Нэгэн найзынхаа академик ажилд нь санаа өгөх зорилгоор ийм зүйл
бичих шаардлага гарлаа. Миний бичиж чадах зүйл танин мэдэхүйгээс
цаашлаагүй байгаа. Харин гүнзгийрүүлэн судлах сонирхол минь оргилон
буцалж байна.
Монгол орныг мэддэг хүмүүсийн хувьд түүнийг
аварга том хоёр хөрштэй бүх талаараа хуурай газраар хиллэдэг түгжигдмэл,
нийслэл хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог, Аляска шиг
том нутаг дэвсгэртэй мөртлөө 2.7 сая гаруйхан хүн амтай тул нягтшлын
үзүүлэлтээрээ дэлхийд сүүлээсээ 5-д ордог, хорьдугаар зууны дунд хүртэл
нийгэм, эдийн засаг, улс төр, технологи, соёлын хөгжлөөрөө дэлхийн
жишгээс олон зуун жилээр хоцрогдсон байсан, 1990 онд ардчиллагдах үйл
явц эхлэх хүртэл ЗХУ-ын дагуул орон явж ирсэн, харин өнөөдөр Ази тивдээ
ардчиллын үзүүлэлтүүдээр тэргүүлэгчдийн нэг болоод буйг мэдэх биз ээ. Яг
үнэнийг хүлээхэд хорин нэгдүгээр зуун хүртэл манай орныг дэлхий дахин
тэр болгон мэддэггүй, мэддэг бол дэлхийн талыг байлдан дагуулсан Пакс
Монголикаг байгуулсан Чингис хааны төрсөн нутаг, Орос Хятад хэмээх
аварга гүрнүүдийн дунд хавчуулагдсан жижиг үндэстэн гэдгээс цаашгүй
байдаг байлаа.
Харин сүүлийн 5 жилийн дотор дэлхий дахины
Монголын талаарх сонирхол, ойлгоц өөр болох нь тодорхой болоод байна.
Үүнд нэг талаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдүүдийн эрэлтийн хандлага
тогтмол өсөж байгаа, нөгөө талаас Монголын өмнөд хөрш БНХАУ-ын эдийн
засаг, технологийн чадавхи өдөр ирэх бүр асар хурдацтайгаар өргөжин тэлж
улмаар дэлхий дахинд түүний улс төрийн нөлөөлөл нь огцом мэдрэгдэх
болсон, умард хөрш ОХУ-ын авторитари засаглал, цэрэг дайны өндөр
чадавхи, соёл иргэншлийн хямралт байдал, олон улсын түүхий эдийн зах
зээл дэх хувийн жингийн тэлэлт, мөн бүр өргөн утгаараа дэлхий дахиныг хамарсан глобалчлал
хэмээн томъёологдсон агуу шилжилтүүд нөлөөлж байна. Эдгээр нь манай оронд зарим талаар боломжуудыг
нөхцөлдүүлэхийн зэрэгцээ эрсдлийг ч мөн адил агуулан, тодорхойгүй
байдлыг улам ихэсгэж байна. Ийм нөхцөл байдалд энэ жижиг үндэстэн хэрхэн
тэсч үлдэх, хэрхэн хөгжин цэцэглэх вэ гэдэг асуудал улс төрчид, судлаачдын
сонирхлыг ихээр татах болоод байгаа юм.
Өнөөгийн Монголын нутаг
дэвсгэр дээрх анхны төрт улс болох Хүннү үүссэнээс хойш 2200 гаруй жил
болоод байгаа бол өнөөгийн Монгол үндэстэн бүрэлдсэн гэх 13-р зуунаас
хойш 800 гаруй жил өнгөрөөд байна. Монгол үндэстний нутагшлын хил
өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрээс 2.5 дахин том байгаа бөгөөд
энэхүү газрын зураг үүссэн түүхийг судлахад хөрш орнууд хийгээд Монгол
улсын хоорондох олон зуун жилийн харилцааны дүр төрхийг төсөөлж болохоор
байдаг. Товчхон дүгнэхэд нэг талаас хөршүүд маань бидэнд төдийлөн
найрсаг хандаж ирээгүй, нөгөө талаас 1700-аад оноос хойш de-juri болоод
de facto төр улсаа аль алийг нь алдсан үндэстэн хэрхэн,ямар шалтгаан
нөхцөлдлөгөөний үндсэн дээр дахин nation state болов оо гэдэг түүхийн
болон олон улсын харилцааны маш сонирхолтой, нарийн нюанс бүхий
судлагдахуун байдаг. Зүгээр ч нэг судлагдахуунаар зогсохгүй энэхүү
сонирхолтой түүхийг өгүүлэх сонирхолтой үндэстний ирээдүй ямар байж
болох вэ, тэд эдгээр аварга хөршүүдийн дунд хэрхэн тэсч үлдэх вэ, хэрхэн
хөгжин цэцэглэх вэ гэдэг асар сонирхолтой асуудал юм. Миний болоод
монгол үндэстэн бидний хувьд энэ нь зүгээр ч нэг шинжлэх ухааны асуудал
болоод зогсохгүй хамгийн амин чухал, ач холбогдлын зэрэглэл өндөртэй,
зарим талаар эмзэглэл төрүүлдэг сэдэв билээ.
Ийнхүү олон мянган
жилийн түүхийн нугачаа, түүнчлэн Күнз, Ислам, Славын соёл иргэншлийн
тасралтгүй түрэлтэн дунд монгол үндэстэн бүрэлдэн тогтож, өөрийн
адилсал, онцлогоо хадгалан үлдэхэд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн
дипломатын нарийн бодлого болох “Алтан аргамж” чухал үүрэг гүйцэтгэсэн
билээ. “Алтан аргамж” нь монгол нутаг дээр бүрэлдэн тогтсон төр улс
бүрийн алдаа оноо, дэвшил уламжлалыг агуулан хөгжсөн монгол философи
бөгөөд чухам 13-р зуунд Чингисийн эзэнт гүрэнд анхлан бүрэн
томъёологдож, албан ёсны бодлого болж байжээ. Тэр цаг үеэс хойш энэхүү
бодлого маань цаг үе, нөхцөл байдлын онцлогыг тусган хөгжсөөр ирэв. Уг
бодлогын дагуу монголчууд хөршүүдтэйгээ найрсаг, уян хатан харилцааг
эрхэмлэдэг байсан боловч хөршүүдийн зүгээс түүхэн цаг үе бүрт Монголыг
амар тайван байлгасан нь ховор билээ. Манай үндэстэн 14-р зуунаас хойш
дэлхий дахины хөгжил дэвшлээс тусгаарлагдаж, хязгаар нутаг байдлаар олон
зуун жил болсон ч бид эргэлт буцалтгүйгээр, тэр бүү хэл 200 гаруй жил
Манжийн хараат орон байхдаа хүртэл уг бодлогыг баримталсаар ирж, ХХ
зуунтай золгосон билээ. ХХ зуунд, үндэсний эрх чөлөөний хувьсгалаас
хойшхи түүхийг аваад үзэхэд л 1911 онд Манж Чин гүрнээс тасран гарч дэ
факто тусгаар тогтнооод удаагүй байсан Монголыг гоминданчууд эзлэн
түрэмгийлсэн, 1930-аад оны үед ЗХУ-ын зохион байгуулсан хэлмэгдүүлэлт,
яргаллын жилүүдэд энэ цөөхөн хүн амынхаа (тухайн үед 700 мянга орчим
хүнтэй байв) 40 орчим мянгыг нь буудан хороосон гээд олныг өгүүлж болно. Бид
1946 онд дэ юри тусгаар тогтнолоо олсон бөгөөд яг мөн чанартаа 1990 он
хүртэлх Монгол улс нь ЗХУ-ын дагуул орон байж, ДНБ-нийхээ 1/3-тэй тэнцэх
татаас авдаг, эргүүлээд хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдээ олон
улсын жишиг үнээс хэд дахин хямдаар нийлүүлдэг, тухайн үеийн хүйтэн
дайны хамгийн шилдэг зэвсэглэлээр өвч бүрэн зэвсэглэсэн 100,000 гаруй
ЗХУ-ын цэргүүд байрласан, олон мянган км нутаг нь хээрийн сургууль,
зэвсгийн туршилтанд талхлагдан сүйрсэн, олон арван мянган ЗХУ, бусад
социалист орнуудын мэргэжилтэнгүүд суурьшсан, тэрхүү гадаадуудад
зориулсан тусгай үйлчилгээний цэгүүдтэй, бараг колони шахуу тийм орон
байлаа.
Бид 1992 онд шинэ үндсэн хуулиа баталж, ардчилсан,
хүмүүнлэг нийгмийг зорьж эхэлсэн бөгөөд "Алтан аргамж"-ийн уламжлалаа
үргэлжлүүлэн хөгжүүлж, шинэ цаг үед нийцүүлэн явуулахыг хичээж байгаа
болно. Үүн дотор “гуравдагч хөршийн бодлого” хэмээх нэр томъёо бодлого
боловсруулагчид болоод эрдэмтэн судлаачдын дунд ихээхэн газар аван
хэлэлцэгдэж байна. Бидний бодлого, үйл ажиллагаа ч хоёр хөрштэйгээ
найрсаг, тэнцвэрийг сахисан, дотоод асуудалд нь үл оролцох байдлаар
одоогоор амжилттай хэрэгжихийн хажуугаар эн тэнцүү биш хоёр хөршийн дунд
тэнцвэрийг хангах гуравдагч хөршийн эрэл хайгуул тасралтгүй хийгдсээр
байгаа юм. Бид гуравдагч хөршийн эрэлхийллийг олон улсын харилцааны бүх
институтуудтэй идэвхитэй өрнүүлж байгаагийн дотор НҮБ, бусад олон талт
хамтын ажиллагаанд идэвхитэй, төвийг сахисан байдлаар хандаж, НҮБ,
НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанууд болон Ирак дахь чөлөөлөх
ажиллагааг бодитоор дэмжин оролцож байгаа, АНУ, Япон тэргүүтэй өрнөдийн
олон орнуудтай найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхитэй
өрнүүлэн, улмаар олон төрлийн хандив, зээл, тусламж, дэмжлэг авч байгаа,
гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг маш идэвхитэй дэмжих
бодлого баримтлаж байгаа болно.
Монгол улсын гадаад нөхцөл байдал дотоод
бодлогыг нөхцөлдүүлэн тодорхойлдог хэмээн мэргэжлийн хүрээнийхэн үзэх
нь түгээмэл бөгөөд улс төрчид төдийгүй олон нийтэд бид ардчилсан
засаглалаа хадгалснаар хоёр хөршийн улс төрийн хараат байдалд автахгүй
байж чадна, бид эдийн засгаа либералчилснаар эдийн засгийн хараат
байдлыг бууруулж чадна, бид соёлын хувьд нээлттэй байж олон үндэстний,
тэр дундаа барууны соёлыг түгээн дэлгэрүүлснээр соёл иргэншлийн
дархлаагаа хадгална гэдэг итгэл үнэмшил баттай суужээ.
No comments:
Post a Comment