Херерогийн хядлага нь Германы Өмнөд Африкийн Херерочуудын Германы колонийн дарлалын эсрэг гаргасан бослогыг нухчин дарах гэснээс үүдэн Германы эзэнт улс Херерочуудын хооронд 1904-1907 онуудын хооронд өнөөгийн Намиб улсын нутаг дэвсгэрт явагдсан цуст мөргөлдөөн бөгөөд энэ нь ХХ зууны анхны геноцид хэмээн түүхнээ тэмдэглэгджээ.
Европын их гүрнүүдийн Африк дахь колончилолын эрин үед өнөөгийн Намибын нутаг дэвсгэрт Их Британи улс ямарваа нэг ашиг сонирхолгүй болохоо зарласан даруй буюу 1884 оны 8-р сард Герман улс яаравчлан уг нутгийг өөрийн протекторат болохыг зарласнаар өнөөгийн Намиб улсын нутаг дэвсгэр нь тухайн үеийн Германы эзэнт улсын колони нутаг болсон бөгөөд нийт Африк дахь Германы колониудаас эдийн засгийн хувьд хамгийн чухал нутаг дэвсгэрт тооцогдож байв. Учир нь уг колонийн нутаг дэвсгэрт алмазны баялаг ордууд ихээр илрэх болжээ. Херерочууд нь өнөөгийн Намибын нутаг дэвсгэрт үхэр хариулан амьдардаг малчид байсан бөгөөд уг нутгийг Дамарлэнд гэж нэрлэдэг байв.
1904 оны 1-р сарын 12-нд херерочууд Самуэль Махарерогийн удирдлаган дор Германы колонийн захиргааны эсрэг босчээ. Германчууд уг нутгийн иргэдээс газрыг нь булаан авч, нутгийн хүн амыг боол болгож байсан нь тэднийг Германчуудын эсрэг босоход хүргэсэн юм. Босогчид 120 герман хүнийг алж, нилээд тооны фермүүдийг сүйтгэснээс гадна Окаханжа боомтыг эзлэн авч, колонийн нийслэл Виндхук орох замыг тасалсан байна.
Харин энэ үед колонийн захирагч Теодор Лютвин цэргийн нэмэлт хүч илгээхийг Берлинээс хүссэний дагуу Германы Баруун Өмнөд Африкийн цэргийн командлагчаар томилогдсон, генерал Лотар фон Трода 14,000 цэргийн хамтаар Дамарлэндэд ирлээ. Генерал Трода нь Германы эзэн хаан II Уилльямаас олгосон эрхийн дагуу зөвхөн Эзэн хаанд шууд захирагдаж байсан нь колонийн захирагч Лютвинээс хавьгүй илүү эрх мэдэлтэй байсан гэсэн үг юм. Захирагч Лютвин бослогыг дарсаны дараа хэлэлцээ хийх сонирхолтой байсан бол генерал Трота нутгийн уугуул иргэдийг дахин эсэргүүцэх тэнхэлгүй болтол нь нам дарах сонирхолтой байлаа.
1904 оны 8-р сард Германы цэрэг 5,000 хереро дайчдын эсрэг Уатербейргийн тулалдаанд ялсан боловч бүрэн бүслэлтэнд оруулж чадахгүй байлаа. Энэ үед Их Британий засгийн газраас Уатербейргийн тулалдаанд амьд үлдсэн херерочуудад Британий Өмнөд Африкийн Бечуанлэнднд нутаг олгосон учир, амьд үлдсэн хереро дайчид тийшээ дүрвэцгээсэн байна. Гэхдээ тэд замдаа Калахаригийн элсэн цөлийг гатлах ёстой байлаа. Харамсалтай нь тэдний ихэнх нь замдаа ангаж үхсэн байна. Сүүлд Германчууд 25-50 метр гүн ухсан нүхнүүдийн хажуугаас хүний араг яснууд олноор олсон бөгөөд ус ихээр дутагдаж байсан тул ердөө л 1,000 гаруй херерочууд Калахариг гатлан Бечуанлэндэд ирсэн гэдэг.
Уатербейргийн тулалдааны дараа генерал фон Трода нь “Германы цэргүүдийн агуу жанжин миний бие энэхүү илгээлтийг Херерогийн хүн ардад явуулж байна. Бүх херерочууд энэхүү газрыг орхин одох ёстой бөгөөд Германи улсын нутаг дэвсгэрээс илэрсэн аливаа хереро хүнийг буутай, буугүй эсэх, үхэртэй, үхэргүй эсэхээс үл хамааран үг дуугүй буудан хороох болно. Ямар ч эмэгтэйчүүд, хүүхдүүд гэсэн ялгаварлал байхгүй бөгөөд нэг бол өөрийн хүмүүстэйгээ цуг газар нутгийг чөлөөлж өгөх, эс бөгөөс та нарыг галдан шатаах болно.” гэсэн мэдэгдэлийг бүх херерочуудад хандан гаргалаа. Ингээд бослогыг дарж, дайнд бүрэн ялалт байгуулж чадахгүй байсан тул генерал Тродагийн тушаалаар герман цэргүүд баривчлагдсан эрчүүдийг цаазлах, эмэгтэйчүүд ба хүүхдүүдийг цөлөх явдал хавтгайрах болов. Энэхүү харгислалыг тэвчээгүй колонийн захирагч Теодор Лютвин генерал Тродагийн үйлдлийн талаар эзэн хаанд гомдол мэдүүлж, колонийн хууль ёсыг уландаа гишгэж, нөхцөл байдлыг тогтворжих боломжгүй болгож байна гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр нь цааш нь “Тродагийн үйлдэл нь христийн ёс зүй болоод хүмүүнлэг ёсонд харш бөгөөд колонийн эдийн засгийг сүйрүүлэн, Германы эзэнт гүрний нэр хүндийг уландаа гишгэж байна.” гэж эзэн хаанд мэдүүлжээ.
Харин Германы эзэнт улсын хаан II Уилльям өөрийн Генералын херерочуудын эсрэг явуулж буй бодлогыг хамгаалж, “Херерочуудыг Женевийн конвенц болон бусад хэлэлцээрээр хамгаалах боломжгүй, учир нь тэд жинхэнэ хүн биш, хагас хүн юм” гэсэн байна.
Германчуудын энэхүү харгис геноцид бодлого нь нутгийн бусад омог аймгуудыг германчуудын эсрэг мөн адил босоход хүргэсэн байна. 1904 оны сүүлээр нутгийн нама хүн ам бослого гаргав. Байдлыг хяналтандаа авч чадаагүй германчууд нутгийн худаг, уснуудыг хордуулах, бөөнөөр хорих лагериудыг олноор нь байгуулах болов.
1907 оны сүүл гэхэд л Германы цэрэг нутгийн иргэдийн эсэргүүцлийг дарж, Херерогийн дайн буюу хядлага дуусчээ. Харин 1915 он гэхэд Германы тус колони нь Дэлхийн I дайны үеийн колони хоорондын мөргөлдөөнөөр Өмнөд Африкийн цэрэгт эзлэгдсэн байна.
1985 онд НҮБ Баруун Өмнөд Африк дахь Хереро болон Нама үндэстнүүдийг олноор нь хоморголон устгасан явдал нь ХХ зууны хамгийн анхны геноцид болсон хэмээн зарласан бол Германи улс 2004 онд буюу бүтэн 100 зуун жилийн дараа болсон явдалд уучлалт гуйжээ. Сонирхолтой нь 2007 онд генерал Лотар фон Тродагийн гэр бүлийнхэн нь Намибт айлчилж, Хереро омгийн ахлагчдаас өвөг дээдсийнхээ хийсэн үйлдлийнх нь төлөө уучлалт гуйжээ.
Энэхүү дайны үеэр 65,000 хереро /нийт херерочуудын 60%/, 10,000 нама /бүх намачуудын 50%/ хүмүүс, нийт 75,000 хүн алагджээ. Тус дайны үеэр учирсан хохиролд цэрэг дайны үйл ажиллагаанаас илүүгээр геноцид буюу үй олноор хоморголон устгасан явдал нь зонхилох нөлөө үзүүлсэн байна.
Цөллөгийг даван Британы эзэмшилд ирсэн байгаа Херерочууд
Нама омгийнхон
Германы Баруун өмнөд Африкийн колони (өнөөгийн Намиб улс)
Хереро хүмүүсийн гавлын яс нь герман цэргүүдийн хувьд ашигтай наймаа болдог байв. Тэд эдгээрийг социал дарвинизмын үзэл суртлыг нотлохоор ажиллаж байсан эрдэмтэд, их сургуулиуд, мөн музейнуудэд илгээж байлаа. Ингэхийн тулд тэрхүү араг ясны мах, арьс, үсний үлдэгдлүүдээс нь хутгаар цэвэрлэдэг байжээ.
Бөөнөөр хорих хуаран
Боолын дуудлага худалдаа
Фон Тротагийн хойч үе хереро, намачуудаас уучлалт гуйсан ч үүнийг нь тэд доромжлол гэж хүлээн авчээ.
No comments:
Post a Comment