдийн байнгын
дагуул байсаар ирсэн, байх ч болно ...
...Ард түмний оюун ухаан, санаачилга, өөрсдийгөө зохион байгуулах чадварыг нь
хэт үнэлэх, пролетари нар өөрсдөө үйлдвэрлэлийг удирдан хяналт тогтооно гэж
итгэх нь солиорол юм. “Энх тайван”, “Хөдөлмөр”, “Аз жаргал”, “Тэгш эрх”, “Ахан
дүүс” – эдгээр үгс бол утопистуудын уриа юм ...
... Хорлолоос үүдсэн буян улам илүү хорлолыг авчирдгын нэгэн адил, хүчирхийлэл,
заль мэхэн дээр суурилагдан үүссэн нийгэм бас л хорлол, үзэн ядалт, бүр
цаашлаад өөрсдийнхөө авсыг л авчирна...
... Дотооддоо энхтайван тогтоохын оронд большевикууд Орос орныг харгис ширүүн
иргэний дайн руу түлхэнэ, тэр нь тун удахгүй эхэлж, улаан цус гол горхи шиг
урсан ангийн хядаан болж хувирна... большевикууд яллаа гэхэд Орос орон
капиталист улсуудын хүрээнд бүслэгдэнэ, цаадуул нь дэлхийн хувьсгалын зайлшгүйн
тухай чалчаад байгаа большевикуудыг булшлахаасаа татгалзах нь юу л бол...
... Энэ цагийн зорилгодоо хүрэхийн тулд нинжин сэтгэл, хүн төрөлхтөний мораль,
эх орны сонирхлыг ч золиослон тактикийн тавцан дээр өргөл барьц болгон тавьсан
хэрэг.
Сүүлийн үед намын гишүүдийн эгнээ өссөөр байгаа. Гэхдээ энэ нь намын дотор
ухамсартай, боловсролтой хүмүүс олширч байна гэсэн үг биш, яагаад гэвэл намд
шинээр элсэгчдийн ихэнхи нь шинжлэх ухааны социализмын тухай сонсоо ч үгүй.
Лениний үзэл санаа, большевикуудын амлалтанд итгэсэн хэсэг нь удирдагчдынхаа
дур зоргыг сохроор дагалдагчид болно, “хувьсгалын бялуу”-наас аль болох
томоохон хэрчмийг үмхэх гэсэн нөгөө хэсэг нь удирдагчдынхаа төлөө саналаа өгөх
л чадварыг эзэмшин, цааш ахиж намын хүнд сурталтнууд болно. Намын хүнд
сурталтнууд бол Хаант засгийн түшмэлээс ч аюултай бөгөөд, учир нь гэвэл эрх
баригч намын түшмэлүүд юм бүхэнд оролцовч, хийсэн алдааныхаа төлөөх хариуцлагыг
зөвхөн намынхаа л нөхдийн өмнө хариуцна ...
... Большевикуудын үйлдэл нь “Ухаантайн зовлон бол бидний зовлон биш” гэдгийг улаан
цайм нотлодог юм. Тэдний зовлон бол мунхаг, тэнэгийн зовлон, Ленинд, түүний
агуу их онолын нээлтүүдэд сохроор итгэсний зовлон. Харин Ленин тэр “нээлтүүдээ”
хамгийн энгийн нотолгоогоор ч батлахыг бодолгүйгээр шууд л тунхаг болгочихдог
юм ...
... Ленин төрийн эргэлт хийчихээд түүнийгээ социалист хувьсгал хэмээн нэрлэж,
Оросын түүхийг буруу замаар будаа тээлгэлээ ...
... Лениний эхлүүлсэн нийгмийн туршилт бүтэлгүй болох тавилантай гэдгийг өмнө
нь ч хэлж байсан, одоо ч хэлж байна... Нэгдүгээрт, нийгмийн хөгжлийн объектив
хуулиудыг эвдэж болохгүй. Хоёрдугаарт, олон түмний ухамсар, соёл бол үйлдвэрлэх
хүчний хөгжлийн төвшингөөс л хамаардаг нийгмийн хүчин зүйл юм. Гуравдугаарт,
Ленин социалист үйлдвэрлэлийн харилцааг тунхагласан боловч үйлдвэрлэх хүчний
талаар орхигдуулж, тэгснээр хувьсгалт нөхцлийг буруу талаас нь бүрдүүлчихсэн
юм.
... 1917 оны 10 дугаар сард оросуудын нэгээс илүүгүй хувь нь л Лениний талд
байснаас дүгнэж үзэх юм бол, Октябрийн хувьсгал маань бланкизмын эргэлт л
байжээ. Ийм эргэлт бол пролетариудын биш, удирдагчдынхаа л диктатурыг тогтоодог
гэдгийг Энгельс баталж байлаа.
Пролетариудын диктатур ленинч диктатур болж хувирна, нэг намын диктатур нь
намын лидерүүдийн диктатурт шилжинэ.
... Лениний үйл ажиллагаа Орос оронд нөхөж болшгүй гарз хохирлыг нэгэнт
авчирчихаад байгаа бөгөөд большевикуудын ийм жолоодлого гарз хохирлын хэмжээг
цаашдаа ч улам ихэсгэнэ гэж би айж байна. Ленин, түүний залгамжлагчид засгийн
эрхэнд удах юм бол Орос орны ирээдүй маш гунигт тавиланд унаж, Инкүүдийн хаант
улс болон хувирна.
... Агуу их нээлтүүдийн зуун, гэгээрлийн зуун, хүмүүнлэгийн зуун болон үлдэх ХХ
зуун большевизмаас хагацаж, түүнийг яллах болно.
... Түгээмэл, харгис аллагынхаа ачаар Ленин иргэний дайнд ялан гарч чадахыг би
үгүйсгэхгүй. Тийм нөхцөлд большевикуудын Орос орон улс төр, эдийн засгийн
ганцаардалд орж, тэр чигээрээ нэгэн том цэргийн лагерь болон хувирах нь
зайлшгүй. Лагерийнхаа иргэдийг большевикууд империализмаар айлгаж, хоосон
амлалтуудаар л тэжээх болно. Гэвч Лениний үзэл санаа бүтэшгүй гэдэг нь бүхэнд
тодорхой болж социализм хөзрөөр босгосон байшин лугаа адил нуран унах цаг эрт,
орой заавал ирнэ. Оросуудынхаа гунигт хувь заяаг би өрөвдөж байна ...
... “Шал түүхий” пролетариуд, тэдний бүх нийтийн бичиг үсэггүй явдал, ард
түмний ядуурал, Европын ба Оросын социал-демократуудын задрал, Түр засгийн
газрын шийдвэртэй бус, идэвхигүй ажиллагаа л Лениний анархизм, ангиудын үл
эвлэрэл соёолох үржил шимт хөрс болчихсон билээ.
... Большевик засаглал дотроосоо ялзарна. Ялзралын явц олон арван жилээр
үргэлжилнэ.
Түүхийн хөгжлийн явцыг хэн ч өөрчилж чадахгүй. Жирийн бус хувь хүн ч түүний
явцыг эсвэл хурдасгадаг, эсвэл удаашруулдаг юм. ленин оросын түүхийг
удаашруулсан ...
... Лениний тухай бичих юм бол анхны хэдэн сөрөг мөрүүдийг уншаад л түүний
талынхан “нөгөө ертөнцөөс илгээсэн өшөө авалт” хэмээн ойлгох учраас Лениний
тухай бичих хэрэгтэй эсэхэд нилээд эргэлзсэнээ үнэнээр нь хэлье. Гэвч Ленин бол
надаас юу ч сураагүй сурагч маань болохоор, басхүү миний дайсан болохоор
ирээдүйд түүний тухай олон боть ном бичигдэх тул амаа хамхиад орхиж чадахгүй
нь.
... Ленин бол агуу их, жирийн бус хувь хүн. Түүний тухай бичихэд хэцүү, тэр бол
шаардлагатай үед зүсээ хувиргаж чадах хамелеон адил олон нүүртэй хүн... Түүнийг
марксизмыг мэдэхгүй гэж хэлбэл худал болно, догматик гэж нэрлэвэл мөн л худал
болно. Гэвч харамсалтай нь, Ленин бол марксизмыг дэндүү тэвчээртэйгээр, зөвхөн
завхруулах зүг рүү, өөрийнхөө алдаатай дүгнэлтүүдийг батлах ганцхан зорилгоор
“хөгжүүлдэг” хүн. Социалист хувьсгал хийх нөхцөл бүрэлдэхийг хүлээх хэрэгтэй
гэсэн марксизмын сургаалтай тэрбээр огт санаа нийлдэггүй юм. ленин бол хуурамч
диалектикч хүн болохоор капитализм өөрийнхөө алдааг улам хурцатгах зүг рүү л
хөгжиж байна гэж баттай итгэсэн хүн...
... Ленин бол өөрийнхөө санасанд хүрэхийн тулд юунд ч торохгүйгээр шув шулуун
зүтгэдэг маш хатуу зорилготой “амьтан”... “Ленинийхээр л биш бол бүх юм
нулимагддаг” хэмээн М.Горький нэгэнтээ дүгнэсэн байдаг.
... Ленин болбоос оросуудын хагасыг нь жаргалтай социалист ирээдүйд хүргэхийн
тулд тэн хагасыг нь хядчихаасаа сийхгүй хүн.
... Ленин бол онолч мөн л дөө, гэхдээ боловсролтой социалист хүнд түүний
бүтээлүүд юу ч өгөхгүй, яагаад гэвэл уран цэцлэл ч, гүнзгий сэтгэлгээ ч, учир
шалтгааны хурц шүүмжлэл ч тэндээс олдохгүй. Харин боловсролгүй хүнд бол энгийн
хэллэг, зоригтой шүүмжлэл, өөртөө итгэх итгэл, сэтгэл татам уриа лоозон нь хүчтэй
сэтгэгдэл төрүүлчихдэг байх.
No comments:
Post a Comment