Monday, April 26, 2010

АНУ - Вьетнамын дайн

Wikipedia: Vietnam war-ийг орчуулав. Хамтран Wiki-гийн mn хувилбарыг хөгжүүлцгээе!




Тойм

Вьетнамын дайн буюу Энэтхэг хятадын хойгийн хоёр дахь дайн нь Вьетнам, Лаос, Камбож улсуудад 1959 оны 9 сарын 26 - 1975 оны 4 сарын 30 хүртэл үргэлжилсэн юм. Умард Вьетнам, түүний коммунист холбоотнууд, Өмнөд Вьетнам, түүний коммунизмын эсрэг эвсэл энэ дайнд оролцжээ. АНУ коммунизмын тархалтаас сэргийлэхийн тулд уг дайнд орсон бөгөөд 1950-аад оноос цэргийн зөвлөгчид илгээх түвшинд байж байгаад 1960 оноос цэргээ байрлуулж, 1961 онд бие бүрэлдэхүүнийхээ хэмжээг 3 дахин, 1962 онд түүнээс дахин 3 дахин нэмэгдүүлжээ. Байлдааны нэгжээ 1965 оноос эхлэн байрлуулав. Үйл ажиллагаа хил дамнаж, Лаос, Камбожийг бөмбөгдөх боллоо. 1968 оноос цэргээ гаргаж эхлэн “Вьетнамжуулалт” хэмээх бодлого явуулав. 1975 оны 4 сард Умард Вьетнамын арми Сайгоныг эзэлснээр Вьетнамын дайнд цэг тавьжээ. Аль аль талаас 3-4 сая вьетнамчууд амь үрэгдэн, Лаос, Камбожийн 1.5 – 2 сая хүн нас барж, АНУ 58,159 хүнээ алдав.



Хүүрнэл
Франц улс 1888 онд өнөөгийн Камбож, Вьетнам, Лаос улсуудыг бүрэлдэхүүндээ багтаасан Индочайна колонио байгуулав. Дэлхийн хоёрдугаар дайнд Франц улс Германд бууж өгөн (1940 онд), дэлхий даяар тархсан колониуд нь Германы гар хөл болсон Вичигийн Францын мэдэлд ирлээ. Энэ нь Энэтхэг-хятадын хойг тэнхлэгийн гүрнүүдийн талд орсон гэсэн үг бөгөөд 1940 онд Япон улс тус хойгийг эзэлснээр японы хяналтын уг нутаг дэвсгэрт Вичичүүд засаг захиргааг удирдах болжээ. Германы цэргүүд Францыг орхин гарсан үеэс колонийн захиргаа “Чөлөөт франц” хөдөлгөөнтэй нууц яриа хэлэлцээ хийж эхлэв. Өөрсдөд нь итгэл алдарсан колонийн захиргааг япончууд 1945 оны 3 сарын 9-нд эзлэн авч Бао Дайг эзэн хаанаар томилон “Вьетнамын эзэнт гүрэн” хэмээх тоглоомын улс байгууллаа.

1944-1945 онд муу цаг агаар болон япончуудын мөлжлөгөөс үүдсэн аймшигт өлсгөлөн умард Вьетнамыг хамарч 10 сая хүн өртөн, үүнээс 1 сая нь нас барлаа. Үүнийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөнүүд гарсны тэргүүнд Вьетминчууд байлаа. 1945 оны 8 сард Япон бууж өгснөөр үүссэн хоосон орон зайд Вьетминчууд 8 сарын хувьсгал гэгчийг хийж 9 сарын 2-нд уг хувьсгалын удирдагч Хо Ши Мин Ханойд цугларсан 500 мянган хүний өмнө Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам улсыг тунхаглалаа.

Гэвч Дэлхийн Хоёрдугаар дайны ялагч холбоотнууд аль хэдийн уг нутаг дэвсгэр Францын харьяа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байв. Тухайн үед Франц улсад ийшээ дайчлах хөлөг онгоц, зэр зэвсэг, цэргүүд байгаагүй учир их гүрнүүд хэлцэн тогтосноор Их Британи өөрийн цэргийг ийшээ оруулж, өмнөд Вьетнамд байрласан бол БНХУ-ын цэрэг умардад байрлалаа.

Британичууд өөрсдөө цөөн тоотой байсан учир газардсан даруйдаа тэд олзлогдсон франц цэргүүд болон бууж өгсөн япон цэргүүдийг дахин зэвсэглэж Өмнөд Вьетнамд хяналтаа тогтоов.

1946 оны 1 сард Хо Ши Мин төв болон умард Вьетнамд явагдсан сонгуулиар ялав. 1946 оны 3 сард Францчууд Ханойд газардаж, 11 сард Вьет Минчуудыг хотоос шахан зайлууллаа. Ингэснээр Вьет Минчууд францын холбооны цэргийн эсрэг гуэрилла буюу партизаны дайнд мордлоо. 1949 онд Хятадын коммунистууд иргэний дайнд ялснаар Вьет Минчуудын зэр зэвсгийн хангамж сайжирлаа.

1950 оны 1 сард БНХАУ мэтийн коммунист улсууд Вьетмины БНАВУ-ыг Вьетнамын албан ёсны засгийн газар хэмээн хүлээн зөвшөөрчээ. Бао Дайг эзэн хаанаар нь дахин томилж байгуулсан Францын Вьетнам улсыг коммунист биш улсууд хүлээн зөвшөөрөв.

БНХАУ цэргийн зөвлөгчид илгээн, зэр зэвсэг, ажиллах хүчнийг Вьет Мин руу илгээх болсон бол нөгөө талд АНУ “Цэргийн тусламж ба зөвлөгөөний бүлэг” гэгчийг байгуулан Францын талд тусламж, стратегийн зөвлөгөө өгч, мөн Вьетнам цэргүүдийг сургах боллоо. 1954 он гэхэд АНУ 300 мянган ширхэг жижиг зэвсгийг нийлүүлж, 1 тербум долларын дэмжлэгийг Францын Вьетнам дахь цэрэгт үзүүлээд байсан бөгөөд Вьет Минтэй хийж байсан дайны зардлын 80%-ийг АНУ дааж байлаа.

Түүнчлэн франц, америкчууд цөмийн зэвсэг хэрэглэх боломжийн тухай зөвлөлдөж ч байжээ. АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгчид Тонкины буланд хөлхөлдөж, гол тулаан болж буй Дьен Бьен Пугийн дээгүүр АНУ-ын агаарын хүчин тагнуулын нислэг үйлдэж байлаа. Дэд ерөнхийлөгч Ричард Никсон 3 жижиг цөмийн зэвсэг хэрэглэх төлөвлөгөө боловсруулж, болохгүй бол “Америк хөвгүүдийг оруулая” гэж байлаа. Харин Британи улс уг ажиллагаанд орохын эсрэг байсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Эйзенховер ч интервэнц хийсэн тохиолдолд үүдэн гарах улс төрийн эрсдэл үр ашгаасаа давна гэсэн тооцоон дээр үндэслэн болихоор шийджээ. Уг мөргөлдөөний үед Вьетнам дахь АНУ-ын тагнуулууд Францын ялах боломжид эргэлзэж байлаа.

Дьен Бьен Пугийн тулаанд Франц ялагдсанаар Женевын хурлаар Камбож, Лаос, Вьетнам улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө.

Вьетнам нь Женевийн гэрээ ёсоор 17-р өргөргийн дагуу хуваагдаж, иргэд амьдрах нутгаа өөрөө чөлөөтэй сонгох боломжийг олгов. Улс орон даяар сонгууль явуулах ёстой байсан боловч коммунистуудад ялагдахаас айсан өмнөд вьетнамын ерөнхийлөгч хориг тавив. Католик голцуу 1 сая умардынхан өмнөд рүү нүүж, уг дахин байршуулах ажиллагааг АНУ 93 сая доллараар санхүүжүүлэв. Хэрвээ Вьет Минчууд хориглон саад болоогүй бол дахин 2 сая иргэд өмнөд рүү дайжих байлаа.

Умардын БНАВУ газрын шинэчлэлийн эрс хөтөлбөр хэрэгжүүлж, 8000 ангийн дайсныг цаазаллаа.

Өмнөдөд урьд нь Франц болон Японы тоглоомын хүүхэлдэй байсан Бао Дай эзэн хааны удирдлаган дор Нго Дин Дьем тэргүүтэй засгийн газар ажиллаж байлаа.

1956 оны 4 сард сүүлийн франц цэрэг Вьетнамыг орхин гарлаа. Мөн энэ үеэр БНХАУ умард Вьетнамыг ч орхин гарав.

Өмнөд Вьетнамд сонгууль явагдаагүй бөгөөд Ерөнхий сайд Нго Дин Дьем “Коммунист умардуудтай хэрхэн бид “чөлөөт сонгуулийг” хүлээж болох билээ?” хэмээн мэдэгдсэн бөгөөд Вьетнам дахь АНУ-ын тагнуулуудын Ерөнхийлөгч Двайт Д. Эйзэнхаурт илгээсэн 1954 оны судалгаанд “хүн амын 80 хувь нь коммунист Хо Ши Мин”-ы төлөө саналаа өгөхөөр байна гэжээ.

Доминогийн онолын дагуу АНУ хандаж байсан бөгөөд сенатор Жон Ф.Кеннеди “Хэрэв коммунизмын улаан түрлэг Вьетнамд халгих юм бол Бирм, Тайланд, Энэтхэг, Япон, Филиппин, мөн мэдээжийн хэрэг Лаос, Камбожид аюул заналхийлэх болно” хэмээн мэдэгдэж байлаа.

Дьем нь үндсэрхэг үзэлтэн байсан ч барууны соёлыг хэт шүтэгч, Вьетнам дахь бүх асуудлын шийдэлд барууны арга зүй тохирно гэж үздэг нэгэн байлаа. Тэрээр эх орныхоо эх хэл, түүхийн мэдлэг ч тааруу байсан гэдэг. Коммунистуудыг цэвэрлэх ажиллагааг хавтгайруулан явуулж, түүнээс дүрвэсэн 52,000 вьетнамчууд умард руу нүүлээ. АНУ-ын тагнуулын төв газар “Гэгээн Мари өмнөд рүү явж байна” нэртэй суртал ухуулга хийсэн нь ихээхэн үр дүнтэй болж, 800000 хүн умардаас өмнөд рүү дүрвэжээ. Тэрээр өөрийн гол албуудаа төв болон умардаас гаралтай католикуудаар хашуулж байв. Түүний улс төрийн цэвэрлэгээний улмаас 1955-1957 онуудад 12000 сэжигтэн алагдаж, 40000 улс төрийн хоригдол шоронд сууж байлаа.

Тэрээр хаант засгийн цаашдын хувь заяаны талаар санал асуулга явуулж, 98.2%-ийн дэмжлэгийг орон даяар авсан гэдгийн дотор Сайгонд 133%-ийн санал авчээ. Түүний америк зөвлөгчид “60-70”%-аар ялахыг зөвлөсөн боловч тэрээр санал асуулгыг нэр төрийн шалгуур гэж үзэж байв. Ингээд 1955 оны 10 сарын 26-нд Дьем Бүгд Найрамдах Вьетнам улсыг тунхаглан, өөрөө Ерөнхийлөгч нь болжээ. Энэ нь америкчуудын тус бүст коммунист биш улс үүсгэх бодлоготой нийцэж байлаа.

Дьем нь чинээлэг католик шашинтан байсан бөгөөд олонхи эгэл жирийн вьетнамчуудын хувьд тэрээр Вьетнам дахь Францын дэглэмд тусалж байсан хуучин элит байлаа. Вьетнамын хүн амын олонхи нь Буддист байсан учир түүний Буддын шашны эсрэг дайралтууд үл итгэлцлийг газар авахуулжээ.

1956 оны 12 сараас Ханойгоос өмнөдөд үлдээсэн 5-10 мянган коммунистууд болон бусад дэмжигчид Дьемийн эсрэг бослоо. Өмнөд хариу арга хэмжээ болгон жирийн сургуулийн багш нар, эрүүл мэндийн ажилчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг хоморголуулан олноор нь аллаа.

1959 онд Умардын “Намын төв хороо”-ноос “зэвсэгт тэмцэл” эхлүүлэх нууц тогтоол гаргалаа. Дьемын дэглэм улам бүр нэр хүндгүй болж буйг ажигласан Ханойн засаг захиргаа 1960 оны 12 сарын 12-нд Үндэсний Чөлөөлөх Фронт гэгчийг коммунистуудын удирдлага дор Өмнөдөд байгууллаа.

1960 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Жон Ф.Кеннеди ялсан бөгөөд тангараг өргөх ёслол дээрээ “эрх чөлөөг авран, амжилтыг нь бататгахын тулд ямар ч үнээр, ямар ч дарамтыг туулан, ямар ч хүнд сорилттой тулгардаг байлаа гэсэн хамаагүй ямар ч андыг дэмжин, ямар ч дайсныг сөрөх болно” гэсэн зоримог мэдэгдэл хийжээ. Тэрээр фронтын дайнаас илүүгээр Ногоон малгайтан мэтийн тусгай хүчнийхний партизаны (guerilla) тактикийг ашиглан Вьетнамыг шүүрдэхийг илүү үзэж байв. Ерөнхийдөө Кеннедигийн захиргаа Труман, Эйзенхоур нараас уламжлагдсан гадаад бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд нөлөөний улсууд бий болгохыг илүүтэйд үзэж байв. Тэрээр шууд оролцоог “элсэн дээр зураас зурах мэт” гэж тодорхойлсон байна. 1961 оны 5 сард дэд Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон Сайгонд айлчлаад Дьемыг “Азийн Уинстон Черчиль” хэмээн мэдэгдэв. Түүнээс яагаад ийм мэдэгдэл хийснийг асуухад “Дьем бол бидний тэндээс олсон цорын ганц хүү” хэмээжээ. Кеннедигийн бодлого Дьем болон түүний хүчээр дамжуулан партизаны бослогуудыг өөрсдөө дарах ёстой гэж байв. Тэрээр АНУ-ын цэргийг байршуулахын эсрэг байж, “АНУ-ын хүчийг олон тоогоор тэнд байршуулах нь өнөөдөртөө цэргийн хувьд ашигтай, ач холбогдолтой байж болох боловч улс төрийн үл итгэлцэлд хүргэн, энэ нь урт хугацаанд цэрэг стратегийн хувьд ч сөрөг үр дүнд хүргэх нь тодорхой” гэж мэдэгджээ.

Өмнөд Вьетнамын цэргийн байлдах чадвар сул хэвээр байлаа. Муу удирдлага, авилгал, улс төрийн гаж тогтолцоо нь БНВУ-ын армийг дордуулж байв. Гэсэн хэдий ч Кеннеди цэргийн тусламжаа нэмсээр байв. 1963 оны байдлаар Өмнөд Вьетнамд Америкийн 16000 хүний бүрэлдэхүүнтэй нэгж байрлаж байсан нь Эйзехоурын үед байсан 900 зөвлөхтэй харьцуулбал хамаагүй өссөн байжээ. 1961 оноос “Стратегийн тосгон” хөтөлбөрийг хэрэгжүүлэн хөдөөний хүн амыг бэхлэлттэй хуарангууд руу нүүлгэн шилжүүлснээр энэ нь хүн амыг босогчдоос тусгаарлах, боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах ёстой байжээ. Гэсэн хэдий ч тосгоны тариачид уламжлалт тосгодоосоо нүүх сонирхолгүй байж бослого хүртэл гарчээ. Уг хөтөлбөрийн хүрээнд газрын шинэчлэл явагдах ёстой байсан ч бүх түвшинд уг төлөвлөгөөг эсэргүүцэж байлаа. Уламжлалт тогтолцоогоор тариачид цөөн хэдэн газрын эздэд өндөр түрээс төлдөг бөгөөд авилгал цэцэглэсэн байв.

1962 оны 7 сарын 23-нд БНХАУ, Өмнөд Вьетнам, Умард Вьетнам болон АНУ Лаосын төвийг сахисан байдлыг хүндэтгэхээ амлан гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэтэл 1963 оны 1 сарын 2-нд Өмнөд Вьетнамын арми Вьетконгийн багахан хүчтэй тулгаран, тооны хувьд давамгай, зэр зэвсэг сайтай мөртлөө гутамшигтайгаар ялагдсан бөгөөд энэ үеэс Вашингтон Дьемыг коммунистуудын учрыг олж чадахгүй гэсэн дүгнэлтэнд хүрч, шууд Хо Ши Минтэй тулж ажиллах нь зөв гэж үзэв.

Өмнөд Вьетнамын дарангуйлагч Буддагийн уламжлалт соёлыг цэвэрлэх гэсэн нь Буддын лам нар, олон нийтийг дургүйцлийг хүргэн бослого Хүэ Весакын мөргөлдөөн гарлаа. Дьем католик шашинтан, түүний ах Нго Дин Тук нь католикийн хамба лам байсан бөгөөд төр шашны харилцааны асуудал дээр бантан хутгаж байв. 1963 оны зунаас АНУ-ын албаныхан дэглэмийг өөрчлөх боломжийн тухай хэлэлцэх боллоо. Гадаад хэргийн яам төрийн эргэлт хийхийг сайшааж байсан бол Батлан хамгаалах яам Дьемийг хэвээр нь үлдээх саналтай байв. Тэд юуны түрүүнд Дьемын дүү Нго Дин Нхуг зайлуулах асуудал дээр санал нэгдэв. Нху нь нууц цагдаагийн газрыг тэргүүлдэг бөгөөд Буддистуудын эсрэг ажиллагааг гол зохион байгуулагч нь байв. Тагнуулын төв газраас Вьетнамын генералуудтай нууц хэлхээ холбоо тогтоон Дьемыг зайлуулахаар төлөвлөж байлаа. Тэдэнд ингэсэн тохиолдолд эсэргүүцэхгүй бөгөөд хариу арга хэмжээ авч тусламжаа зогсоохгүйгээ мэдэгдсэн байна. 1963 оны 11 сарын 2-нд Ерөнхийлөгч Дьемыг түлхэн унагааж, ах дүү нарынх нь хамт цаазлав. Энэ мэдээг дуулаад Кеннеди ихэд цочирдсон гэдэг. Тэрээр ийм ажиллагааг төлөвлөсөнг мэдээгүй, батлаагүй байлаа. Өмнөд Вьетнам дахь АНУ-ын элчин Хэнри Кабот бослогын удирдагчдыг элчиндээ урин баяр хүргэлээ. Вашингтон Кеннедид“ дайн илүү богиносох найдлагатай боллоо” хэмээн мэдэгдэв. Эргэлтийн дараа эмх замбараагүй байдал газар авчээ. Өмнөд Вьетнамд улс төрийн тогтворгүй байдал газар авч, нэг цэргийн дэглэм нөгөөгөөр солигдох болов. Гэсэн ч бүгд л АНУ-ын утсан хүүхэлдэйнүүд аж.

Кеннедигийн засаг захиргаа оролцоогоо дахин тодорхойлж хүн амын “зүрх сэтгэлд нь ялалт байгуулах”-аар төлөвлөв. Гэсэн ч АНУ-ын батлан хамгаалах яам цэрэг сурган хөгжүүлэхээс бусдаар оролцохоос татгалзаж байв. Өмнөд Вьетнам дахь АНУ-ын хүчний удирдагч генерал Пол Харкинс 1963 оны зул сарын баяр гэхэд ялна гэдэгтэй итгэлтэй буйгаа мэдэгдэж байлаа. Харин Тагнуулын төв газар илүү болгоомжтой хандан “бодит байдал дээр хөдөө орон нутагт дэ факто хяналтаа Вьет Конгчууд тогтоосон бөгөөд юмс тийм ч амар биш” хэмээн мэдэгдэж байв.

1964 оны 8 сарын 2-нд USS Maddox Умард Вьетнамын эрэгт хэд хэдэн торпедо завьтай тулгарав. Хоёр өдрийн дараа USS Turner Joy болон Maddox дахин тулгаралтанд өртөв. Үүнээс үүдэн Конгрессоос “Тонкины булангийн тогтоол” гарган, үүгээр Ерөнхийлөгчид дайн зарлалгүйгээр Зүүн Өмнөд Азид цэргийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгов. Линдон Жонсон харин “Америкийн хөвгүүд дайнд оролцохоос илүү Азийн хөвгүүд өөрсдийн газар шороогоо өөрсдөө хамгаалах нь зүйтэй” хэмээн мэдэгдэж байжээ. Гэсэн хэдий ч Үндэсний аюулгүйн байдлын газрын нууцлалаас 2005 онд хасагдсан баримт бичгийг үзвэл 8 сарын 4-ний явдал гэгч нь огт болоогүй бололтой. Энэ үед 1959 онд 5000 хүнтэй байсан Вьет Конгийнхон 1964 он гэхэд 100000 хүнтэй болоод байв. 1961-1964 оны хооронд армийн бүрэлдэхүүн 850 мянгаас 1 сая хүнтэй болжээ. Энэ үед Вьетнамд байрлаж байсан АНУ-ын хүчний тоо 1961 онд 2000 байснаас 1964 онд 16500 болсон байна.

АНУ-аас 3 жил үргэлжилсэн агаарын бөмбөгдөлт явуулсан бөгөөд зорилго нь Умард Вьетнам, Өмнөд Вьетнамыг чөлөөлөх үндэсний фронт хоорондын харилцаа холбоог таслах, Умард Вьетнамын агаарын хамгаалалт болон аж үйлдвэрийн дэд бүтцийг устгах явдал байлаа. Түүнчлэн Өмнөд Вьетнамчуудын сэтгэл санааны байдлыг дээшлүүлэх зорилго агуулжээ. Уг ”Нүргээнт аянга” ажиллагааны үеэр сая тонн жинтэй пуужин, залуурт пуужин болон бөмбөг хаясан байдаг. Нэгэн офицерын шүүмжлэн тэмдэглэснээр “энэ бол улс төрийн дайн бөгөөд ялгавартай аллага явуулах шаардлагатай. Үүнд хамгийн тохирох зэвсэг нь хутга, хамгийн тохиромжгүй нь нисэх онгоц” хэмээсэн байдаг. АНУ-ын агаарын хүчний удирдагч Куртиз ЛэМай харин “бид тэднийг чулуун зэвсгийн үедээ очтол нь бөмбөгдөх болно” гэсэн байдаг.

“Дүрэлзэх сум” ажиллагаанд 1965 оны эхээр бэлтгэх явцад Вьетконгчууд агаарын хүчний баазууд руу гэнэтийн дайралт хийснээр газрын дайны эхлэл тавигдав. Үүгээр Өмнөд Вьетнамчууд баазын аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй нь тодорхой болж 1965 оны 3 сард 3,500 АНУ-ын тэнгисийн цэрэг Өмнөдөд буув.

Энэ үед Хо Ши Мин “Хэрэв америкчууд дайныг хүсч байвал бид 20 жилийн дайн хийх болно. Хэрэв тэд энхийг хүсвэл, бид тэднийг уриад өглөөний цай хамт уухад бэлэн” хэмээх алдарт үгээ хэлжээ.

12 сар гэхэд америк цэргийн тоо 200,000-д хүрлээ. Америкийн цэрэг голлон хамгаалах чиг үүрэгтэй байсан бөгөөд Их гүрний хувьд АНУ-ын арми довтолгооны номлолоор яваад хэвшсэн байлаа. Коммунистууд урьд нь дандаа “цохь, зугтаа” тактиктай байсан бөгөөд тэрхүү 12 сард БНАВУ-ын армитай өмнөд вьетнамд хийсэн тулаануудад хэд хэдэн дэс дараалсан ялагдлууд хүлээлээ. Урам хугарсан америкчууд хамгаалах стратегиа өөрчлөн дайнд ялах гурван зүйлт төлөвлөгөө боловсрууллаа. Үүнд:

Нэгдүгээр үе: Дайны ялагдан буй чиг хандлагыг АНУ-ын хүчний оролцоотойгоор 1965 оны эцэс гэхэд зогсоох,

Хоёрдугаар үе: дайсны партизаны болон зохион байгуулалттай хүчийг устгах томоохон дайралтуудыг зохион байгуулах. Энэ үе нь дайсан хамгаалалтын арга барилд шилжин томоохон суурингаас зайлснаар дуусгавар болно.

Гуравдугаар үе: Хоёрдугаар үеийн дараа дайсны эсэргүүцэл оршсоор байсан тохиолдолд 12-18 сар үргэлжлэх дараагийн ажиллагаагаар дайсны үндсэн хүчийг устгаж, бааз суурийг үгүй хийнэ.

Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчний удирдагч Вэстморлэнд 1967 оны эцэс гэхэд ялалтанд хүрнэ гэж таамаглаж байлаа.

АНУ-ын армийн цэргүүдийн дундаж нас 19-22 байсан бөгөөд нас барагсдын дундаж ч 22.8 байлаа. АНУ-ын бүтэлгүйтлийн нэгэн гол шалтгааныг Америкийн цэргийн алба 1 жил байж энэ нь цэргүүдэд дадлага туршлага, мэдрэмж суулгадаггүйтэй холбож байв. Нэгэн ажиглагч “Бид Вьетнамд 10 жил биш, 1 жилийг 10 удаа өнгөрөөсөн” гэж хэлсэн нь нэгийг хэлэх мэт.

Вашингтон өөрийн холбоотон SEATO (Зүүн Өмнөд Азийн Цэргийн Эвсэл)-гийн дэмжлэгийг хүлээж Австрали, Шинэ Зеланд, БНСУ, Тайланд ба Филиппин өөрийн цэргийг орууллаа. Гэсэн хэдий ч НАТО-гийн түншүүд болох Канад, НВУ цэрэг илгээхээс татгалзжээ. Эд нэгдсэн хүчээр хэд хэдэн цогц ажиллагаа явуулсан ч умардынхан маш хурдтай, тактикийн уян хатан байдалтай ажиллаж байв.

Жонсоны засаг захиргаа хэвлэлийнхэнтэй аль болох илэн далангуй биш байх бодлого барьж харьцлаа. Ингэснээр дайны дэвшил, баатарлаг ялалтын тухай илүүтэй мэдээлэгдэж, албан ёсны мэдээнд олон нийт итгэхээ болив. 1967 оны 10 сард дайныг эсэргүүцсэн том жагсаал болж жагсагчид “Хо, хо, Хо Ши Мин! Үндэсний чөлөөлөх фронт ялах болно!” буюу “Хүүе, Жонсон! Чи өнөөдөр хэдэн хөвгүүдийг маань алав?” гэх мэт уриа барьсан байлаа.

1968 оны 1 сард коммунистууд Тет буюу сарны тооллын шинэ жилийн баяраар “Тэт дайралт” хэмээх гэнэтийн ажиллагаа зохион байгуулж 100 гаруй хотууд руу нэгэн зэрэг дайрч, үүнд нь Генерал Вэстморлэндийн төв штаб болон Сайгон дахь АНУ-ын элчин яам өртөв. АНУ болон Өмнөд Вьетнамын хүчин хариу арга хэмжээг яаралтай, үр дүнтэй авсны хүчинд газар авахуулаагүй боловч Вьетнамын эртний нийслэл Хю эзлэгдэж, тэнд “Хюгийн тулаан” хэмээн нэршсэн тулалдаан өрнөлөө. Хариу дайралтанд Америкийн цэргүүд галын хүчийг маш их ашиглаж, хотын 80% нь сүйрэн балгас болжээ. Хотоос гарахдаа коммунистууд 6,000 зэвсэггүй, энгийн номхон иргэдийг хүйс тэмтрэв.

1968 оны 5 сарын 10-нд АНУ ба БНАВУ-ын хооронд энхийн яриа хэлэлцээ эхэллээ. Хэлэлцээ 5 сар үргэлжлэв. Энэ үед АНУ-д сонгууль болж дэд Ерөнхийлөгч Хюбэрт Хюмпри Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн дэд Ерөнхийлөгч асан Ричард Никсонтой өрсөлдлөө.

“Тэт” довтолгооны явцад хэд хэдэн удаа коммунистуудад ялагдал учруулсан нь АНУ-ын ерөнхийлөгч Ричард М. Никсонд цэргээ татах боломж олгожээ. “Никсоны номлол” хэмээн алдаршсан түүний төлөвлөгөө нь БНВУ-ын армийг хөгжүүлж, тэд Өмнөд Вьетнамыг хамгаалах явдал байсан юм. Энэ нь “Вьетнамжих бодлого” (Vietnamization) хэмээн алдаршжээ. Түүний бодлого Кеннедигийнхтэй төстэй байсан.

Никсон détente буюу зэвсэглэлийг хорогдуулах бодлогыг ЗХУ-ын зүг явуулж, БНХАУ-тай ойртохыг хичээж байв. Гэсэн хэдий ч харамсалтай нь БНХАУ болон ЗХУ умард вьетнамчуудад тусалсаар байлаа. 1969 оны 9 сард Хо Ши Мин 79 насандаа өөд боллоо.

АНУ-ын хүчний оролцсон аллагууд хэвлэлээр цацагдан дайны эсрэг хөдөлгөөн АНУ-д газар авлаа. 1970 оноос АНУ-ын цэргүүд хохирол ихтэй хилийн бүсээс урагш татагдаж эргийн болон нутгийн гүн хэсэгт байрлах болсноор хохирол өмнөх онтой харьцуулбал 50% буурсан байв.

Ханхүү Нородом Сиханук Камбожийг төвийг сахисан улс болохыг 1955 онд зарласан боловч коммунистууд Камбожийн нутгийг бааз болгон ашиглаж байлаа. Гэсэн ч бүс нутгийн мөргөлдөөнд хамрагдахыг хүсээгүй тэрээр үүнийг тэвчин өнгөрөөж байв. Вашингтоны шахалтын дор тэрээр бодлогоо 1969 оноос өөрчлөн хилээ хаажээ. Америкчууд хилийн дагуу нууцаар бөмбөгдөх боллоо. Ричард Никсон ханхүү Сиханюкт 1969 оны 4 сард илгээсэн захидалдаа АНУ “бүрэн эрхт байдал, төвийг сахисан байдал, нутаг дэвсгэрийн нэгдмэл байдал”-ыг хүндэтгэн үзэхээ илэрхийлжээ. АНУ болон БНВУ улс коммунистуудын баазуудыг устгах, Өмнөд Вьетнам дахь нөхцөл байдлыг намжаахын тулд Камбожийн нутаг руу цөмрөн орлоо.

Өмнөд Вьетнамын арми Лаос дахь Хо Ши Мины цэргүүдийн урсгалыг таслан зогсоох зорилготой Лам Сон 719 нэртэй ажиллагааг 1971 оны 2 сард эхлүүлэв. Лаос нь өнгөн дээрээ олон арван жил төвийг сахисан улс байсан боловч хэрэг дээрээ нууц дайны голомт байлаа. Тэнд эсэргүүцэлтэй тулгаран ӨВ-ийн цэргүүд зэр зэвсэг, техникээ хаяж, сарнин ухарлаа. Орхигдсон тоног төхөөрөмж, танкуудыг дайсанд эзлэгдэхээс сэргийлэн сэрэмжилж АНУ-ын онгоцнууд тэдгээрийг байлан бөмбөгдөж жагсаалаас гаргаж байв. Дайралтанд оролцсон ӨВ-ын хүчний тал хувь нь алагдах буюу олзлогдов. Ажиллагаа бүрэн сүйрлээр дуусч, вьетнамжих бодлого амжилтгүй буйн бодит нотолгоо боллоо. Карнов тэмдэглэснээр “бүтэлгүйтэл нь түүхэн ач холбогдолтой болсон юм... Засгийн газрын түшмэдүүд америкчуудаар 10, 15 жилийн турш хичээл заалгаж, зарим нь бүр АНУ-д очин нутагт нь сурсан боловч тэдний сурсан зүйл хангалтгүй бага байна” гэжээ.

1971 онд Австрали, Шинэ Зеланд цэргээ татлаа. АНУ-ын цэргийн тоо 196,700 болсон бөгөөд 1972 оны 2 сар гэхэд дахиад 45,000 цэргээ гаргах төлөвлөгөөтэй байв. Армийн сахилга дэг журам муудаж, хар тамхины хэрэглээ өсч, арьс өнгөөр ялгаварлах үзэл дэлгэрч, офицеруудынхаа тушаалыг үл тоомсорлох нь ихэсчээ. Өөрт таалагдахгүй офицероо тулалдааны үед хороох явдал олон гарах боллоо.

Вьетнамжих бодлого 1972 оны “Дорны дайралт” ажиллагааны үед дахин хүнд сорилттой тулгарав. Энэ нь өмнөдийн умард руу хийсэн фронтын давшилт байсан бөгөөд коммунистууд яаравчлан умард мужууд руу нүүж, Камбож дахь хүчнийхээ туслалцаатайгаар Өмнөд Вьетнамыг дундуур нь хуваах дөхлөө. АНУ-ын агаарын болон газрын хүчний оролцоотойгоо үүнээс аврагдсан бөгөөд дайралтыг зогсоолоо. Эндээс америкийн агаарын хүчгүйгээр Өмнөд Вьетнам тэсч үлдэхгүй нь тодорхой болсон юм. Хамгийн сүүлийн америкийн хуурай замын цэрэг 8 сард тус орныг орхин гарав.

Никсоны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Хенри Киссинжер Умард Вьетнамчуудтай нууц хэлэлцээр хийн 1972 оны 10 сард тэд тохиролцоонд хүрэв. Энэ талаар өмнөдийнхөн сэжиг авсан тул Никсон итгэл алдахгүйн тулд “Лайнбакэр II” хэмээх масс бөмбөгдөлтийг Ханой болон Хайпунд 1972 оны 12 сарын 18-29-ний хооронд зохион байгууллаа. Уг дайралтын үед Умард Вьетнамын эдийн засгийн болон аж үйлдвэрийн чадавхи бүрэн сүйдэв. Нөгөөтэйгүүр Никсон өмнөдийн Ерөнхийлөгч Тиюг шахан умардтай урьдчилан тохирсон гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрүүлэхийг чармайж, үгүй бол хоёр талт энхийн гэрээ байгуулан, Америкийн тусламжийг зогсоохоор заналхийлж байлаа.

1973 оны 1 сарын 15-нд Никсон Умард Вьетнамын эсрэг дайралтын ажиллагаагаа зогсоосноо зарлав. 1973 оны 1 сарын 27-нд Парисын энх тайвны хэлэлцээрээр “Вьетнамд дайныг эцэслэж, энхийг тогтоох” гэрээ батлагдсанаар Вьетнамын дайн дахь АНУ-ын шууд оролцоо эцэс болжээ. Өмнөд умардын хооронд ч гал зогсов. АНУ-ын дайны олзлогдогчид суллагдлаа. Энэхүү гэрээгээр Вьетнамын нутаг дэвсгэрийн нэгдмэл байдлыг 1954 оны Женевын хурлын нэгэн адил заасан бөгөөд умард, өмнөдийг хамарсан үндэсний сонгууль явуулах тухай тусгасан байв. АНУ-ын цэрэгт тус бүсийг орхин гарах 60 хоногийн хугацаа олгожээ.

Гэрээнд Өмнөд Вьетнамын ерөнхийлөгч ихээхэн дурамжхан зурсан бөгөөд АНУ-ын зөвлөх Киссинжер болон Умард Вьетнамын гадаад хэргийн сайд То нар Нобелийн энх тайвны шагнал авсан боловч То жинхэнэ энх тайван хараахан тогтоогүй байна гээд шагналаас татгалзсан гэдэг.

Тулалдаан дахин эхлэхэд Өмнөд Вьетнам өөрийгөө хамгаалан өөрсдөө тулалдах боллоо. Олон мянган Вьетнамчууд АНУ руу дүрвэсэн нь дэлхийн түүхэн дэх хамгийн том дайнаас дүрвэгчдийн нүүдэл болсон гэдэг. Сайгон 1975 онд Умардад эзлэгдэж, коммунистууд Лаос ба Камбожийг тэр оныхоо хавар түрэмгийлэн эзэллээ.

Гал зогсоохын өмнөхөн АНУ Сайгонд ихээхэн хэмжээний тусламж хүргэж амжсан бөгөөд үүгээр Өмнөдийнхөн Вьетконгчуудтай тулах ёстой байв.

Хэрэв коммунистууд гал зогсоох гэрээгээ зөрчвөл АНУ дахин оролцоно гэсэн бодлогыг Никсон барьж байсан бол 1972 оны 11 сард явагдсан конгрессын сонгуульд хоёр танхимд ардчилсан намынхан ялалт байгуулсан бөгөөд сонгуулийн уриа нь Ерөнхийлөгчийн сонгуульд Никсоны өрсөлдөгчийн дэвшүүлж байсан “Америк гэртээ харья” гэсэн уриатай оролцжээ. 1973 оны 6 сарын 4-нд АНУ-ын сенат Ерөнхийлөгч биеэ даан интервенц хийхийг хориглосон Case-Church Amendment хэмээх тогтоол баталлаа.

1973 оны 10 сард болсон газрын тосны шок өмнөд вьетнамын эдийн засагт хүндээр тусчээ. 1974 оны эхээр умард дахин дайрснаар Ерөнхийлөгч Тю 1 сарын 4-нд Парисын энхийн хэлэлцээр дуусгавар болсныг зарлаж, дайн дахин эхэллээ. Гал зогссон үед ч Өмнөд Вьетнамын дайны хохирол 25,000 хүнээр хэмжигдсэн аж.

Ерөнхийлөгч Никсон Ватэргэйтийн шуугианаар огцорсны дараа 1974 оны 8 сарын 9-нд Жиральд Форд АНУ-ын Ерөнхийлөгч боллоо. Энэ үед Конгресс Өмнөд Вьетнамд үзүүлэх санхүүгийн тусламжийг 1 тэрбумаас 700 сая доллар болгон танаад байв. Дэд бүтцийн хувьд нилээд сайжирсан Умардынхан Камбожийн нутгаас дайралт хийн 1975 оны 1 сарын 6-нд Пуоч Лон мужийн төвийг эзлэн авлаа. Аргаа барсан Форд конгрессоос бүх юм оройтохоос өмнө өмнөдөд туслан, хангамж нийлүүлэх төсөв гуйсан ч Конгресс татгалзжээ. Буланд шахагдсан Өмнөд Вьетнамын удирдагчид ёс суртахуунаар доройтож, авилгал газар авав. Гэнэтийн ялалтандаа дүгнэлт хийн умардын улс төрийн товчоо өөрийн стратегиа өөрчлөн идэвхитэй давшилтанд шилжлээ.

1975 оны эхэн гэхэд Өмнөд Вьетнамын зэвсэгт хүчин өрсөлдөгчөөсөө 3 дахин олон их буу, хоёр дахин олон танк болон хуягт машинтай байжээ. Тэд мөн 1400 нисэх онгоцтой, бие бүрэлдэхүүний хувьд коммунистуудтай 2:1 харьцаатай давуу хүчтэй байлаа. Гэсэн хэдий ч тэдэнд байхгүй зохион байгуулалттай, өндөр үзэл сурталтай, санхүүжилт сайтай дайсантай тулав. Өмнөд вьетнамд эмх замбараагүй байдал газар авчээ. Арабчуудын газрын тосны хоригоос үүдсэн дэлхийн эдийн засгийн уналт ч хүндээр туслаа.

1975 оны 3 сарын 10-нд 275 ажиллагааг эхлүүлэн танк ба хүнд их буугаар дэмжүүлэн Төвийн өндөрлөг рүү хязгаарлагдмал дайралт хийлээ. Дайралт амжилттай болох тусам коммунистууд хүчээ нэмэгдүүлэн хамгаалсаар байсан бөгөөд шийдвэртэй бус гэдгээрээ алдаршсан Ерөнхийлөгч Нгуэн Ван Тю өөрийн армиа умардынханд бүслэгдэхээс эмээн ухрахыг тушаалаа. Гэтэл ухрах ажиллагаа цуст зам татууллаа. Ухрах замдаа эмх замбараагүй байдал дэгдэн, дундуураа тасчуулсан хүч бүх талаараа бүслэгдэн арга ядсан тулаан өрнөв. БНВУ-ын цэргийн генерал Плэйку ба Контюм мужуудыг орхин тэнгисийн зүг ухарсан нь түүхнээ “нулимсны цуваа” гэж нэрлэгджээ. Ухарч буй цэргийн ангиудын дунд дүрвэгчид холигдон, олон жилийн дайнд талхлагдан сүйдсэн муу зам гүүр явахад бэрхшээл учрууж байлаа. Улмаар умардууд гүйцэн түрүүлэхэд сандран балмагдаж хөл толгой нь алдагдсан байна. 4 сарын 1 гэхэд “нулимсан цуваа” хүйс тэмтрэгдэв. Энэхүү явдал орчин үеийн цэрэг дайны түүхнээ хамгийн тааруу стратегийн ухралтын нэг жишээ болон тэмдэглэгджээ.

Тю 3 сарын 20-нд бодлоо өөрчлөн Вьетнамын гурав дахь том хот болох Хюг бүх хүчээрээ хамгаалахыг тушаав. Офицерууд Тюгийн зөрчилтэй тушаалуудад будилан, ёс суртахууны хувьд уналтанд орлоо. Умардууд довтолгооноо эхлүүлэхэд БНВУ-ын цэргүүд учир утгагүй тулалдаанд орлоо. 3 хоногийн тулааны дараа 3 сарын 31-нд Хю эзлэгдсэн байна. 3 сарын 28-нд ВАА (Вьетнамын ардын арми)-ийн 35,000 цэрэг Да нан руу дайрч 3 сарын 30 гэхэд удирдлагагүй хоцорсон 100,000 цэрэг ВАА-д бууж өглөө. Да Нан эзлэгдсэнээр Өмнөд Вьетнамын төвийн өндөрлөг болон умард мужууд хамгаалалтгүй болсон юм.

Ийнхүү Вьетнамын нутгийн хойд хагас нь өөрсдийн бүрэн хяналтанд орсны дараа Улс төрийн товчоо генерал Дуныг Сайгон руу сүүлийн дайралтаа хийхийг тушаалаа. Энэхүү Хо Ши Мин ажиллагааны төлөвлөгөө ёсоор Сайгоныг 5 сарын 1-нээс өмнө эзлэх ёстой байв. Умардын цэргүүд ч сэтгэл санааны хувьд ялалтууддаа өндөр байлаа. 4 сарын 7-нд Умард Вьетнамын 3 дивиз Сайгоноос 64 км-ийн зайтай байх Хуан Лок руу дайрлаа. 4 сарын 21 хүртэл 2 долоо хоног маш ширүүн тулалдсаны эцэст коммунистууд яллаа.

Уурлаж хилэгнэн, уйлагнасан Ерөнхийлөгч Тю тэр өдөртөө ажлаа өгч, АНУ-ыг Өмнөд Вьетнамаас урван тэрсэлсэн тухай мэдэгдэл хийсэн байна. Тэрээр төрийн нарийн бичгийн дарга Хенри Киссинжерийг нэр зааж, хоёр жилийн өмнө Парисын энхийн хэлэлцээрт шахамдуулан гарын үсэг зуруулсан боловч түүний хариу болгон амалсан цэргийн тусламжаа үзүүлээгүй гэлээ.

Тэрээр нутгаа орхин 4 сарын 25-нд Тайвань руу зугтлаа. Засгийн эрхийг Генерал Дуон Ван Минд өгчээ. 4 сарын сүүл гэхэд БНВУ-ын арми бүх фронт дээр сүйрлийн ирмэгт иржээ. 4 сарын 27-нд 100,000 умард Вьетнамын цэрэг Сайгоныг бүслэлээ. Хотыг 30,000 цэрэг хамгаалж байв.

Эмх замбараагүй байдал, сандрал газар авч, Өмнөд Вьетнамын албаныхан болоод иргэд Сайгоныг орхихоор шахцалдан дайрцгаав. Дайны цагийн хууль зарлагдлаа. Америкийн нисдэг тэргүүд өмнөд вьетнамчууд, америкийн болон бусад гадаадын иргэдийг хотын өнцөг булан бүрээс зөөвөрлөж эхлэв. Төлөвлөгдсөн “Тогтмол салхи” ажиллагаа сүүлчийн мөч хүртэл хойшилсон бөгөөд учир нь АНУ-ын элчин сайд Сайгоныг тогтоон барьж, улс төрийн зөвшилд хүрч чадна гэсэн итгэл үнэмшилтэй байжээ. 1975 оны 4 сарын 29-нд Сайгоноос АНУ-ын дипломат, цэргийн болон иргэний бүрэлдэхүүнийг зөөвөрлөх ажиллагааг эхлүүллээ. “Тогтмол салхи” ажиллагаа нь яах аргагүй дэлхийн түүхэн дэх хамгийн том нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлэлт болсон юм. Цөхрөнгөө барж, галзуурах шахан шахцалдсан олон түмэн нисдэг тэргүүдийн хязгаарлагдмал суудлууд дээр өрсөн дайрч байлаа. Америкийн “Тогтмол салхи” ажиллагаа үргэлжлэн явагдаж байх үед Умард Вьетнамын танкууд хотын зах руу орж ирж байв. 4 сарын 30-ны өглөө АНУ-ын тэнгисийн цэргүүд элчингийн байрнаас сүүлийн нисдэг тэргээ хөлөглөн одлоо. Иргэдийн цуваа элчингийн зүг урсан орж ирлээ. Тэдгээр иргэдээс олон хүн цагтаа америкчуудын удирдлага дор ажиллаж байжээ.

Тюгийн залгамжлагч, Ерөнхийлөгч Дуон Ван Мин бууж өгөхийг оролдсон ч, ВАА-ын офицер түүнд бууж өгөх юу ч үлдээгүй гэж тохуурхав. Ингээд Мин өөрийн сүүлийн тушаал болох бүх Өмнөд Вьетнамын цэргүүдэд зэвсгээ хаяхыг тушаалаа. Уг дайн дуусахад Вьетнамчуудын гадныхны (Франц, Хятад, Япон, Британи, Америк) гар хөл болон 116 жилийн турш байлдчихаад байлаа.

--

1975 оны 4 сарын 17-нд Камбожийн нийслэл Пном пен Улаан Кхмеруудын гарт орлоо. Үүнээс хойшхи 4 жилд Улаан Кхмерууд үй олноор нь хүйс тэмтрэх бодлого явуулан Камбожийн хүн амын таван хүн тутмын нэгийг хядсан нь 1 сая гаруй хүн байлаа. Олон удаагийн хилийн мөргөлдөөний эцэст Вьетнамчууд Ардчилсан Камбожийг эзэлж, Улаан Кхмерүүдийг түүхийн тавцангаас хөөлөө. Үүний хариу арга хэмжээ болгон Хятад Вьетнам руу 1979 онд довтолсон билээ.

1975 оны 12 сард Патэт Лао Лаосын эзэн хаант засгийн газрыг түлхэн унагаж Лаосын Ардын Ардчилсан Бүгд Найрамдах Улсыг байгуулжээ.

Вьетнам, Лаос, Камбож дахь дайнаас 3 сая гаруй хүмүүс дүрвэсэн бөгөөд тэднээс 1.4 сая нь АНУ-д суурьшжээ.

Уг дайн америкт маш том улс төрийн хичээл боллоо. Америкийн генерал Максвэлл Тэйлор хэлэхдээ “нэгдүгээрт, бид өөрсдийгөө мэдэхгүй байна. Бид өөр нэг Солонгосын дайнд орлоо л гэж бодсон, гэтэл энэ бол өөр улс байлаа. Хоёрдугаарт, бид өөрсдийн холбоотон Өмнөд Вьетнамаа судалсангүй ... Мөн бид Умард Вьетнамын талаар дэндүү багийг мэджээ. Чухам Хо Ши Мин гэгч хэн байв? Хэн ч мэдээгүй. Тиймээс бид өөрсдийн дайсан, өөрсдийн холбоотон, мөн өөрсдийгөө хангалттай судлаагүй цагт энэ төрлийн бохир ажлаас хол байсан нь дээр. Учир нь энэ нь аюултай тоглоом” хэмээн дүгнэжээ.



Хо Ши Мин нэгэнтээ “Чи миний арван хүнийг алахад би чиний нэг хүнийг алж байж болох юм... Гэхдээ энэ бүгдийн дараа ч чи ялагдан би ялах болно” гэсэнчлэн умардынхан 30 жилийн дайнд хатуужин туршлагажсан, үндэсний болон коммунист үзэлтнүүд байлаа. 1965-аас 1975 оны хооронд дайнд АНУ 111 тэрбум доллар (2008 оны харьцуулсан үнээр 686 тэрбум доллар) зарцуулжээ. Уг дайн мөнгө улс төрийн хүсэл зориг, эд зүйлсийн өмнө хүчин мөхөсддөгийг харуулсан юм.

3 сая илүү Америкчууд Вьетнамд алба хаасан бөгөөд 58,193 цэрэг алагдан, 150,000 илүү цэрэг шархдаж, дор хаяж 21,000 цэрэг үүрдийн тахир дутуу болсон байна. Ойролцоогоор 830,000 Вьетнамын дайны ахмад дайчид сэтгэцийн эмгэгт өртсөн аж. Вьетнам руу мордохоос эмээн 125,000 америкчууд Канад руу дүрвэж, 50,000 америкийн алба хаагчид оргосон байна.

Коммунистуудыг БНХАУ олон зуун сая долларын зэр зэвсэг, мөн цагаан будаагаар хангаж байв. Мөн дайны үед дэд бүтцийн нөхөн сэргээлтийг Хятадын туслалцаатайгаар явуулж байжээ. Вьетнамд Хятадын 300,000 цэрэг байрлаж байлаа. 1968 оны 8 сард Зөвлөлт Чехословакийг эзэлсэний дараа Зөвлөлт-Хятадын харилцаа хүйтрэв. Ингээд 10 сард Хятад Умард Вьетнамыг Москвагаас харилцаагаа таслахыг шаардсан ч Ханой татгалзав. 1968 оны 11 сард Хятад Вьетнамаас цэргээ гаргаж эхэлжээ. Мөн Вьетнамын коммунистуудыг сөргүүлэн Улаан Кхмерчүүдийг санхүүжүүлэх болжээ. 1970 оны 7 сард хятадууд Вьетнамаас бүрэн гарч дууслаа. Нутаг дэвсгэрийн багахан маргаанаар шалтаглан Улаан Кхмерүүд 1975-1978 оны хооронд харгис хэрцгий дээрэм, дайралтуудыг хийсэн бөгөөд Вьетнам энэ бүгдийн хариу болгон Камбож дахь дэглэмийг цэргийн хүчээр сольжээ. Үүнээс үүдэн Хятад Вьетнам руу дайран, 1979 оны богино дайн өрнөжээ.

АНУ мөн Зүүн өмнөд Азид химийн бодис өргөн ашиглаж байлаа. Өнөөг хүртэл химийн бодис нь үйлчилсээр газрын гадаргыг өөрчлөн, өвчин үүсгэж, гаж төрөлтийг ихэсгэж, хүнсийг хордуулсаар байна. Хэрэглэсэн шалтгаан нь дайснууд ширэнгэн ой дунд нуугдаж байсан байна. Ургамлын хор болох диоксин л гэхэд 45 сая литр ЗӨ Азид цацагджээ. 1961, 1962 онуудад Кеннедигийн засаг захиргаанаас химийн бодисыг мөн цагаан будааны ургац устгахад ашиглаж байлаа. Нэгдсэн дүнгээр 24,000 км.кв нутаг дэвсгэрийн үр тариа болон ой модонд гербицид цацан, үүний улмаас Өмнөд Вьетнамын нутгийн 13% нь өөрчлөлтөнд оржээ. Мөн тосгоны хүн амыг хот руу татахын тулд ч өөрсдийн нутаг дэвсгэрт ч үүнийг хэрэглэж байлаа.

Вьетнамын засгийн газрын мэдээллээр Үндэсний чөлөөлөх фронтын 1.1 сая гишүүн алагдаж, 600 мянга нь шархаджээ. Умард, Өмнөдийн нийлбэр дүнгээр 2 сая энгийн иргэд алагджээ. АНУ-ын цэргийнхний тооцоогоор 200-250 мянган Өмнөд Вьетнамын дайчид алагдсан аж.

1 comment:

Anonymous said...

гайхалтай амжилт залуу минь

Related Posts Plugin for WordPress, Blogger...