Monday, April 18, 2011

Ардчиллын төөрөгдлүүд

Миний бие 2006 онд МУИС-ийг төгсөхдөө "Монгол дахь ардчиллын чанар, түүнийг үнэлэх нь" сэдвээр диплом бичиж байсан юм. (Гэхдээ энэ мэргэжлээрээ ер ажиллаагүй, сүүлд сурсан MBA-ээр амьдралаа хөөж байгаа тул би улс төр судлаач биш шүү.) Диплом маань хүмүүсийн нийтлэгээр төсөөлдөгчлөн энгийн учир шалтгааны хэлхээ, төөрч будилам, тодорхой бус үгэн далай, зохиогчийн сэтгэл хөдлөлийн гажуудалд живчих гээд байдаг нийгмийн шинжлэх ухааны судалгаанд тоон аргыг өргөн ашиглаж, түүнийг индексжүүлэх талаар байсан нь надад сонирхолтой байжээ.
Өнөөдөр нэгэн дүүдээ "ардчилал"-ын тухай мэдээлэл, баримт олж өгөх гээд файлуудаа ухаж байгаад тэр үед цуглуулж байсан зарим сонирхолтой зүйлсийг оллоо. Эдгээрийн нэг нь АНУ-ын улс төр судлаачдын эцгүүдийн нэгэнд тооцогддог, Доктор, Йелийн их сургуулийн Проф. Роберт Далийн"Ардчиллын тухай" номноос хийсэн товч тэмдэглэлүүд юм. Тус ном 2004 онд монгол хэлнээ орчуулагдсан болно.

Монгол дахь ардчиллын тухай эргэцүүлэх тусам гашуун боловч үнэт зүйлийн эрхэмлэлээр биш харин процессын, эволюцийн жамаар хөгжих ёстойг ухамсарлаж, өдөр тутам бидэнд тохиолдож буй, нүдний өмнө өрнөж буй үйл явдлуудыг жигшин зэвүүцэх, буруушаан үгүйсгэхээсээ илүүтэйгээр өнөөгийн байгаа байдлын голдрил нь зөв үү, гажилт байлаа гэхэд энэ гажилт цаг хугацааны болоод хөгжлийн хэр үр нөлөөтэй вэ гэдэгт зовниж, үйл явц голдрилын дагуу ургахад нь чадах чинээгээрээ оролцоогоо хангах юм сан гэж боддог. Үнэхээр болохгүй, бүтэхгүй байгаад бидний амьдралд муугаар нөлөөлөн зовоож буй зүйлс олон ч бид амьдарч буй учраас байнга л зүүж таардаг ягаан, ногоон, саарал шилнүүдгүйгээр аваад үзэхэд Монголд ардчилал хэр байна вэ? Та нар юу гэж бодном?


Ардчиллын талаар Freedom House (2010), Barometer (2007), World Values Survey, Polity III, Transparency гэх мэт судалгаанууд байдаг (холбоосууд дээр дарж Монгол улсад өгсөн үнэлгээнүүдийг сонирхоно уу) бөгөөд эдгээр түлхүүр үгсээр хайгуулдаад интернэтээс олоод харж болно. Роберт Даль гуай бол Ардчиллын чанарын хэмжүүрүүдэд үйл ажиллагааны (хууль дээдлэх ёс, оролцоо, өрсөлдөөн, хариуцлагын хэвтээ болон босоо тогтолцоо), агуулгын (иргэний болон улс төрийн эрх чөлөөг дээдлэх, улс төрийн эрх тэгш байдал) үр дүнгийн (үүрэг хариуцлага) зэрэг 8 шалгуурыг авч үзжээ. Эдгээр шалгуур бүр нь цаашаа дэд шалгууруудад хуваагдаад, тэгээд дэд шалгуурууд нь нэг бус нилээд хэдэн талбарын олон талт судалгаа, баримтын үндсэн дээр тодордог тул яг одоо ямар байгааг тодорхойлох нь төвөгтэй ажил юм. Мөн түүний үндэслэгээний зохистой эсэх тухай бүтээлчээр авч хэлэлцэнэ гэдэг өөрөө нөр их академик ажил хийсний дараа боломжтой болох тул зөвхөн өөрийн субьектив байдлаар үнэлэхэд манайд ардчилал хөгжиж ч болох, ухарч ч болох эгзэгтэй хэвээр байна (энхийн манаа гэдэг шиг ардчиллын манаанд зогсдог ухамсарт иргэд олон болох тусмаа ардчилал хөгждөг болохоор байнга сэрэмжтэй, мэдрэмжтэй байхгүй бол болохгүй) гэмээр байна.

Ингээд диплом бичиж байх үед тэмдэглэсэн зарим зүйлсээ буулгахаар шийдлээ. Эхний бичлэгт Роберт Далийн "Ардчиллын тухай" номны "Төөрөгдлүүд" хэсгийн тэмдэглэлээ тавилаа.

... Нэгдүгээрт, ардчиллын мандал бууралтыг үе үе богино хугацаанд удааширдаг авч ямар нэг алсын оргил өөд жигд дээшээ өгссөн хөдөлгөөн гэж яагаад ч хэлж болохгүй юм. Ардчиллын түүхийг аваад үзэхэд хааяа л нэг өндөрлөг газар таардаг хязгааргүй цэлийх цөл газрын замыг санагдуулах агаад зөвхөн тодорхой агшнаас эхлэн өнөөдрийн оршин байгаа тэр өндөрлөг рүү урт удаан мацах зам эхэлдэг. [Х12]

... Хоёрдугаарт, ардчиллыг мөнхийн бөгөөд уурын машин лугаа нийтэд болон бүх хүнд зориулагдсан зүйл гэж ойлгож болохгүй юм. Ардчиллын хөгжлийг зүгээр л анхдагч гал голомтоосоо үүдэн тархсан, эсвэл янз бүрийн үед, янз бүрийн газарт бие даан үүссэн гэдэг тайлбарыг хэрхэн хийх вэ? [Х12]

... Ардчиллын тархалт нь ямар нэг, магадгүй ихээхэн хэмжээгээр ардчилсан үзэл санаа, зарчмуудын харилцан нэвчилттэй холбоотой, гэхдээ харилцан нэвчилт нь бүрэн тайлбар өгч чадахгүй. Ер нь ардчиллыг гал, зураг, захидал зэргийн адилаар нэгэн зэрэг, нэг газарт бүтээгээгүй байж таарна. Эцсийн эцэст хэрэв тодорхой газарт, тодорхой цаг үед ардчилал үүсэхэд таатай нөхцөл бүрэлдсэн юм бол иймэрхүү таатай нөхцөл ямар нэгэн өөр газарт яагаад бүрэлдэж болоогүй байх билээ? [Х13]

... Ардчиллыг хаана, хэзээ таатай нөхцөл бүрдсэн тэр л газар, тэр л цаг үед тухай бүрт нь шинээр бүтээж байсан гэж үзэж байна. Ийм нөхцөл нь янз бүрийн газарт, янз бүрийн үед үүсч байжээ. Үржил шимт хөрс, хангалттай хур тунадас газар тариалангийн хөгжлийг тэтгэдэг лугаа тодорхой, таатай хүчин зүйлүүдийн хослол нь засаглалын ардчилсан аргын хөгжих хандлагад таатай нөлөө үзүүлж ирсэн биз ээ. [Х13]

… бид хүүхэд байхаасаа эхлэн олон шинэ зүйлсэд дасч, тэдгээр нь бидэнд ойлгомжтой, жам ёсны мэт санагдаад ирэхээр өөрийн эрхгүй яагаад бидний өмнөх үеийнхэн үүнийг олж чадаагүй, яагаад тэд үүнийг өдөр тутмын хэрэг болгож чадаагүй зэргийг гайхдагаа санаад үзэцгээе. Бидний дундаас олон хүн урд өмнө тухайн цаг үедээ бүтээж, нээсэн зүйлсийг байх ёстой зүйл мэтээр ойлгодог. [Х17]

... Бид ардчиллын тухай асуудлуудыг хэлэлцээд ирэхэд: “ардчилал” гэсэн ойлголт нь эрхэмлэлд ч (идеал), бодит байдалд ч адилхан хамаатай болчихдог эгэл нэгэн зүйл их будлиан тарьдаг. Нэг нь ардчиллын эрхэмлэлийн тухай ярьж байхад, нөгөө нь голчлон ардчилсан гэж нэрлэдэг засаглалын бодит системийг ярьж байна. Энэ хоёр юу ярьж байгаагаа тодруулах хүртэл бие биенээ үл ойлгон маргасаар л байх юм. [Х27]

... Гүн ухаантнууд зорилго, эрмэлзэл, үнэт зүйлс гэх мэтийн тухай болон бодит байдал, бодит нөхцлийн тухай бидний төсөөллийн хооронд ямар ялгаа байгаа талаар эцэс төгсгөлгүй маргасаар ирсэн. Эхний бүлэг гаргалгаа нь “Бид юу хийх ёстой вэ? Тухайн нөхцөл байдалд ямар үйлдэл нь зөв байх вэ?” гэдэг, хоёр дахь бүлэг гаргалгаа нь “Би юу хийж чадах вэ? Миний өмнө ямар боломж байна вэ?” гэсэн асуултад өгөх хариултад хамаарна. Эхний гаргалгааг үнэт зүйлсийн (эсвэл ёс суртахууны), хоёр дахь гаргалгааг эмпирик гэж нэрлэдэг юм. [Х27]

... “Ардчилал гэж юу вэ?“ гэсэн асуултад хариулахдаа бид өөрсдийнхөө үнэлэмж дээр буюу юуг нэр төртэй, зөв, хүссэн зорилго гэж үзэх явдал дээр бараг бүрэн тулгуурласан үндэслэл хэлдэг. Зүүнээс баруун тийш шилжих “Ардчилал юунд хэрэгтэй вэ?” гэсэн асуулт дээр ирэхэд ёс суртахууны категориуд дээр ихээхэн хэмжээгээр тогтож байсан бидний үнэлэмж бодит ертөнцөд оршин байгаа шалтгаан - үр дагаврын холбоо, хязгаарлалт, боломжийн тухай өөрсдийн маань төсөөллөөс хамаарч эхэлнэ, өөрөөр хэлбэл тэдгээр нь эмпирик шинжтэй болж эхэлж байна. Энэ бол бид баттай мэдээ, баримт, дам гэрчүүдийн тайлбарлалд ихээхэн хэмжээгээр найддаг. Бодит ардчилалд улс төрийн ямар институтууд шаардлагатай байгааг тодорхойлохыг оролдохдоо бид гэрч баримт, эмпирик дүгнэлтэд илүүтэй итгэдэг. Энд ч гэсэн ардчиллын утга холбогдол, үнэт зүйлсийн тухай бидний анхдагч үнэлэмжээс хэсэгчлэн хамааралтай нь бидний хувьд чухал юм. Үнэн хэрэгтээ бол ардчилсан үнэт зүйлс, түүний шалгуур бидэнд нэн чухал байгаагаас бодит байдалд байгаа ардчилсан институтын шинж чанарын талаар бид санаа зовж байна. [Х32]

3 comments:

deegdalantai said...

Дипломынхоо ажилын үр дүнг блогтоо товч хэлбэрээр бичихгүй юм уу?
Өөрөөр хэлбэл:
Чиний хувь хүний дүгнэлт ямар гарсан бэ? Монгол дахь ардчилалын чанар нь чиний хувьд юу вэ? Чанарыг яг ямар аргаар үнэлэв? Үнэлгээний хариу ямар гарав? ЧИНИЙ бодолыг сонирхож байна :-)

Gundegee said...

ok, tegnee :)

deegdalantai said...

баярлалаа. Төвөг болох гээгүй шүү. Зүгээр л дипломын ажилынхаа явцад монгол дахь ардчилалын талаар юм хум тунгаасан байх тэрийгээ хуваалцаарай л гэсэн юм. Зав зайгаараа :-)

Related Posts Plugin for WordPress, Blogger...