Ер нь аливаа улс
үндэстэн гэдэг аугаа их хүмүүсийн үзэл санаа, үйл ажиллагааны үр дүнд бий
болдог зүйл гэж би боддог. Гэхдээ энэ бол эцэс төгсгөлгүй зүйл биш. Ямар ч
үндэстэн 200 жилийн хугацаанд шинээр бий болж болно, устаж ч болно. Манай
үндэстний хувьд 800 жилийн өмнө өнөөгийн бүрдүүлбэрийн голыг олсон юм болов уу.
Энэ нь мэдээж тогтмол зүйл биш. Урт удаан хугацаанд менталитет, биологи, ахуй,
технологи, соёлын олон өөрчлөлтийг дамжсан байгаа. Дордсон нь олон ч, дээрдсэн
нь ч бий биз.
Яагаад ингэж
бичээд унав гэвэл бидний үеийнхэн дунд иргэншлээ солих асуудлыг хөндөх, Монгол
юу ч биш хэмээн үгүйсгэх нөхдүүд аль дээрээс бий болоод сэтгэлийг минь
хөндүүрлүүлэх боллоо. Энд уг нь болохгүй гэх зүйл байхгүй. Хаана жаргалтай тэр
миний эх орон гэсэн Цицероны үг бий. Тэдэнд би чамд тэгэх эрх бий, энэ чиний
сонголт гэсэн төвийг сахисан хариулт өгдөг. Уг нь тэр хүмүүс миний хувьд, эх
орны минь хувьд ч их үнэ цэнэтэй хүмүүс л юм сан. Гэтэл хүн бүр өөртөө л
найдах, өөртөө үнэнч байх нь заяамал зүйл юм. Тэгээд ч тэдэнд илүү чухал амин
эрх ашиг байж болно, тэдний туулж өнгөрүүлсэн төлөвшил тэдэнд эх орон гэдэг
зүйлийг ухааруулах боломж өгөөгүй ч байж болох. Чи ямар хөгийн байнаа гэж
тэдэнд хэлэх эрх надад байхгүй, хаана ч байсан хуваалцдаг үнэ цэнэт зүйлсээрээ
тэд надад дотно хэвээрээ л байх болно.
Миний хувьд бол
ийм хувилбар байхгүй. Учир нь энэ нэг улс үндэстэн болох гэж ядаж яваа нийтлэг
маань ямар хүнд хэцүү замналыг дамжсан, ямар үнэ цэнэтэй вэ гэсэн бодлын дэнс
байнга дотор минь урваж, хөрвөж явдаг. Гэхдээ үнэ цэнэтэй юу, үгүй юу гэсэн
утгаараа биш, энэ үнэ цэнэ цааш байх уу, үгүй юу, байлгахын төлөө би явах уу,
үгүй юу гэсэн утгаар. Зонхилох дүгнэлт бол аль хэдийн гарчихсан л даа. Энэ
түүчээг үргэлжлүүлэхгүй, тэгэхээс сайн дураар татгалзана гэдэг над шиг бардам
хүний хувьд байж боломгүй асуудал. Зүгээр л би хэн нэгэн гадны гүрэнд хоёрдогч,
гуравдагч нь болж толгой хоргодож чадахгүй. Амьдарч чадахгүйдээ биш, харин тэгж
амьдрах хүсэлгүйдээ байгаа юм. Би хэнээс ч дутуугүй сайхан эх оронд төрсөн хүн.
Би өөрийн минь өмнө бурхны заяасан өгөгдөл, асуудлуудаас зугтаан, өрөөл бусдын
үүрэнд хорогддог залхуу, заяагүй нэгэн биш.
За тиймээ амьдрал
ямар байгаа билээ. Хот маань ямар их утаатай билээ, хүмүүс ямар ядуу тарчиг байна,
эх дэлхий маань жилээс жилд хэрхэн гундан доройтож байна, нийслэл хот маань
ямар гээчийн үзлийн цементийн болоод шуналын бөөгнөрөл болчихов, хүмүүсийн
нүдний гал цог хаачив, бие биенээ гэсэн сайхан сэтгэл хаана ууршчихав, улс
төрчдийг тойрон хүрээлж аж амьдралаа залгуулдаг хар хэрээнүүд яагаад ийм олон
болчихов, гундуухан алхаж яваа хүний ард хичнээн хүний ямаршуухан амьдрал
байгаа бол, энэ хүн тэр хүмүүсийн ямар итгэлийг нь тээж яваа бол гэсэн бодлууд,
өдөр тутам нүүр тулгардаг урам хугаралтууд, худал хуурмаг явдлууд байнга сэтгэл
зовиурлуулна. Ийм нийгэмд би гэр бүл, үр хүүхэдтэй болоод юунд итгэж найдах
болж байна вэ гээд гомдоллох, шалтаглах зүйл мундахгүй олон. Чухам эдгээр нь
чиний хувьд үнэ цэнэт зүйлст чинь хэр хор хөнөөл учруулахав, чи ирээдүйгээ энэ
оронгүйгээр төсөөлж чадах уу гэдгээс жингийн туухайгаа хэрхэн шийдэх нь тодрох
биз. Явж буй нөхдүүд яваа яв, харин хэзээ нэгэн цагт эргээд ирээсэй. Ирэхэд
чинь та нарыг хувийн жаргалаа хөөсөн, хариуцлагагүй гэж яллахгүй ээ би хувьдаа.
Хэнхэглэдэг нөхдүүд нь хэнхэглээд байж л байяа. Угаасаа жинхэнэ хэнхэглэгчид
бол тодрох гэж, баялагт хүрэх гэж биш, эрх мэдэлтэй болох гэж биш, өөрийн
дотоод итгэл үнэмшлээрээ хэнхэглэдэг юм. Тэднийг хүмүүс бол мартана, сайндаа л
нэг хөшөө босгоно биз. Тэд үүнийг хүсээгүй. Тэд зүгээр л цаг үеийнхээ эзэн нь
байхыг хүссэн, өөрийн итгэл үнэмшлээ бодит байдал болгох гэж мэрийсэн. Тэд
чадвал увайгүй олон нийт алаг ташин угтах болно. Тэд чадахгүй бол ингэх гээд
байсан юм, тэнэг нь тэр зэрэгтээ хэмээх л биз. Бусдын юу гэх ямар хамаа байна?
Хүн өөртөө л үнэнчээр амьдарч чадвал барав. Харин үнэ цэнэт зүйлс ойрдуу
нөхдүүд бие биендээ хань болохын чухлыг өгүүлэх юун.
2 comments:
сайхан нийтлэл байна.
"Би өөрийн минь өмнө бурхны заяасан өгөгдөл, асуудлуудаас зугтаан, өрөөл бусдын үүрэнд хорогддог залхуу, заяагүй нэгэн биш." - эрхий хуруу гозойлгоё:D
Bayarlalaa :)
Post a Comment