Жич: Мэргэжлийн хүн байвал нэр томъёо, ойлголтыг
минь засах талаас нь сэтгэгдэл үлдээвэл баярлах болно. Ер нь би ном гэгчийг уншихгүй асар удаж байна.
Эмгэнэлтэй зүйлс
өдөр бүр болж байна. Байлдаантай кино үзэхээрээ бид энэ бол зүгээр л
байлдаантай кино гэсэн сэтгэл зүйн суурь дэвсгэр дээр хүлээж авдаг. Дундад
зууны үеийн уран зохиолын ном уншихаараа энэ бол зөвхөн туйлширсан илэрхийлэмж
гэж хардаг. Гэтэл?
Хэн нэгний
зовлонг завшаан болгож байгаа мэт энд дурьдах сонирхол алга. Гэхдээ л шударга
бус байна, гэхдээ л хүнлэг биш байна.
Тэгээд зарим улсуудын
байгаа байдлыг хараад, хүлээн зөвшөөрөн, тэднийг нөхцөл байдал тийм болгож
байна хэмээн гэнэн материалист байдлаар бодож чадашгүй нь ээ. Хэрвээ би
материалистаар тайлбарлавал хүн гэгч хорхой шавьжнаас ялгаагүй нэгэн болж
таарна. Надад идеализмын нилээд бат бөх хана байдаг бололтой.
Дэлхий дээр хүн
төрөлхтөн бие биенээ зовоож буй зүйлсийн дотор 1. Бэртэгчин зан, хариуцлагагүй
байдал; 2. Мунхаглал,
төөрөгдөл их хувийн жин эзэлж байна.
Бэртэгчин зан,
хариуцлагагүй байдал хоёр илрэлээрээ төстэй. Мунхаглал, төөрөгдөл хоёр ч
илрэлээрээ төстэй мэт. Гэхдээ хариуцлагагүй байдал, төөрөгдөл хоёр
харьцангуйгээр хүлээн зөвшөөрч болохуйц алдаа байж болох юм. Нэгэнт л бид төгс
газар амьдардаггүй, өөрсдөө ч төгс зүйлс биш хойно. Зарим хүмүүсийн
хариуцлагагүй байдал, төөрөгдөл нь тэр битгий хэл хайр татмаар, өхөөрдмөөр, мөн
ууч, холч сэтгэлээр хандмаар ч байдаг. Хариуцлагагүй байдал, төөрөгдлийг
эмчлэхийн тулд бид өөрсдийн цаг хугацаа, үнэ цэнийг золиослоод, өөрсдийгөө
элээн хурцалж явах ёстой юм.
Гэтэл бэртэгчин
зан, мунхаглал хоёрт бол тийм биш. Эдгээр нь бол найдлагагүй болтлоо ахисан түвшин.
Яая даа гэсэн
бэртэгчин зан, өөрийгөө гэсэн зөвтгөл, утсын чинээ улаан аминыхаа төлөө юуг ч
наймаалцаж чадах нөхдүүд олон байна. Мөн эмчилгээ авахаасаа өнгөрсөн гэхээр найдлагагүй,
чи төөрөгдөл гэж оношлоод төөрөгдлийг нь засах гэж оролдох тусам улам илүү
төөрөгддөг, мунхаглалд орсон хүмүүс ч олон байна. Ялангуяа 50 хол гарчихаад
хариуцлага суугаагүй, амьдралын суурь үнэнийг танин мэдэж чадаагүй зарим
нөхдүүдийг малан жааз (нэгэн
найзын минь ишлэдэг энэ үг их оносон тодорхойлолт санагддаг) гэхээс өөр юу гэхэв дээ.
Муухай үнэртэй,
үмхий самхай ханхлуулсан хүнээс хүмүүс дөлдөг дөө. Яг түүн шиг бэртэгчин, мунхаг
хүн өөрөөсөө муухай үнэр ханхлуулж байдаг. Энэ нь тэр болгон анзаарагдахгүй
байж болох л доо. Наанаа хичнээн сайхан зүйлс ярьж байж болно. Гэхдээ сайхан
зүйлс чихэнд хүрэхийн хажуугаар үмхий самхай нь үнэртсээр л байдаг. Бид гэнэн
амьтад, бидний ухамсар их удаан, болхи хөгждөг. Тэр болгон үүнийг нь
анзаарахгүй.
Хэрхэн үүнийг
мэддэг, анзаардаг болох вэ? Хэрхэн үүнээс зайлсхийх вэ?
Ухамсар. Ухамсар бол
боловсролоос өндөр түвшний ойлголт. Үгүй ээ энд нэг тайлбар өгье. Боловсрол гэхээрээ
10 жил, дээд сургууль, ТМС-д сурснаар олж авдаг зүйл гэж их олон хүмүүс
эндүүрээд байдаг. Тийм биш юм. боловсрол тийм амархан олддоггүй, боловсролыг
хүн өөрөө л бүтээдэг, боловсрол олж олж авахад нилээд үнэ цэнэ төлөх
шаардлагатай байдаг. Боловсролтой (дипломтой) мөртлөө
ухамсаргүй дуракууд төрийн ордноос авахуулаад түгжрэлд зогсч буй жолооч хүртэл
түвшин түвшинд хангалттай олон байна.
Зарчмын үүднээс
хүмүүнлэг, олон ургалчаар хандан генетик, биологи, гариг эрхсийн хүчин зүйлсийг
ухамсарлалтай холбохгүй байяа. Тэгж яривал хүмүүс цочоод Хитлерийн хойд дүрээр
тодруулчихаж мэднэ.
Яг үнэндээ их
олон зүйлс дээр экзистенциализмын цөвүүн саарал нүдээр харахад нийгэм гэгч хувь
хүнийг төлөвшүүлж хүмүүжүүлэхэд тохирох нь ч бий, тохирохгүй нь ч бий. Тийм тохиолдолд
бусад эх сурвалжуудаас үүний тайллыг тайлах ёстой байж ч болох. Тэгвэл яахав
зарчмын хувьд харгис номлол болж хувирна.
Тэгэхээр нийгмийн
харилцаанаас ухамсарлалыг хайгаад үзье. Ухамсрыг хоёр хувааж болох юм. Хиймэл
ухамсар, үнэн ухамсар. Хиймэл ухамсар бол бид нийгмийн загварчлалд ороод хөгжиж
төлөвших явцдаа, боловсролоор дамжих явцдаа олоод авчихдаг. Боловсролоор дамжих
ухамсар хүнд нэг тийм тэмүүлэл, жишиг тогтоож өгдөг. Харин тэрхүү тэмүүлэл,
жишиг нь бодит байдлын хатуу үнэнтэй тулаад барьц алддаг талтай. Тиймээс амьдралын
туршлагаар ухамсарлагдсан хүн энэ тал дээр илүү амжилттай явах магадлалтай.
Үнэн ухамсрыг
зовлон үзсэн хүн л мэднэ. Хүнийг хайрлаж, хагацаж, гомдож, гомдоож, алдаж онож,
атаархуулж хорсуулж, дооглуулж доромжлуулж, зориглон авирч, эрсдэн унаж байж л
энэ хүн гэгчид боловсруулсан газарт тариа ургадгийн адил ухамсар гэгч зүйл ургадаг
ажээ.
Тэрнээс биш
ухамсар гэдэг хээнцэрлэл биш, ухамсар гэдэг боловсрол гэгч хурдны замаар давхингуут диплом хэмээх пайзаар гэрчлэгдчихдэг биш юм. Туршлага яалт ч үгүй хэрэгтэй.
Туршлага, өөрөөр
хэлбэл сорилго л тухайн хүний ухамсрын чанар чансааг шалгаад өгнө. Энэ үзүүлэлт
сайн бол хүн улам хурцлагдаж, улам дайчин болох болно. Энэ үзүүлэлт тааруу бол
хугараад л унах болно. Тэгээд ухамсарт бус байдлын боол нь болно, эсвэл лүзэр
гэдгээ хүлээн зөвшөөрч архичин болох болно.
Манайд ухамсаргүйчүүд олон байна. Ухамсрыг үйлдвэрлэх хэцүү. Үйлдвэрлэе гэвэл хүнд нөлөөлөх үндсэн 3 аргууд болох албадлага, урамшуулал, итгэл үнэмшлээр оролдох учиртай. Миний харж байгаагаар Монголын нийгэмд сүүлийн 2 нь хэт аядуу зөөлөн тусдаг, золиос их шаарддаг, үр нөлөө багатай бололтой.
Тэгэхээр албадлага дээр тулгуурлах шаардлагатай болж байна. Хуулийн нэрийн өмнөөс албадах, хуулиар далайлган албадах, ингэснээр хууль дээдэлдэг, хууль хэрэгжүүлдэг ухамсар суулгах ёстой.
No comments:
Post a Comment